Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2021/02772

 

 

 

 

 

 

 

 

 

   2021         12          14                                   182/ШШ2021/02772

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө.Б,

Хамтран нэхэмжлэгч: Б.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Б ХХК-ийн 2021.09.03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Б хамтран нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Э, хариуцагчийн төлөөлөгч Б.А, шинжээч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.       

     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.03-ны өдрийн 961 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.07.19-ний өдрийн 1616 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017.12.01-ний өдрийн 1523 дугаар тогтоолоор Н ХХК-иас 764,547,285 төгрөг, Ц.Огаас 232,164,309 төгрөгийг тус тус гаргуулж Чбанкинд олгож, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Эдгээр барьцааны хөрөнгүүдийн нэг нь нэхэмжлэгч нарын өмч болох улсын бүртгэлийн Ү-2206****дугаартай бүртгэлтэй, ХУД, 11 хороо, ** байрны ** тоот, 87,37 м.кв талбайтай орон сууц байдаг. Ийнхүү төлбөр авагч Чбанкны хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, өмчлөгч нарын барьцааны хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнийн санал авах, шинжээч томилох зэргээр холбогдох ажиллагаанууд явагдсан бөгөөд бид энэ ажиллагаануудын хувьд гомдоогүй болно. Гагцхүү эд хөрөнгийн үнэлгээ хийсэн Б ХХК эд хөрөнгийн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж, шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа зөвшөөрөхгүй, эд хөрөнгийн үнэлгээнд гомдож байна. Эд хөрөнгийн үнэлгээний талаар хуульд заасан хугацаанд мэдэж, хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байгаа. Ийнхүү Б ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Нэгдүгээрт, тус хөрөнгийн үнэлгээний тайлангийн 5 дугаар хуудсанд үнэлгээний товч танилцуулгыг хийж, орон сууцыг бетонон суурьтай, бүрэн цутгамал байр байсан гэж үздэг ба үнэлгээний 7 дугаар хуудсанд үнэлгээчин Барилга хот байгуулалтын яамны 2016.12.28-ны өдрийн 203 дугаартай Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээний журмыг хэрэглэсэн. Энэ журмын дагуу жишиг үнэлгээг гаргахдаа бетон цутгамал байшинд авагдах үнэлгээг авалгүйгээр, нийтийн орон сууцанд авагдах үнэлгээгээр буюу 1.120.650 төгрөгөөр тооцсон байгаа юм. Өөрөөр хэлбэл бетон цутгамал орон сууц нь 1.456.830 төгрөгөөр үнэлэгдэх ёстой байтал 1.120.650 төгрөг гэж багаар үнэлсэн. Тийм учир энэ хоёрын хооронд зөрүү гарч байгаа юм. Хэрэв зөв үнэлгээ хийсэн бол тус үл хөдлөх хөрөнгө маань 148.923.432 төгрөг болох ёстой байсан. Үнэлгээчин маань буруу тооцоолж нийтийн орон сууцанд хамаарагдах жигшиг үнэлгээгээр үнэлж, 114.556.093 төгрөгийн өртөг гаргасан. Энэ хоорондын зөрүү нь 34.000.000 төгрөгийн зөрүүтэй байна. Тийм учир үнэлгээ маань тооцооллын алдаатай, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.

Хоёрдугаарт, үнэлгээчин нь тухайн орон сууцыг 2010 онд ашиглалтад орсон гэж үзэж, элэгдэл хорогдлыг 11 жилээр тооцсон байдаг. Харин баримтаар Х хорооллыг 2012.12.27-ны өдөр эхлүүлж, 2013.04.10-ны өдөр орон сууцны зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн акт үйлдэгдсэн байна.  Тэгэхлээр 2010 онд ашиглалтад орсон гэж тооцсон нь үгүйсгэгдэж байна. Энэ нь үнэлгээнд нөлөөлсөн. Элэгдэл хорогдлыг 11 жил гэж үзээд 20,917,000 төгрөгийн элэгдэл хорогдол учирсан байна гэж үзсэн. Гэтэл энэ орон сууц нь 11 жил биш 8 жилийн өмнө ашиглалтад орсон учир 3 жилийн зөрүү гарч байгаа учир элэгдэл хорогдол нь өөрчлөгдөх ёстой тул үнэлгээ хийсэн аргачлал нь эрх зүйн баримт бичгүүдэд нийцээгүй, тооцооллоо буруу хийсэн гэж үзсэн.

Гуравдугаарт, үнэлгээчин нь үнэлгээнд үнэгүй.мн гэх мэт 3 арилжааны сайтуудыг үнэлгээ хийхдээ ашигласан байдаг ба тухайн сайтуудыг ямар үндэслэлээр сонгосон бэ гэдэг нь тодорхойгүй. “Рэмакс” ХХК гэх мэт нийтэд илэрхий албан ёсны эх сурвалжаас судалж болох байсан, мөн Үндэсний статистикийн хорооны албан ёсны сайтаас мөн судалгаа явуулж болох байсан. Тиймээс шүүх үнэлгээний тайлангийн 5, 7 дугаар хуудсыг анхаарахыг хүсэж байна. Эдгээр үндэслэлээр эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул Б ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.03-ны өдрийн 961 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.07.19-ний өдрийн 1616 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017.12.01-ний өдрийн 1523 дугаар тогтоолоор Н ХХК-иас 764,547,285 төгрөг, Ц.Огаас 232,164,309 төгрөгийг тус тус гаргуулж Чбанкинд олгож, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Эдгээр барьцааны хөрөнгүүдийн нэг нь нэхэмжлэгч нарын өмч болох улсын бүртгэлийн Ү-2206****дугаартай бүртгэлтэй, ХУД, 11 хороо, ** байрны ** тоот, 87,37 м.кв талбайтай орон сууц байдаг. Ийнхүү төлбөр авагч Чбанкны хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, өмчлөгч нарын барьцааны хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнийн санал авах, шинжээч томилох зэргээр холбогдох ажиллагаанууд явагдсан. Энэхүү ажиллагааны явцад шинжээчээр Б ХХК-ийг томилсон, Б ХХК нь эд хөрөнгийг 273,859,430 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланд орон сууцны ашиглалтад орсон хугацааг 2010 он гэж бичиж өртгийн хандлагыг тооцсон байх боловч эцсийн бүлэгтээ зах зээлийн хандлагаар эд хөрөнгө үнэлэгдсэн байгаа. Нэхэмжлэгчийн яриад байгаа гурван үндэслэлийг шинжээч С.М өөрөө түүний асуултад хариулах байдлаар тайлбарлаж байх бөгөөд эд хөрөнгийн үнэлгээ бодит байдалд нийцсэн, шинжээч хууль зөрчсөн дүгнэлт гаргаагүй гэдэг нь харагдаж байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, шинжээчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

         ҮНДЭСЛЭХ НЬ:

           

             Нэхэмжлэгч Ө.Б, Л.А нар нь хариуцагч НШШГГ холбогдуулж Б ХХК-ийн 2021.09.03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх ба, уг шаардлагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.09.06-ны өдрийн                           4-126/16455 дугаар албан бичгээр эд хөрөнгийн үнэлгээний талаар мөн өдөр мэдсэнээс хойш 7 хоногийн дотор буюу 2021.09.10-ны өдөр шүүхэд гаргажээ.

 

             Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

             Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг шинжээч нь эд хөрөнгийн үнэлгээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, Барилга хот байгуулалтын яамны 2016.12.28-ны өдрийн 203 дугаартай Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээний журамд бетон цутгамал орон сууцны 1 м.кв нь 1,456,830 төгрөгөөр үнэлэгдэх ёстой байтал 1,120,650 төгрөгийн үнэлгээг сонгосон, үнэлгээ хийсэн орон сууцыг 2010 онд ашиглалтад орсон гэж үзэж, элэгдэл хорогдлыг 11 жилээр тооцсон, ЖХХК нь Х хорооллыг 2012.12.27-ны өдөр барьж эхлүүлж, 2013.04.10-ны өдөр орон сууцны зориулалтаар ашиглалтад оруулсан байдаг, тэгэхлээр орон сууцны ашиглалтад орсон хугацаагаар элэгдэл хорогдлыг 8 жилээр тооцох байсан, мөн шинжээч нь үнэгүй.мн гэх мэт арилжааны сайтуудыг үнэлгээ хийхдээ ашигласан байдаг ба тухайн сайтуудыг ямар үндэслэлээр сонгосон нь тодорхойгүй, Ремакс ХХК, Үндэсний статистикийн хорооны сайт зэрэг нийтэд илэрхий албан ёсны эх сурвалжаас судалгаа явуулаагүй байгаа учир үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлав.

 

             Харин хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч нараас өмчлөгчийн хувиар үнийн санал авсан, талууд үнийн санал дээр тохиролцоогүй учир эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон, Б ХХК-ийн үнэлгээг нэхэмжлэгчийн хэлээд байгаа үндэслэлүүдээр хүчингүй болгох үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэгч зах зээлийн үнэ ханшийг л тогтоо гэсэн, байр хэдэн онд ашиглалтад орсон, элэгдэл хорогдол хэдэн жил байх нь зах зээлийн үнэлгээнд нөлөөлөхгүй, тэгээд ч нэхэмжлэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үнэлгээнд гомдол гаргах эрхтэй талууд буюу төлбөр төлөгч, авагч биш байна, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

             Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.03-ны өдрийн 961 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.07.19-ний өдрийн 1616 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017.12.01-ний өдрийн 1523 дугаар тогтоолоор, хариуцагч Н ХХК, Ц.О нараас 232,164,309 төгрөг, хариуцагч Н ХХК-иас 764,547,285 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чбанк ХХК-нд олгож, хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэр бүхий барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү барьцааны хөрөнгүүдийн нэг нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х, Зайсангийн тойруу гудамж, 54/3 дугаар байрны 3 тоот, 87,37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206****дугаартай орон сууц байна.

 

             Дээрх шийдвэр, магдалал, тогтоолыг үндэслэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.25-ны өдрийн 114 дүгаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байх бөгөөд НШШГГнь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар барьцааны зүйл болсон, нэхэмжлэгч нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х, Зайсангийн тойруу гудамж, 54/3 дугаар байрны 3 тоот, 87,37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206****дугаартай орон сууцыг 2018.10.29-ний өдөр битүүмжилж,  2018.11.29-ний өдөр хураах ажиллагааг явуулсан байх ба, нэхэмжлэгч Л.А нь энэхүү ажиллагааг зөвшөөрөхгүй, битүүмжилсэн, хураасан ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаж байжээ.

 

             Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.16-ны өдрийн 675 дугаар шийдвэрээр НШШГГ холбогдох 2018.10.19-ний өдрийн 10/18300619-1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2018.11.29-ний өдрийн 11/18300619-3 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай Л.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх ба, энэхүү шийдвэр Улсын дээд шүүхийн 2020.10.08-ны өдрийн 658 дугаар тогтоолоор хэвээр үлдэж, хүчин төгөлдөр болсон байна.

 

             Ийнхүү шийдвэр гүйцэтгэгч нь ажиллагааг цааш үргэлжлүүлсэн байх ба, 2021.08.20-ны өдрийн 4-126/15282 дугаар албан бичгээр үнийн санал өгөхийг нэхэмжлэгч Ө.Б, Л.А нарт мэдэгдсэн, төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нар эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй байх тул хариуцагч НШШГГнь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-д зааснаар маргааны зүйл болсон нэхэмжлэгч нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х, Зайсангийн тойруу гудамж, 54/3 дугаар байрны 3 тоот, 87,37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206****дугаартай орон сууцанд үнэлгээ хийлгэхээр 2021.08.25-ны өдрийн 8/183 дугаартай тогтоолоор Б ХХК-ийг шинжээчээр томилж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14, 16 дүгээр зүйлд зааснаар шинжээч С.Ад эрх, үүрэг танилцуулах, татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг хуульд заасан журмын дагуу тодруулж, холбогдох ажиллагааг явуулсан.  

 

Б ХХК-ийн 2021.09.03-ны өдрийн үнэлгээний тайлангаар маргааны зүйл болсон дээр дурдсан орон сууцыг 273,859,430 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд НШШГГнь хөрөнгийн үнэлгээний тайланг 2021.09.03-ны өдөр Б ХХК-иас хүлээн авч, уг үнэлгээний талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2021.09.06-ны өдрийн 4-126/16455 дугаар албан бичгээр Н ХХК, гуравдагч этгээд Л.А, Ө.Б, Чбанк ХХК-иудад тус тус мэдэгджээ.   

 

Харин нэхэмжлэгч Ө.Б, Л.А нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах эрхтэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал буюу төлбөр төлөгч, төлбөр авагч этгээд биш байх ба, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч нь Н ХХК, Ц.О нар, төлбөр авагч нь Чбанк ХХК байна.  

 

Дээрх үйл баримтууд нь зохигчдын гаргасан тайлбар, шүүхийн шийдвэрүүд, хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн холбогдох баримтуудаар тогтоогдсон бөгөөд дурдсан үйл баримтуудын дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан, энэхүү ажиллагаануудын талаар нэхэмжлэгч нар маргаагүй, харин эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдсон болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тус гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, шийдвэрийн агуулгад хамаарахгүй тул шүүх гаргасан нэхэмжлэлийн хүрээнд буюу маргааны зүйл болсон эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

 

   Хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаанд шинжээчээр оролцсон Б ХХК-ийн үнэлгээчин С.Мнь нэхэмжлэгч талын тавьсан асуултын дагуу үнэлгээний тайланг тодруулан тайлбарласан бөгөөд, тэрээр Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1, 9.2.3, 9.3-т заасны дагуу үнэлгээний объекттой биечлэн танилцаж, уг объектын шинж байдал, онцлогт нийцүүлж, бусад цуглуулсан мэдээлэл, дүн шинжилгээ, олон улсын стандарт, Монгол улсад батлагдсан дүрэм, журмыг  үндэслэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар өртгийн болон зах зээлийн хандлагын аргуудыг харьцуулан, эцсийн байдлаар зах зээлийн хандлагын үнэлгээг сонгож, тайланд тусгавал зохих зүйлсийг тусгасан байна.

 

Энэхүү тайлангийн 5 дугаар хуудсанд орон сууцны ашиглалтад орсон хугацааг 10 жил гэж, 7 дугаар хуудсанд Барилга, Хот байгуулалтын сайдын 2016.12.28-ны өдөр батлагдсан 203 дугаар тушаалын “Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм” /БД81-106-16/-ийн дагуу тооцооллыг боловсруулж,  203 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын дагуу барилгыг “нийтийн орон сууц”-ны төрлөөр сонгон, “төмөр бетон арагт бүтээц” хийцийн төрөлд багтаан нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг 1,120,650 төгрөгөөр тооцож, өртгийн хандлагын үнэлгээг 93,638,150 төгрөг гэж тогтоосныг нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй, 2013.09.10-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, Барилга, хот байгуулалтын сайдын 2016.12.28-ны өдрийн 203 дугаар тушаалын 2 дугаар хавсралтыг үндэслэн маргасан.   

 

Нэхэмжлэгч талын үндэслэл болгосон Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг үзвэл, маргааны зүйл болсон Х орон сууцны цогцолборыг ЖХХК нь 2011 оны 04 сараас барьж эхлэн, 2012.12.25-ны өдөр барьж дуусган, 2013.04.10-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Харин шинжээч тус орон сууцны хорооллыг 2010 онд ашиглалтад орсон гэх мэдээллийг тухайн хорооллын СӨХ болон өмчлөгч нараас өөрсдөөс нь тодруулсан, ийнхүү орон сууцны ашиглалтад орсон хугацаа 2010 он байх, 2011-2013 он байх нь өртгийн хандлагын аргад нөлөөлөх боловч эцсийн бүлэгт зах зээлийн хандлагын аргад нөлөөлөхгүй болохыг шинжээч тайлбарласан болно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч талын үндэслэл болгосон Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, Барилга, хот байгуулалтын сайдын 2016.12.28-ны өдрийн 203 дугаар тушаалын 2 дугаар хавсралт /https://mcud.gov.mn/-ын 7, 8, 3 дугаар хуудсыг үзвэл, Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ нэртэй хүснэгт байх ба, уг хүснэгтийн “Хоёр. Орон сууцны барилга” гэсэн хэсэгт “барилга байгууламжийн нэр төрөл” гэсэн хүснэгтийн 2 гэсэн дугаарт “нийтийн орон сууц”, дээд талын А, B, C, D, S гэсэн мөр буюу үнийн ангилал гэсэн хүснэгтийн А гэсэн хүснэгтэд 1 м.кв нь 1120,65, 3 гэсэн дугаарт “бүрэн цутгамал, 1 м.кв нь 1456,83” гэж тус тус тэмдэглэгдсэн, энэхүү нийтийн орон сууцны “А” гэсэн үнийн ангилал нь даацын хийц, бүтээцийн хувьд “төмөр бетон арагт бүтээц” гэсэнд, ханын хувьд тоосго, блокон дүүргэгчтэй, хучилтын хувьд цутгамал бетон гэсэн байдлаар тайлбарлагджээ.

 

Улмаар шинжээч С.Мнь дээр дурдсан аргачлалаар маргааны зүйл болсон, нэхэмжлэгч нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х, Зайсангийн тойруу гудамж, 54/3 дугаар байрны 3 тоот, 87,37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206****дугаартай орон сууцыг “нийтийн орон сууцны төрөлд хамруулж, 1 м.кв-ыг 1120,65 төгрөгөөр тооцсон, харин 3 гэсэн дугаарт байгаа “бүрэн цутгамал” гэдэг нь нийтийн орон сууцанд хамаарахгүй, хувийн /амины/ сууцанд хамаарах өөр ойлголт учраас 1 м.кв-ыг 1456,83 төгрөгөөр тооцох боломжгүй болохыг мөн тайлбарласан.

 

Түүнчлэн үнэлгээний тайлангийн 7 дугаар хуудсанд шинжээч зах зээлийн хандлагын тооцооллыг хийхдээ unegui.mn, hurungu.mn, myzar.mn сайтуудын үнэ ханшийг сонгон судалж, жишиж шинжилсэн талаар дурдаж, энэ байдлыг хүснэгт 3-аар харуулсан байх ба, ямар сайтыг сонгон судлах нь шинжээчийн эрх хэмжээ гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгч талын дээр дурдсан үндэслэл, тайлбар, баримтууд няцаагдаж байх бөгөөд, шинжээч С.Мтайлангаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан гаргасан болох нь түүний тайлбар, тодруулгаар давхар тогтоогдсон, Б ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайланг үгүйсгэх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, энэхүү тайлангаар нэхэмжлэгч нарын эрх ашгийг бодит байдлаар хохироосон, нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцыг үндэслэлгүйгээр хэт доогуур үнэлсэн байдал тогтоогдохгүй, эд хөрөнгийн үнэлгээний талаарх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүнчлэн нэхэмжлэгч нар нь эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГ холбогдох Б ХХК-ийн 2021.09.03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ө.Б, Л.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Т.ЭНХТУЯА