Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 36

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/134 дугаар шийтгэх тогтоолтой Д.А , Д.Ж , Д.Д , Ц.Б  нарт холбогдох 1915004480217 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Ж , шүүгдэгчийн өмгөөлөгч А.Содхүү нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор П.Шижиртуяа, хохирогч С.Э , Б.Т , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүгдэгч Д.Ж , Д.Д , Ц.Б , шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг, А.Содхүү, П.Ган-Очир, нарийн бичгийн дарга М.СувдЭрдэнэ нар оролцов.

  1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж дүү нарын хамт С од оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 243 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2-т зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар ял хойшлуулсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 06ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 01 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Б  овогт Д.А ,
  2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг сэргээж, уг ялаас 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын заримыг буюу 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,   Б  овогт Д.Ж ,
  3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сан техникч мэргэжилтэй, “Ц” ХХК-д ариутгагч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй,   регистрийн дугаартай, Б  овогт Д.Д ,
  4. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто баазын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, дүүгийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б  овогт Ц.Б .

Шүүгдэгч Д.А , Д.Ж , Д.Д , Д.С , Ц.Б  нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнө Булган аймгийн ...“Н” гэх газраас иргэн Б.Т ийн 9 тооны адуу хулгайлж 34000000 төгрөгийн, С.Э ы 3 тооны адууг хулгайлж 17000000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Д.А  нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн ...  “Х” голын эрэг дээр иргэн Ч.К ы 2 тооны үхрийг хулгайлж, 4800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/яллах дүгнэлтээр/

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/134 дугаар шийтгэх тогтоолоор:

 “1. Шүүгдэгч Б  овогт Д.А , Б  овогт Д.Ж , Б  овогт Д.Д , Б  овогт Ц.Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныгжурамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ж , Д.Д , Ц.Б  нарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.А г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус ус шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Д.Ж , Д.Д , Ц.Б  нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.А д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Д.Ж , Д.А , Д.Д , Ц.Б  нарын тус тус баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 26 /хорин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныгбаримтлан шүүгдэгч Д.А гаас нийт 9130000 /есөн сая нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Э д 3133000 төгрөгийг, хохирогч Б.Т т 5997000 төгрөгийг, шүүгдэгч Д.Д ээс 3497000 /гурван сая дөрвөн зуун ерэн долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т т, шүүгдэгч Д.Ж аас 4453000 /дөрвөн сая дөрвөн зуун тавин гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т т 3497000 төгрөгийг, хохирогч С.Э д 956000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Б аас 4997000 /дөрвөн сая есөн зуун ерэн долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т т тус тус олгож, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныгжурамлан шүүгдэгч Д.А гаас “Hyundai Porter 0” загварын **-** АРХ улсын дугаартай, хөх саарал өнгийн тээврийн хэрэгслийн үнэ 4500000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг, мөрдөгчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Ж ийн эзэмшлийн 4500000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai Porter 0” загварын **-** АРА улсын дугаартай, цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл, 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” загварын улсын дугааргүй, улаан өнгийн /мотоцикль/ тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Д.Д ийн эзэмшлийн 2250000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий “Fit” загварын **-** УНН улсын дугаартай, мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл зэргийг тус тус хурааж, үнийг Улсын төсөвт тус тус шилжүүлж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор прокурорын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5/14 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Ж ийн өмчлөлийн 9550000 төгрөгийн үнэлгээ бүхий 10 тооны үхрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгтзааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон иштэй хутга, хар өнгийн иштэй хутга, 10.70 м урттай цагаан алаг өнгийн уяа, хар алаг төмөр иштэй сүх, саарал өнгийн иштэй төмөр алх тус бүр нэг ширхэг,  бор өнгийн гутал  нэг хос,  хар хөх өнгийн ажлын хувцас хоёр ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Nokia загварын улаан болон хөх өнгийн хоёр ширхэг утсыг шүүгдэгч Д.А д, Samsung S6 загварын хар өнгийн гар утас нэг ширхэгийг  Д.Д д, LG загварын гадуураа хар өнгийн гэртэй гар утас нэг ширхэгийг шүүгдэгч Ц.Б т тус тус буцаан олгож баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчинтөгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж , Д.А , Д.Д , Ц.Б  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд хорьсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээрзүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаардавж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ж , Д.А , Д.Д , Ц.Б  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ж  давж заалдах гомдолдоо: “...Малыг хэт өндөр үнэлсэн гэж бодож байна. Үнэлгээг дахин хийлгүүлэх хүсэлтэй байна. Миний портер маркийн **-** АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэт багаар үнэлсэн. Миний машин 2002 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2019 онд орж ирсэн шинэвтэр бөгөөд 2019 онд 12.000.000 төгрөгөөр худалдаж авсан машин юм. Миний гэр бүлийн өмчлөлийн 10 тооны үхрийг хураасанд гомдолтой байна. Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Энэ үхэр манай гэр бүлийн гишүүдийн дундын өмч юм. Иймд хэргийг дахин шалгуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Содхүү давж заалдах гомдолдоо: А.Содхүү миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйл 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Д.Ж , Д.Д , Ц.Б  нарын өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгч нарын тус гэмт хэрэгт ямар байдлаар хамтран оролцсон гэх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлалгүй гэм буруутайд тооцож шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл гол гэрч Б.С гийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн 1 удаагийн (гараар бичсэн) тодорхой бус мэдүүлгээр бүгдийг нь гэм буруутайд тооцсон. Түүний мэдүүлэгт “намайг очиход 1 портер машинтай 3 залуу байсан. Тэгээд малын махыг нь үзэж байхад дахиад 1 жижиг тэрэг ирсэн гэх /ХХ-1-100 тал/”. Үүнээс үзэхэд портер машинтай ямар гурван залуу хэн хэн байсан, дараагийн жижиг машинаар хэн хэн ирсэн, тэдгээр нь  юу ярьж, ямар ямар оролцоотой байсан зэргийн тодруулж, мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаанууд явуулах байсан, ингэснээр шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулан, шударга ёсны зарчим хангагдаж, хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзэж үнэлж дүгнэх байлаа.

Шийтгэх тогтоолд дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн нь бодит байдалтай нийцсэнгүй. Шүүгдэгч Д.Д , Ц.Б  нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн

1.1.д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 6.5 дугаар зүйлийн 1.6 -д заасан нөхцөл байдлын буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирлоо сайн дураар төлж, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлж хохирогч нартай иргэний журмаар хэлцэл байгуулж төлж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэнгүй. Хохирогч нарын адууг өндрөөр үнэлсэн байтал шүүгдэгч нарын эд хөрөнгө, машин, техникийг хэт доогуур үнэлж, энэ талаар маргаан гарч хүсэлт гаргахад хэрэгсэхгүй болгож, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6.-д Д.Ж ийн эзэмшлийн 4.5000.000 төгрөгийн үнэ бүхий "Hyundai porter" маркийн **-** АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 1.200.000 төгрөгийн үнэ бүхий "Даюун" маркийн мотоцикл, шүүгдэгч Д.Д ийн эзэмшлийн 2.250.000 төгрөгийн үнэ бүхий "Fit" маркийн **-** УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5  дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Д.Ж , Д.Д , Ц.Б  нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хэрэглэж ял оногдуулалгүй ялын хэт чанга бодлого барилаа гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгч нарын хувийн зан байдал, ар гэр, үлдэж байгаа нялх хүүхдүүд, эр нөхрөө хүлээх эхнэр хүн, төрүүлсэн 2 хүүхдээ шоронд явуулж үлдэх эхийн сэтгэл зэрэг хүнд хэцүү хоцорч байгаа нь ойлгомжтой юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шинжлэн судлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч нарын ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Д.Ж , Д.Д , Ц.Б , өмгөөлөгч А.Содхүү нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

 Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулаагүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Д.А , Д.Ж , Д.Д , Д.С , Ц.Б  нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнө Булган аймгийн ...“Н” гэх газраас иргэн Б.Т ийн 9 тооны адуу хулгайлж 34.000.000 төгрөгийн, С.Э ы  3 тооны адууг хулгайлж 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.А  нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн ...  “Х” голын эрэг дээр иргэн Ч.К ы 2 тооны үхрийг хулгайлж 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэргийг тус тус үйлджээ.

Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д  зааснаар шүүгдэгч Д.А г 4 жил 6 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Д.Ж , Д.Д , Ц.Б  нарыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх байр сууринаас оролцжээ.

Анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б  овогт Д.А , Б  овогт Д.Ж , Б  овогт Д.Д , Б  овогт Ц.Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж , Д.Д , Ц.Б  нарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.А г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх “мөрдөн шалгах ажиллагааны шатанд Гурванбулаг сумын үнэлгээний комиссоор 12 тооны адууны үнэлгээг гаргуулсан, энэ үнэлгээг шүүгдэгч нар эс зөвшөөрч тэдний хүсэлтээр “Далайван аудит” ХХК-ний шинжээч үнэлгээг дахин гаргасан байх ба үнэлгээний аргачлал, зах зээлийн судалгааг хэрхэн гаргасан талаарх шинжээчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар уг адууны үнэлгээг бодитой гаргасан байна” гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүх шинжээчийн гаргасан тайлбараар уг адууны үнэлгээг бодитой гаргасан байна гэж дүгнэх бус үнэлгээтэй холбоотой 2 удаагийн  шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд аль нэг шинжээчийн дүгнэлтийг нь шүүх үнэлэхдээ шинжээчийн дүгнэлтийн агуулга, тухайн шинжээчийн дүгнэлт нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэж байгааг үндэслэл болгосон баримтыг тус тус дурдаагүй байна. Учир нь 1 дүгээр хавтаст хэргийн 156, 170 дугаар хуудсанд авагдсан “Үнэлгээний тайлангийн, хөрөнгийн үнэлгээ тогтооход хэрэглэсэн арга горим, тэдгээрийн нийцтэй байдал”-д үнэлгээнд хамрагдсан морьдын үнэлгээг тогтоохын тулд интернет ашиглан зарын мэдээллээс утасдаж лавлан хурдны угшилтай эсэхийг, нас зүс, аймаг, бүс, сумын наадмын амжилтуудыг тодруулан асууж  төстэй морьдын үнэ ханшны судалгааг хийн Орхон аймгийн уяачдын санал зөвлөгөөг харгалзан үнэлгээг тодорхойлсон болно” гэжээ. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээ”-г бүрэн нотлоогүй гэж үзлээ.

Иймд эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг хангахын тулд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж дахин хохирлын талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах, анхан шатны шүүхээр шийдвэрлэхдээ шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Прокурорын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 4/46 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт шүүгдэгч Д.А , Д.Ж , Д.Д , Д.С , Ц.Б  нарыг үйлдлийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар” зүйлчилэхээр тогтоожээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн “Мал хулгайлах” гэмт хэргийн заалтад 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан тул 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлаж хуулийн зүйлчлэлийг зөвтгөж оруулж ирэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3т заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

  1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/134 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ж , түүний өмгөөлөгч А.Содхүү нарын давж заалдах гомдлыг хүлээж авч, хэргийг прокурорт буцаасугай.
  2. Шүүгдэгч  Д.А , Д.Ж , Д.Д , Ц.Б  нарт авсанцагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахьхэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Ё.БЯМБАЦЭРЭН

                                      ШҮҮГЧИД                М.ХҮРЭЛБААТАР                     

                                       Д.МӨНХӨӨ