Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2018/0593

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М” ХХК 

Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаартай тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХХК нь 2015 оны 07-р сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Хүрэл тогоогийн ам нэртэй газар 10,08 га газрыг “Аялал жуулчлал”-ын зорилгоор ашиглахаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ” авсан билээ.

Гэвч манай компаниас үл шалтгаалсан, Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгооны асуудлаас үүдсэн сунжирсан, улстөржсөн маргаан, түүнчлэн дүүрэг болон Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны хоорондын үл ойлголцол, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хууль хэрэгжүүлдэггүй байдлаас болж бид бүхэн өнөөдрийг хүртэл хохирч газар ашиглах гурвалсан гэрээг байгуулж чадаагүй явж байтал Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цнь 2018 оны 03-р сарын 16-ны өдөр А/66 дугаар тушаал гаргаж. манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

Энэхүү захиргааны актын талаар бид Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны мэдэгдлийн дагуу олж мэдсэн бөгөөд үүний учрыг олохоор яаман дээр очиход дээрх маргаан бүхий тушаалын хуулбарыг 2018 оны 04-р сарын 17-ны өдөр гардуулж өгсөн болно. Уг тушаалын утгаас харахад "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийг зөрчин Тусгай хамгаалалттай газрыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар худалдах, арилжих, үнэ тохирч зарахаар зарлал тавьсан эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын... ”нэг гэж манай компанийг үзсэн бололтой юм.

Дээрх тушаалд үндэслэл болгож буй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийг зөрчин Тусгай хамгаалалттай газрыг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар худалдаж арилжих, үнэ тохирч зарахаар тавьсан гэх зарлалыг “М” ХХК-ийн зүгээс болон уг компанид ямар нэгэн байдлаар холбогдох хүмүүс тавиагүй болно. Уг тушаалыг гаргахдаа үндэслэл болгож буй нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хэн, хэзээ, ямар зорилготой, ямар сайтад уг зар. мэдээллийг тавьсан нь тодорхойгүй байхад эдгээрийг хэн, хэзээ тавьсныг нягтлан шалгаж, тогтоогоогүй атлаа шууд бусдын эрхэд халдсан үйлдэл хийсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний сайд Н.Цын хууль бус ажиллагаа нь манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна.

Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цнь дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж сонсох ажиллагаа явуулаагүй, манай компанид урьдчилан мэдэгдээгүй, бидний тайлбар, үндэслэлийг огт авалгүйгээр асуудалд шууд хууль бусаар хандсанд хэргийн гол учир нь байгаа юм. Манай компани нь Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг 2018 оны 03-р сарын 22-ны өдөр хүлээн авсан ба сайдын тушаал нь 2018 оны 03-р сарын 16-ны өдөр гарсан байсныг өмнө дурдсан билээ.

Манай компани нь дээрх тушаалын үндэслэл болгосон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4 дэх заалтуудыг зөрчөөгүй, манай үйл ажиллагаанд эдгээр заалтууд хамаарах ч үгүй билээ. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 03-р сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалын 1 дэх заалтын хавсралт болох Газар ашиглах эрхийг дуусгавар болгосон иргэн аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийн жагсаалтын 4 дэх мөрийн "М” ХХК гэсэн хэсгийг хүчингүй болгож, манай компанийн газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, М.М, Н.Э нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ: “М” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 15/009 дугаартай албан бичгээр “Ногоон төгөл” мод үржүүлгийн газрын төсөл хэрэгжүүлэх зорилгоор газар хүссэн. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны А-277 тоот тушаалаар “М” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Хүрэлтогоотын аманд аялал жуулчлалын зориулалтаар 10.08 га газрыг хүсэлтийн дагуу олгосны дагуу 2015/242 тоот гэрчилгээг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өгсөн байна.

Байгаль орчны сайдын /хуучин нэрээр/ 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан“Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”-ын 5.2-т “Ашиглаж байгаа газраа зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, түрээслүүлэх, дамжуулан ашиглуулахыг хориглоно.” гэж заасан байдаг. Гэвч “М" ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, холбогдох журмыг зөрчин улсын тусгай хамгаалалттай дархан цаазат газрыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар 100 сая төгрөгөөр худалдах, арилжих, үнэ тохирч зарах тухай зарыг тавьсан тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “М ХХК”-д 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр 233 тоот мэдэгдлээр газрын эрхийг цуцлах болсныг мэдэгдэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/66 дугаар тушаалаар “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Мөн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 233 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот хүргүүлэн ажилласан. Тушаалын хэрэгжилтийг хангуулан ажиллах тухай албан бичгийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10/1754 тоотоор Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, 2 дах хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн." 3 дахь хэсэгт “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно." 4 дэх хэсэгт ‘Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно." гэж заасан. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Төрөөс газрын талаар баримтлах зарчимд 4.1.2 дахь заалтад “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.4 дахь заалтад “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх" байхыг баримталсан.

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан, дархан цаазат газрын ангилалтай газар нутаг бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэх үндэслэлээр л ашиглуулахаар хуульчилсан. Төрийн өмчид байгаа энэхүү газрыг ашиг хонжоо хайх зориулалтаар бусдад худалдах, арилжихыг хориглосон байтал М ХХК нь дээрх хуулиудыг ноцтой зөрчиж, төрийн өмчийн газрыг арилжихаар завдсан байсныг мэдэж, газрын эрхийг нь дуусгавар болгосон.

Цаашид Тусгай хамгаалалттай газрыг хууль бусаар зарах, арилжих тухай зар, мэдээг олон нийтийг сүлжээнд тавьсан болон гэрээ хийсэн аливаа үйлдэлд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс газар ашиглах эрхийг нь дуусгавар болгох арга хэмжээг авч ажиллах болно. Нөгөө талаар М ХХК нь газар ашиглах гурвалсан гэрээ байгуулаагүй, газрын төлбөрийг төлөөгүй, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, тухайн газарт хэрэгжүүлэх төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан төлөвлөгөө болон байгаль хамгаалах төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлээгүй, мод үржүүлгийн төсөл хэрэгжүүлэх байсан ч мод үржүүлгийн тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн боловсон хүчингүй байгаа нь анхнаасаа уг газрыг ашиг олох зорилгоор авсан нь ойлгомжтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “М” ХХК нь тус шүүхэд хандаж “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар бүхий “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаал болон уг тушаалын хавсралтын нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...газар ашиглах гурвалсан гэрээг байгуулж амжаагүй явж байтал газар ашиглах эрхийг хүчингүй болгосон...тушаалын үндэслэл нь хууль бус...манай компани ийм зарлал гаргаагүй...” гэж тодорхойлон маргасныг хариуцагч “...газрыг бусдад зарж ашиг олохоор зарлал тавьсан нь хуульд заасан ноцтой зөрчил тул газар ашиглах эрхийг нь дуусгавар болгосон...газраа зориулалтын дагуу ашиглаагүй...” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

            Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар бүхий “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,  39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2 дахь хэсэг болон Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн тушаалын 1 дэх заалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийг зөрчин тусгай хамгаалалттай газрыг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар худалдах, арилжих, үнэ тохирч зарахаар зарлал тавьсан нэр бүхий...аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг хавсралтын ёсоор дуусгавар болгох, 2 дахь заалтаар ...газар ашиглах гэрчилгээ, гэрээг хураан авах, газрыг чөлөөлөхийг холбогдох этгээдүүдэд даалгах, 3 дахь заалтаар тусгай хамгаалалтай газрыг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ, цахим сайтуудад зар тавьж хууль бус газрын наймааг өөгшүүлж буй үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагуудад анхааруулан мэдэгдэл хүргүүлж хамтран ажиллахыг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, хамгаалалтын захиргаадын дарга нарт үүрэг болгож, уг тушаалын хавсралтын 4-т “Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэлтогоотын аманд аялал жуулчлалын зориулалтаар 10 га газар ашиглаж буй “М” ХХК” гэж заажээ.

            Нэхэмжлэгч “М” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15/009 дугаар албан бичгээр “Ногоон мод үржүүлгийн төсөл” хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил,аялал жуулчлалын яаманд хандаж газар ашиглах хүсэлт гаргасан байх боловч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэлтогоотын аманд аялал жуулчлалын зориулалтаар 10 га газар ашиглах эрхийг тус компанид олгосон байна.

            Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  З9 дүгээр зүйлийн 1-ийн 1-д зааснаар “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг”, мөн зүйлийн 2-т зааснаар “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулахыг” тус тус хориглосон, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1-ийн 1-д газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлүүдийг Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр болон  мөн зүйлийн 2-т “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгох”-оор тус тус зохицуулжээ.

Газрын тухай хуулийн 39.1.1-39.1.5-д газар эзэмших эрхийг дуусгавар болгох үндэслэлүүдийг тодорхойлсон ба үүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн”  гэж тус тус заасан байна.

Эдгээр хуулийн заалтуудаас үзвэл нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан гэх “тусгай хамгаалалттай газрыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар худалдах, арилжих үнэ тохирч зарахаар зарлал тавьсан” зөрчил нь түүний газар ашиглах эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэлүүдийн алинд ч хамаарахгүй байна.

Түүнээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “нэхэмжлэгч нь тусгай хамгаалалттай газрыг зарахаар завдсаныг бид илрүүлсэн” гэж тайлбарлан түүний үндэслэл болгож нотлох баримтаар,  “Хүрэлтогоотод газар зарна, хүрэл тогоотод 10 га газар зарна, утас 91553399, зарын дугаар-695528, 100 сая төгрөг” гэх зарыг “Үнэгүй.мн” сайтад байршуулсан “Google earth” аппликейшнээс татсан зургийн хамт ирүүлсэн боловч энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан зөрчил мөн эсэх, тухайн зөрчил нь хуулийн 40 дүгээр зүйлийн 1–ийн 2-т заасан ноцтой зөрчилд хамаарах эсэхийг шалган тогтоогоогүй, ингэснээр нэхэмжлэгч тухайн зөрчлийг гаргасан нь нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй байхад түүний газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар бүхий “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-д “захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хангаагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 1-ийн  2-т тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн.тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулсан байгаа хэдий ч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан маргаан бүхий захиргааны актад энэ заалтыг үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн хариуцагчаас захиргааны акт гаргахдаа, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгосон бөгөөд уг заалтад “ашиглаж байгаа газраа зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, түрээслүүлэх, дамжуулан ашиглуулах”-ыг газар ашиглагчид хориглосон ба ийнхүү хориглосон үйлдлийг гаргасан тохиолдолд уг журмын дагуу хариуцлага тооцохоор зохицуулснаас үзвэл нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох харилцаанд уг журмын зохицуулалт хамаарахгүй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг Удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалын болон уг тушаалын хавсралтын нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг” хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН