Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2022/00144

 

 

 

 

 

 

 

 

2022 01 03 101/ШШ2022/00144   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  А.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Б-д холбогдох,

5,434,000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бурмаа, хариуцагч Э.Батзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Дарханбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас 78-88 УНР улсын дугаартай, Тоёота харриер маркийн тээврийн хэрэгслийг түрээсэлсэн 64 хоногийн түрээсийн төлбөрөөс төлсөн 2,000,000 төгрөгийг хасч үлдэх 4,400,000 төгрөг, тээврийн хэрэгсэлд купер худалдан авсан үнэ 650,000 төгрөг, тээврийн хэрэгслийг 2021 оны 05 сарын 17-ны өдрөөс 2021 оны 07 сарын 20-ний өдрийг хүртэл журмын хашаанд 64 хоног саатуулсан хугацааны журмын хашааны төлбөр 384,000 төгрөг, нийт 5,434,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн 78-88 УНР улсын дугаартай, Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Э.Батзулд өдрийн 100,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч түрээслүүлсэн. Э.Батзул машиныг буцаан авчрахдаа хойд куперийг гэмтээсэн ба маргааш нь буюу 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дахин өдрийн 100,000 төгрөгөөр түрээсэлж, мөн гэмтээсэн куперыг сольж өгөхөөр тээврийн хэрэгслийг авч явсан. Гэтэл хариуцагч Э.Батзул нь тээврийн хэрэгслийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон зам тээврийн зөрчил гарган, цагдаад баригдаж, автомашиныг журмын хашаанд саатуулсан байсан. Нэхэмжлэгч, хариуцагчаас тээврийн хэрэгслийг гаргаж өгөхийг шаардсан ч түүний зөрчлийн хэрэг нь шийдэгдэхгүй явсаар миний тээврийн хэрэгсэл журмын хашаанд 64 хоног буюу 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 07 сарын 20-ний өдрийг хүртэл журамлагдсан. Ийнхүү хариуцагч Э.Батзулын өөрийнх нь хууль бус, буруутай үйлдлээс тээврийн хэрэгсэл журамлагдаж, нэхэмжлэгч намайг тээврийн хэрэгслийг түрээсэлж орлого олох боломжгүй болгосон тул хариуцагчтай тохиролцсон нөхцөлийн дагуу өдрийн 100,000 төгрөгөөр тооцон 64 хоногийн түрээсийн төлбөрөөс төлсөн 2,000,000 төгрөгийг хасч үлдэх 4,400,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэгч нь дээр дурдсан 64 хоногийн журмын хашааны төлбөр болох 384,000 төгрөг, тээврийн хэрэгсэлд купер худалдан авсан үнэ болох 650,000 төгрөгийг өөрөөсөө гаргаж төлсөн тул уг мөнгийг нэмж нэхэмжилсэн. Иймд хариуцагч Э.Батзулаас дээр дурдсаны дагуу түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4,400,000 төгрөг, журмын хашааны төлбөр 384,000 төгрөг, купер худалдан авсан үнэ 650,000 төгрөг буюу нийт 5,434,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Э.Батзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Дарханбаатараас 78-88 УНР улсын дугаартай Хариер маркийн автомашиныг нь 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хоногийн 100,000 төгрөгөөр түрээсэлсэн бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хойд куперийг гэмтээсэн байдалтай буцаан өгсөн. Тухайн өдрөө хойд куперийг янзлуулахаар авч явсан бөгөөд ямар нэгэн түрээсийн гэрээ хийгээгүй, аман тохиролцоо ч хийгээгүй. 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зам тээврийн зөрчил гарган 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл журамлагдсан. Тухайн үед Дарханбаатар нь орлого зогссон гээд байсан болохоор бас би өөрийн буруугаас ашиглах боломжгүй болсон болохоор 2,000,000 төгрөг өгсөн. Түүнээс биш түрээсийн гэрээ байгуулсан гэж мөнгө өгөөгүй. Би эрхэлсэн ажилгүй, оюутан бөгөөд Дарханбаатарын нэхэмжилсэн 5,434,000 төгрөгийг төлөх чадваргүй. Харин купер худалдан авсан 650,000 төгрөг, журмын хашааны төлбөр 384,000 төгрөгийг төлж барагдуулна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Дарханбаатар, хариуцагч Э.Батзулд холбогдуулан автомашины түрээсийн төлбөрт 4,400,000 төгрөг, автомашины купер худалдан авсан төлбөрт 650,000 төгрөг, журмын хашааны төлбөрт 384,000 төгрөг, нийт 5,434,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч автомашины куперийн үнэ 650,000 төгрөг, журмын хашааны төлбөр 384,000 төгрөг, нийт 1,034,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, автомашиныг хөлслөөгүй хэмээн 4,400,000 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 78-88 УНР улсын дугаартай Toyota Harrier загварын тээврийн хэрэгслийг 2021 оны 05 дугаар сарын 15-наас 16-ны хугацаанд нэг хоногийн 100,000 төгрөгөөр тооцон харилцан тохирч хөлсөлсөн, хөлсийг төлсөн талаар болон хариуцагч тус тээврийн хэрэгслийг 16-ны өдөр нэхэмжлэгчид буцаан өгсөн талууд маргаагүй. Хариуцагч тус тээврийн хэрэгслийг 16-ны өдөр дахин авч явсан, ийнхүү авч явахдаа гэмтээсэн урд куперийг засуулахаар авч явсан талаар, харин нэхэмжлэгч тайлбартаа хариуцагч автомашины гэмтээсэн урд куперийг засуулах, үргэлжлүүлэн хоногийн 100,000 төгрөгөөр хөлслөхөөр тохирч авч явсан тухай харилцан зөрүүтэй тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

Зохигчийн хувьд уг 78-88 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэг хоногийн хугацаатай хөлслөхөөр 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тохиролцсон нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ талуудын хооронд амаар байгуулагджээ. Харин маргааш нь буюу 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр талууд өмнөх гэрээг үргэлжлүүлэхээр, эсхүл шинэ нөхцөлөөр гэрээг тохиролцсон байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэсэнтэй талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар нийцэхгүй, хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлээ шүүхэд нотлоогүй, мөн талуудын тайлбар, хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгчийн хариуцагчаас 4,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс дээрх тээврийн хэрэгслийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 07 дугаар сарын 20-ны өдрийн 64 хоногийн хугацаагаар, нэг хоногийн 100,000 төгрөгөөр хөлслүүлэхээр зохигч харилцан тохиролцсон, энэ нөхцөлийг хариуцагч зөвшөөрч тээврийн хэрэгслийг авч явсан гэх үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагчаас хөлс 4,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 78-88 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчээс авч явсан, уг тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас цагдаагийн байгууллагаас тус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглож, журамлажээ. Нэхэмжлэгч өөрийн автомашинаа 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагаас хүлээн авч, зогсоолын төлбөрт 384,000 төгрөг төлжээ. Мөн автомашины урд куперийг хариуцагч гэмтээсэн ба шинэ купер худалдан авахад нэхэмжлэгч 650,000 төгрөг зарцуулсныг хариуцагч тус тус төблөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчаас 1,034,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч өөрийн буруутай үйлдлийн улмаас тус тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй болсон тухай шүүх хуралдаанд тайлбарлаж, нэхэмжлэгчид түүний ХААН банкны 5753604578 тоот дансанд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдрийн хугацаанд 1,910,000 төгрөг төлснийг зохигч энэ хугацаагаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцааг хожим нөхөн үүсгэсэн, хариуцагч уг харилцааг хүлээн зөвшөөрч зохих хөлсийг төлсөн гэж үзэхээр байна. Харин дурдсан хугацаанаас бусад хугацаанд талууд автомашин хөлслөх, хөлслүүлэхээр тохиролцсон, хариуцагч хөлс төлөх үрэг хүлээсэн гэх үйл баримт тогтоогдоогүй.

Иймд хариуцагч Э.Батзулаас 1,034,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Дарханбаатарт олгож, нэхэмжлэлээс 4,400,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Батзулаас / 1,034,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Дарханбаатар-т олгож, нэхэмжлэлээс 4,400,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,000 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч Э.Батзулаас 29,366 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Дарханбаатарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ