Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж

улсын яллагч Д.Эрдэнэсоёл,           

нарийн бичгийн дарга А.Батдорж,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******ыг холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                

Монгол  Улсын иргэн, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар*******/,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1-р багийн нутаг Энгэрийн цагаан гэх газар 2016 оны 12 сарын 25-наас 26-нд шилжих шөнө ******* нь иргэн ******* хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                    /сэжигтэнг яллагдагчаар татах тогтоолд бичигдснээр/

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Равдангийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

“Би 2016 оны 12 сарын 24-ны өдрийн 13 цагийн үед бензин аваад хойд лагерын нүүрний гудамжинд *******тай таарсан ба “би хөдөө явлаа чи манайд очиж хоёр хоноод очиж хувцас хунараа угааж аваад ирэхгүй юм уу” гэхэд тэгье гээд *******ыг сундалж аваад сумаас хойш хөдөө шууд гарсан. Замдаа архи согтууруулах ундаа уусан зүйлгүй. Би мотоцикьлоо өөрөө унаад гэртээ нар жаргахаас өмнө харьсан, манайд очоод хоол унд хийж идчихээд би гэрээ цэвэрлэчихээд амарсан. Маргааш өглөө нь Галбадрах *******ыг “хамт явья” гэхэд ******* “тэгье” гээд хамт тэр хоёр сумын төврүү явсан. Би гэртээ үлдэж хоол хийсэн. 14 цагийн үед Галбадрах, ******* хоёр сумын төв ороод ирлээ гээд ирсэн. би хоол хийгээд халуунаараа байсан тэр хоёрт хоол унд хийж өгөөд байж байхад нэг тал шил архи ******* гаргаж ирээд талыг нь хүйтэн байсан болохоор замдаа уусан гэж хэлж байсан. Тэгээд тэр архийг нь бид гурав хувааж уусан. Дараа нь ахиад нэг 0.5 литрын Ерөөл архи Галбадрах гаргаж ирээд тэр архийг нь бас бид гурав хувааж уусан. ******* өөрөө хойморт сууж байсан. *******ыг махнаас идээч гэхэд би одоо явлаа гэхээр нь хаа явах гэж байгаа юм гэхэд сумын төв рүү явлаа гээд байсан. Одоо орой болсон хойно юугаар явах гээд байгаа юм өглөө бол гэхэд хэрүүл нэхээд чамайг гуйхгуй гээд дээлээ өмсчихөөд хоймор суугаад байсан. Тэр үед би ширээн дээр аягандаа цай хөргөж тавьсан байсаныг аваад уухаар ширээрүү дөхөж очоод тонгойтол ******* маш хурдан хугацаанд хэвлийн хэсэг рүү хутгалчих шиг болсон тэгээд би аргаш орон дээрээ суугаад гараараа хэвлий хэсгээ дарж үзэхэд цус гарсан байсан. Тэгээд би *******ыг чи намайг хугалчихлаа гэж хэлэхэд ахин хүрч ирээд зүүн суган доогуур хутгалсан. Би гараараа хаахад миний зүүн гарны шууны хавьд нэг удаа бас зүүн гарны булчингийн хавьд нэг удаа хутгалчихаад шууд гэрээс гараад явсан. Би орилсон. Удалгүй манай гэрт Энхтуяа, Ганболд хоёр ороод ирсэн. Энхтуяа яаваа гэж хэлсэн. Тэр үед би ******* намайг дүрчихлээ гэж хэлсэн. Би өөрөө хүнд хутгалуулчихаад сандарсан айсан байсан Энхтяа *******ы араас гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 29-32, 33/,

Гэрч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

“Би 2016 оны 12 дугаар 25-ны орой манайд хүүхэд Алтаншагай, эхнэр Энхтуяа бид гурав гэртээ цай ууж сууж байхад ёо ёо гэсэн дуу чимээ гарсан. Тэр чимээ нь Равдан ахын гэрийн тэндээс гарахаар нь бид гурав гуравуулаа гэрээсээ гарсан. Бид гурав гэрээс гараад Равдан ахын гэр рүү нь явж байхад ******* хадам ахын гэрээс гараад явж байсан. Тэгэхээр би Энхтуяад Жаргал гуайг дагуулаад ир гэж хэлээд би ахын гэрийн хаалгыг онгойлгон яваад ороход хадам ах орон дээрээ хэвтэж байсан. Тухайн үед миний араас манай хүүхэд цуг орсон юм. Тэгээд манай эхнэр Энхтуяа, *******ыг дагуулж гэрт оруулж ирээд суулгасан. Би болохоор хадам ахын цусыг нь тогтоох гээд явж байсан. Тэгээд манай эхнэр түргэн дуудаад эмч цагдаа нар ирсэн юм. Би сүүлд нь хэн хутгалсан талаар асуухад ******* хутгалсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-49/

Гэрч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

  ...манайд хүүхэд Алтаншагай, нөхөр Ганболд бид гурав гэртээ цай ууж сууж байхад “ёо ёо” гэсэн дуу чимээ гарсан тэр чимээ нь Равдан ахын гэрийн тэндээс гарахаар нь бид гурав гуравуулаа гэрээсээ гараад Равдан ахын гэрлүү нь явж байхад *******, С.Равдан ахын гэрээс гараад ургашаа алхаж байсан. Тэгсэн манай нөхөр Ганболд чи яваад ******* гуайг дагуулаад ир гэж хэлээд нөхөр, хүүхэд хоёр хамт С.Равдан ахынд орсон. Би ******* гуайн араас явж байхад нөхөр Равдан ахынхаас буцаж гарч ирээд Равдан ахыг хутгалчихсан байна гэж надад хэлсэн. Би гэрэл тусгаад ******* гуай дээр очиход баруун гартаа нэг хутга барьчихсан зогсож байсан. Тэгхээр нь би ******* ахаа хутгаа өгчих гэхэд хутгаа өгөхгүй бариад зогсоод байсан. Би ******* гуйан гар руу нь цохисон чинь хутгаа хаясан тэгээд дагуулаад Равдан ахынд орсон. Равдан ахын цусыг тогтоох гээд сандраад гүйгээд байсан бас манай хүү Алтаншагай унаад ухаан алдсан байсан би бас хүүхдээ ухаан оруулах гээд наашаа цаашаа гүйгээд тухайн үед би балмагдаад сандарсан байсан болохоор зарим зүйлээ сайн санахгүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 53-56/

Шүүгдэгч *******ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

  ...Галбадрах бид хоёр 2 шил архиатай сумын төвөөс гарч замд маш хүйтэн байсан болохоор нэг шил архинаас талд нь ортол хоёулаа хувааж уугаад үлдсэн архиа өвөртлөөд цаашаа шууд С.Равдангийнд очсон. Тэднийх цуйван хийчихсэн байсан. Хоол унд идчихээд нөгөө сумын төвөөс авчирсан архинаасаа эхлээд тал шил архиа уусан. Дараа нь нөгөө үлдсэн хоёр шил архиа уусан. Архи ууж байхад С.Равдангийн хажууд нь байдаг төрсөн дүү болох Энхтуяа, Ганболд нар нэг удаа орж ирсэн дараа нь Ганболдын хүүхэд нь орж ирж байсан. Тэр хүүхэд Равдантай хөзөр тоглоод байсан. Би Алтаншагайг орж ирснээс хойш миний ухаан санаа нэг ороод нэг гараад согтож эхэлсэн. Би ямарч байсан сумын төв рүү орж хоноод маргааш нь аймгаар дамжаад хотруу явах ажилтай байсан. Тэгээд согтуудаа сумын төв явна гээд байснаа мэдээд байгаа. Учир нь манай эхнэр Дэнсмаа хотод өвчтэй байгаа юм. Тэгээд Равданг хүргээд өг гээд Равдан яах гээд байгаа юм гээд маргалдаад байсан. Нэг мэдсэн Энхтуяа намайг дуудаад та одоо хаашаа явах гээд байгаа юм бэ хоноод өглөө яв гээд намайг дуудсан би эргээд явж байхад Энхтуяа хутгаа хая гэсэн. Тэр үед би нэг хутга гартаа барьчихсан явж байсан. Тэгээд би хутгаа хаяаад эргээд Равдангийн гэрт нь орсон. Тэгсэн Равдан орон дээрээ ёолоод хэвтэж байсан. Би орж ирсэн тэрнээс хойш би сайн санахгүй байгаа. Ухаан санаа гарч ороод байсан болхоор тэр үеийн юмыг сайн мэдэхгүй байсан. Нэг сэргэсэн чинь эмнэлэг, цагдаа нар ирсэн намайг хүн хутгалсан хутгаа олж ир гэсэн. Тэгээд би сумын цагдаа, С.Равдангийн төрсөн дүү Энхтуяа нартай хамт гарсан. Гадаа гарч хутгаа хаясан газраа гэрэлээ дусгаж хайсан. Энхтуяа энэ хавьд хаях шиг болсон гэж явсан газраараа явж байгаад гэрийн баруун урдхан талаас нөгөө хутгаа олж өгсөн. Би ******* урьд өмнө нь ямар нэг таарамжгүй харьцаа үүсгэж байгаагүй, харин бүр сайхан найзлаж нөхөрлөөд олон жил болж байгаа. Энэ удаагийн асуудал архи хэтрүүлэн хэргэлсэнээс ийм зүйл болсон. Шалтгаан гээд байх зүйл байхгүй. Сумын төврүү явна гэж маргалдаж байсан. Түүнээс л болсон байх. Гэхдээ хэдэн удаа хутгалсанаа сайн санахгүй байна. Би яг хутгалчихья гэж бодоогүй дараа нь тийм болсныг би мэдсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 89-91, 98-99/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 28 тоот: 1.С.Равдангийн биед цээж, зүүн бугалга, шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссан байх боломжтой байна. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60/,

-хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-6/

-хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19-20/

-хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гар зураглал /хх-ийн 21-22/

-эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 23/

-эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 24-27/

-271 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 61-82/

-Бөмбөгөр сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 100-101/

-Тун хурх фарм ХХК-ийн эм, тарианы зарлагын баримт /хх-ийн 102-103/

-*******ы иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 104/,

-*******ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105, 110/ зэргийг шинжлэн судалсан болно.  

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1-р багийн нутаг Энгэрийн цагаан гэх газар 2016 оны 12 сарын 25-наас 26-нд шилжих шөнө ******* хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар түүний цээж, зүүн бугалга, шуунд хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, *******ы сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч ******* нь урьд Зүүнбаян гарнизоны тусгай шүүхийн 1980 оны 07 сарын 05-ны өдрийн 45/28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар, Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 05 сарын 08-ны өдрийн 81 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 80.000 төгрөгөөр торгох ялаар, Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 08 сарын 06-ны өдрийн 159 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялтай байдал арилсан байх тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч *******д холбогдох гэмт хэргийн ангилал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, гэмшиж байгаа байдал, хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн болон ар гэрийн байдал, хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдэснийг хүндэрүүлэх нөхцөл байдалд тооцож баривчлах ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлөөгүй, хохирогч С.Равдан нь 700.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч нотлох баримтгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн Тун хурх фарм ХХК-ийн эмийн сангаас худалдаж авсан эм тарианы талаарх зарлагын баримтыг үндэслэж 187.450 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, бусад нэхэмжлэлийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн бариултай хутга 1 ширхэгийг устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ы өмчлөлийн 5 толгой эр ямааг битүүмжилсэн 2017 оны 01 сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй болохыг дурдаж шийдвэрлэв.      

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг нэг сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэгийг устгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы өмчлөлийн 5 толгой эр ямааг битүүмжилсэн 2017 оны 01 сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 187.450 төгрөг гаргуулж хохирогч олгосугай.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй ба хохирогч С.Равдан нь өөрт учирсан бусад хохиролыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журамаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2017 оны 02 сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх  бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ