Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2021/03924

 

 

 

 

 

 

 

 

2021 11 30 101/ШШ2021/03924     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.С.ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Х-д холбогдох,

Д.Пүрэвдаваа, Х.Сэлэнгэ нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж 7,292,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.С, хариуцагч М.Х, нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Сэлэнгэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн би Баянгол дүүргийн прокурорын газарт үүсгэгдсэн 1905019820116 тоот эрүүгийн хэргийн хохирогч бөгөөд уг хавтаст хэрэгт авагдсан материалаар яллагдагч гэх М.Хүдэрбат япон улсаас TDA4W-212551 арлын дугаартай автомашиныг улсын гаалийн хилээр нэвтрүүлэх 2154550 тоот мэдүүлгээр хөдөлгүүр асахгүй гэсэн тэмдэглэгээтэй автомашиныг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр оруулж ирсэн байдаг. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хөдөлгүүр асахгүй гэсэн тэмдэглэгээний асахгүй гэдэг үгийг засаж арилган иргэн Д.Пүрэвдаваад худалдан, итгэмжлэл олгосон байдаг. Уг итгэмжлэлээр иргэн Д.Пүрэвдаваа нь надад худалдан борлуулсан ба уг автомашиныг худалдах, худалдан авах гэрээ хийхэд Д.Пүрэвдаваа нь байхгүй байсан нь нотариатч Оюуны ёс зүйн хурлаас гаргасан шийдвэрээр нотлогдсон болно. Баянгол дүүргийн прокурорууд уг хэргийг иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн хаасан. М.Хүдэрбат нь уг автомашиныг Монголд оруулж ирэн засварлан борлуулсан нь шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Иргэн би Иргэний эрх зүйн харилцаа, хууль тогтоомж 59 дүгээр зүйл. Хууран мэхэлж хийсэн хэлцэл

59.1.Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй.

59.2. Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.

59.3. Гуравдагч этгээд хууран мэхэлсэн тохиолдолд уг хэлцлээс ашиг олж байгаа этгээд ийнхүү хууран мэхэлснийг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол мэхлүүлсэн этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж болно гэснийг үндэслэн иргэн Д.Пүрэвдаваа, Х.Сэлэнгэ нарын хооронд хийсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж уг гэрээ хэлцлээс үүссэн 7,292,000 төгрөгийн хохирлоо яллагдагч гэх М,Хүдэрбатаас нэхэмжлэн хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаа тул энэхүү өргөдлийг гаргаж байна гэв.

 

Хариуцагч М.Хүдэрбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Хүдэрбат миний бие 2019 оны 04 сарын 15-ны өдөр Suzuki автомашиныг авто тээврийн хэрэгслийн техникийн хяналт буюу оношилгоонд оруулж стандарт хангасан дүгнэлтийн хуудастай, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн баримттай 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл нэг сарын хугацаатай Итгэл Ломбард барьцаат зээлийн газарт Suzuki автомашиныг хадгалуулж барьцаанд тавьсан. 2019 оны 04 дүгээр сард миний бие Д.Пүрэвдаваад автомашин худалдах итгэмжлэл олгож Д.Пүрэвдаваа нь Х.Сэлэнгэд уг автомашиныг зарсан байдаг.Х.Сэлэнгэ нь Д.Пүрэвдаваатай хийсэн худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулж М.Хүдэрбат надаас хохиролд 7,292,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.Учир нь:

1. М.Хүдэрбат миний бие Х.Сэлэнгэд уг автомашин нь зарж борлуулаагүй бидний хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, улсын дугаар аваагүй, оношилгоонд оруулж стандарт хангасан дүгнэлтийн хуудастай автомашин байсан. Гэтэл Х.Сэлэнгэ нь намайг нөхцөл байдлыг нуун дарагдуулсан гэж байгаа нь ойлгомжгүй байна.

2. Х.Сэлэнгэ нь автомашин худалдан авсны дараа уг автомашин хөдөлгүүр эвдэрсэн тухай бидэнд хэлэлгүй авто засварын газарт хөдөлгүүрийг бүтэн задаргаа хийлгэсэн байсан үүнээс болж маргаан үүсэж М.Хүдэрбат миний бие Д.Пүрэвдаваа бид Х.Сэлэнгэд шинэ автомашины хөдөлгүүр япон улсаас захиалж, автомашинд тавьж өгсөн. Гэтэл ИХ-ийн 59 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар Х.Сэлэнгэ нь намайг хууран мэхэлж хэлцэл хийсэн гэж хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

М.Хүдэрбат миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Сэлэнгэ, хариуцагч М.Хүдэрбатад холбогдуулан Д.Пүрэвдаваа, Х.Сэлэнгэ нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж 7,292,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчид уг автомашиныг худалдаагүй, доголдлыг нуун дарагдуулаагүй, нэхэмжлэгчийн автомашинд шинэ хөдөлгүүр тавьж өгсөн гэх тайлбарыг гаргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг харьцуулан шинжлэн судлав.

Зохигчийн хооронд 2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч нь Suzuki Escudo загварын суудлын автомашиныг худалдагчид 10,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч уг автомашины үнийг төлөхөөр тохиролцжээ. Тус гэрээний дагуу нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг иргэн Б.Манлайбаатар, Ж.Мөнх-Эрдэнэ болон Д.Пүрэвдаваагийн эхнэр нараас хүлээж авсан талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, мөн газраас нэхэмжлэгчид ирүүлсэн хариу мэдэгдэх хуудаст дурдсанаас үзвэл нэхэмжлэгч нь Suzuki Escudo загварын тээврийн хэрэгслийг 2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Да хүрээ захаас иргэн Б.Манлайбаатар, Ж.Мөнх-Эрдэнэ болон Д.Пүрэвдаваагийн эхнэр Г.Цэндсүрэн нараас худалдан авсан байна. Тухайн тээврийн хэрэгслийг худалдан авах, хүлээн авах үед хариуцагч М.Хүдэрбат хамт байгаагүй, нэхэмжлэгчид тус тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөөгүй болон нэхэмжлэгч Suzuki Escudo загварын тээврийн хэрэгслийг Б.Манлайбаатар, Ж.Мөнх-Эрдэнэ, Д.Пүрэвдаваа нараас худалдан авч байгаа гэж ойлгосон гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна. Хариуцагч шүүх хуралдаанд, Suzuki Escudo загварын тээврийн хэрэгслийг худалдах талаар Б.Манлайбаатарт хэлж байсан, тэгээд Д.Пүрэвдаваад худалдсан, итгэмжлэлийн хувьд автомашины нэрийг шилжүүлэхэд улсын дугаар авдаг, тэгэхээр үнэ нь буурдаг учраас надаас автомашин худалдан авсан Д.Пүрэвдаваа улсын дугаар авахгүйн тулд итгэмжлэлээр шилжүүлэн авч худалдан авсан хүндээ итгэмжлэлээр шилжүүлэн худалдсан гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан.

Мөн хэрэгт Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 тоот тогтоолоор нотариатч Б.Оюун нь нэхэмжлэгч Х.Сэлэнгэ, хариуцагч М.Хүдэрбат нарын хооронд байгуулагдсан гэх 2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээг гэрчлэхдээ худалдагч талыг төлөөлсөн Д.Пүрэвдавааг оролцуулалгүй гэрээг гэрчилсэн нь тус тогтоолоор нотлогджээ. Нэхэмжлэгч нь тус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан ба шүүх Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох үндэслэл тогтоогдохгүй, харин тухайн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Гэрээний нэг тал өөрийн хүсэл зоригийг бодитой илэрхийлэн гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээг гэрчлэх үед худалдагч байгаагүй бөгөөд өөр этгээд тус гэрээнд худалдагчийг төлөөлөн гарын үсэг зурсан нь эрх бүхий этгээдийн шийдвэр, нэхэмжлэгчийн болон бусад этгээдийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, тайлбараар тогтоогджээ. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ мөн 21 дүгээр зүйлийн 21.2.1үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх гэж зааснаар гэрээний талуудын биечлэн байлцуулж гэрчлэх, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.4, 46.6, 46.10-т заасны дагуу гэрээний талууд гэрээг гэрчлэхэд биечлэн байлцахаар хуульчилсныг зөрчин худалдагч талыг оролцуулалгүй гэрээг гэрчилсэн нь хууль бус байна.

Зохигчийн хооронд Suzuki Escudo загварын тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй нь нэхэмжлэгч автомашиныг Б.Манлайбаатар, Ж.Мөнх-Эрдэнэ, Д.Пүрэвдаваа нараас худалдан авч байгаа гэж ойлгосон гэх, хариуцагчийн автомашиныг Д.Пүрэвдаваад худалдсан гэх агуулгатай хүсэл зоригоо илэрхийлэн шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч М.Хүдэрбатад холбогдуулан доголдолтой тээврийн хэрэгсэл худалдсантай холбоотойгоор гарсан зардалд 7,292,000 төгрөг гаргуулахаар зохигчийн хооронд байгуулагдсан гэх 2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн гэрээг үндэслэн шаардах эрхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэн тогтоогдохгүй байх тул хариуцагч М.Хүдэрбат -д холбогдуулан Д.Пүрэвдаваа, Х.Сэлэнгэ нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж 7,292,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Сэлэнгэ -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ