| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2021/00164/И |
| Дугаар | 150/ШШ2021/00172 |
| Огноо | 2021-12-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 150/ШШ2021/00172
| 2021 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 150/ШШ2021/00172 | Сэлэнгэ аймаг |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 3-р баг, 4-р хэсэг, 121 тоотод оршин суух иргэн Тойлбо овогт *******ын /РД:ТЛ00000000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст /РД:00000000/ холбогдох ээлжийн амралтын олговор 587,333 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн Я.Эрдэнэбат,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Я.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Я.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ядам овогтой Эрдэнэбат миний бие 2006 оны 06 дугаар 25-нд цагдаагийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж албанаас чөлөөлөгдсөн. Иймд амралтын цалин болох 587,333 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Я.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 оны 05 дугаар сарын 25-нд ажил үүргээ гүйцэтгэж байгаад хүүхэд эмнэлгээр явах шаардлага гараад зөвлөлийн хурлаар орж, өөрийн хүсэлтээр халагдах өргөдөл өгсөн. Энэнээс хойш миний асуудал шийдэгдээгүй явсаар 2018 онд ажлаас халсан тушаал авсан. Тушаал аваад Цагдаагийн ерөнхий газраар 2 удаа ороод халагдсан тушаал байна гэдэг асуудлаар албан бичиг ирж байсан. Амралтын мөнгө бодуулаад амралтын мөнгө аваагүй. Миний ганц нэхэмжилж байгаа зүйл нь амралтын мөнгө авах. Өөр надад хэлэх зүйлгүй гэв.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдаваа тайлбартаа:
Сэлэнгэ аймгийн *******ийн мэдээлэл хүлээн авагчаар ажиллаж байгаад 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн албанаас дутагдлаар халагдсан Тойлбо овогт ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө 587,333 төгрөгийг тус цагдаагийн хэлтсээс гаргуулан авахаар нэхэмжилсэн байна. Я.Эрдэнэбат нь Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын ээлийн амралт олгох заавар, хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэх тодорхойгүй, мөн 587,333 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Эрдэнэбат гэж хүний тушаалыг гаргуулж авсан. 1994 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр ажилд томилогдоод 2006 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарсан байна. Нэхэмжлэлийг харахаар тухайн үеийн амралтын мөнгө 80,000 төгрөг бодогдсон байна. Энэ мөнгө ямар шалтгаанаар тухайн үед цагдаагийн байгууллагаас гаргуулж аваагүй одоо гаргуулах болсон шалтгаанаа тайлбарлаж өгөх хэрэгтэй байх гэв.
Шүүх хуралдаанд: Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №89 тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 32-01/19 тоот хяналт шалгалтын тэмдэглэл, дүгнэлт, Я.Эрдэнэбатын 2005 оны 10 дугаар сараас 2006 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны цалингийн түүвэр, улсын тэмдэгтийн хураамж, төлсөн тухай баримт, Сэлэнгэ аймгийн *******ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 42/3-1010 тоот итгэмжлэгдсэн төлөөгч томилох тухай албан бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Эрдэнэбат нь Сэлэнгэ аймгийн *******ээс 2005 -2006 оны ээлжийн амралтын олговор 587,333 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Я.Эрдэнэбатын амралтын олговор нь 87662 төгрөг байсан бөгөөд одоо яагаад 587333 төгрөг болсон нь тодорхойгүй тул шүүхийн шийдвэр гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч Я.Эрдэнэбат 1994 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр цагдаагийн албанд томилогдон туслах жижүүрийн албан тушаалаас 2006 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 59 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.
Нэхэмжлэгч Я.Эрдэнэбатад Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс дээрх ажлаас халагдсан тушаалыг 2018 онд гаргаж өгсөн бөгөөд Я.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд 2021 оны 01-р сарын 26-ны өргөдөл гаргажээ.
Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс Я.Эрдэнэбатыг 2006 онд ажлаас халах үед ээлжийн амралт олгогдсон эсэх талаар шалгалт явуулж шалгалтын тэмдэглэл, дүгнэлт гаргажээ.
Дээрх үйл баримт нь Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №89 тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 32-01/19 тоот хяналт шалгалтын тэмдэглэл, дүгнэлт, Я.Эрдэнэбатын 2005 оны 10 дугаар сараас 2006 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны цалингийн түүвэр зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна./х.х-ийн 5-9-рт/
Дээрх үйл баримтын талаар талууд маргахгүй байгаа болно.
Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 32-01/19 тоот хяналт шалгалтын тэмдэглэл, дүгнэлтээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн тасагт туслах жижүүрээр ажиллаж байсан Я.Эрдэнэбатын 2005-2006 оны ээлжийн амралтын олговор олгоогүй болох нь тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно” гэж,
мөн хуулийн 55.2 дахь хэсэгт “ Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно” гэж,
мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 1-д “ ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ” гэж заасны дагуу Я.Эрдэнэбат нь 2005-2006 оны ээлжийн амралтын олговор нь 87662 төгрөг бөгөөд тухайн үед тогтоосон болон албан тушаалын цалингийн өссөн шатлалаар 2021 оны 7-р сарын 30-ны өдрийн байдлаар нэмэгдүүлэн тооцож 587333 төгрөг гэж тогтоосон Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 32-01/19 тоот хяналт шалгалтын тэмдэглэл, дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иймд Сэлэнгэ аймгийн *******ээс 2005-2006 оны ээлжийн амралтын олговор 587333 төгрөг гаргуулан Я.Эрдэнэбатад олгож шийдвэрлэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Я.Эрдэнэбатын 2005-2006 оны ээлжийн амралтын олговор 87662 төгрөгийг 6.7 дахин өссөн байдлаар нэмэгдүүлэн тооцож 587333 болсныг үндэслэлгүй гэж байгаа боловч энэ талаар нотлох баримт гаргаагүй болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Эрдэнэбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн *******ээс 18270 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Эрдэнэбатад олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн *******ээс ээлжийн амралтын олговорт 587,333 төгрөг гаргуулан иргэн Я.Эрдэнэбатад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Эрдэнэбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн *******ээс 18270 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Эрдэнэбатад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү шийдвэр гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.