Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/213

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024           3           18                                       2024/ШЦТ/213

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч Г.Намжил /томилолтоор/

шүүгдэгч ***

хохирогч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 03-нд *** аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн инженер мэргэжилтэй гэх, “Улаанбаатар” төмөр замын татах хэсэгт машинч ажилтай, ам бүл 2; эцгийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, **** тоотод оршин суух,

ял шийтгэл: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 617 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

*** дугаарын регистртэй *** овогт ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны орой Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “***” хотхоны 103 дугаар байрны гадна хохирогч ***той үл ялих зүйлээс маргалдаж, түүний нүүрэн тус газарт мөргөх, өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамрын ясны баруун хажуу, хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Намайг үл ялих зүйлээр шалтаглаж хүн зодсон гэж буруутгаж байна. Тухайн үед хохирогчийн дагуулж явсан нохой нь ярдаглаад над руу дайрсан. Нохойг нь эзэнтэй гэж бодоогүй. Энэ хүний хувьд нохой нь гэр бүлийнх нь нэг гишүүн нь байдаг юм байгаа биз. Бусад хүмүүст бол араатан амьтан л гэж ойлгогдоно. Тэр хавьд байсан байрны хүмүүсийг нохойгоороо айлгасан. Би өөрийгөө энэ хүнтэй маргалдаж байсныг санаж байна, харин цохиж зодсон асуудал байхгүй. Би нэг их согтуу байгаагүй, 2 пиво уусан байсан. Энэ хүн ганцаараа ч биш хоёулаа, бас нохойтойгоо байсан. Чимээгүй байж байснаа 370 хэд хоногийн дараа гэнэт чи хүн зодсон байна гэж намайг буруутгаж байгааг гайхаж байна. Би буруутай гэдгээ хэлж мэдэхгүй байна. 2022 оны 5 дугаар сарын үед нэг орой цагдаагаас ярьж байна, Соёлмаа гэж хүнийг таних уу гэж л асуусан. Би төмөр замд ажиллаж ээлжинд гардаг, зав муутай байдаг болохоор прокурорын хэлж байгаа нийтэд тустай ажлыг яаж хийхийг ойлгохгүй байна гэв.

 

Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Энэ залуу арай дэндүү худлаа ярьж байна. Тэр өдөр манай байгууллагын ёлка болох гэж байсан юм. Би явахаасаа өмнө нь нохойгоо салхилуулахаар гэрээсээ авч гарсан. Манай нохой бол тэгтлээ хүн рүү дайрах нь битгий хэл нүд нь юм харахгүй, чих нь дүлийрсэн хөгшин нохой байдаг. Манай гэр бүл “Голден парк” хотхонд анх орсноос хойш тэр хавийн хүмүүс манай нохойг бүгд мэднэ.

Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн явж байснаа манай нохойг шууд өшиглөөд яаж байгаа юм бэ гэтэл намайг энэ залуу мөргөөд, дараа нь унасан байхад өшиглөсөн. Энэ залуу 1993 онд төрсөн, миний том охитой нас чацуу юм байна. Би энэ залуу хүүхдийг яаж дийлэхэв дээ. Харин тэгэхэд манай төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилладаг залуу таарч салгаж болиулсан. Түүнээс биш би өөр хүнтэй нийлж энэ залуу руу дайрсан гэдэг бол худлаа. Энэ залуу зугтаад, хамт явж байсан эмэгтэйг нь аваад цагдаа руу очиход тэр эмэгтэй нь намайг элдвээр хэлж, хэл амаар доромжилсон.

Энэ залуу нилээд согтуу байсан бөгөөд ноцолдох явцад хувцас нь тайлагдаад төмөр замын ажилчдын хувцастай харагдахаар нь би “дүү чи болохгүй хүнээрээ оролдлоо доо, чи төмөр замд ажилладаг хүүхэд байна” гэж хэлтэл тэгвэл бүр алаад хаячихъя гээд байсан.

Тухайн үедээ буюу маргааш нь надаас уучлалт гуйсан бол би энэ залууг уучлаад өнгөрөх байсан. Гэтэл надтай огт уулзаагүй алга болсон. Одоо бодоход харин ч надтай уулзаж, уучлалт гуйгаагүй нь зөв болж. Тэгсэн бол би өнөөдөр хамрын мэс заслын эмчилгээний мөнгө төгрөгөө нэхэмжлэх эрхгүй байх байж.

Миний бие энэ оны 2 сарын 23-аас 28-ны хооронд эмнэлэгт хэвтэж хамрын ясны хагалгаанд ороод гарсан. Одоо маргаашнаас дахиад акт сунгана гэж эмч хэлсэн. Би ирэх жилээс тэтгэвэртээ гарна. Тийм болохоор надад ажиллаж л байвал цалин мөнгө, цаг хугацаа нь хэрэгтэй байна. Нийт 9 сая орчим төгрөгийн зардал гарсан. Өнгөрсөн 5 дахь өдөр шүүхээс шүүгчийн туслах яриад 1 дэх өдөр шүүх хуралтай гэж хэлсэн учир би нотлох баримтаа бүрдүүлж чадаагүй, хууль мэдэхгүй болохоор юуг, яаж бүрдүүлэх аргаа олсонгүй.

Шүүгдэгч Лхагвасүрэн бид хоёр хоёулаа төмөр замд ажилладаг байж шүүхээр ингэж явах нь шившиг юм даа. Ял хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй. Залуу хүн байна, цаашид зөв шударга, худлаа ярихгүй байгаасай гэж Лхагвасүрэнд хэлмээр байна. Надад хохирлын мөнгө төгрөг гэж өгөөгүй гэв.       

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч ***“... 2022 оны 12 дугаар сарын 23-ны орой 18:00 цаг өнгөрөөгөөд би гэрээсээ нохойгоо салхилуулчихаад орох гэж байхад миний хажуугаар эрэгтэй, эмэгтэй 2 хүн зөрөхдөө эрэгтэй нь манай нохойг маш хүчтэй өшиглөсөн. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ гэсэн чинь яасан ч яадаг юм гээд намайг тэр эрэгтэй шууд мөргөж унагаагаад татаж чирээд дээрээс нүүр рүү өшиглөөд байсан. Тэр үед цуг байсан эмэгтэй намайг барьж аваад салгах биш бүр хөдөлгөхгүй барьж өгөөд зориуд зодуулах боломж олгоод байсан. Тэр эрэгтэй нь намайг хоёр байрны хооронд харанхуй газар руу чирч аваачаад алаад хаячихъя гээд намайг дуудаад байсан. Чамайг энд алчихъя гээд байсан. Яг энэ үед надтай хамт ажилладаг дүү Батка ирээд юу болж байгаа юм, яаж байгаа юм гэсэн чинь нөгөө эрэгтэй нь зугтаачихсан” /хх-ийн 33-34/ гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч *** “... тэр хүний дагуулж явж байсан нохой над руу дайрахаар нь би биеэ хамгаалж нохойг нь өшиглөсөн. Тэрнээс болоод эзэн нь над руу дайрахаар нь би биеэ хамгаалах гэж тэр хүнтэй ноцолдсон. Биед нь айхтар халдсанаа санахгүй байна” /хх-н 85-86/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ын биед хамрын ясны баруун хажуу хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн 996 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан нь /хх-н 87-88/ шүүгдэгч ***гийн гэм буруутайг нотолно.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овогт ***г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдөөгүй зэргийг харгалзав.

Тухайлбал, шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийг үйлдэхээсээ өмнө 2018 онд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгэл хүлээж байжээ. /хх-н 59-63/

 

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.

 

Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой:

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 49/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 50/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 617 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 59-63/, иргэний үнэлэхийн лавлагаа /хх-н 66/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 93/ гэсэн баримтууд авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч ***ын хохирол буюу эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг шүүх шинжлэн судалж, нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үнэлсэн хэмжээнд 1.268.850 төгрөгийг шүүгдэгч ***гээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Хохирогч ***ын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гээс 1.268.850 төгрөг гаргуулж *** дүүрэг *** дугаар хороо, “***” хотхон, *** тоотод оршин суух, *** регистрийн дугаартай, хохирогч *** овогт ***т олгосугай.

 

6. Хохирогч ***ын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             О.ЖАНЧИВНЯМБУУ