Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2021/04249

 

 

 

 

 

 

 

2021 12 16 101/ШШ2021/04249   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  У.З-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Н-д холбогдох,

5,075,000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамгарав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* би 2020 оны 10 сард иргэн *******д 4,500,000 төгрөгийн үнэ бүхий барилгын гадна заслын ажилд хэрэглэдэг Юүлк гэдэг төхөөрөмжийг зээлээр худалдаж төлбөрийг 2020 оны 11 сард төлж барагдуулахаар тохирсон. Энэ тухай бичгээр баримт үйлдсэн бөгөөд хугацаа хэтэрвэл хоног дутамд төлөөгүй дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон. Төлбөр хугацаандаа бүрэн гүйцэт төлөгдөөгүй бөгөөд 2021 оны 3, 6 сард нийтдээ 1,000,000 төгрөг л төлөгдсөн. Иймд төлөгдөөгүй дүн болох 3,500,000 төгрөгийг нийт 90 хоногийн алданги 1,575,000 төгрөгийн хамт нийт 5,075,000 төгрөгийг иргэн *******ээс гаргуулж нэхэмжлэгч ******* надад олгоно уу гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* бие иргэн *******аас Юүлк гэдэг тоног төхөөрөмжийг анх Их говийн эрчим хурд ХХК-ийн ажлыг хийхээр түрээслэн авч түрээсийн төлбөрийг тухайн компаний захирал н.Золбаяр нь түрээсийн төлбөрийг *******д өгч байгаад гүйцэтгэж буй ажил нь удааширсан учир тухайн ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байсан иргэн ******* би өөрийн нэрээр уг төхөөрөмжийг 4,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 1,000,000 төгрөгийг өгсөн болно. Гэтэл Их говийн эрчим хурд ХХК-ийн гүйцэтгэж буй ажил нь Ковидоос шалтгаалан түр зогсож, дараа нь материалгүй болж өнөөдрийг хүртэл тухайн ажил дуусаагүй байгаа болно. Иймээс тухайн компани ашиглагч байгууллагаас өнөөдрийг хүртэл мөнгө аваагүй байгаа учир тухайн ажлыг хийж гүйцэтгэж байсан иргэн ******* би ч бас өөрт оногдох мөнгийг аваагүй учраас төлбөр төлөгдөөгүй удсан болно. Иймээс *******аас Юүлк зарсан төхөөрөмжийн үлдэгдэл болох 3,500,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч *******д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт буюу гэрээний үлдэгдэл төлбөрт 3,500,000 төгрөг, алданги 1,575,000 төгрөг, нийт 5,075,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрээний үндсэн төлбөр 3,500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги төлөхөөс татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нь барилгын гадна заслын ажилд хэрэглэгддэг Юүлк гэх төхөөрөмжийг нэхэмжлэгчээс 4,500,000 төгрөгөөр тооцон 2020 оны 10 дугаар сард худалдан авсан, хариуцагч 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, гэрээний үлдэгдэл төлбөрт 3,500,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй талаар зохигч маргаагүй болно. Зохигч худалдах-худалдан авах гэрээг амаар тохиролцон байгуулсан тухай тайлбарлаж, хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн баримтаар дээрх төхөөрөмжийн төлбөрийг худалдан авсан, төлбөрийг 2020 оны 11 дүгээр сард багтаан төлж дуусгах, энэхүү үүргээ биелүүлээгүй бол алданги төлөхөөр баталгаа гаргаж, гарын үсгээ зурж баримтжуулжээ.

Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээнд хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5,075,000 төгрөгийн шаардлагаас хариуцагч 3,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн хариуцагчаас алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа 90 хоногийн алдангид 1,575,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлжээ. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн баримтад Хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги төлнө гэснийг үндэслэл болгон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлтэй хэмээн шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж хуульчилсан учир анзын гэрээ нь бичгээр хийх хэлцлийн шаардлагад нийцсэн байх учиртай. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т бичгээр хийх хэлцийн ерөнхий шаардлагыг хуульчилсан нь мөн хуулийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх шаардлага тавигдана. Хэлцэл хийж буй гэрээний талуудын хэн аль нь хэлцлийн агуулга, тохиролцооны талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж нэгдмэл ойлголтод хүрсэн байх, ийнхүү харилцан хүсэл зоригоо илэрхийлснийг баталгаажуулан хэлцлийн талууд хэн аль нь хэлцэлд гарын үсгээ зурснаар тухайн хэлцэл хүчин төгөлдөр болох талаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2-т хуульчлан заажээ.

Хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийлэл нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд тухайн баримт дахь алданги төлөх үүргийн талаар үгүйсгэн маргаж байна. Энэ тохиолдолд хуульд зааснаар талууд хүсэл зоригоо хуульд нийцүүлэн илэрхийлсэн эсэх, хуулийн шаардлага хангагдсан эсэхийг дүгнэх ба дээрх үндэслэлээр зохигч анзын гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагчийн нэхэмжлэгчид баталгаа болгон үйлдсэн баримт нь анз шаардах эрхийг нэхэмжлэгчид бий болгохгүй байх тул нэхэмжлэгч уг баримтыг үндэслэн хариуцагчаас алданги шаардах эрхгүй. Энэ үндэслэлээр хариуцагчаас 1,575,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иймд хариуцагч *******ээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс алдангид 1,575,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасныг баримтлан хариуцагч ******* -ээс 3,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 1,575,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******ээс 70,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ