Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2025/00056

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2024/05442 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/02177 дугаар магадлалтай,

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.П-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 692,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзаж 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч “А” ХХК хариуцагч Б.П-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 692,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж 8,000,000 төгрөг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

2.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2024/05442 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Б.П-гээс 692,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, хариуцагч Б.П-гийн нэхэмжлэгч “А” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзан 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,617,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П-гээс 3,617,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, хариуцагч Б.П-гээс сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/02177 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2024/05442 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Б.П-гээс 692,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Б.П-гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.12.04-ний өдөр урьдчилан төлсөн 3,758,350 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1.Б.П нь “С” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд ерөнхий захирлаар, түүний эхнэр С.Б-г гүйцэтгэх захирлаар тус тус ажилладаг. “С” ХХК нь “М” ХХК-тай 2017.02.16-ны өдөр 06/28к дугаартай “Хөрс хуулах, нүүрс гаргах иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, тус гэрээний дагуу Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Далангийн нүүрсний уурхайд 2017.01.05-ны өдрөөс эхлэн ажил үүрэг гүйцэтгэсэн. Дээрх гэрээний дагуу талууд 2017.01.01-ний өдрөөс 2017.12.31-ний өдөр хүртэлх хугацааны тооцоо нийлж, “М” ХХК нь “С” ХХК-д 1,750,576,560 төгрөгийн авлагатай болсныг тус компанийн захирал, нягтлан бодогч нар баталгаажуулсан. “М” ХХК-ийн хувь нийлүүлэгчийн 2019.12.27-ны өдрийн 19/18 дугаар шийдвэрээр тус компанийн үйл ажиллагааг 2018.01.01-ний өдрөөс эхлэн үйл  зогсоож, түүний эрх, үүргийг “Ф” ХХК-д бүрэн шилжүүлж татан буулгасан тул “Ф” ХХК-ийн төлбөрөөс 630,000,000 төгрөгийг хассан. “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Г-гээс 2017.08 дугаар сард САТ-08 маркийн 00-00 УБ улсын дугаартай бульдозерыг 700,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 630,000,000 төгрөгийг “М” ХХК-ийн төлбөрт тооцож үлдэгдэл 70,000,000 төгрөгийг Т.Г-д өгөхөөр тохиролцсон. Т.Г-д 2018 онд 3,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг шилжүүлж, 62,000,000 (70,000,000-8,000,000) төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

4.2.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022.04.14-ний өдрийн 21 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор бульдозерыг өр төлбөрт тооцон шилжүүлсэн үйл баримтыг дүгнэсэн.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.02.20-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтэд “...Үүнээс 2018 оны ажлын хөлсөнд тооцон шилжүүлсэн бульдозер 630,000,000 төгрөг, авто грейдер 60,000,000 төгрөг, нийт 690,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд тооцон шилжүүлсэн болох нь техник хүлээлцсэн акт, эзэмшигч өөрчлөх тухай Т-гийн Б гэсэн нэр бүхий “А” ХХК-ийн тамгатай албан тоот зэргийг үндэслэн бүртгэсэн хоёр талын нягтлан бодох бүртгэлийн харилцагчийн дэлгэрэнгүй журнал хавтаст хэрэгт авагдсан тул дахин шинжилгээнд оруулан тооцсон болно, гэрч Ж.Н-ийн “...Манай компанийн захирал Б.П “Ф ” компанийн захирал н.Батсүхтэй 2018 оны эхээр ярилцаад тус компанийн авлагаас хасаад бульдозерыг оруулаад авчих гэж ярилцсан. ...Тэгээд 2018.06.30-ны өдөр би авлагын бүртгэлээс хасаж нөгөө компанийн нягтлан Ариунтуяа өглөгийн бүртгэлээс хассан, яллагдагч Б.П-гийн “...Т.Г-гийн эзэмшлийн "САТ-08” маркийн, 00-00 улсын дугаартай бульдозерыг 700,000,000 төгрөгөөр авахаар тохирч, улмаар 630,000,000 төгрөгийг "Ф ” ХХК-аас авах ажлын хөлснөөс тооцуулсан..." гэх мэдүүлэг, “Ф ” ХХК-ийн захирал Т.Б нь “С ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 2018.06 дугаар сард өөрийн дүү “А” ХХК-ийн захирал Т.Г-гийн өмчлөлийн СЛТ-Р8 маркийн, 00-00 улсын дугаартай бульдозерыг 630,000,000 төгрөгийн өртөгт тооцон шилжүүлэн өгсөн гэх үйл баримт тус хоёр компанийн нягтлан бодогч нарын “нягтлан бодох бүртгэлийн харилцагчийн дэлгэрэнгүй журнал” зэрэг баримтыг үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлт, “А” ХХК-ийн захирал Т.Г-гийн Авто тээврийн үндэсний төвд хандан гаргасан тодорхойлолтоор тогтоогдсон” гэж дүгнэсэн.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “С” ХХК-аас “М” ХХК, “Ф” ХХК-д холбогдуулан “Олох болох байсан орлого 2,160,000,000 төгрөг, ажлын хөлсний үлдэгдэл 1,974,788,547 төгрөг, хохирол 2,212,453,943.84 төгрөг, нийт 6,347,242,490.84 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.

Гэтэл “А” ХХК-ийн захирал Т.Г CAT-D8 маркийн, 00-00 УБ улсын дугаартай бульдозерыг төлбөрт тооцож өгөхгүй гэж тохиролцоогоо цуцалсан тул Б.П нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж 2024.04.08-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд тус бульдозерыг нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж өгөхөө дурдсан байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч тал хоорондын тохиролцоо гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй гэж үзэхээр байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч татгалзсан талаарх баримтыг болон татгалзлыг хүргүүлсэн Монгол шуудангийн баримтыг шүүхэд эх хувиар нь өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.03.06-ны өдрийн 001/ШХТ2025/00237 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

7.Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б.П-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 692,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ; “Б.П 2017.07 дугаар сард “А” ХХК-аас 00-00УБ улсын дугаартай, САТ D8R маркийн бульдозерыг худалдан авах санал гаргасны дагуу тус бульдозерыг 700,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч 8,000,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Худалдан авагч нь бульдозерыг барьцаалж зээл авч төлбөрийг төлнө гэсний дагуу эзэмших эрхийг шилжүүлж өгсөн.” гэж тайлбарласан,

Хариуцагч Б.П нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... “М” ХХК болон “С” ХХК-ийн хооронд 2017.02.16-ны өдөр 06/28к дугаартай “Хөрс хуулах, нүүрс гаргах иж бүрэн ажил гүйцэтгэх” гэсэн нэртэй гэрээ байгуулагдсан. Эдгээр компани 2017.01.01-2017.12.31-ний өдөр хүртэлх тооцоог нийлэхэд “М” ХХК нь “С” ХХК-д 1,750,576,560 төгрөгийн төлбөртэй гарсан. “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Б нь төрсөн дүү  “А” ХХК-ийн захирал Т.Г-гийн нэр дээрх 00-00 УБ улсын дугаартай, САТ D8R маркийн бульдозерыг 700,000,000 төгрөгт тооцон тус компанийн төлбөрөөс 630,000,000 төгрөгийг хасаж зөрүү 70,000,000 төгрөг төлөхөөс 8,000,000 төгрөгөөс төлсөн, үлдэгдэл 62,000,000 төгрөгийг үлдэгдэлтэй.” гэж тайлбарласан байна.

8.Хариуцагч Б.П нэхэмжлэгч “А” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж бульдозерын үнэд төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ; “Тус компанийн захирал Т.Г бульдозерыг төлбөрт тооцож өгөх тохиролцоог цуцалсан тул гэрээнээс татгалзаж дээрх мөнгөн хөрөнгийг гаргуулна.” гэж тайлбарласныг нэхэмжлэгч эс зөвшөөрч “... хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзах эрхгүй. Гэрээнээс татгалзах, цуцлах бол урьдчилан мэдэгдэх, нэмэлт хугацаа тогтоосон байх шаардлагатай. Бульдозерыг төлбөрт тооцож шилжүүлээгүй.” гэж маргажээ.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Л.П-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Хариуцагч бульдозерын үнэ 692,000,000 төгрөг төлөгдөөгүй гэх үйл баримтын талаар маргаж “С” ХХК болон “М” ХХК-ийн байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хөлснөөс суутган тооцсон улмаар 630,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, үлдэгдэл 70,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг төлсөн,  62,000,000 төгрөг төлөөгүй гэх тайлбараа нотлоогүй, гэрч Т.Батсүх, Б.Мөнхтуяа нар бульдозерын талаарх дээрх тохиролцоог няцаасан, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт зааснаар гэрээний гол нөхцөлийн талаар 3 тал тохиролцсон гэх хариуцагчийн тайлбар тогтоогдоогүй, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1, 210.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцахаар заасан тул гуравдагч этгээд “Ф ” ХХК үүрэг гүйцэтгэхээс татгалзсан, хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлтэй, хариуцагч Б.П-гийн татгалзал үндэслэлгүй, Иргэний хуулийн 204, 205, 225, 226 дугаар зүйлүүдэд заасан журмаар үүрэг гүйцэтгэх хугацаа, нэмэлт хугацаа тогтоох, үр дүн гараагүй байх зэргээр гэрээнээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй, 2024.04.08-ны өдөр шуудангаар нэхэмжлэгчид хүргүүлсэн татгалзлыг уг журмыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй, уг маргааныг эрүүгийн журмаар шалган шийдвэрлүүлсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан.” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх хянаад анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулсан байна.

 10.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтын талаар ижил дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж адил шийдэл гаргасан боловч хоёр шатны шүүх хэргийн үйл баримтад хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн эсэх талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлын дагуу хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэв.

11.Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б.П-д 2017.07 дугаар сард 00-00 УБ улсын дугаартай САТ D8R маркийн бульдозерыг хүлээлгэн өгсөн, Нийслэлийн тээврийн газарт 2018.06.06-ны өдөр хоорондын тооцоогоор Б.П-гийн нэр дээр эзэмшигчийн нэрийг өөрчлөх хүсэлт хүргүүлсэн, тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Б.П бүртгэгдсэн, Б.П-гээс “А” ХХК-д  урьдчилгаа төлбөрт 8,000,000 төгрөг төлсөн ба зохигч хэн алины тайлбараар уг бульдозерын үнийг  700,000,000 төгрөгөөр тохиролцож байсан үйл баримт тогтоогджээ. 

12. Хэргийн дээрх үйл баримтад үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

13.Харин бульдозерын үнэ төлөгдсөн эсэх нь маргааны зүйл болсон ба  зохигчийн маргааны бас нэг үндэслэл  болох шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхэд 2 шатны шүүх эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

14.Хариуцагч Б.П нь бульдозерын үнийг “С” ХХК-ийн “М” ХХК буюу “Ф” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017.02.16-ны өдөр 06/28к дугаартай “Хөрс хуулах, нүүрс гаргах иж бүрэн ажил гүйцэтгэх” гэрээний үүрэгт авах 630,000,000 төгрөгийн ажлын хөлсөнд суутгуулахаар тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч ийнхүү тохиролцсон гэх байдал хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүйгээс гадна “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй “М” ХХК, “Ф ”  ХХК-д холбогдох  ажлын хөлсний үлдэгдэл, хохирол гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тусдаа явагдаж байгаа болох нь зохигчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.15-ны өдрийн 182ШШ/2023/07834 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамж зэргээр тогтоогдсон зэргээс үзэхэд хариуцагчийн энэ тухай татгалзал үндэслэл муутай болохыг 2 шатны шүүхээс дүгнэснийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.П бульдозерын үнийг төлөх үүрэгтэй байсан гэж үзнэ.

Үүрэг үүссэн гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх учиртай.

15.Зохигчийн хооронд 2017 оны 07 дугаар сард амаар байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний дагуу  бульдозерийн үнийг хэзээ, хэрхэн төлөх талаар тохиролцсон баримт хэрэгт байхгүй.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 208.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ёстой бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, харин үүрэг гүйцэтгэгч нэн даруй  гүйцэтгэх үүрэгтэй байна. Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж мөн зүйлийн 208.3-т заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд “...2018 оны 9 сард хариуцагчаас бульдозерын үнэ төлөхийг  шаардсан...” гэж тайлбар гаргасан ба хэдний  өдөр шаардсан нь тодорхой бус тул хариуцагч Б.П ийнхүү шаардсан үеэс хойш 10 хоногийн дотор үүргийг гүйцэтгэх байсан гэж үзнэ.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ нь гэрээний бүх төрөлд хамаарна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хугацаа тухайн харилцаанд үйлчилнэ.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар  шаардах эрх 2018 оны 9 сард үүссэн гэж үзнэ. (хх-ийн 197)

16.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... “А” ХХК-ийн захирал Т.Г 2018 оны 11 дүгээр сард Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргаж, гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, 4 жил орчим шалгасны эцэст хэргийг хэрэгсэхгүй болгосон...” талаар  нэхэмжлэлдээ дурдаж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022.04.14-ний өдрийн 21 дүгээр тогтоолыг хавсаргасан (хх-ийн 1, 9-15)

 Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022.04.14-ний өдрийн 21 дүгээр тогтоолд “...яллагдагч Б.П, хохирогч Т.Б нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой, мөн маргаан бүхий техникийг эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрхтэй холбогдсон иргэний эрх зүйн харилцаа үүссэн, залилах болон хөрөнгө завших гэмт хэргийн шинжгүй, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх маргаан...” гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Прокурорын тогтоолд хохирогчоор “А” ХХК-ийн захирал Т.Г-г тогтоож оролцуулсан талаар тусгагдаагүй, харин эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч байсан тэмдэглэл, шинжээчийн  “... “Ф” ХХК-ийн захирал Т.Б-гийн эзэмшлийн 00-00 УБ улсын дугаартай 120 сая төгрөгийн үнэ бүхий автогрейдер механизмийг завшсан байж болзошгүй хэрэгт дүгнэлт гаргасан...” талаарх баримт хэрэгт авагдсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “эрүүгийн журмаар гомдол гаргаад 4 жилийн дараа хэргийг хэрэгсэхгүй болгосон, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй...” гэсэн тайлбар үндэслэлгүй. (хх-ийн 14, 70, 96-98) 

Түүнчлэн, прокурорын тогтоолд Б.П-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ба уг хуульд заасан бусад үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, гэмт хэрэг үйлдсэн этгээд Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр өршөөгдсөн гэж үзээгүй байна.

17.Нөгөө талаар, Б.П-д холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болохгүйгээс гадна эрүүгийн журмаар 2018 оны 11 дүгээр сард явагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хөөн хэлэлцэх хугацааг сэргээх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хуульд шаардах эрх нь зөрчигдсөнийг мэдсэн үеэс эхлээд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тоологддог. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй...” гэж маргаж тайлбар гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. (хх-ийн 205)

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хоёр үндэслэл буюу тогтоосон журмаар шүүх, арбитрт нэхэмжлэл гаргасан эсхүл үүрэг хүлээсэн этгээд үүргээ хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлийг заасан байхад анхан шатны шүүх эрүүгийн журмаар хэргийг шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь үндэслэлгүй болно.

18. Мөн нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийг аль нэгийг нь нотолсон ямар нэг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан буюу уг хугацааг 2018 оны 09 дүгээр сараас бус өөр өдрөөс шинээр тоолох үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч 2024.03.15-ны өдрөөс өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх тухайн асуудлаар иргэний хэрэг үүсгэсэн, ямар нэг байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэх байдлуудыг нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Нэхэмжлэгч шаардах эрх үүссэн гэж үзсэн 2018 оны 09 дүгээр сараас хойш шүүхэд нэхэмжлэлээ 2024.03.15-ны өдөр гаргаж, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогджээ.

19.Хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж татгалзлын үндэслэл зааж марган энэ талаар зохигч мэтгэлцсэн байдалд анхан шатны шүүх “...талууд маргаантай асуудлаа эрүүгийн журмаар шалган шийдвэрлүүлсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдан гэрээний үүрэгтэй холбогдуулан шаардлага гаргах эрхээ нэхэмжлэгч алдаагүй...” гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт өгөөгүй орхисон байна. Харин гэрээнээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй болохыг 2 шатны шүүх үндэслэлтэй дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэл заан маргаж үүрэг гүйцэтгэхээс татгалзсан байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч Б.П-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 692,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл болон хариуцагч Б.П-гийн худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж бульдозерын үнэд төлсөн 8,000,000 төгрөгийг “А” ХХК-аас буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2024/05442 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/02177 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.П-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 692,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, “А” ХХК-д холбогдох худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж 8,000,000 төгрөг гаргуулах Б.П-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.П нь 2025.02.13-ны өдөр 3,758,350 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ЦОЛМОН

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                                                                ШҮҮГЧИД                                       Н.БАТЗОРИГ

                                Н.БАТЧИМЭГ                 

                                                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД