| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0126/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/188 |
| Огноо | 2024-08-12 |
| Зүйл хэсэг | 10.2.1., |
| Улсын яллагч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж, шүүгч Д.Адъяасүрэн, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч А.Солонго,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Норжинлхам,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг,
Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Бд холбогдох эрүүгийн 2319000000237 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, У.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “...” гэх газарт байрлах өөрийн эзэмшлийн монгол гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Г.Дийн толгой, хүзүү хэсэгт нь төмрөөр цохиж, хоолойг боон, амьсгалыг бүтээж механик амьсгал бүтэлт бий болгон амьсгал зүрх судасны дутагдалд оруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би энэ айлын хамгийн том охин. Аавынхаа талаар ярихад хурц, ширүүн авиртай хүн байсан. Миний мэдэхийн ухаан орсон цагаас характер муутай хүн байсан. Ээжид минь маш их хатуурхаж, олон жил хүчирхийлж, үгийн муухайгаар хэлдэг байсан. Би аавыгаа сэтгэцдээ асуудалтай хүн гэж боддог байсан. Ээж минь олон хүүхэд өсгөхийн хажуугаар хурц ширүүн ааштай хүнтэй хамт олон жил зовж амьдарсан. Хэцүү араншинтай хүнтэй амьдрах гэж зовдог байсан. Тэр айлын амьдралыг авч явдаг хүн ээж минь байсан. Аав маань хажууд нь хүн амьдрахын аргагүй хэцүү хүн байсан....” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч У.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би өчигдөр 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цагийн үед Г.Дийн гэрт эхнэр Лийн хамт очиход, Г.Дийн гэрт Г.Д нь эхнэр Бийн хамт хоёулаа байсан. Г.Д нь гэрийнхээ зүүн хойд талд хөлөө жийн газарт сууж байсан. Г.Дтэй би 2-3 удаа мэндлэхэд надад хариу өгөхгүй байхад, эхнэр нь чамайг сонсохгүй гэж хэлсэн. Эхнэр Г.Дт ууттай ааруул, хуурай идэх юм өгөхөд эхнэрт ааруулын уутны уясан байсныг тайлан ааруулнаас эхнэрт өгсөн, надад өгөөгүй. У.Б цай чанаагүй байна гэж хэлэн айраг аягалж өгч байсан. У.Б нь Г.Дийн бие муу байгаа, оройдоо унтахгүй, өдөртөө унтаж, ийш тийш яваад байна гэж байсан. Эхнэр бид хоёр нээх удахгүй явсан... Г.Дийг би сэтгэцийн өвчтэй гэж байх гэж боддог. Хааяа намайг танихгүй нэг бол учиргүй надтай юм ярьдаг...” гэх мэдүүлэг /хх 21-рт/,
Гэрч Д.Хын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... Би 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цагийн орчимд эхнэр Б, хүүхэд Г нарын хамт өөрийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар баг ... гэх газарт байх гэрээсээ ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 3 километр зайд байх аав Г.Дийн гэрт... очиход аав Г.Д, ээж У.Б хоёр гэртээ байсан. Аав гэрийнхээ баруун хойд талд унтаж байсан... Аав Г.Д нь 2 удаа цус харваж байсан. Сэтгэцийн өөрчлөлттэй гэж Дорноговь аймгийн эмч нар тодорхойлсон гэж байсан... 2.5 литрийн саванд айраг аваачиж өгсөн. Ээж над руу залган " за миний хүү аав чинь сонин болчихлоо... гэж хэлэхээр нь би...ээж надад хэлэхдээ аав нь унахдаа гэрийнхээ зуухыг толгой хэсгээрээ мөргөн доош унахаар нь аавыг нь өргөн өвөр дээрээ байлгаж байтал өнгөрчихлөө гэж байсан.. ээж маань даралт нь ихэсдэг, хаяа унаж татдаг…” гэх мэдүүлэг /хх 23-рт/,
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02/086 дугаартай “... Амь хохирогч Г.Дийн цогцост хийсэн шинжилгээгээр духны шарх, зүүн чихний ар хэсгийн шарх, дагзны шарх, духны зулгаралт, зүүн мөрний зулгаралт, зүүн шанааны цус хуралт, зүүн чихний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь үхэлд нөлөөлөөгүй байна. Амь хохирогч Г.Д нь механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна... цусанд 1.0 промил спиртын агууламж илэрсэн. Хөнгөн согтолт…” гэсэн дүгнэлт /хх 44-45-рт/,
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/080 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн биеийн тамирын өмдөнд эдэлгээний явцад үүссэн хуучин уранхай, татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан хуучин ханзралдуут байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 58-60-рт/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4262 дугаартай “... шинжилгээнд ирүүлсэн шуудай, бээлий, салфетка дээрээс цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус мөн. ДНХ-ийн тогтцыг тогтоов. Шинжилгээний үр дүнгээр шуудай, бээлий, салфетканаас илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Г.Дийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна..” гэсэн дүгнэлт /хх 69-70-рт/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “...У.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. У.Б нь болж байгаа үйл явдлыг зөв ойлгон мэдэж, тусган авч ухамсарлах чадвартай байна. У.Б нь болсон явдлыг сэргээн санах, дүрслэх чадвартай байна. У.Б нь үйлдэгдсэн гэмт хэргийн талаархи үйл явдлыг санаж байна. У У.Б нь асуусан асуултыг зөв ойлгон, ухамсарлаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэсэн дүгнэлт /хх 247-250-рт/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 02-08-рт/,
Дуудлагын баримт-дуудлага өгсөн утас-..., д/ч Б.Д, Даланжаргалан сумаас 45 км зайд унаж татах өвчтэй Г овогтой Г.Д нь гэртээ зуухан дээрээ унаж нас барсан гэх /хх-1-рт/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол ногоон иштэй заазуур, дээд гурил гэсэн уут, хар өнгийн гялгар уут-1ш цагаан өнгийн бээлий 1 хос, сарал өнгийн антены төмөр 1 ш, /хх-10-рт/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мны мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...хүүхдүүд болон ээж Бийг элдэв үгээр хэлж хараадаг байсан. Уурлах шалтгаан нөхцөл болоогүй байхад аав уурладаг байсан. Аав өөрийнхөө хажууд байгаа хүнээ шууд цохидог байсан /биеийн хаа ч хамаагүй цохидог ээжийг бол байнга харааж зүхэн байнга шахуу зоддог байсан, ээж аавын өөдөөс юм хэлдэгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 18-19-рт/,
Гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... сэтгэцэд нөлөөт эмийн дуусхаас өмнө ДГА-н сэтгэцийн эмчид үзүүлж хяналтанд оруулахыг зөвлөсөн...” гэх мэдүүлэг /хх-27-рт/,
Гэрч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Г.Д ахын хувьд ууртай хурц ааштай хүн байсан.... Харин гэрт нь хаяа ирэх үед Бийн 2 нүд хөхөрсөн, шанаа хэсэг халцарсан, нүүрэн хэсгийг маажсан байдаг байсан....хөрш айлууд нь Дийн ухаан муудсан байна эхнэр Бгаа байн байн зодоод байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-30-рт/,
Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “....хадам ээж эмнэлэг цагдаад цагдаад дуудлага өгсөн байсан....хадам аав Дийн хувьд их хурц ширүүн зан араншинтай хүн байсан. Хадам ээж хүмүүстэй сайхан харьцдаг сайхан сэтгэлтэй хүн байгаа юм. 2021 оны намар хадам ээж Бийн нуруу руу уньний модоор цохисон... хүмүүс ярьдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-33-рт/,
Гэрч Ө.Аын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... Г.Д нь эхнэр Бийг залуу байх үеэс нь эхлэн байнга зоддог байсан. Эхнэр Бийн нүүр хэсэг нь хөхөрч толгой өвдөөд байна гэж надаар эмчилгээ, үйлчилгээ авч байсан. Нөхөр нь зодоод байна гээд У.Б нь замын машинд дайгдан ирж байсан... Даланжаргалан сумын баяр ямар нэгэн баяр ёслол, хурал цуглаан болоход Г.Д нь эхнэр Бг зодон, үсдэн авч гардаг байсан. Сумын хүмүүс өмөөрдөг байсан...” гэх мэдүүлэг /хх-36-рт/,
Гэрч А.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “..Г.Дийн хувьд гэвэл их ширүүн, энгийн хүнийг бодвол яриа өөр ... сэтгэцийн өвчтэй хүн шиг сонин байсан. Юм ярихаар сонсохгүй байгаа хэрнээ сонсоогүй юм уу гэхээр сонсдог хүн байсан. Бийн зан байдлын хувьд гэвэл их зөөлөн ааштай хүн байгаа юм. / уриалгахан нийтэч хүн/ Намайг Дийн гэрээр ороход Г.Д нь эхнэр Бийг "хуурайшсан хүүхэн,..хөгшин хүүхэн” гэх мэт сонин үгээр харааж зүхэж байхад У.Б эгч эмзэглэсэн зүйл байхгүй энэ дандаа ингэж байдаг юм гээд л байж байдаг байсан...” гэх мэдүүлэг /xx-41-рт/,
Гэрч Х.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “..Г.Дийн зан байдлын талаар бол ер нь эрүүл солиотой нь мэдэгдэхгүй тийм араншинтай хүнтэй мэндэлж чаддаггүй сонин хүн байсан. Бийн зан байдлын талаар бол хүнтэй нийтэж хүнд тусархуу уулганч зантай хүн байгаа юм./ аягүй өглөгч зантай/...”, “....Г.Д нь муу янхнууд гэх мэт үгийг голдуу хэлдэг байсан. У.Б эгчийн нүүр хөхөрсөн байх үед нь 2-3 удаа таарч байсан. Яагаад хөхөрсөн талаар асуухад нөгөөх ийм болгосон гээд нөхөртөө зодуулсан талаараа нуудаг байсан. Г.Дт зодуулсан талаар хүнд хэлж болохгүй хүнд муу юм ярьдаггүй...”, “...У.Б эгчийг насаараа зовж байгаа талаар Даланжаргалан сумын 3 дугаар багийн иргэд ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-38-39-рт/,
Хувийн байдлын талаархи баримтууд: Ял шалгах хуудас/хх-110-рт, Багийн эмчийн тодорхойлолт /хх-118-рт/, Дуудлагын эмчийн үзлэг /хх-120-рт/, Засаг даргын тодорхойлолт /хx-121-рт/, Асран хамгаалагчийн гэрээ /хx-122-124-рт/, ШДүгнэлт 2023.11.21 №02/522 У.Б, Сумын иргэд болон хадам ах дүүсийн гараар бичиж өгсөн тодорхойлолтууд, Г.Н /хх-145-рт/, О /хх/-146-рт/, Г.Н /хx/-147-рт/, Б /хx/-148-рт/, М.Н /xx/-151-рт/, У.М /хx-152-рт/ , А.Д /хх-153-рт/, Д.Б /хx/-154-рт/, Ц /хх/-155-рт/, У /хх/-149-рт/, Н /хх/-150-рт/, Т /хх/-156-рт/, Г.Н /хх-157-рт/, Ц.Б /хx/-158-рт/, А.П /хх-159-рт/, А.Ү /хх-160-рт/, А.Б /хх-161-рт/, Д.М /хх-162-рт/, Д.О /хх-163-рт/, И овогт Г.Дийн М 2024.02.18-ны өдөр нас барсаны гэрчилгээний хуулбар зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Бт холбогдуулан эрүүгийн 2319000000237 дугаартай хэрэгт 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “...” гэх газарт байрлах өөрийн эзэмшлийн монгол гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Г.Дийг толгой, хүзүү хэсэгт нь төмрөөр цохиж, хоолойг боон, амьсгал бүтээж механик амьсгал бүтэлт бий болгон амьсгал зүрх судасны дутагдалд оруулж алсан гэмт хэрэгт үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтын дагуу хянан шийдвэрлэлээ.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч У.Бд холбогдох хэргийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар, дүгнэлт, хэргийн оролцогч, бусад оролцогчийн мэдүүлгийг үндэслэн хэргийн үйл баримтыг дараах байдлаар тогтоолоо. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Прокурор нотлох баримт л гээд яриад байна. Эцсийн эцэст миний ээж хөөрхий олон жил үр хүүхдээ авч яваад, тэр хэцүү сэтгэцийн өвчтэй хүнтэй эвсэж амьдрах гээд олон жил зовсон. Ээжид минь эцгийг минь алъя гэсэн бодол байхгүй. Би үнэхээр итгэхгүй байна. Үнэхээр өс хонзонтой, амийг нь хорооё гэсэн бол ээжид өчнөөн хүнд, хэцүү нөхцөлүүд тохиолдож байсан. Ээж минь тэр бүгдэд хатан ухаанаараа давж гарч байсан. Манай аав 2 удаагийн харвалт өгснөөс хойш өөрийгөө авч явах чадвар муудсан. Хөл дээрээ ч тогтоод алхаж чадахгүй, ийш тийшээ савж унана, юм хум мөргөдөг. Харваагүй байхдаа ч гэсэн уурлаад юм хум мөргөөд, өөрийгөө бэртээгээд явдаг байсан. Насаараа зовсон ээжийн минь хэргийг үнэн зөв шийдээд, хэрэгсэхгүй болгоод өгөөсэй гэж хүсэж байна. Хохирогчийн зүгээс ямар ч гомдол байхгүй. Бидэнд ганц энэ ээж минь л байна. Хэдэн жил ч хүүхдийнхээ нүдэнд харагдаж амьдрах байгаа юм. Ээж минь 70 хүрэх гэж байгаа хөгшин хүн. Та хүн л юм бол бодоод үз. Хуулийнхаа заалтаар мөрдөж шалгалгүй л яах вэ. Бид нар хууль үнэхээр сайн мэдэхгүй байна. Та нар мэдэж байгаа. Энэ хүн ар араас нь дагуулаад төрсөн үрээ алдчихсан. Ёстой дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу, ээжид минь үнэн хэцүү байгаа. Үнэн мөнийг л шүүгээд өгөөсэй гэж шүүгч нараасаа хүсэж байна. Жаргахаа больё, хэдэн хүүхэдтэй, үр ач нарынхаа дэргэд хэдхэн жил ч гэсэн харагдаж яваасай л гэж хүсэж байна. Миний ээж бол хүний үгээр байдаг. Энэ бол сэтгэцтэй нь холбоотой л гэж би үзэж байна. Ээжийгээ би яаж ч бодсон та нар бодоод үз. Шүүгч, прокурор та нар бодоод үз. Манай аав чинь сэтгэцийн өвчтэй шүү дээ. Нэгдсэн эмнэлэг хүлээж авдаггүй байсан. Яалт ч үгүй харваад ирэхэд нь ганц удаа л хэвтүүлсэн. Нэг эмчилгээ хийсэн болоод л тэр сэтгэцийн эрүүл мэнд рүүгээ аваад яв, дахиж энд хэвтүүлэхгүй шүү гэдэг. Сэтгэцийн эрүүл мэнд рүү нь аваад яаралтай явсан. Очоод үзүүлж харуулахад байнгын эм уулга, аав чинь үнэхээр хэцүү шатандаа орчихсон байна, давхар ээж чинь хэцүү байна, нойргүйдэлд орчихсон байна, сэтгэцийн өөрчлөлтөд орчихсон байна гэсэн. Аль алинд нь эмчилгээ бичээд л явуулсан. Авчраад Даланжаргаланд гуйж хэвтүүлээд эмчилгээг нь хийлгэсэн. Ээжийн хувьд чадах ядахаараа л эмийг нь уулгаад, эмчлүүлээд, ийш тийш нь авч явж хэвтүүлээд, сахидаг байсан. Өөрийг нь хэчнээн хүчирхийлж, зодож, дарамталж байсан ч гэсэн тэр бүгдийг тэвчээд энэ хүний төлөө л байсан. Миний ээжийн энэ байдлыг харгалзаж үзэхээр л байна. Тэр хавиар байгаа, нутаглаж байгаа хүмүүс нь миний ээжийг мэднэ. Ямар хүн чанартай вэ, ямар хүнд тусархуу, ямар өрөвч, зөөлхөн нинжин сэтгэлтэй хүн бэ гэдгийг бараг хүүхдүүд хүртэл мэднэ. Миний ээжид хүнд өс санаж, хүнийг алчих сэтгэл байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Цн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би өчигдөр 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цагийн үед Г.Дийн гэрт эхнэр Лн хамт очиход, Г.Дийн гэрт Г.Д нь эхнэр Бн хамт хоёулаа байсан. Г.Д нь гэрийнхээ зүүн хойд талд хөлөө жийн газарт сууж байсан. Г.Дтэй би 2-3 удаа мэндлэхэд надад хариу өгөхгүй байхад, эхнэр нь чамайг сонсохгүй гэж хэлсэн. Эхнэр Г.Дт ууттай ааруул, хуурай идэх юм өгөхөд эхнэрт ааруулын уутны уясан байсныг тайлан ааруулнаас эхнэрт өгсөн, надад өгөөгүй. У.Б цай чанаагүй байна гэж хэлэн айраг аягалж өгч байсан. У.Б нь Г.Дийн бие муу байгаа, оройдоо унтахгүй, өдөртөө унтаж, ийш тийш яваад байна гэж байсан. Эхнэр бид хоёр нээх удахгүй явсан... Г.Дийг би сэтгэцийн өвчтэй гэж байх гэж боддог. Хаяа намайг танихгүй нэг бол учиргүй надтай юм ярьдаг...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Хын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... Би 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цагийн орчимд эхнэр Б, хүүхэд Г нарын хамт өөрийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын … дугаар баг “...” гэх газарт байх гэрээсээ ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 3 километр зайд байх аав Г.Дийн гэрт... очиход аав Г.Д, ээж У.Б хоёр гэртээ байсан. Аав гэрийнхээ баруун хойд талд унтаж байсан... Аав Г.Д нь 2 удаа цус харваж байсан. Сэтгэцийн өөрчлөлттэй гэж Дорноговь аймгийн эмч нар тодорхойлсон гэж байсан... 2.5 литрийн саванд айраг аваачиж өгсөн. ээж над руу залган " за миний хүү аав чинь сонин болчихлоо... гэж хэлэхээр нь би...ээж надад хэлэхдээ аав нь унахдаа гэрийнхээ зуухыг толгой хэсгээрээ мөргөн доош унахаар нь аавыг нь өргөн өвөр дээрээ байлгаж байтал өнгөрчихлөө гэж байсан.. ээж маань даралт нь ихэсдэг, хаяа унаж татдаг…” гэх мэдүүлэг,
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02/086 дугаартай “... Амь хохирогч Г.Дийн цогцост хийсэн шинжилгээгээр духны шарх, зүүн чихний ар хэсгийн шарх, дагзны шарх, духны зулгаралт, зүүн мөрний зулгаралт, зүүн шанааны цус хуралт, зүүн чихний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь үхэлд нөлөөлөөгүй байна. Амь хохирогч Г.Д нь механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна...” гэсэн дүгнэлт,
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/080 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн биеийн тамирын өмдөнд эдэлгээний явцад үүссэн хуучин уранхай, татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан хуучин ханзралдуут байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4262 дугаартай “... шинжилгээнд ирүүлсэн шуудай, бээлий, салфетка дээрээс цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус мөн. ДНХ-ийн тогтцыг тогтоов. Шинжилгээний үр дүнгээр шуудай, бээлий, салфетканаас илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Г.Дийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна..” гэсэн дүгнэлт
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 241 дугаартай “...У.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. У.Б нь болж байгаа үйл явдлыг зөв ойлгон мэдэж, тусган авч ухамсарлах чадвартай байна. У.Б нь болсон явдлыг сэргээн санах, дүрслэх чадвартай байна. У.Б нь үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх үйл явдлыг санаж байна. У.Б нь асуусан асуултыг зөв ойлгон, ухамсарлаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэсэн дүгнэлт,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 02-08-рт/,
Дуудлагын баримт-дуудлага өгсөн утас-..., д/ч Б.Д, Даланжаргалан сумаас 45 км зайд унаж татах өвчтэй Г овогтой Г.Д нь гэртээ зуухан дээрээ унаж нас барсан гэх тэмдэглэл /хх-1-рт/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол ногоон иштэй заазуур, дээд гурил гэсэн уут, хар өнгийн гялгар уут-1ш цагаан өнгийн бээлий 1 хос, сарал өнгийн антены төмөр 1 ш, /хх-10-рт/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...хүүхдүүд болон ээж Бийг элдэв үгээр хэлж хараадаг байсан. Уурлах шалтгаан нөхцөл болоогүй байхад аав уурладаг байсан. Аав өөрийнхөө хажууд байгаа хүнээ шууд цохидог байсан /биеийн хаа ч хамаагүй цохидог ээжийг бол байнга харааж зүхэн байнга шахуу зоддог байсан, ээж аавын өөдөөс юм хэлдэгүй байсан...”гэх мэдүүлэг /хх 18-19-рт/,
Гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... сэтгэцэд нөлөөт эмийн дуусхаас өмнө ДГА-н сэтгэцийн эмчид үзүүлж хяналтанд оруулахыг зөвлөсөн...” гэх мэдүүлэг /хх-27-рт/,
Гэрч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Г.Д ахын хувьд ууртай хурц ааштай хүн байсан.... Харин гэрт нь хаяа ирэх үед Бийн 2 нүд хөхөрсөн, шанаа хэсэг халцарсан, нүүрэн хэсгийг маажсан байдаг байсан....хөрш айлууд нь Г.Дийн ухаан муудсан байна эхнэр Бгаа байн байн зодоод байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-30-рт/,
Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “....хадам ээж эмнэлэг цагдаад цагдаад дуудлага өгсөн байсан....хадам аав Г.Дийнгийн хувьд их хурц ширүүн зан араншинтай хүн байсан. Хадам ээж хүмүүстэй сайхан харьцдаг сайхан сэтгэлтэй хүн байгаа юм. 2021 оны намар хадам ээж Бийн нуруу руу уньний модоор цохисон... хүмүүс ярьдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-33-рт/,
Гэрч Ө.Аын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... Г.Д нь эхнэр Бийг залуу байх үеэс нь эхлэн байнга зоддог байсан. Эхнэр Бийн нүүр хэсэг нь хөхөрч толгой өвдөөд байна гэж надаас эмчилгээ, үйлчилгээ авч байсан. Нөхөр нь зодоод байна гээд У.Б замын машинд дайгдан ирж байсан... Даланжаргалан сумын баяр ямар нэгэн баяр ёслол, хурал цуглаан болход Г.Д нь эхнэр Бийг зодон, үсдэн авч гардаг байсан. Сумын хүмүүс өмөөрдөг байсан...” гэх мэдүүлэг /хх-36-рт/,
Гэрч А.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “..Г.Дийн хувьд гэвэл их ширүүн, энгийн хүнийг бодвол яриа өөр ... сэтгэцийн өвчтэй хүн шиг сонин байсан. Юм ярихаар сонсохгүй байгаа хэрнээ сонсоогүй юм уу гэхээр сонсдог хүн байсан. Бийн зан байдлын хувьд гэвэл их зөөлөн ааштай хүн байгаа юм. / уриалгахан нийтэч хүн/ Намайг Г.Дийн гэрээр ороход Г.Д нь эхнэр Бийг "хуурайшсан хүүхэн,..хөгшин хүүхэн” гэх мэт сонин үгээр харааж зүхэж байхад У.Б эгч эмзэглэсэн зүйл байхгүй энэ дандаа ингэж байдаг юм гээд л байж байдаг байсан...” гэх мэдүүлэг /xx-41-рт/,
Гэрч Х.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “..Г.Дийн зан байдлын талаар бол ер ярилтгүй эрүүл солиотой нь мэдэгдэхгүй тийм араншинтай хүнтэй мэндэлж чаддаггүй сонин хүн байсан. Бийн зан байдлын талаар бол хүнтэй нийтэж хүнд тусархуу уулгач зантай хүн байгаа юм./ аягүй өглөгч зантай/...”, “....Г.Д нь муу янханууд гэх мэт үгийг голдуу хэлдэг байсан. У.Б эгчийн нүүр хөхөрсөн байх үед нь 2-3 удаа таарч байсан. Яагаад хөхөрсөн талаар асуухад нөгөөх ийм болгосон гээд нөхөртөө зодуулсан талаараа нуудаг байсан. Г.Дт зодуулсан талаар хүнд хэлж болохгүй хүнд муу юм ярьдаггүй...”, “...У.Б эгчийг насаараа зовж байгаа талаар Даланжаргалан сумын 3 дугаар багийн иргэд ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-38-39-рт/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч У.Б нь нөхөр Г.Дтэй гэр бүл болсноос хойш олон жил зодуулж, дарамтлуулж амьдарсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гартаа сэрээ барин эхнэр У.Бийг зодох гэсэн, элдвээр хэлж доромжилсон, дарамталсан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хууль бус үйлдлийн улмаас сэтгэлзүйн эмгэгт байдалд орж санаа сэтгэл гэнэтийн цочролд хоромхон зуур автан нөхөр Г.Дийн толгой, хүзүү хэсэгт нь төмрөөр цохиж, түүний хоолойг боон, амьсгалыг бүтээж механик амьсгал бүтэлт бий болгон амьсгал зүрх судасны дутагдалд оруулж алсан болох нь тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “...У.Б нь хохирогчийн биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй гэдгийг мэдсээр байж, хүч хэрэглэн олон тооны гэмтэл шарх үүсгэж, амьсгал бүтэлтэнд оруулж амь насыг хохироож байгаагаа мэдэж байсан боловч хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар санаатай гэм буруутай ба түүний үйлдлийн улмаас хүний амьд явах эрх зөрчигдсөн нь шалтгаант холбоотой, бусдын амь насыг хохироохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар Хүнийг алах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан, Эрүүгийн хуулиар хамгаалсан эрх ашиг болох хүний амь насыг хохироосон үйлдэл хийснээрээ У.Бийн үйлдэл нь нийгэмд аюултай байх тул мен хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг хангаж байна.
У.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд хуульчилсан байх ба түүний үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол учирсан, үйлдэлдээ санаатай гэм буруутай байх тул хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй байна.
Мөн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг нь аффект буюу санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, тухайн үед болсон үйл явдлыг бүрэн санадаггүй, сэтгэл зүйн хувьд хөөрөлд орон, болсон үйл явдлын дараагаар сэтгэл гутралд орох, гэмт хэрэг үйлдэгдэх агшинд хүндээр доромжлогдсон эсхүл хүчирхийлэлд өртсөн байх, гэмт хэрэг хоромхон зуурт үйлдэгдсэн байх зэрэг урьдчилсан нөхцөлийг шаарддаг бол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч У.Б нь болсон үйл явдлыг санаж, сэргээн дүрсэлж байх ба хүндээр доромжлогдсон, хүчирхийлэлд өртсөн, гэмт хэргийн дараагаар сэтгэл зүйн хувьд уналтад орсон зэрэг шинж тэмдэг илрээгүй, олон удаагийн давтамжит үйлдлээр, хоромхон зуурт биш тодорхой цаг хугацаанд үргэлжлэн үйлдэгдэж, амь хохирогч Г.Дийн амь насыг хохироосон байх тул санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ…” гэсэн бөгөөд гэмт хэргийн обьектив шинжийг шүүгдэгчийн У.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэгт үндэслэн дүгнэсэн бөгөөд харин гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хандаж буй сэтгэл зүйн хандлага, субьектив талын шинжийг анхааралгүйгээр Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алах” гэмт хэрэг гэж үзэн зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэдийгээр шүүгдэгч У.Бийн тухайд өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Г.Дийг толгой, хүзүү хэсэгт нь төмрөөр цохиж, хоолойг боон, амьсгалыг бүтээж механик амьсгал бүтэлт бий болгон амьсгал зүрх судасны дутагдалд оруулж алсан гэх үйл баримт тогтоогдож буй хэдий ч шүүгдэгч У.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт болсон үйл явдал болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг бусад нөхцөл байдлаа санахгүй, мэдэхгүй байгаа, асуусан асуултад өөр өөрөөр хариулж байгаа зэргээс дүгнэхэд шүүгдэгч У.Б нь нөхөр Г.Дийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гартаа сэрээ барин эхнэр У.Бийг зодох гэсэн, элдвээр хэлж доромжилсон, дарамтад оруулсан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хууль бус үйлдлүүд нь түүнийг сэтгэлзүйн эмгэгт байдалд хүргэн санаа сэтгэл гэнэтийн цочролд хоромхон зуур автан хүчтэй цочрон давчдах шууд шалтгаан болж өөрийн үйлдлээ ухамсарлах чадваргүй үедээ хүнийг алсан болох нь нотлогдож байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 241 дугаартай “...У.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. У.Б нь болж байгаа үйл явдлыг зөв ойлгон мэдэж, тусган авч ухамсарлах чадвартай байна. У.Б нь болсон явдлыг сэргээн санах, дүрслэх чадвартай байна. У.Б нь үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх үйл явдлыг санаж байна. У.Б нь асуусан асуултыг зөв ойлгон, ухамсарлаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд энэхүү дүгнэлт нь шүүгдэгчийн үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх, сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэх нөхцөл байдлыг тогтоохоос гэмт хэрэг гарах үеийн сэтгэл зүйн байдлыг тогтоохгүй тул шүүх уг дүгнэлтийг дангаар үнэлэх боломжгүй.
“Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” гэмт хэргийн шинж нь анагаах ухааны бус харин хууль зүйн шинжлэх ухааны үнэлэмжээр тодорхойлогдох ойлголт бөгөөд хэрэг учрал болсон нөхцөл байдал, хүний сэтгэхүйд сөргөөр нөлөөлөхүйц нөлөөллийн шинж чанар зэргийг тооцоолохоос гадна, дээрх нөхцөл байдалд хүн бүр нэг ижил хандлагаар хандах боломжгүй тул ердийн ухамсар, сэтгэхүйтэй хүн ийм нөхцөлд орсон бол ямар хариу үйлдэл үзүүлэх боломжтойг харгалзан тухайлсан үйл баримтад хийгддэг эрх зүйн үнэлэмж, ухагдахуун, зүй тогтол юм.
Эрүүгийн эрх зүйн онолоор санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгодог.
Аливаа этгээдийн санаа сэтгэл цочрон давчидсан үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг бол “хүнийг санаатай” алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн буюу уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд болон шууд бус санаатай байдгаараа ялгаатай.
Мөн санаа сэтгэл хүчтэй цочирсон үед тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадвар нь ихэд буурсан ч сэтгэхүйн байдал бүрэн алдагдаагүй байдгаараа “хэрэг хариуцах чадваргүй байдал”-аас ялгагддаг тул ийм үед хийсэн үйлдэл нь сэтгэл зүйн хэвийн үед үйлдсэн гэмт санаа зорилгоос нийгмийн аюулаараа ямагт бага байдгийг харгалзан хууль тогтоогч Эрүүгийн хуулийг батлахдаа хүлээн зөвшөөрч тодорхойлсон байна.
Санаа сэтгэл нь бодитой цочрон давчидсан үед гэмт этгээд тэрхүү цочрон давчдуулсан нөхцөл байдлыг шалгах, үнэлэх боломж сэтгэхүй, цаг хугацааны хувьд байдаггүй, гэнэтийн байдаг шинжээрээ гэм буруугийн андуурлаас ялгагддаг болно.
Шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсанаас хүнийг алах гэмт хэрэг нь гэмт үйлдэл үйлдсэн этгээдийг хүн алахад хүргэсэн нөхцөл байдал, хэрэг үйлдсэн тухайн цаг үеийн сэтгэл зүйн байдлын онцлог байдлаар хүнийг алах гэмт хэргээс ялгагддаг юм.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч У.Б нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан болох нь тогтоогдож байх тул Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бд холбогдуулан зүйчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч У.Бийг “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч У.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлд заасны дагуу оролцож буй иргэдийн төлөөлөгчийн “шүүгдэгч нь Хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугүй” гэх дүгнэлтийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч У.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ хэрэг болсон нөхцөл байдал, үйлдсэн арга хэлбэр, цаг хугацаа болон үйлдлийг дэс дараалалтайгаар дэлгэрэнгүй байдлаар мэдүүлсэн боловч шүүх хавтаст хэргийн 79-80-рт авагдсан Сэжигтнээр өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчиж авсан мэдүүлэг гэж дүгнэн нотлох баримтаар тооцоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд амь хохирогч нь шүүгдэгчтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол санал, нэхэмлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч У.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас: Шүүгдэгч У.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4, 1.7 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулинй ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч У.Бд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс: “Гомдол санал, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх саналыг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг дэмжиж байна гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Харин улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “бие махбодын, сэтгэл санааны албадлагын, эд хөрөнгийн, албан тушаалын, бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, 1.7 “байнгын хүчирхийлэл, дарамтад өртсөний улмаас өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогчид халдаж гэмт хэрэг үйлдсэн” гэснийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн бөгөөд дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинжид тусгагдсан байх тул хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцоогүй болно.
Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлт болоод гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний амь нас хохирсон/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс /ялыг хөнгөрүүлж өгнө үү/ гэх тайлбар, шүүгдэгчийн хувийн байдал/өндөр настай/ зэргийг харгалзан шүүгдэгч У.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, ногоон иштэй заазуур 1 ширхэг, дээд гурил гэсэн бичиглэлтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шуудай 1 ширхэг, хар өнгийн гялгар уут 1 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон салфетка 3 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хос бээлий, саарал өнгийн антены төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2 хоног шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бд холбогдуулан зүйчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Х овогт У.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4-т зааснаар шүүгдэгч У.Бд тэнссэн хугацаанд “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, ногоон иштэй заазуур 1 ширхэг, дээд гурил гэсэн бичиглэлтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шуудай 1 ширхэг, хар өнгийн гялгар уут 1 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон салфетка 3 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хос бээлий, саарал өнгийн антены төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2 хоног шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР
ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД