| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0185/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/182 |
| Огноо | 2024-09-09 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/182
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Анхбаяр,
Улсын яллагч Р.Мягмардорж
Шүүгдэгч С.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Сүнжидмаагийн Чинзоригт холбогдох эрүүгийн 2431000000209 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, яс үндэс Хотгойд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой хэсгийн .. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Сүнжидмаагийн Чинзориг, Регистрийн дугаар:/РЭ86060518/,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Зоригтбаатарын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагт Сэлэнгэ аймаг Шаамар сум Аргангатын давааны доор төв замд 53-51 УЕТ Тоёота Акуа маркын тээврийн хэрэгслийг шалгахад жолооч С.Чинзориг 1.29% согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон" гэх тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Золбаатарын өгсөн: "... Би 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 4 змын уулзвар хойд талын ар гангатын давааны доор төв зам дээр замын хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэх хугацаанд 53-51 УЕТ улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг шалгахад түүнээс Хөвсгөл аймгийн Мөрөн хотод оршин суух хаягтай С.Чинзоригоос архи согтууруулах ундааны зүйл үнэртсэн тул Алко тест 7510 багажаар үлээлгэн шалгаж үзэхэд уг багажийн 03770 дахь үлээлтээр 1.29% согтолттой гарсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулж, мэдээллийг цагдаагийн газрын жижүүрт өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/127 тоот “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 17 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 28 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотлогдож байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.Чинзориг нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/127 тоот шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймаг Шаамар сумын Дулаанхаан тосгоны 4 замын уулзвар хэсэгт Тоёота Акуа загварын 53-51 УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.29 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөн оролцсон болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Зоригтбаатарын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагт Сэлэнгэ аймаг Шаамар сум Аргангатын давааны доор төв замд 53-51 УЕТ Тоёота Акуа маркын тээврийн хэрэгслийг шалгахад жолооч С.Чинзориг 1.29% согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон" гэх тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Золбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/127 тоот “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 17 дугаар хуудас/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч С.Чинзоригийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч С.Чинзориг нь Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймаг Шаамар сумын Дулаанхаан тосгоны 4 замын уулзвар хэсэгт Тоёота Акуа загварын 53-51 УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.29 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөн оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох..." гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч С.Чинзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, манссуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч С.Чинзориг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч маргаж мэтгэлцээгүй болно.
Гэм хорын хохирлын талаар :
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Чинзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч С.Чинзориг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Чинзоригийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Иймд С.Чинзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар С.Чинзориг нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Чинзоригийн Уланбаатар хотын Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлаж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Чинзоригт энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/127 тоот “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан хугацаа дууссан үеэс эхлэн тооцуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Чинзориг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сүнжидмаагийн Чинзригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сүнжидмаагийн Чинзоригийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/ хоёр / жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаан / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Чинзоригийг Уланбаатар хотын Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар С.Чинзоригийг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч С.Чинзоригт энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/127 тоот “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан хугацаа дууссан үеэс эхлэн тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ