Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2025/00042

 

 Ш.А-гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/05259 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2025/00037 дугаар магадлалтай,

 Ш.А-гийн нэхэмжлэлтэй

З.С-д холбогдох

Гэм хорын хохиролд 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ш.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.А, хариуцагч З.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч Ш.А хариуцагч З.С-д холбогдуулан гэм хорын хохиролд 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/05259 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч З.С-д холбогдуулан гэм хорын хохиролд 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2025/00037 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/05259 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 26,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч Ш.А анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт “З.С-ийн орон сууцнаас ус алдсан нь техникийн комиссын тодорхойлолтоор тогтоогдсон.” гэж бичсэн. Нэхэмжлэгч дээд айлаас ус алдсан талаарх зургийг нотлох баримтаар өгсөн байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн тооцоог үндэслэлгүй гэж үзсэн бол ямар баримт өгөх ёстойг тайлбарлан хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулж хэргийг шийдвэрлэх боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэгчээс шинжээчийн дүгнэлт гаргуулсан уу гэж асуусан атлаа нэхэмжлэгч үнэлүүлэх шаардлагагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргаагүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтгүйгээр шийдвэрлэх боломжгүй, хүсэлт гаргавал шинжээч томилох боломжтой талаар тайлбарлаж өгөөгүй.

Нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байсан ч хариуцагч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учруулсан хохирлоо хариуцах үүрэгтэй тул ус алдахаас өмнөх байдалд нь оруулж өгөх үүрэгтэй.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн мэтгэлцэх эрх зөрчигдөөгүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхэд мэтгэлцээн явагдаагүй, 2 удаа үг хэлсэн. Нэхэмжлэгчийн тайлбарын дараа хариуцагч тайлбар гаргадаг учир уг тайлбарыг үндэслэлгүй гэдгийг хэлэх боломж олдоогүй. Асуух асуулт байхгүй ч хэлэх тайлбар байсан гэжээ.

5.Нэхэмжлэгч  Ш.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 72.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.02.13-ны өдрийн 001/ШХТ2025/00180 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

ХЯНАВАЛ:           

6.Нэхэмжлэгч  Ш.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

7.Нэхэмжлэгч Ш.А  нь хариуцагч З.С-д холбогдуулан гэм хорын хохиролд 900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “2024.08.15-ны шөнө дээд айлаас ус алдаж труба даган ус урсаж ванны өрөөний таазны шохой ховхорч 6 м.кв талбайг засварлах шаардлагатай болсон. Ус алдсан талаар дээд айлд мэдэгдэх гэсэн боловч хаалгаа онгойлж өгөөгүй тул ОСНААУГ-т дуудлага өгч засварчнаар ус хаалгаж, ус алдсан трубаг засаж өгсөн. Ванны өрөөний таазны 6 м.кв талбайг засварлах материалын үнийг 100 айл худалдааны төвөөс судлахад 2 уут замаск, тарган цавуу, зүлгүүр, шпатл, ажлын хөлс зэрэгт нийт 250,000 төгрөг зарцуулахаар байна. Мөн 2024.09.05-ны өдөр дахин дээд айлын бохирын шугам бөглөрсний улмаас ус алдаж жижиг өрөөний таазны замаск ховхорч, обой хуурсан. Тухайн айл уг шугамыг гялгар уутаар ороосон байснаас үзэхэд ус алдаж байгааг мэдсэн атлаа засварлаагүйгээс 650,000 төгрөгийн хохирол учирсан. Иймд нийт 900,000 төгрөг гаргуулна.” гэж тайлбарласан;

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... манай орон сууцнаас ус алдсан нь нотлогдоогүй. Нийтийн эзэмшлийн труба байгаа, нийтээр нь солих шаардлагатай болсон. Аль ч айлаас ус алдаад дундын шугамаар гоожих боломжтой. Дундын шугамаас ус алдсан бол СӨХ хариуцах ёстой.” гэж маргасан байна.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...2024.08.20, 2024.09.06-ны өдрийн ХҮТ-12-ын Техникийн комиссын тодорхойлолтоос үзэхэд 0 дүгээр хорооллын 30 дүгээр байрны 0 тоотод оршин суугч З.С-ийн өмчлөлийн орон сууцны хүйтэн усны ф-32-н шугам гэмтсэн, мөн бохирын шугам бөглөрсөн шалтгааны улмаас 47 тоот орон сууц руу ус алдсаныг тодорхойлсон бөгөөд хариуцагч З.С ус алдсан шалтгаан нөхцөлийг тогтоосныг үгүйсгэн баримтаар няцаагаагүй, хариуцагчийн анхаарал, болгоомжгүйн улмаас ус алдсан, нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлын хэмжээг эрх бүхий үнэлгээний байгууллагаар үнэлүүлээгүй, үнэлүүлэх шаардлагагүй, төлбөр авсны дараа орон сууцанд засвар хийнэ гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхэд хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгч замаск, обой, туслах материал, засвар хийлгэх ажлын хөлс зэргийн зургийг нотлох баримтаар хэрэгт өгсөн ба эдгээр баримтаар нэхэмжлэгчийн орон сууцад ус алдаж хохирол учирсан болох нь тогтоогдоогүй, Ш.А нь 47 тоот орон сууцны өмчлөгч болон эзэмшигч гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

9. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад эрх зүйн ижил дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгчийн гомдолд тусгаснаар Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь хэргийн шийдэлд нөлөөлсөн эсэх үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болно.

10.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч З.С-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 дүгээр хороолол, 30 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах орон сууцны хүйтэн усны ф-32 шугам гэмтсэний улмаас 2024.08.15-ны өдөр 47 тоот орон сууцны ванны өрөө руу ус алдсан, түүнчлэн бохирын шугам нь бөглөрсний улмаас 2024.09.05-ны өдөр нэхэмжлэгчийн орон сууцны гал тогооны өрөө руу ус алдаж хана, таазны шохой норж ховхорч хохирол учирсан болох нь ХҮТ-12-ын Техникийн комиссын тодорхойлолтоор тогтоогдсон байна.

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж тус тус заасан.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасны дагуу гэм хорын эрх зүйн хүрээнд хариуцагч гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлох үүрэгтэй.

12.Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “...хариуцагчийн орон сууцнаас 2024.08.15-ны өдөр ус алдсан тул ариун цэврийн өрөөний таазны замаск ховхорч унаснаас 6 м.кв талбайг засварлах шаардлагатай болж, 100 айл явж үнэ судлахад 1 уут нь 12,000 төгрөгийн үнэтэй 2 уут замаск орно, ажлын хөлс 200,000 төгрөг, тарган цавуу, зүлгүүр, шпатл нийлээд доод тал нь 250,000 төгрөг болохоор байна...” гэж тайлбарласан ба нэхэмжлэлдээ  ХҮТ-12-ын Техникийн комиссын тодорхойлолт, ариун цэврийн өрөөний  ус алдсан таазны хэсгийг харуулсан гэрэл зургийг хавсаргаж, мөн  өрөөний таазны замаск, шохой ховхорсон хэсгийн гар зураг үйлдэж, засварлах тооцоолол гаргаж хавсаргажээ.

Мөн  0 тоот орон сууцны бохирын шугам бөглөрсний улмаас 2024.09.05-ны өдөр ус алдсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гал тогооны өрөөний таазны замаск ховхорч, обой хуурсан хэсгийг харуулсан гэрэл зураг, гар зургийг шүүхэд гаргаж, 650,000 төгрөгөөр засварлах тооцоолол гаргаж өгсөн байна.

13.Хариуцагч З.С нь үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг 2024.09.11-ний өдөр гардаж авч, мөн өдөр “манайхаас ус алдсан зүйл байхгүй болно” гэж тайлбар гаргасан боловч 2024.11.15-ны өдрийн шүүх хуралдааныг хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ заасан өөр тайлбар гаргаагүй, нотлох баримт ирүүлээгүй байна. Тодруулбал; ус алдсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг болон гэм хорын хохирлыг 250,000 төгрөгөөр болон 650,000 төгрөгөөр засварлах нэхэмжлэгчийн тооцооллыг үндэслэл бүхий баримтаар няцааж, нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

14.Гэтэл хоёр шатны шүүх хариуцагчийн орон сууцны цэвэр усны болон бохирын шугам гэмтсэний улмаас нэхэмжлэгчийн орон сууц руу 2 удаа ус алдсан тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй гэж зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгч засварын зардлаа тооцоолж тодорхойлсон байхад нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, хохирлын хэмжээг эрх бүхий байгууллагаар үнэлүүлээгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт нийцээгүй байна.  

15.Түүнчлэн, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороолол, 30 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагч З.С, тус байрны 47 тоот орон сууцыг нэхэмжлэгч Ш.А өмчилдөг тухайд талууд маргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэх үндэслэл заасан нь талуудын зарчимд нийцээгүй, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулах үүргээ биелүүлээгүй байна.  

16.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нь өөрийн гэм буруугүй болохыг өөрөө нотлох үүрэгтэй байтал шүүх талуудын нотлох үүргийг буруу хуваарилснаас шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Иймд гэм учрахаас өмнөх байдалд сэргээх засварын зардалд хариуцагч З.С-гээс 900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-д олгож шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзэв.

17.Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдов.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2025/00037 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/05259 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.С-гээс 900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-д олгосугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч З.С-гээс 26,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.А-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ш.А нь 2025.01.27-ны өдөр 26,150 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                                                       ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

                    Н.БАЯРМАА

                    П.ЗОЛЗАЯА 

                    Д.ЦОЛМОН