| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2024/0194/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/192 |
| Огноо | 2024-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/192
2024 09 12 2024/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Э (томилолтоор),
Хохирогч Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,
Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Дгийн Бт холбогдох эрүүгийн 2435001050185 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны 01 дүгээр сарын ......-нд Увс аймгийн ................ суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн ........ сумын .... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Дгийн Б /......................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас архины шилээр Б.Бгийн толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас архины шилээр Б.Бгийн толгойн тус газарт цохисон болох нь:
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан баримтууд (хавтаст хэргийн 1-17 дахь тал),
Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”Би малчин сумын 2 дугаар багт эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Манайх Малчин сумын төвд хоолны газар ажиллуулдаг юм. Манай эхнэр Б.С тогооч хийдэг ба миний хүү болох Б.А бид хоёр тусалдаг юм. Би 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдөр 11 цагийн үед нагац ах болох Д гэх хүний хүүхэд Б гэх залуугийн гэр бүрэх ёслолд очсон. Тухайн гэр бүрэх ёслолын ажиллагаа Малчин сумын төвд болсон ба тухайн гэр бүрэх ёслолд ирсэн хүмүүс хоол унд идэцгээж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд үйл ажиллагаа болж хүмүүс дуу дуулцгааж байхад манай сумын Д.Б /Б/ гэх залуу миний зүүн чихний дээд хэсэг рүү “EDEN” нэртэй архины шилээр нэг удаа цохисон ба миний чихний дээд хэсгээс цус гарч сумын эмнэлгийн байгууллагад очиж эмчид үзүүлж 3 оёдол тавиулж эмчлүүлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би тухайн найран дээр дуу дуулаад сууж байсан ба Д.Б намайг архины шилээр нэг удаа цохисон. Тухайн үед Д.Б хүмүүст архи сөгнөөд явж байсан юм. Тухайн үйл явдал манай нагац ах Д гэх хүний хашаанд буюу гэр бүрэх ёслол дээр болсон.Тухайн үед Д.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нэлээн согтуу байсан.Тухайн шилээр намайг цохиход хагарсан ба найр дээр байсан хүмүүс цэвэрлээд хаясан байсан.Миний зүүн чих хэсгээр хатгаж өвдөөд байгаа ба толгойны зүүн хэсгээр бас өвдөж байгаа.Би сэтгэл санааны хохиролтой байна. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Би энэ асуудлаас болж би өөрийн эрүүл мэндийн төлөө тодорхой хэмжээний мөнгө болон цаг хугацаа зарцуулж, амьдралд сөргөөр нөлөөлсөн учир гомдолтой байна. Миний бие Д.Б цохиулсны улмаас Улаангом сум руу 4 дэх удаагаа орж байгаа бөгөөд байнга унаа хөлсөлж ирж байна. Мөн тариалан сум руу 1 удаа явж толгойгоо бариулсан. Улаанбаатар хотод 1 удаа очиж “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлж MRI шинжилгээнд орж ирсэн. Манай гэр бүл гуанзны үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зодуулсны улмаас би өөрөө гуанзны үйл ажиллагаанд тогтмол оролцож чадахгүй хүн хөлсөлж малаа алуулж байна. 3 үхэр нядлуулсан. Нийт 100,000 төгрөг хөлсөнд өгсөн. Д.Б нь надад ямар нэгэн мөнгө төгрөг төлөөгүй. Хохирол барагдуулаагүй байгаа. Надад учирсан хохирлыг нөхөн төлсөн тохиолдолд гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22, 24 дэх тал),
Гэрч Х.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тухайн хүмүүсийг танина. Тухайн хүмүүс миний нөхөр болох П.Дын зээ болох хүмүүс байгаа юм. Би 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдөр өөрийн отгон хүү болох Бын гэр бүрэх ёслолын ажиллагаа хийж хамаатны ах дүү нар болон Б.Б, Д.Б нар бас ирсэн. Гэр бүрэх ёслолд ирсэн хүмүүс хоол унд идэцгээж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн ба Б.Б тухайн өдөр найр үймүүлж тэнд ирсэн хүмүүстэй маргалдах гээд байсан. Тэгээд би гэрээс гарч хашаанд байх байшин руу орсон ба гараад ирэхэд найранд ирсэн хүмүүс шуугилдаад байсан ба Б.Бийн толгой хэсгээс цус гараад байсан. Тэгээд би гэрээс бинт авч ирж өгсөн ба Б.Бийн толгой боож өгсөн ба Б.Б найр дээрээс яваад өгсөн. Б.Б нь найрны өмнөх өдөр бас согтуу байсан ба найрны өдөр ч гэсэн согтуу байсан. Д.Б тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
Гэрч П.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тухайн хүмүүсийг танина. Тухайн хүмүүс миний зээ болох хүмүүс байгаа юм. Би 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдөр өөрийн отгон хүү болох Бын гэр бүрэх ёслолын ажиллагаа хийж хамаатны ах дүү нар болон Б.Б 07 цагийн үед Д.Б 15 цагийн үед миний хүүгийн гэр бүрэх ёслолд ирсэн. Гэр бүрэх ёслолд ирсэн хүмүүс хоол унд идэцгээж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн ба Б.Б найр үймүүлж тэнд ирсэн хүмүүстэй маргалдах гээд байсан ба зээ Д.Б, Б.Бт хандаж “Та хүний найр хуримд ирсэн бол соёлтой байж сур” гэж хэлсэн. Тэгэхэд Б.Б “Дгийн шээс чи юу юм бэ?” гэж хэлээд хоорондоо маргалдсан ба Д.Б тухайн үед найранд ирсэн хүмүүст сөн түшиж байсан архины шилээрээ Б.Бийн толгой тус газар нэг удаа цохисон. Тэгээд Б.Б манай хүүгийн гэрээс гараад явсан.Тухайн үед Д.Б, Б.Бт хандаж найранд ирсэн бол соёлтой бай гэж хэлснээс болж хоорондоо маргалдсан. Тухайн үед Б.Б, Д.Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 290 дугаартай: “Үзүүлэгч Б.Бийн биед зүүн чихний дэлбэн, чихний угт, чамархайн хуйханд язарсан шарх, зүүн чамархай, зүүн хацар, баруун шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх хүсэлтэд заагдсан болон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Зүүн чихний дэлбэн, чихний угт, чамархайн хуйханд язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
Шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2024 оны 06 дугаар сарын 19-ний өглөө эрт гэртээ байтал Б нь үүрээр манай хот айлд согтуу ирээд орилж хашхираад яваад байсан. Би хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд явснаа хэсэг байж байгаад 1 том пиво авчихсан явж байсан. Урьд өдөр нь ч бас Б манай хойд хорооллоор айлуудаар архи уучихсан согтуу явж байгаа сураг гарч байсан юм. Өдөр нь Д гэх манай хамаатны айлын хүүхдийн гэр бүрэх ёслол болсон тул би очиход Б найрын гэрт надаас түрүүлээд очсон сууж байсан бөгөөд нэлээд согтуу хүмүүстэй хавирч үг яриа өдсөн байдалтай байсан. Би хэсэг сууж байгаад сөн бариад өг гэж хэлэхэд нь сөн түшсэн. Б өдөржин агсамнаж хүнтэй хэрүүл өдөөд 80 гаруй насны эгчийг оройдоо манай эзэнгүй гэрт хүрээд ир жаргааж хононо гэж доромжилсон мөн гэрээс гарч орж ирэхдээ ёс болгож тавьсан жижиг галын зуухан дээгүүр алхаж гарч аяга таваг, халуун савтай цай унагаж асгах, төрсөн эгчийгээ боож унагасан байхад нь хүмүүс салгасан зэргээр биеэ зүй бусаар авч явж байсан. Би тэр хүнд та чих байлдаа биеэ зөв авч яваач гэхэд намайг араас түлхэж ширээн дээр унагаад “Дн шээс” гэж хэлэхэд нь би түүнд миний эцэг нас барсан боловч чам шиг юмаар доромжлуулахгүй гэж хэлээд шилтэй архиар Бийн толгой руу нэг удаа цохисон. Тэгэхэд Бгийн толгойн зүүн талаас цус гарсан. Тэгээд түүнийг гэрээс авч гараад миний эхнэр тэр хүний толгойг боож өгсөн. Бийн биед зодоон болохоос өмнө гэмтэл бэртэл байгаагүй. Б нь агсам согтуу тавьж байхад хүмүүс салгасан. Тэгэхэд эрт фудволк нь урагдсан байсан. Надтай сүүлд маргалдаж цохиулсан. Гэтэл тэр фудволкийг намайг урсан гэж ярьж байгаа. Би хувцас хунарыг нь урсан зүйл байхгүй. Бтой уулзаж уучлалт гуйгаад хохирлыг тань барагдуулъя гэхэд хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар хэлэхгүй байгаа. Түүний эхнэр хүүхэд нь түүнийг надтай уулзуулахгүй байгаа. Хохирогч нь гуанз ажиллуулдаг бөгөөд би 2 хоног очиж малыг нь гаргаж өгч хогийг нь ачиж өгсөн. Тэгэхэд гомдолтой байна гэж хэлээд гэрт нь ороход хойш харуулаад хэвтүүлчхээд байгаа. Миний ойр тойрны хүмүүст найзыг чинь шоронд явуулна шоронгоос очиж сэгийг нь аваарай гэж хэлээд яваад байгаа юм. Би хохирлыг нөхөн төлж өгөх бодолтой байгаа. Энэ байдлаас болж хохирол барагдуулж чадахгүй байна. Би өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Б нь архи уусан үедээ агсам согтуу тавьдаг олон хоногоор үргэлжлүүлж уудаг, эхнэр хүүхдэдээ уурлаад амиа хорлоно гэж хэлээд яваад өгсөн онцгой байдлын хүмүүс хайж байж олж байсан удаатай. Эхнэр хүүхэд нь чи зүгээр байсан хүнийг архины шилээр цохисноос болж энэ хүн архи уугаад байдаг болчихлоо гэж гомдол нэхээд байгаа юм аа. Б ер нь архи уучхаад байдаг хүн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал)-үүдээр тогтоогдож байна.
Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 290 дугаартай: “Үзүүлэгч Б.Б-ийн биед зүүн чихний дэлбэн, чихний угт, чамархайн хуйханд язарсан шарх, зүүн чамархай, зүүн хацар, баруун шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх хүсэлтэд заагдсан болон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Зүүн чихний дэлбэн, чихний угт, чамархайн хуйханд язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал)-ээр хохирогч Б.Бийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Б биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
Хохирол хор уршиг
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заасан байна.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.6-д зааснаар“Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийн харгалзан шийдвэрлэхээр байна.
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас архины шилээр Б.Бийн толгойн тус газарт цохисны улмаас хохирогч Б.Бийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 290 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хөнгөн гэмтлийн улмаас хохирогч Б.Бт ХОЁРДУГААР зэргийн хор уршиг учирсан байх бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож шүүгдэгч Д.Баас 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бт олгохоор шийдвэрлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч завсарлага авч, шүүхийн хэлэлцүүлэгт “Хохирогч Б.Бийн эхнэр Б.Сийн Хаан банкны 58...............48 тоот дансанд 3,300,000 төгрөгийг Д.Баас Бт хохирол төлөв” гэх утгаар шилжүүлсэн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хаан банкны мөнгөн шилжүүлэг 1 хуудас баримтыг шүүхэд шинээр гаргаж өгснийг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт гомдолгүй гэх тайлбар гаргав.
2. Шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 56, 48 дахь тал)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Гэрч Л.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Д.Б бид хоёр 2015 онд гэр бүл болж өдийг хүртэл хамт амьдарч байгаа. 3 охин төрүүлж өсгөсөн. Би өөрөө ээлжийн сувилагч ажилтай. Нөхөр маань хүүхдүүдээ харж өсгөсөн. Гадуур дотуур хэсээд явдаггүй, хонуут өнжүүтээр яваад байдаггүй, нөхөр маань хүнтэй тэр бүр маргалдаад байдаггүй. Морь уядаг, уяачийн шагнал ихтэй, сумын алдарт уяач цолтой, хашаанд эсгийний цехтэй бөгөөд зуны улирал эсгий хийдэг. Морь уях зэрэг ажил хийдэг. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал) хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, 1.4-т “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, прокурор 500 нэгжээр торгох санал гаргасныг өмгөөлөгч, хохирогч нар дэмжсэн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Б 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Дгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Б 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ