Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 59

 

Ц.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: Ц.Ариунжаргал,

Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.С-т холбогдох 2028001270113 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ц.Ариунжаргалын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэл элдэж байгаагүй

Шүүгдэгч Ц.С нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 05 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд нутаг дэвсгэр Элстэй гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 8.6 грамм алт олборлосон гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь шүүгдэгч Ц.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  Ц.С-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдэж, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 688000 төгрөгийн үнэ бүхий (7.7) грамм 918,05 сорьц бүхий алтыг Монгол банкны эрдэнэсийн санд худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Gold monster 100 загварын 1500000 төгрөгийн үнэ бүхий металл хайгч 1 ширхгийг худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг тус тус Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна.

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан.               

Гэтэл шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...эсхүл ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тодорхойлж, хуулиас зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна”, 6 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ...” гэж заасан байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглээгүй.

Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй” гэж хуулийн 2 өөр зохицуулалтыг нэгтгэн, өөрчлөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Мөн шүүгдэгчид тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах талаар заагаагүй орхигдуулсан зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд шүүгдэгч Ц.С-т холбогдох Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Ариунцаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:   “Шүүгдэгч Ц.С-ын хувьд тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 05 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд алт олборлосон гэмт хэргийг үйлдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдсон. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/110 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тэнссэн. Тухайн эсэргүүцэлд дурдсанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсгийг нэгтгэн нэг хуулийн зохицуулалт мэтээр өөрчлөн найруулж шийтгэх тогтоолд дурдсан нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байгаа учраас энэ заалтад өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын бичсэн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.   

Шүүхийн шийдвэрийг хянахад  

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийн ангиллын талаар бичихдээ Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг буруу бичсэн.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох” гэснийг зөрчсөн, мөн шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй, мөн зүйлийн 4, 5, 6 дахь хэсгийн заалтуудыг хэрэглэхдээ хуульд заасан агуулга найруулгын дагуу бичээгүй.

Шүүгдэгч Ц.С нь гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан байхад дээрх тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай этгээдээс гаргуулан улсын орлогод оруулах талаар заасан Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй орхигдуулсан байна.

Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг хэрэглээгүй зэрэг нь “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг анхан шатны шүүх зөрчсөн байна.

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШТ/110 дугаар шүүхийн тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.С-т холбогдох 2028001270113 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                           Х.ГЭРЭЛМАА

                                                                                                   Т.БЯМБАЖАВ