| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2024/0192/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/187 |
| Огноо | 2024-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/187
2024 09 11 2024/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А (томилолтоор),
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Н,
Шүүгдэгч: Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Бын Нд холбогдох эрүүгийн 2435000000186 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянав.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19..... оны 01 дүгээр сарын 21-нд Увс аймгийн ................ суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Увс аймгийн .......... сумын Ерөнхий боловсролын сургуулийн ............ ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн ........ сумын ...........багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолоор 600.000 төгрөгөөр торгох ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолоор 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан Т овогт Бын Н /........................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Х.Гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Х.Гийг зодсон болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-7 дахь тал),
Шүүгдэгч Б.Нын согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 08 дахь тал),
Хохирогч Х.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өөрийн эхнэр 4 хүүхдийн хамт Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт амьдардаг юм. Би 2023 оны 10 дугаар сард өөрийн нутгийн Б.Н гэх хүнээс ..... УВА улсын дугаартай явдаггүй приус 11 маркийн автомашиныг 1,500,000 төгрөгөөр авахаар тохирч эхлээд 500,000 төгрөгийг тухайн хүний дансанд шилжүүлээд уг автомашиныг чирч өөрийн хашаанд авч ирсэн юм. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг ойролцоогоор 3 орчим сая төгрөг засвар хийж тухайн тээврийн хэрэгслийг нэлээн хэдэн өдөр засаж янзалж асаагаад унаж байтал 2024 оны 01 дүгээр сард Б.Н нь манайд ирж надаас машины түлхүүрээ өгч бай унаад үзье гэж хэлээд машинаа унаад алга болчихсон байсан юм. Тэрнээс хойш уг автомашиныг өгөхгүй байхаар нь бид хоёр та машинаа авсан засварын мөнгөн дээр миний өгсөн 500,000 төгрөг өг гэж хэлтэл тухайн хүн огт өгөөгүй бөгөөд Увс аймгийн Ховд сум руу хүнд зарсан байсан юм. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр сумын төвд байрлах Нарлаг гэх дэлгүүр дээр уг Нтай тааралдаж мөнгө авъя гэж хэлэх гэтэл шууд машинаа асаагаад зугтсан юм. Тэгээд тухайн хүний араас бид хоёр явж очоод зогсоож би буугаад ахаа нөгөө мөнгөө өгөөч ээ гэж хэлтэл Б.Н гэх хүн намайг барьж аваад газарт хэвтэж байсан булууны ясаар шууд толгой хэсэг рүү цохисон бөгөөд тухайн үед би газар унаж Б.Н нь гараараа толгой хэсэг рүү хэд хэд цохиж хөлөөрөө цээж рүү өшиглөсөн юм. Тэгтэл тухайн үед уг зодоон болж байсан газрын ойролцоо гэр нь байдаг Б гэх хүн салгатал Б.Н нь явсан бөгөөд тухайн үед би миний толгойноос цус гараад байхаар нь би эхнэр Хын хамт сумын эмнэлэг дээр очтол миний толгойн баруун дагз хэсэгт язарсан шарх үүссэн байсан бөгөөд 2 оёдол тавьсан ба тухайн үед миний цээж хэсгээр нь хөхөрсөн нүүр хэсэгт зулгаралт үүсэж хамар мурийж, үүдэн нэг шүд хөдөлсөн байсан юм. Тэгээд бид хоёр цагдаад дуудлага өгсөн юм. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй миний хохирол болох 2,000,000 төгрөгийн хохирол төлсөн юм гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18, 19 дэх тал),
Гэрч Ц.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай нөхөр газар унаж Б.Н нь гараараа толгой хэсэг рүү хэд хэд цохиж хөлөөрөө цээж рүү нь өшиглөсөн. Манай нөхрийн толгойноос цус гараад байхаар нь би нөхрөө эмнэлэг дээр авч очиж толгойн баруун дагз хэсэгт язарсан шарх үүссэн байсан бөгөөд 2 оёдол тавьсан ба тухайн үед манай нөхрийн цээж хэсгээр нь хөхөрсөн нүүр хэсэгт зулгаралт үүсэж, хамар мурийж үүдэн нэг шүд хөдөлсөн байсан юм. Манай нөхөр Х.Г машинаас буутал Б.Н нь үгийн зөрүүгүй газарт байсан булууны ясыг авч манай нөхрийг цохиж унагааж дээрээс нь дэвсэж цохисон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал ),
Гэрч А.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ганцаараа амьдардаг юм. Би 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдөр өөрийн эзэмшлийн тоёота приус 11 маркийн .......... УВС улсын дугаартай тээврийн хэрэгслээр дэлгүүр орох зорилгоор явж байтал гудамжинд 2 хүн дээр доороо орсон байдалтай зодолдож байхаар нь би тэр хоёр хүн дээр очсон юм. Би очиход Б.Н Х.Г нар байсан бөгөөд би уг 2 хүнийг салгахад Б.Н нь босож явсан бөгөөд Х.Гийн толгойны толгойны ар хэсгээс цус гарсан байдалтай байсан юм. Би тухайн хоёр хүн дээр очиход Б.Н Х.Гийн дээрээс дарсан байдалтай байсан бөгөөд Х.Гийн толгойны ар хэсгээс цус гарсан харин Б.Нын нүүрэн хэсэгт болон ил харагдах газарт цус болон шарх сорви тухайн үед надад харагдаагүй юм. Б.Н, Х.Г хоёр би очихоос өмнө хэн хэнийхээ биед яаж халдаж цохисныг би мэдэхгүй байна. Тухайн үед дөнгөж нар орж байсан бөгөөд гадна гэгээтэй байсан юм. Б.Н болон Х.Г нарын гарт болон газарт ямар нэгэн яс харагдаагүй. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь ),
Гэрч Б.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Х.Г нь 2023 оны 10 дугаар сард манай нөхрөөс приус 11 маркийн автомашиныг 1,500,000 төгрөгөөр худалдан авахаар болж 500,000 төгрөгийг данс руу шилжүүлээд сая төгрөгийг нь сарын дотор өгнө гэж машиныг аваад явсан юм. Тэгээд манай нөхрөөс авсан машины мөнгийг өгөхгүй нэлээн удаж асуугаад мөнгө авъя гэхээр боломжгүй байна гэж хэлдэг байсан юм. Тэгээд 2024 оны 01 дүгээр сард байх Х.Гэд зарсан машинаа авч ирсэн бөгөөд тухайн машиныг Ховд аймгийн машин худалдан авдаг хүнд зарах гэж байхаар аваад ирлээ гэж байсан тухайн үед уг Ховд аймгаас уг машиныг худалдан авахаар ирсэн машины ченж нарт ирж очих зардал гэж 60,000 төгрөг өгч байсан юм. Тэгээд тухайн машины мөнгөнөөс болж манай нөхөр болон Х.Г нар хоорондоо маргалддаг болсон юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 320 дугаартай “Х.Гийн биед зүүн зулайн хуйханд язарсан шарх, баруун доод 5 дугаар шүдний сулрал, цоход зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь мөрдөгчийн тогтоолд заагдсан тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Зүүн зулайн хуйханд язарсан шарх, баруун доод 5 дугаар шүдний сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 332 дугаартай “Б.Нын биед зүүн шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийх үед үүсээд 2-3 хоног болсон байх боломжтой. Зүүн шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дахь тал)
Шүүгдэгч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”Би Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг юм. 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би өөрийн эзэмшлийн ........ УВА улсын дугаартай автомашинтай тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нарлаг хүнсний дэлгүүрийн урд би очоод зогстол миний хойноос Х.Г ирээд намайг машинаас буутал Х.Г нь над руу газраас чулуу авч шидэхээр нь би машиндаа суугаад зугтаагаад явтал миний араас Х.Г нь өөрийн приус 10 загварын автомашинтай намайг шахаж зогсоогоод би машинаас буутал над руу чи мөнгө өгөлдөө гэж хэлээд над руу гүйгээд ирэхээр нь би заамдаад бариад автал гарандаа чулуу атгасан байдалтай ирэхээр нь би гараас нь булааж автал дахин цаашаа эргээд газраас дахин чулуу авахаар нь барьж аваад чулуутай гараар нь өөрийнх нь толгойн хэсэг рүү цохисон бөгөөд тухайн үед Х.Г нь надаас салахгүй бид хоёр бараг 5 минут орчим зодолдсон юм. Тэгээд зодолдож байтал тухайн зодолдож байсан газарт явж байсан манай сумын Б гэх хүн ирж бид хоёрыг салгаад явуулсан юм.Би Х.Гийн биеийн хаана хэрхэн яаж цохисноо мэдэхгүй байгаа бөгөөд өөрийн гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон ба бид хоёр тухайн үед харилцан зодолдсон юм. Гэхдээ Х.Гийн толгой хагарсан зүйл нь Х.Г гартаа чулуу барьж над руу дайраад ирэхээр нь би гарыг нь нугалж дарах үед толгой хэсэг нь цохигдож уг язарсан шарх үүссэн байх.Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй би хохирогч Х.Гийн хохирлыг төлж барагдуулах болно. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан бүгд үнэн зөв” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.
Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 320 дугаартай “Х.Гийн биед зүүн зулайн хуйханд язарсан шарх, баруун доод 5 дугаар шүдний сулрал, цоход зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь мөрдөгчийн тогтоолд заагдсан тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Зүүн зулайн хуйханд язарсан шарх, баруун доод 5 дугаар шүдний сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал)-ээр шүүгдэгч Б.Нын үйлдлийн улмаас хохирогч Х.Х.Гийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Н нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Х.Гийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй болно.
Хохирол хор уршиг
Хохирогч Х.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй миний хохирол болох 2,000,000 төгрөгийн хохирол төлсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), хохирогч Х.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Бид хоёр харилцан ярилцаж зөвшилцсөн. Тиймээс миний хохирол болох 2,000,000 төгрөг өгч хохирол барагдуулсан. Иймээс миний хувьд гомдолгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 80 дахь тал)-г тус тус үнэлээд шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Наас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Н урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолоор 600.000 төгрөгөөр торгох ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолоор 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 56, 58-63 дахь тал)-аар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Гэрч Б.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний нөхөр Б.Н нь 19...... оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн .......... 5 хүүхэдтэй айлын том хүү болон мэндэлсэн юм. Миний нөхөр Б.Н нь аав ээжийн дэргэд хүүхэд ахуй насаа өнгөрөөсөн хүн юм. Миний нөхөр Б.Н нь Увс аймгийн Наранбулаг сумын ахлах сургуульд орж суралцаж, 10 дугаар анги төгссөн бүрэн дунд боловсролтой болж улмаар үргэлжлүүлэн 2001-2005 оны хооронд “Шонхор Олимп” дээд сургуульд биеийн тамирын багш мэргэжлээр төгсөж дээд боловсрол эзэмшсэн хүн юм. Манай нөхөр Б.Н бид хоёр 2006 онд анх ам бүл болж тусдаа гарсан бөгөөд тухайн цагаас хойш хамт амьдарч байгаа хүмүүс юм. Манайх 5 хүүхэдтэй. Манай нөхөр Б.Н нь тус сумын сургуулийн дотуур байрны багш ажилтай бөгөөд 2004 онд Увс аймгийн баяр наадмаар аймгийн начин цол хүртэж байсан бөх хүн бөгөөд би өөрөө тус сургуулийн нярав ажилтай юм. Миний нөхөр Б.Н нь их дуу цөөнтэй, хүнтэй хэл ам хэрүүл маргаан хийгээд байдаггүй, төлөв даруу зантай, гэр бүлдээ анхаарал халамж сайтай хүн юм. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал) хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Над 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Над шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Бын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
4. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Над шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ