| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2024/0199/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/188 |
| Огноо | 2024-09-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/188
2024 09 11 2024/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Б,
Шүүгдэгч: Ж.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Жны Ст холбогдох эрүүгийн 2435000000201 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны 10 дугаар сарын ........-нд Увс аймгийн ........... суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн . сумын .........-р б............агийн ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Т овогт Жны С (РД:....................).
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ж.С нь Увс аймгийн Малчин сумын нутаг дэвсгэр “Эргийн худаг” гэх газарт 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэн Д.Эын эзэмшлийн Хаан банкны виза картыг түрийвчнээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлж, Увс аймгийн Наранбулаг сум дахь Хаан банкны АТМ-д уншуулж 695,000 (зургаан зуун ерэн таван мянга) төгрөгийг хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ж.Сыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.С нь Увс аймгийн Малчин сумын нутаг дэвсгэр “Эргийн худаг” гэх газарт 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэн Д.Эын эзэмшлийн Хаан банкны виза картыг түрийвчнээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч, Увс аймгийн Наранбулаг сум дахь Хаан банкны АТМ-д уншуулж 695,000 (зургаан зуун ерэн таван мянга) төгрөгийг авсан болох нь:
Прокурорын зөвшөөрлөөр Хаан банкны Увс салбараас 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 5800/24/33 дугаартай албан бичгээр ирүүлсэн “1656 автомат бэлэн мөнгөний машины 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 10:07 минутаас 10:10 минут хүртэлх дүрс бичлэг, иргэний зурган мэдээлэл ирүүлсэн албан бичиг, холбогдох мэдээлэл (хавтаст хэргийн 4-6 дахь тал),
Хохирогч Д.Эын хаан банкны 580........53 дугаартай харилцах дансны хуулганууд (хавтаст хэргийн 9-11 дэх тал),
Хохирогч Д.Эт 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 10 минутад 20,000 төгрөгийн дэвсгэрт 20 ширхэг, 10,000 төгрөгийн дэвсгэрт 19 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 21 ширхэг тус тус хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дахь тал),
Хохирогч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21, 23 дахь тал),
Шүүгдэгч Ж.Сын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
Шүүгдэгч Ж.Сын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39, 41-42 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч Ж.С нь Увс аймгийн Малчин сумын нутаг дэвсгэр “Эргийн худаг” гэх газарт 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэн Д.Эын эзэмшлийн Хаан банкны виза картыг түрийвчнээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч, Увс аймгийн Наранбулаг сум дахь Хаан банкны АТМ-д уншуулж 695,000 (зургаан зуун ерэн таван мянга) төгрөгийг хууль бусаар авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн Тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн материаллаг бүрэлдэхүүний шинжийг хохирлын хэмжээгээр тодорхойлон тогтоожээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж 300 /гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж, 5.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус тодорхойлжээ.
Эндээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тооцох материаллаг шалгуур нь 300.001 буюу түүнээс дээш хэмжээний үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан бол гэмт хэрэгт тооцогдоно.
Шүүгдэгч Ж.Сын 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэн Д.Эын эзэмшлийн Хаан банкны данснаас виза картыг Хаан банкны АТМ-д уншуулж 695,000 (зургаан зуун ерэн таван мянга) төгрөгийг авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч Ж.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Ж.Сыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд “Би 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 20 ширхэг, 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 19 ширхэг, 5,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 21 ширхэг нийт 695,000 төгрөг хүлээн авсан. Би алдсан мөнгөө буцаагаад авчихсан учир надад одоо ямар нэгэн санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал)-ийг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ж.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.С нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ж.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Сын зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйл мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Ст хорих ял оногдуулахгүйгээр 7 /долоо/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тус тус тохиролцож ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон ёсоор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Ж.Ст тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий DVD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ст шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Жны Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан “бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Ст хорих ял оногдуулахгүйгээр 7 /долоо/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Ж.Ст тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Ж.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий DVD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ст шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ