Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 150/2021/00021/И |
Дугаар | 150/шш2022/00021 |
Огноо | 2022-01-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 150/шш2022/00021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Гавшгай 18-р байр, 8 тоотод оршин суух, Хоньчин овогт ******* /АЗ-00000000/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Гавшгай 18-р байр, 41 тоотод оршин суух, Боржигон овогт ******* /НО000000/-д холбогдох
Автомашины гражийг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, автомашины гражид оруулсан засан сайжруулалтын зардал 1,815,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч П.Буманзаяа, хариуцагч *******, түүний өмгөөлөгч С.Бямбацэрэн, нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ******* миний бие 2010 оны 03 сарын 25-ны өдөр иргэний газар эзэмших эрхийн 000001116 дугаартай гэрчилгээг авто машины граж барих зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар авсан юм. Манай нөхөр маань *******т гражаа түр хэрэглүүлэхээр өгсөн ба нөхөр маань 2017 онд гэнэт нас барсан ба одоо болохоор ******* нь танай нөхөр надад 1,500,000 төгрөгөөр зарсан гээд одоог хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Эхнэр нь хүртэл намайг хэл амаар доромжлоод би цагдаад хүртэл хандсан. Иймд *******аас миний машины гражийг албадан чөлөөлж өгнө үү. ******* тэр мөнгийг оруулж өгөхөд би байгаагүй. Би наймаа хийсэн үгүйг ч мэдэхгүй байна. Би 206, 207 тоот хоёр гражийн өмчлөгч нь бөгөөд хариуцагч 207 тоот гражийг эзэмшиж байгаа тул уг гражийг чөлөөлүүлж өгнө үү...” гэв.
Хариуцагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би уг гражийн дутуу баригдсан торхыг 2011 онд М.Бат-Очироос 1,000,000 төгрөгөөр худалдан авч мөнгийг нь бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед талийгаач М.Бат-Очир нь Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ЗДТГ-ын арын үерийн далангийн ард граж барихаар 3 талын ханыг нь блокоор өрөөд орхисон байсан. Үүнийгээ дээвэр хаалгыг нь хийж гүйцээж зарахаар харилцан тохиролцож Хөтөлийн Цемент шохой ХК-д ажиллаж байсан Д.Даваахүү захирлаас 2008-2009 оны үед 1,000,000 төгрөг авчхаад гүйцээж өгөөгүй байсан юм байна лээ. М.Бат-Очир нь надад энэ талаараа хэлж Даваахүү захирал ЦТП-ын хажууд Валяхүүгийн Сансар-Эрдэнээс дулаан граж худалдаж авсан, би наад дутуу баригдсан гражийг чинь авахаа больсон, чи жил гаруй гүйцээж барьж өгнө гэж худлаа хэлж явлаа. Мөнгөө өг гэж нэхээд байна та аваад гүйцээгээд бариад авчхаач гэхээр нь би түүнээс уг дутуу баригдсан гражийг нь 1,000,000 төгрөгөөр худалдан авч мөнгийг нь эхнэрийнхээ хамт гэрт оруулж өгсөн. Би 2011 оны 11 дүгээр сард банкнаас 2,000,000 төгрөгийн зээл авсан байсан бөгөөд намайг гэрт нь орох үед Бат-Очирын эхнэр Лхагвабаяр нь гэртээ хамт байсан. Би тухайн үед банкнаас зээл авсан бөгөөд Ж.Түмэн-Ододоос 150 ширхэг блок, дээврийн материалын төмрийг автын засварчин Алтансүхээс, банзыг биеийн тамирын арга зүйч Д.Ганбаатараас худалдан авч, хаалганы төмрийг Дархан-Уул аймгаас худалдан авч уг гражийг гүйцээн барьж ашиглаж байна. Уг гражийг би өөрөө дундуур нь тусгаарлан хана өрж гүйцээн барьсныг материал худалдсан дээрх иргэд, хамт барилцсан Т.Анхбаяр болон тэнд байрлалтай гражийн эзэд цөм мэдэж байгаа. 2013 онд Хөтөлд төр, захиргааны байгууллагуудын нээлттэй хаалганы өдөр болоход би граждаа гэрчилгээ авахаар өөрийн нэр дээр материалаа бүрдүүлж өгч бүртгүүлсэн боловч гэрчилгээ гаргаж өгөөгүй тул үүнээс хойш удаа дараа ЗДТГ-ын газрын албанд хандаж байсан болно. Гэтэл Бат-Очирын эхнэр өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж авчхаад 2019 онд надаас 500,000 төгрөг нэхээд улмаар газрын гэрчилгээний маргаан үүсгэж Цагдаагийн байгууллагад хандаж байсан боловч Цагдаагийн байгууллага уг асуудлыг авч хэлэлцээгүй юм. Би тухайн үед нь сумын Засаг дарга О.Буянаа, газрын даамал Гантөгс нарт хандаж гомдол гаргаж байсан. Миний хувьд М.Бат-Очир болон эхнэрт нь ямар ч өргүй. Харин Лхагвабаяр нь газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч миний бие хариуцагч *******ын нөхөр болох талийгаач М.Бат-Очироос дутуу баригдсан гражийн торхыг 1,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд гражийг гүйцээн барихын тулд 150 ширхэг блок, дээврийн төмөр, банз, хаалганы төмөр зэрэг нийт 815,000 төгрөгөөр эд зүйл худалдаж авч байсан юм. 2011 оноос тухай гражийг эзэмшиж ашиглаж өдийг хүртэл засаж сайжруулж байна. Миний зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулахаар 2013 оноос хойш хөөцөлдөж байсан боловч 2019 онд хариуцагч *******т газрын гэрчилгээг Сайхан сумын Засаг дарга гаргаж өгсөн байсныг сүүлд мэдсэн. Ингэснээр миний гомдол гаргах эрхийн хугацаа маань алдагдаж, хуульд заасан эрхээ хэрэгжүүлж чадаагүй болно. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сайхан сумын Улсын бүртгэлийн хэлтсээс миний эзэмшиж ашиглаж буй гражид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2021 оны 05 сарын 14-ний өдөр гаргуулан авсан байна. Миний зүгээс хэрэг давж заалдах шатны шүүхэд байхад хуульд зааснаар хөрөнгө хамгаалуулах хүсэлт гаргах боломжгүй байсан цаг үе билээ. Л.Лхагвабаярын зүгээс тухайн граж нь өөрийнх нь өмчлөлийн зүйл учир граж албадан чөлөөлөх шаардлагыг гаргаж байна. Ийм учраас тухайн гражийг барьсан зардал болох дээврийн материал шопол 80,000 төгрөг, дээврийн банз 70,000 төгрөг, дээврийн төмөр 150,000 төгрөг, дундуураа тасалгаатай блок 135,000 төгрөг, хаалганы материал 380,000 төгрөг, нийт 815,000 төгрөг, гражийн торх болон газар худалдан авсан үнэ 1,000,000 төгрөг, нийт 1,815,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэв.
Нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаарх шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие нь *******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Батбаяр нь манай нөхөрт 1,000,000 төгрөгийг гражны төлбөрт өгснийг мэдэхгүй. Мөн банз дээврийн төмөр бүгдийг би наймаа хийснийг мэдээгүй. Мөнгөний авлагатай л гэж ярьдаг. Улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ ******* миний нэр дээр байдаг...” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* нь автомашины гражийг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч ******* тухайн гражид оруулсан засан сайжруулалтын зардал 1,815,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь манай нөхөр 2011 онд 2 автомашины гарж барихаар газар авч 3 талын ханыг нь босгоод орхичихсон байсан. Тэр үед манай нөхрөөс ******* нь гражаа зараач, ашиглуулаач гэж гуйсан гэж байсан. 2008 онд манай нөхөр нас барсан. Түүний дараа гражийн газар болон гражаа өөрийн нэр дээр авсан тул гражийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэж,
Хариуцагч ******* нь тус гражийг зөвхөн 2 талын хана босгосон байхад нь нэхэмжлэгчийн нөхөр М.Бат-Очироос 1,000,000 төгрөгөөр 2011 онд худалдан авч, тусгаарлах хана, хаалга, дээвэр гэх мэт зүйлийг хийж, нийт 1,815,000 төгрөгийн засан сайжруулалтыг хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргана.
Шүүх нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзлээ.
Маргааны зүйл болох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Төв гудамж, Засаг даргын тамгын газрын ард байрлалтай 206, 207 тоот, 45м2 талбайтай авто машины гражийн өмчлөгчөөр *******ыг бүртгэж, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000808970 дугаартай гэрчилгээ олгогдсон байна. /хх-101/
Мөн нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Төв гудамж, Засаг даргын тамгын газрын ард байрлалтай, 45м2 газрыг автомашины гражийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа болох нь газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн 000001116 дугаартай гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хх-24/
Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагч ******* болон нэхэмжлэгч *******ын нөхөр М.Бат-Очир нарын хооронд хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй, хэлцэл байгуулах үед тухайн гражийн эзэмшил, өмчлөл улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан, хариуцагч ******* гражийг 2011 оноос хойш бодитой эзэмшиж байгаа үйл баримт тогтоогджээ.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 11-д Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно гэж хуульчилсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр нэр бүхий хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан боловч хуулийн дээрх заалтаар тухайн хэлцлийг байгуулсан гэдгийг гэрчийн мэдүүлгээр нотлох боломжгүй юм.
Иймд хариуцагч ******* өөрийн эзэмшиж буй гражийн хууль ёсны эзэмшигч гэдгээ нотолж чадаагүй тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс уг гражийг чөлөөлж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан.
Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж шүүх үзлээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т холбогдуулан гражид оруулсан засан сайжруулалтын зардал 1,815,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч талаас 1,815,000 төгрөгийн зардал гаргасан нь нотлох баримтаар тогтоогдохгүй гэж маргана.
Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй. Харин хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал энэ журам үл хамаарна гэж заасан.
Хариуцагч ******* нь хуулийн дээрх заалтаар шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба хариуцагч нь 1,815,000 төгрөгийн зардалтай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр нэр бүхий хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан боловч гэрч нар нь хэдэн төгрөгөөр барилгын материал худалдан авсан зэргийг тодорхой мэдүүлээгүй тул хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй гэж үзэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэв.
Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,990 төгрөгийг тус орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээх зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Сэлэнгэ аймаг, Сайхан сум Гавшгай 2-р баг төв гудамж, Засаг даргын Тамгын газрын ард байрлах 207 тоот хаягт байрлалтай автомашины гражийг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д зааснаар 1,815,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн урьдчилсан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжийн урьдчилсан төлсөн 43,990 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор зохигч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА