| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2024/0193/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/191 |
| Огноо | 2024-09-12 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/191
2024 09 12 2024/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Э (томилолтоор),
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Бийн Бд холбогдох эрүүгийн 2435000470179 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны 4 дүгээр сарын .....-нд Увс аймгийн ......... суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт Увс аймгийн ............. сумын ....-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Т овогт Бийн Б /РД:........................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөрс ШТС”-ын гурван замын уулзварт “Toyota Proboxs” загварын ........... УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөрс ШТС”-ын гурван замын уулзварт “Toyota Proboxs” загварын .......... УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
Машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-12 дахь тал),
“Toyota Probox” маркийн .......... УВХ улсын дугаартай автомашиныг Б.Бд хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дахь тал),
Эрх бүхий албан тушаалтны, Драгер багажаар согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-18 дахь тал),
Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалуудын хуулбар (хавтаст хэргийн 22-30 дахь тал),
Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 32 дахь тал),
Гэрч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би нөхөр 6 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 08 дугаар баг “Довны ферм” гэх газар мал маллаж амьдардаг. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр манай гэрт саахалт айлынхан 16 цагийн орчим ирж цай уусан юм. Тэгээд манайх тухайн хүмүүсийг цайлуулж тухайн хүмүүсийг цайлуулж тухайн хүмүүст нэг шил 0.5 литрийн архи задалж уусан юм. Тэгээд хүмүүсийг дайлж цайлаад 17 цагийн орчим гэрээс гаргаад явуулсан юм. Манай нөхөр Б.Б хүмүүст задалсан архинаас нээх уугаагүй бөгөөд 2-3 удаа уусан. Тэгээд нөхөр Б.Б бид хоёр гарч үхрээ саагаад хашаанд хийчхээд Улаангом сумын төв рүү орж сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээ авахаар ..... УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр орсон юм. Тухайн үед нөхөр Б.Б нь зам халтиргаа гулгаатай байсан учир миний нөхөр Б.Б жолоо барьж Улаангом сумын төв рүү орж ирсэн. Би халтиргаа гулгаатай, жолоо муу барьдаг учраас жолоо бариагүй юм. Тэгээд Улаангом сумын төв рүү орж ирээд “Гранд” зочид буудлын урд байрлах зам дээр явж байтал цагдаа улаан модоор дохисон. Цагдаа улаан модоор дохиход нөхөр Б.Б баруун тал дохио өгч зогссон юм. Тэгээд манай нөхөр Б.Бийг дагуулж цагдаагийн газар дээр ирж согтуурал шалгах багажаар согтуурлын шалгахад 0.81 хувийн согтолттой гарсан юм. Би нөхөр Б.Бийг жолооны эрхээ хасуулсныг мэднэ. 2023 оны 05 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Би зам халтиргаа гулгаатай байсан болохоор айгаад жолоо бариагүй. Мөн миний нөхөр Б.Б би жолоо барина гэж хэлсэн болохоор би татгалзаагүй.Тухайн тээврийн хэрэгсэлд нөхөр Б.Б бид хоёр сууж Улаангом сумын төв орж ирээд бага залуу Б.О /4нас/-ыг цэцэрлэгээс нь аваад явж байсан юм. ......... УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Б.Бийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд 2022 онд Н.Г гэх хүнээс 10.500.000 төгрөгөөр худалдаж авсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),
Гэрч Н.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар ажиллаад 7 жил болж байна. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Замын цагдаагийн тасгийн дарга У.Бын баталсан хуваарийн дагуу хөдөлгөөн оройн эрүүлийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд Улаангом сумын 10 дугаар баг “Гранд” зочид буудлын урд байрлах 3 замын уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд ........ УВХ улсын тээврийн хэрэгсэл “Таван од” зочид буудал талаас гарч ирээд “Гранд” зочид буудлын урд байрлах гурван замын уулзвараар зүүн эргэсэн. Би тухайн тээврийн хэрэгслийг модоор дохиход 07-80 улсын дугаартай Toyota prodox-XP50 маркийн тээврийн хэрэгсэл баруун дохио өгч зогссон. Тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч нь Б.Б гэх хүн байсан бөгөөд жолоочоос архи үнэртсэн. Тэгээд би жолооч “та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” талаар асуухад жолооч Б.Б “би гэртээ архи уусан” гэж хэлсэн. Тэгээд би жолоочид “та архи уусан бол цагдаагийн газар дээр очиж таны согтуурлыг шалгах шаардлагатай байна” гэж хэлэхэд жолооч Б.Б зөвшөөрч жолоочийн арын суудал дээр суулгаж тухайн тээврийн хэрэгслийг би жолоодож цагдаагийн газар дээр ирсэн. Цагдаагийн газар дээр ирж жолооч Б.Бийн согтуурлыг согтуурал шалгах 7510 багажаар шалгахад 0.81 хувийн согтолттой гарч байсан бөгөөд “Х ковор” болох бэлэн бус торгуулийн төхөөрөмжөөр жолооч Б.Бийн регистрийн дугаарыг хийж шалгахад 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар нэг жилийн хугацаатай эрх хасуулсан байсныг жижүүрт мэдэгдэж холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),
Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би эхнэр Б болон 6 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 08 дугаар баг “Дорви ферм” гэх газар мал маллаж амьдардаг. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр манай гэрт саахалт айлынхан 16 цагийн орчим ирж цай уусан юм. Тэгээд манайх тухайн хүмүүсийг цайлуулж нэг шил 0.5 литрийн архи задалж уусан юм. Тэгээд хүмүүсийг дайлж цайлаад 17 цагийн орчим дуусаж гэрээс гаргаад явуулсан. Манайд би хүмүүст задалсан архинаас нээх уугаагүй бөгөөд 2-3 хундага уусан. Тэгээд эхнэр Б бид хоёр гарч үхрээ саагаад хашаанд хийчхээд Улаангом сумын төв рүү орж сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээ авахаар .......... УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр орсон. Тухайн үед зам халтиргаа гулгаатай байсан учир миний бие жолоо барьж Улаангом сумын төв рүү орж ирсэн. Тэгээд Улаангом сумын төв рүү орж ирээд “Гранд” зочид буудлын урд байрлах зам дээр явж байтал цагдаа улаан модоор дохисон. Цагдаа улаан модоор дохиод би баруун тал дохио өгч зогссон. Цагдаа намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм уу? Гэж надаас асуухад би “тиймээ 2-3 хундага уусан гэж хэлэхэд цагдаа намайг дагуулж цагдаагийн газар дээр ирж согтуурал шалгах багажаар согтуурлын шалгахад 0.81 хувийн согтолттой гарсан юм.” Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлдээ гэмшиж байгаа бөгөөд хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.
Тус зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласнаар шүүгдэгч Б.Б нь 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөрс ШТС”-ын гурван замын уулзварт “Toyota Proboxs” загварын ........ УВХ улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо 0.81%-ийн согтолттой байсан болох нь Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-18 дахь тал )-ээр нотлогдон тогтоогдож байна.
Мөн зүйлийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон.
Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч М.Эны 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 0207638 дугаартай шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 29 дэх тал )-аар шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 (нэг) жилийн хугацаагаар хасуулсан болох нь тогтоогдож байх тул түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэж үзнэ.
шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 1 жилээр хасуулсан үедээ 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөрс ШТС”-ын гурван замын уулзварт “Toyota Proboxs” загварын ............. УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэрэг нь нийгмийн ёс зүйн үнэт зүйлс, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад шууд учирсан хохирол, хор уршиггүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Б урьд нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 54, 57-58 дахь тал)-оор тус тус нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул шүүгдэгч Б.Бийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Г.Гийн өгсөн: “Зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зан аашгүй, үг дуу цөөтэй ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй зөв боловсон харилцдаг, зөөлөн сэтгэлтэй, гэр бүлдээ анхаарал халамж сайтай, ажилсаг, гэрийн бүх ажлыг хийдэг, хүний өөдөөс ямар нэг зүйл хэлдэггүй, хэрүүл маргаан хийж байгаагүй, тусархуу, тамхи, хааяа татдаг, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал) хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Бд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Бийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ