| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2024/0809/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/855 |
| Огноо | 2024-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/855
2024 7 23 2024/ШЦТ/855
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,
улсын яллагч Ж.Сувданчимэг, шүүгдэгч Ц.***, хохирогч Д.***, гэрч В.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408 00000 0812 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*** /РД:***/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.*** нь 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцсийн таксины зогсоол дээр тухайн үед үүссэн маргааны улмаас Д.***ын биед халдан зүүн шууны хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 646 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ц.***.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийгөө хамгаалсан, аргагүй хамгаалалт хийсэн гэсэн байр суурьтай оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцсийн таксины зогсоол дээр шүүгдэгч Ц.*** нь такси үйлчилгээнд явах зорилготой тээврийн хэрэгсэлтэйгээ зогсож байхад хохирогч Д.***, гэрч В.*** нар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтайгаар очсон, шүүгдэгч тэднийг таксигаар авч явахгүй гэсэнтэй холбоотой маргалдан, нэг нэгийгээ хэл амаар доромжилсон нөхцөл байдал тогтоогдсон. Удмаар шүүгдэгч Ц.*** нь тээврийн хэрэгсэлд байсан хутгаар хохирогч Д.***ын зүүн шууны хэсэгт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.***ын “...2024 оны 4 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 02 цагийн үед би таньдаг дүү болох ***ын хамт Баянхошууны эцэс дээр байрлах NS нэртэй караоке орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 05-06 цагийн үед *** бид хоёр тухайн караокеноос гараад Баянхошууны шинэ эцсийн таксины зогсоол дээр очоод такси бариад харих гэж байсан юм. Тухайн үед Баянхошууны шинэ эцсийн таксины зогсоол дээр *** бид хоёр яваад очиход бор шаргал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан ба тухайн тээврийн хэрэгслийн жолооч талын цонх нь онгорхой байхаар нь би очоод цонхон дээр нь зүүн гараараа тохойлдоод явах уу гэсэн чинь явахгүй, зайл хоёр гөлөг минь гэхээр нь тэр таксины жолоочид хандаж чи яаж харьцаад байгаа юм бэ гэсэн чинь тухайн таксины жолооч миний зүүн гарын шуу хэсэг рүү цохих шиг болсон ба миний зүүн гарын шууг хутгаар хутгалчихсан...” гэсэн мэдүүлэг /хх29/,
Гэрч В.***ын “...жолоочийн цонх онгорхой байсан ба *** жолооч дээр очоод таксинд явах уу, гэрт хүргээд өгөх үү гээд цонхон дээр нь зүүн гараараа тохойлдоод зогсож байсан чинь таксины жолооч хутга гаргаж ирээд зүүн гарыг нь зүсээд зугтаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх32-33/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх1/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх6-10/, хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх15-16/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх18-26/ хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 5624 дугаар дүгнэлт зэргээр тус тус нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 5624 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Д.***ын биед зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ. /хх38-39/,
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч В.*** шүүгдэгч, хохирогч нарыг хоорондоо маргалдсан талаар мэдүүлсэн ба хохирогч, гэрч нар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл дээр очиж байгаа, хэсэг ярилцсанаа буцаад алхсанаа дахин буцан очиж цонх дээр нь тулж зогсож байгаа, шүүгдэгч тээврийн хэрэгслээ хөдөлгөөд явахад хохирогч гараа бариад үлдэж байгаа дүрс камерын бичлэгт тодорхой туссан байна. Хэргийн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч нь хохирогч, гэрч нарыг айлгах зорилготой хутга гаргасан гэснийг үгүйсгэх боломжгүй боловч хутга барин идэвхтэй хөдөлгөөн хийж, улмаар хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг хутгалсан гэж үзнэ.
Энэ тохиолдолд хохирогчид гэмтэл учруулахыг зорилгоо болгоогүй, анхнаасаа тийм сэдэлт, санаа, зорилготой байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч гартаа хутга барин, хутгаар бусад руу чичлэх хөдөлгөөн хийсэн нь үйлдлээрээ хохирол, хор уршигт хүргэсэн гэмт хэргийн шууд бус санаатай үйлдэл болно. Тиймээс шүүгдэгчийн үйлдэлд анхаарал болгоомжгүй байснаас бусдад хохирол учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн шинж байхгүй, харин санаатайгаар хохирол, хор уршиг учруулсан гэж дүгнэв.
5. Мөн шүүгдэгч өөрийгөө согтуу хүмүүсээс хамгаалсан, аргагүй хамгаалалт хийсэн, над руу довтлох боломжтой байсан гэсэн нь үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Энэ нь хүн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хууль бус довтолгооноос хамгаалах, ийнхүү хамгаалсан тохиолдолд гэмт хэрэгт хамаарахгүй, зөвшөөрөгдсөн үйлдэл гэж үзнэ. Гэхдээ мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан.
Өөрөөр хэлбэл хүний амь нас, эрүүл мэнд рүү чиглэсэн идэвхтэй довтолгоо эхлээгүй, бодитоор бий болоогүй байхад эсвэл бусдыг өдөөн хатгаж өөр лүүгээ довтлох нөхцөл байдлыг зориуд бий болгон хариу үйлдэл хийсэн тохиолдолд аргагүй хамгаалалт гэж үздэггүй.
Энэхүү хэргийн тухайд хохирогч Д.*** нь согтуугаар хэрүүл маргаан үүсгэсэн болохоос шүүгдэгч Ц.***ийн эрүүл мэндэд халдан довтлох идэвхтэй үйлдэл гаргаагүй болох нь тогтоогдож байна. Тиймээс шүүгдэгчийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй юм.
6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.
Хохирогч Д.*** нь эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой баримтаар нийт 108.300 төгрөгийг нэхэмжилсэн байна. Иймд шүүгдэгчээс 108.300 төгрөгийг гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй байна.
8. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар батлагдсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг 2 дугаар зэрэглэлд хамааруулжээ. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд 2-р зэрэглэлд хамаарах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоохоор заасан.
Хохирогчид зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хохирол учирсан тул сэтгэцэд учирсан хор уршгийг журамд зааснаар бодож буруутай этгээдээр төлүүлэх нь зөв байна.
Гэхдээ хохирогч такси үйлчилгээг авахдаа тухайн жолоочийн зөвшөөрсөн тохиолдолд авах ёстой болохоос бусадтай маргаан үүсгэх, таксинд явахыг шаардах, шахах нь зүй бус үйлдэл юм.
Тиймээс дээрх хууль, жишиг аргачлалд заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг журамд заасан доод хэмжээ болох 5 дахин нэмэгдүүлж тооцон шүүгдэгчээс 3,300,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.***д олгохоор шийдвэрлэв.
9. Түүнчлэн хохирогч нь хөнгөн хохирлын улмаас ажилгүй байсан үеийн цалинг нэхэмжилнэ гэж “***” ХХК-ийн тодорхойлолтыг гаргажээ. Хохирогчийн нэхэмжилж буй цалингийн хэмжээг дан ганц компанийн тодорхойлолтоор тогтоох боломжгүй, холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй тул хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нотлох холбогдох баримтуудыг нэмж бүрдүүлэн иргэний хэрэг шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдав.
10. Харин прокуророос хохирогч Д.*** нь 2024.04.22-ны өдрөөс 2024.04.30-ны өдрийг хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд 181.480 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан /хх105/ нь лавлагаагаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс уг мөнгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлэх дүгнэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан ба прокурор өөрөө шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй юм.
Тиймээс даатгалын санд нөхөн төлүүлэх зардлыг хариуцан төлбөл зохих Ц.***оос гаргуулан 181.480 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
11. Улсын яллагчаас шүүгдэгч Ц.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан бол, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар саналгүй гэжээ.
12. Шүүгдэгч Ц.*** нь урьдаас төлөвлөөгүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл буюу согтууруулах ундаа хэтрүүлсэн байдалтай үедээ таксинд явсангүй гэх байдлаар хэрүүл маргаан үүсгэснээс шалтгаалсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан үзлээ.
14. Шүүгдэгчийн үйлдэлд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.
15. Иймд шүүгдэгч Ц.***ийн хөдөлмөр эрхэлдэг, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн үзэх нөхцөл зэргийг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
16. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган хадгалж, хутгыг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***ийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497.1, 505.1, 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс 3,408,300 /гурван сая, дөрвөн зуун найман мянга, гурван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Д.***д олгуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.***оос 181.480 /нэг зуун наян нэгэн мянга дөрвөн зуун ная/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд төлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дискийг хэрэгт хадгалж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутгыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР