| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0137/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/282 |
| Огноо | 2024-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/282
2024 4 09 2024/ШЦТ/282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн
улсын яллагч Г.Энэрэл
шүүгдэгч ***, шүүгдэгч ***, тэдгээрийн өмгөөлөгч Д.Даваа
хохирогч ***, түүний өмгөөлөгч С.Гансугар
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ***ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 23-нд *** аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, *** аймгийн ***сум, 2 дугаар баг, *** гэсэн хаягийн бүртгэлтэй, “Зэвсэгт хүчний *** дүгээр анги”-д харуул ажилтай, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт ***дүүргийн*** дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух,
ял шийтгэл:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 657 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн,
*** дугаарын регистртэй, ***овогт ***
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 16-нд *** аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; эхнэрийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, ** **** *** тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
*** дугаар регистртэй, *** овогт ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч *** нь 2023 оны 8 дугаар сарын 10-ны орой *** дүүргийн 10 дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоотод байх ***ын гэрт хохирогч ***тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг түлхэж унагаах, толгойн тус газарт нь өшиглөх, нүүрэн тус газарт нь алгадах зэрэг үйлдлээр эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйхны шарх, зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал гэмтэл бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,
шүүгдэгч *** нь 2023 оны 8 дугаар сарын 10-ны орой Баянгол дүүргийн 10 дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоот өөрийн гэртээ хохирогч ***тай “... эхнэрт гар хүрлээ” гэсэн шалтгаанаар түүний нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь ооч, баруун дээд 6 дугаар шүдний эмтрэл бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Тухайн үед болсон үйл явдал бүгд тодорхой, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид эмчилгээний зардлын 320.000 төгрөгийг төлсөн гэв.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би эхнэрээ өмөөрч хохирогч ***ыг нэг удаа өшиглөсөн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 320.000 төгрөг төлсөн гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би Баяа ах буюу *** ахын эхнэр *** эгчийг таньдаг, ер нь бид нар бие биеэ таньдаг юм. Тэр өдөр Баагий ахаас юм асуухаар *** эгч рүү залгахад намайг гэртээ хүрээд ир гэж хэлсэн. Гэрт нь очиход эд нар нийлээд пиво уусан, нилээд халамцуу байсан. Пиво нь дуусч байсан болохоор би пиво авч өгье гээд явахаар болоход дэлгүүрийг нь сайн мэдэхгүй, гэтэл *** согтуу мөртлөө машинаа жолоодож явна гэж хөдөлгөөд уулын жалга, эрмэг рүү хойд талын дугуйгаараа орчихсон. Бид нар машиныг нь түрж гаргаад би ***ид чи согтуу байж машин барих гэлээ гэж хэлсэн. Тэгээд бид нар ярилцаад ***ийн машинаар явах болж, би жолоодоод миний хажуу талд *** өөрөө суусан. Дэлгүүр орох болон буцах замд намайг машин жолоодож чадахгүй байна, удаан явлаа гэх мэтээр *** хэрүүл өдөөд жолооны хүрдээс татаж чангаасан. Би түүнтэй муудалцаж байгаад хашаанд нь ирсэн. Ирээд ууж байтал *** хаанаас, яаж авчирсан нь мэдэхгүй, дахиад пиво гаргаад ирсэн. Энэ хооронд бас л муудалцаад *** намайг зодож, мөн *** ах миний эрүү хэсэг рүү өшиглөсөн.
Гомдолтой байна. Би дансаар 640.000 төгрөг энэ хоёроос авсан. Одоо шүдээ янзлуулах, чихний хэнгэрэгээ нөхүүлэх эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. Гэхдээ надад эмчилгээний баримт байхгүй.
Мөн би СЭМҮТ-д үзүүлсэн. Сэтгэл санааны маш их хямралтай байна. Сэтгэцэд учирсан хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч ***“... намайг тэдний гэрт очиход Оттоо эгч, өөр үл таних эхнэр, нөхөр хоёр, нийтдээ 4 согтуу хүн байсан. Нөгөө залуу эхнэрийнхээ хамт нилээд олон пиво аваад орж ирээд бид нартай хамт архи пиво ууж байгаад өөрийн нөхөр болох залууг өөрт нь гар хүрдэг тухай ярихаар нь би тэр залууд эхнэртээ гар хүрч болохгүй гэж хэлсэн. Тэгсэн эхнэр нөхөр хоёр нэлээд маргаж байснаа гэнэт эхнэр нь чи ер нь яагаад бид хоёрын дунд яс хаяад байгаа юм гэж хэлээд байж байхад нөхөр нь намайг сууж байхад толгойн зүүн талд өшиглөөд би газар унасан чинь эхнэр нь миний мөр зүүн хажуу хавирга орчим өшиглөөд байсан. Энэ үед нөхөр нь миний дагз толгой хэсэгт гараараа юм уу, аль эсвэл өөр эд зүйлээр хоёр удаа цохисон. Нөгөө залуу цааш явах шиг болохоор нь би өндийгөөд хартал эргэж хараад эрүү хэсэгт өшиглөж, ахин өшиглөхөөр нь би гараараа хаагаад онож чадаагүй, шууд гараад явсан.
Миний зүүн чамархайд хуйханд шарх гэх гэмтэл нь намайг *** гэх залуу эхлээд ганцаараа зодож байхад нь учирсан. Харин баруун дээд 6 дугаар шүдний эмтрэл гэмтэл эрүүний доод талд мэс заслын оёдол бүхий шарх гэдэг нь Баяа буюу *** намайг эрүүний доод хэсэгт нэг удаа өшиглөхөд учирсан. Харин хэвлий зөөлөн эдийн гэмтэл гэдэг нь *** гэх эрэгтэй намайг цээж хэсэгт өшиглөх үед учирсан гэмтэл ба зүүн доод чихний хэнгэрэг хальсны урагдал гэдэг нь намайг алгадах өшиглөх аль үед нь учирсан талаар сайн мэдэхгүй байна. Маргаан анх бид дахин пиво уухаар явах гэж байхад *** машин барих гээд байхаар нь бариулахгүй гэснээс болж маргаан үүссэн. Би гэрт зодож байхад нь би баганаас нь зуураад тэнцвэр олох гэж байхад багана нь хугарсан байх. Баяа ах /***/ ирээд багана хугалсан байна гээд уурлаад нэлээд юм ярьж байгаад *** нь эхнэртэйгээ хамт дайраад байсан чинь *** ах намайг эхнэртэй нь юм яриад сууж байхад гэнэт хөлөөрөө миний эрүүний доод хэсэгт нэг удаа өшиглөсөн” /хх-ийн 20-21, 28-29/ гэж,
гэрч ***“... нэг сэрсэн чинь манай нөхөр Баяа /***/ ***, *** болон ***ийн эхнэр болох Мөнхзул нар ирсэн бололтой хамт уугаад байж байсан. Энэ үед манай нөхөр *** гадаа байшинд хоол хийж байсан тул түүнийгээ хараад амсаад ирнэ гээд гарсан. *** уурлаад ууж байсан пивоо газар шидэж цацаад шууд ***ийг алгадаад авсан бөгөөд энэ үед ***ийн эхнэр боль гээд дундуур нь орохоор нь би хаалга руу хараад эргээд хартал *** болон Мөнхзул хоёр нэгнээ үсдэлцээд зогсож байсан. Энэ үед *** дундуур нь ороод ***ын цээж хэсэгт нь хоёр гараараа түлхсэн чинь *** хойш саваад газар унасан. *** босч ирээд яаж байгаа юм бэ гээд хэлсэн чинь *** шууд хоёр удаа ***ыг алгадсан. Энэ үед *** яаж байгаа юм гээд *** руу дайрах гэтэл ***ийн эхнэр Мөнхзул цамцнаас нь зуурч аваад зүүн тал руу нь татаад унагаасан. Би болиоч ээ гээд хашхирсан чинь хэн хэн нь миний үгийг тоохгүй хоорондоо ноцолдоод нэгнээ унагаагаад байсан бөгөөд ***ыг унагаагаад өөрсдөө тавихгүй байхаар нь татагдаад унаад байсан. Мөнхзул хойшоо байшин руу гүйсэн бөгөөд гэрт ***, *** нар үлдсэн. Хэрүүл хийгээд зодолдож ноцолдохоо больсон. Гэтэл *** гэнэт над руу уурлаад хажууд нь байсан нэг аяга аваад над руу шидсэн бөгөөд энэ үед Мөнхзул болон манай нөхөр *** нар үүдэнд хараад зогсож байсан. Энэ үед *** дахин намайг гараараа баруун шанаа орчим алгадсан. Энэ үед миний нүүр маш их хорсохоор нь яая гээд хашхирсан чинь манай нөхөр *** ирээд хөлөөрөө ***ын эрүүний зүүн тал руу маягтай жийх шиг болсон. *** арай гайгүй тайвширч байгаа бололтой чимээгүй болоод намайг гаръя гээд хамтдаа гарч ирсэн. Манай нөхөр хөлөөрөө жийсэн. Тэр зүйлээс болж ***ын зүүн доод уруул гадна талдаа бага зэрэг язарсан харагдаж байсан” /хх-ийн 8/ гэж,
гэрч *** “... Лхагваа гэх эмэгтэй гэнэт юу болж байгаа нь ойлгомжгүй шууд ууж байсан пивоо манай нөхөр болох ***ийн нүүр рүү цацаад ухас гээд босоод орилж дайраад алгадаад байсан. Манай нөхөр тухайн үед нүүрээ гараараа шувтраад яаж байгаа юм бэ гээд хэлсэн чинь орилоод дайраад байсан бөгөөд нөхөр маань гараараа цээж хэсэгт нь түлхсэн. Энэ үед багана бариад хойш саваад суусан. Бараг хугараад санжганаад тогтсон чинь шууд эргэж хараад намайг үсдээд хахираад байсан. Би гараас нь зуураад авсан чинь манай нөхөр бид хоёрыг салгах гээд тавь гэсэн чинь тавихгүй байхаар нь Лхагвааг хоёр удаа гараараа алгадсан чинь Лхагваа намайг тавьсан. Лхагваа нэг хүн рүү утсаар яриад дуудаад байгаа бололтой байсан. Би *** ахтай хамт гэрээс гарсан. Энэ үед хоол идэж байсан Лхагваа аягаа Отгончимэг эгч рүү шидээд гараараа алгадаад авсан чинь гаднаас *** ах энэ одоо давраад гээд гэрт ороод хөлөөрөө Лхагваа гэх эмэгтэйг нэг удаа нүүр хэсэгт нь тийрсэн бөгөөд энэ үед нөгөөх нь хойш саваад эргээд нүүрээ дараад өндийсөн. Би тухайн үед Лхагваа гэх эмэгтэйг харсан чинь эрүүнийх нь доод хэсгээс цус гарсан байгаа харагдсан” /хх-ийн 14/ гэж тус тус мэдүүлжээ.
Түүнчлэн хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ын биед ооч, зүүн чамархайн урагдал, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл олдлоо. Дээрх гамтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээрсэх бололтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид еренхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн 10219 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан нь /хх-ийн 33-35/ шүүгдэгч ***, *** нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолно.
Гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарахад тухайн газарт байсан иргэн Г.Мөнхзулыг 100.000 төгрөгөөр торгосон эрх бүхий албан тушаалтны “Шийтгэлийн хуудас” хавтаст хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй. /хх-ийн 138/
Шүүх хэргийн үйл баримтыг дүгнэвэл 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч ***, шүүгдэгч *** нар өөрсдийн гэр бүлийн хамтаар хашаандаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа ***ын гэрт зорьж очсон ***тай нийлж архидаж, хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, ***ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.
Хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан уг үйлдэл нь хэдийгээр нэг цаг хугацаанд өрнөж байх боловч үйлдлийн аргын хувьд бүлэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч ***, *** нарыг санаатайгаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч ***овогт ***, *** овогт ***ын *** нарыг тус бүрийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.100.000 төгрөгөөр торгох тухай, шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх тухай санал гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд эдгээрт дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс ямар ял сонгож, ялын хэмжээг тогтоох нь шүүхийн эрх хэмжээ юм.
Нөгөөтэйгүүр шүүх ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзав.
Тухайлбал, шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийг үйлдэхээсээ өмнө 2021 онд шүүхээс 2 удаа ял шийтгэл хүлээж байжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгч ***ийн хувийн байдлыг илэрхийлнэ.
Шүүгдэгч *** эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа нь түүнд “торгох” ял оногдуулахад зохимжгүй, “зорчих эрхийг хязгаарлах” ялын хувьд түүний аж амьдралаа зохицуулахад нь хязгаарлагдмал байдлыг бий болгоно гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 94/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 97-109/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 130/, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хх-н 132/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 133/ гэсэн баримтууд,
Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 110/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 113/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 114/, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хх-н 115/ гэсэн баримтууд тус тус хавтаст хэрэгт авагджээ.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч *** эмчилгээний зардалд 640.050 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нар дээрх мөнгийг хувь тэнцүүлэн төлж барагдуулжээ.
Хохирогч *** “... шүдээ янзлуулах, чихний хэнгэрэгээ нөхүүлэх эмчилгээний зардлыг, ... сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх” тухай хүсэлт гаргаж байх боловч нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг нь шийдвэрлэх боломжгүй байна.
Харин түүний нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үйлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч ***, *** нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***овогт ***ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
*** овогт ***ын ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч ***ыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ***, шүүгдэгч *** нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч ***, шүүгдэгч *** нар хохирогч ***т нийт 640.000 төгрөг төлсөн болохыг дурдаж,
хохирогч ***ын “... эмчилгээ, ... сэтгэцэд учирсан хохирлоо” нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***, шүүгдэгч *** нарт авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ