Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/043

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Д.*******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201705000031 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Үйлдсэн хэргийн талаар:

Д.******* нь 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт *******тэй мал булаацалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар *******ийг төмөр турбагаар зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                           /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт *******тэй мал булаацалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар *******ийг төмөр турбагаар зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан ...

хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагийн үед сургуулийн спорт зааланд очиж хүүхэдтэйгээ уулзах гээд мотоцикльтой явж байтал миний явж байсан замаар урдаас Д.Темөрбат ус аваад мотоцикльтой явж байгаад намайг зогсоож мэндэлчихээд бяруу яагаад аваад явсан бэ гэж асуусан. Тэгэхээр нь би юун бяруу тэр чинь манай бяруу гэхэд хуцаад бай тэр чинь манай бяруу гэж хариу хэлсэн. *******ад чи үнэхээр өөрийнхөө бяруу гэж бодож байгаа бол шүүхээрээ яваад олоод ав гэж хэлсэн. Тэгтэл миний урдаас салаавчаа гаргасан. Тэгэхээр нь би гар руу нь нулимчихаад заал руу давхиад явсан. Сургуулийн спорт заал орж хүүхэдтэйгээ уулзчихаад тэндээсээ шатахуун түгээх газар орж мотоцикльдоо бензин хийчихээд зааланд очих гээд сургуулийн тоглоомын талбайн урд давхиж байтал хойноос хурдтай машин давхиж ирээд зам хаагаад зогссон. Хартал ******* өөрийнхөе ланд круйзер 80 маркийн машинтайгаа ирж зогсоод машинаасаа бууж ирээд намайг хүрч ирж заамдаж аваад эрэгчин эмэгчинээ үзнэ машинд суу гэхээр нь би яах гэж суух юм гээд мотоциклиосоо буусан. Тэгтэл ******* машиныхаа буруу талын хойд хаалгыг онгойлгоод төмөр труба гаргаж ирээд миний зүүн мөр, баруун гарын тохой зэрэг рүү цохисон. Үйл явдал өрнөж байхад бид хоёрын хажууд машин ирж зогссон. Машинаас Ганхуяг гэх хүн бууж ирээд хүүе чи хүн аллаа гээд *******аас трубаг нь булаагаад автал Ганхуяг гуайгаас ******* труба төмрөө булааж аваад миний баруун тохой руу 1 удаа цохиод зүүн тал руу цохих гэтэл нь зүүн гараараа хаатал зүүн шуу, тохой ташаалдуулаад 2-3 удаа цохисон. Би орилоод тохойгоо бариад автал ******* машиндаа суугаад труба төмрөө аваад явчихсан. Би хэргийн газраас арай гэж мотоциклио асааж унаад эхнэрээ ээжийнхээсээ аваад эмнэлэг дээр очсон. Манай эхнэр цагдаад дуудлага өгсөн юм. Бидэнд ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Би өөрийнхөө малыг танина тэр бяруу нь *******ын бяруу биш. Миний зүүн, баруун гарын тохой, бугалга тэр чигээрээ хүрэн эрээн, хавдартай байгаа. Рентген зураг авахуулаад гипсдүүлчихсэн байгаа. ******* нь миний яг нуруунд бол цохиогүй, баруун талын тохой руу цохичхоод миний зүүн талын гар руу цохих гэхээр нь зүүн гараараа хаатал зүүн шуу, тохой ташаалдуулаад цохьсон юм. Миний ар нуруунд ямар нэгэн гэмтэл, шарх үүсээгүй. ******* эхлээд 30.000 төгрөг, дараа нь 200.000 төгрөг түуний дараа 100.000 төгрөгийг тус тус өгсөн. Нийт 1000.000 төгрөгийн зардал гарсан. Миний зүүн гар одоо болтол эдгэрээгүй байгаа. Цаашид эмчилгээ сувилгаа хийлгэнэ. Бензиний баримтууд мөн хөдөө хүнээр мал маллуулж, түлээ түлшээ бэлдүүлж, хот хороо зэргээ янзлуулж байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2 сарын гэрээ байгуулсан, өдрийн 30.000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Баримтуудаа гаргаж өгнө.. гэх мэдүүлэг /хх-ийн 21-24/,

Гэрч Д.Жүгдэрнамжилийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Төмөрсүх гэх иргэнийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үзэхэд асуумжид бусдад зодуулсан гэж байсан. Төмөрсүх нь орчиндоо харьцаатай, биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, байрлал идэвхитэй, зүүн шууны орчмоор хөдөлгөөн албадмал байсан. Яг хэнд цохиулж гэмтсэнээ хэлээгүй, түүний зүүн гарын шуу хэсэгт бага зэргийн өвчин эмзэглэлтэй, хаван хавдартай байсан. Рентген зурагт шуу ясны доод төгсгөлд цуурч хугарсан байсан. Төмөрсүхийг зүүн гарын шуу ясанд гөлтөгнөн боолт тавьж зөвлөгөө өгч явуулсан. Эмчилгээ хэвийн эмчилгээ хийж, эмийн эмчилгээг бичиж буцаасан. Миний тодорхойлолтод зүүн гарын шууны далд зөрөөгүй хугарал гэж бичигдсэн байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр машинтайгаа талбайн баруун талаар уруудаад зүүн гар талруу эргэтэл Д.*******, ******* хоёр маргалдаж байгаа байдалтай байсан. Тэгтэл Д.******* машинруугаа ороод төмөр бариад гараад ирхээр нь би машинаас бууж очоод төмрийг автал надаас эргүүлж булааж аваад *******ийг 1 удаа гарлуу нь зохисон би төмрийг дахин булааж аваад боль гэж хэлтэл салаад явцгаасан гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Шинжээч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2017 оны 01 сарын 07-ны өдөр үзүүлэгч иргэн *******ийг үзсэн. Намайг үзэхэд зүүн бугалганы гадна доод хэсгээс гарын  сарвуу хүртэл гөлтгөнөн боолттой, баруун бугалганы гадна доод хэсэгт 13х8 см, дотор доод хэсэгт 14х9 см хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Зүүн гарын 3 дугаар хурууны гадна дунд хэсэгт 0,8х0,5 см, улаан хүрэн зулгаралттай байсан. Асуумжид ******* нь зүүн шуу, тохой хэсгээр өвдөнө, баруун гуяны араар өвдөнө, дотор муухайрна гэж хэлж байсан. *******ийн бие махбодид учирсэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байсан учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулж дүгнэлтийг гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/

Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би сэжигтнээр тооцсон үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагийн үед Богд сумын төвийн гудамжинд Төмөрсүхтэй таараад чи яагаад бяруу аваад явчихсан юм гэхэд тэр миний бяруу гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм гээд маргаан эхэлсэн. Төмөрсүх шүүхээрээ олоод аваарай гээд над руу нулимахаар нь салаавч гаргатал тэр миний гар руу нулимчихаад мотоцикльтойгоо давхиад явчихсан. Дараа нь сургуулийн спорт тоглоомын талбай орчимд Төмөрсүх мотоцикльтойгоо явж байхад нь зогсоогоод түүнийг төмөр трубагаар цохиж биед нь гэмтэл учруулсан. Түүний зүүн гар, баруун гар руу яг хичнээн удаа цохисноо санахгүй байна.  Төмөрсүхээс уучлал гуйсан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч *******т 340,000 төгрөгийг өгсөн. Манай ах Төмөрсүх миний урдаас хохиролд 30 тооны ямааг *******т өгсөн. Хохирогч *******т цаашид учирсан бодит хохирлыг төлж барагдуулна. Хамгийн гол нь *******ийн зүгээс баримт материалаа гаргаад өгөх юм бол надад хохирол төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 60-61, 64-65/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 219 дугаартай шинжээчийн: 1. Баянхонгор аймгийн ШША-ны шинжээч эмч ******* гаргасан №43 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2. *******ийн биед зүүн богтос ясны далд хугарал, баруун бугалганы цус хуралт, зүүн гарын 3-р хурууны зулгаралт бүхий гэмтлүүд учиржээ. 3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49/

-хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10-13, 16-17/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-н 14-15/,

-эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 18-19/,

-Богд сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66/,

-Д.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 67-68

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/,

-хохиролын талаархи баримтууд /хх-ийн 79-83/

-хохирол төлж барагдуулсан баримтууд /хх-ийн 84-86,92/

-хохирогч *******ийн гомдол саналгүй, бие эдгэрсэн гэх хүсэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.   

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.       

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Д.*******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан байна.

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд хохиролоо бүрэн авсан тул ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бие бүрэн эдгэрсэн гэдгээ хүсэлтээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.******* нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэл эдлэж байгаагүй тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй гэснийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн богино хэмжээтэй зэвтэй турбаг устгаж, хохирогч *******ийн зүүн шуу яс болон тохойны рентген зураг 4 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Хохирогч ******* нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул түүний эзэмшлийн хоёр толгой адууг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгов.

Хохирогч ******* нь хохиролд нотлох баримтаар 347,600 төгрөг нэхэмжилсэн байхад шүүгдэгч Д.******* нь нийт 1.700.000 төгрөг болон 30 толгой ямаа өгсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлд заасан “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчимыг алдагдуулсан үндэслэл болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Д.*******ад хяналт тавихыг Баянхонгор аймгийн цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг сануулсугай.

5. Шүүгдэгч Д.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн турбаг устгаж, хохирогч *******ийн зүүн шуу яс болон тохойны рентген зураг 4 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын эзэмшлийн 2 толгой адууг битүүмжилсэн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******ад батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ