Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0491/З |
Дугаар | 128/ШШ2018/0572 |
Огноо | 2018-09-18 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2018/0572
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ф” ХХК
Хариуцагч: Гаалийн ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн улсын байцаагчийн 40/15 дугаартай актыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, өмгөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ф” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Ф ХХК нь барилга угсралт, Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Гаалийн ерөнхий газрын улсын байцаагч нар 40/15 дугаартай акт гарсан тухай мэдээд энэ актыг эс зөвшөөрч удирдлагад нь энэ актыг хүчингүй болгуулахаар хандахад 2018 оны 04 сарын 18-ны өдрийн 01-8/1723 дугаартай албан бичгээр уг акт нь хууль зүйн үндэслэлтэй гэсэн хариуг ирүүлсэн. Энэхүү актыг нэхэмжлэгч тал хүлээж аваагүй, манайд хариуцагч тал мэдэгдээгүй бөгөөд гаалийн улсын байцаагч Ц.Отэй утсаар холбогдон “40/15 дугаартай акттай танилцаж гардаж авъя” гэхэд “танайд гардуулсан, гэхдээ энд тэмдэглэсэн тэмдэглэл баримт алга, одоо бидэнд энэ акт ганц хувь л байгаа, танайд өгөх хувь байхгүй” гэсэн. Нэхэмжлэгч гаалийн бүрдүүлэлтгүй бараа улсын хилээр оруулж байгаагүй, Бүгд Найрамдах Хятад Ард улс руу шилжүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээнд гаалиар оруулж ирсэн бараагаа мэдүүлсэн байгаа тул Гаалийн улсын байцаагч Ц.О, Л.Г нарын 40/15 дугаартай акт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын гаалийн улсын байцаагчийн актаар нэхэмжлэгч “Ф” ХХК-ийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-т заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнийн дүн болох 149654950.82 /зуун дөчин есөн сая зургаан зуун тавин дөрвөн мянга есөн зуун тавин төгрөг наян хоёр мөнгө/ төгрөгийг нөхөн гаргаж, Улсын төсөвт төвлөрүүлэх гэсэн акт гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад гаалийн улсын байцаагч нар эрх бүхий этгээдээс баталсан удирдамжийн дагуу хяналт, шалгалт хийсэн гэж тайлбарладаг. Гаалийн ерөнхий газрын даргын А/134 дугаар тушаалаар хяналт, шалгалт хийх тухай баталсан боловч “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам”-ыг зөрчиж хийгдсэн гэж үзэж байна. Тус акт нь 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл “Ф” ХХК-ийн Бүгд Найрамдах Хятад Улсын банкны дансанд шилжүүлсэн үнийн дүнд тохирсон барааг гаальд мэдүүлээгүй оруулж ирсэн тул акт тавьсан. “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам”-ын 2 дугаар бүлгийн 2.2.2-т заасны дагуу “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад аудитад суурилсан бичиг баримтын шалгалт” хийх ёстой байтал санхүүгийн жил дуусаагүй байхад зөвхөн санхүүгийн баримтыг үндэслэж хяналт, шалгалт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн баримт бичгийг үндэслэж хийсэн хяналт, шалгалт нь мөн үндэслэлгүй байна.
Гаалийн хяналт шалгалт хийх ажлын хэсэг нь “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам”-ын 3 дахь хэсгийн 3.3-т “Шаардлагатай тохиолдолд шалгалтын удирдамжийн хугацааг гаалийн удирдах төв байгууллагын дарга, эсхүл гаалийн удирдах төв байгууллагын даргын эрх олгосноор бүрдүүлэлтийн дараах шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга сунгана.” гэж заасныг зөрчсөн. Удирдамжид заасан хугацаа дууссан байтал сар гарны дараа акт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Нөгөө талаар маргаан бүхий актад дурдагдаж буй бараа материал нь агуулахад байгаа эсэх, газар дээр нь очиж шалгасан эсэх нь тухай шалгалтын бичиг баримтад авагдаагүй байсан. Иймд шалгалт бодиттой хийгдсэн гэж үзэхгүй байна. Тайлант хугацаанд Бүгд Найрамдах Хятад Улсын банкны дансанд шилжүүлсэн гэх валютыг буцааж, шалгалтын тайланд 2015 оны 02 дугаар сар дууссаны дараа 2015 оны 07 дугаар сард гаальд оруулж ирсэн барааны мэдүүлгийг шалгаагүй. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын гарал үүсэлтэй барааг “С” ХХК-иас худалдаж авсныг нэхэмжлэгч байгууллага гаалийн байцаагч нарт мэдүүлсэн боловч маргаан бүхий актад энэ талаар дурдаагүй. Иймд маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ: Гаалийн ерөнхий газрын даргын 2015.07,21-ний өдрийн 87/15 тоот удирдамжийн дагуу Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын ГУБ Ц.О, Л.Г нар "Ф" ХХК /регистр:_____/-ийн 2013-2015 оны эхний хагас жилийн гадаад худалдааны болон санхүүгийн бичиг баримтад 2015.07.21-2015.09.17-ныг дуусталх хугацаанд бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийсэн.
Шалгалтын явцад тус компанийн бараа материалын тайлан, “Мөнгөн гүүр” ББСБ-аар дамжуулан Бүгд Найрамдах Хятад ард улс руу шилжүүлсэн мөнгөн шилжүүлэг, Санхүүгийн тайлан, гүйлгээ баланс, харилцахын хуулга зэргийг нягтлан шалгахад тус компани 2015 оны 4-6 сард импортоо 149,654,954.82 төгрөгийн үнийн дүн бүхий барааг гаалийн байгууллагад огт мэдүүлээгүй зөрчил илэрсэн.
Энэ зөрчлийг "Ф" ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Г.Сд танилцуулж, холбогдох нотлох баримтуудыг хуулбарлуулан тухайн компанийн санхүүгийн тэмдэг болон Г.Сгийн гарын үсгээр баталгаажуулан авсан.
Шалгалтын бүрэлдэхүүн шалгалтын үр дүнг танилцуулахаар тус компанийн захирал Д.Гтой удаа дараа холбогдсон боловч Д.Г шалгалтын үр дүнтэй танилцаагүй. Ингээд шалгалтын бүрэлдэхүүн 2015.08.07-ны өдөр “Шалгалтын үр дүнтэй танилцах тухай” гаалийн улсын байцаагчийн 51/15 тоот албан шаардлагыг "Ф" ХХК-д хүргүүлсэн,
Дээрх албан шаардлагыг хүргүүлсний дараа "Ф" ХХК-ийн захирал Гтой холбогдоход та нар актаа тавь, бид асуудлыг хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гэсэн хариу өгсөн.
Шалгалтын бүрэлдэхүүн шалгалтаар илэрсэн дээрх зөрчилд Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх заалтыг үндэслэн 149,654,954.82 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын төсөвт төвлөрүүлэхээр 2015.09.17-ны өдөр гаалийн улсын байцаагчийн 40/15 тоот актыг үйлдэж, актыг захирал Д.Год гардуулан өгсөн. Тус актыг "Ф" ХХК-ийн захирал Д.Г гардан авсны дараа 2015,12.08-ны өдрийн 01/294 албан тоотоор 40/15 тоот акттай холбоотой зөрчил нь “С” ХХК-иас худалдан авсан бараа бөгөөд энэ барааг “С” ХХК нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу Гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн тул дээрх актыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэдэг хариуг ирүүлсэн Шалгалтын бүрэлдэхүүн Гаалийн тухай хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх заалтыг үндэслэн Төрийн банк, Хаан банк, Голомт банкин дахь “Ф” ХХК-ийн нэр дээрх дансуудыг хаалгах арга хэмжээг авсан. ” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Гаалийн тухай хуульд гаалийн улсын байцаагчийн гаргасан шийдвэрт тодорхой гомдол гаргах хугацаа болон хэнд гомдол гаргах тухай тодорхой заасан. Маргаан бүхий акт нь 2015 оны 08 дугаар сард гарсан. Үүнээс хойш 3 жил өнгөрсөн байтал шүүхэд одоо нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2015 оны 06 дугаар сарын 30-ны буюу 2015 оны эхний хагас жилийн санхүүгийн бичиг баримтад шалгалт хийсэн. Гаалийн тухай хуульд зааснаар “бүрдүүлэлтийн дараах шалгалт гэдэг нь гаалийн хяналтаас гаргах буюу эзэнд нь олгох зөвшөөрөл бичсэний дараа санхүүгийн бичиг баримтад нь суурилж бүрдүүлэлтийн дараах шалгалт хийнэ” гэж тодорхой заасан. Санхүүгийн бичиг баримтад тулгуурлаж 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шалгалт хийсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас 2015 оны 07 дугаар сард авсан бараа гэж ярьдаг. Хагас жилийн өмнө мөнгө шилжүүлж, барааг орлогод авсан боловч түүнийг зарлагдсан байдаг. Гаалиар орж ирээгүй барааг зарлагдсан байгаа нь үндэслэлгүй юм. Бараа, материалаа “С” ХХК-иас худалдан авсан гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Түүнийгээ нэхэмжлэгч байгууллага 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр импортолсон. Манай байгууллага Бүгд Найрамдах Хятад Улсаас авлагатай байгаа учраас 2015 оны 07 дугаар сараас хойш оруулж ирсэн хэмээн гаалийн байгууллагад албан бичиг, гомдлоо гаргасан.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Мөн хугацаа сунгаагүй гэх асуудал яригдаж байна. Манай байгууллага шалгалт хийсний дараа гарсан актын үр дүнг танилцуулахаар “Ф” ХХК-ийн захирлыг нь удаа дараа дуудсан. Актын хугацаа дууссан байтал нэхэмжлэгч тал акттайгаа танилцахгүй байсан. Иймд уг актыг хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Ф ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "Ф" ХХК-иас тус шүүхэд хандаж “Гаалийн улсын байцаагчийн 40/15 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...гаалийн бүрдүүлэлтгүй барааг улсын хилээр оруулж байгаагүй, Бүгд Найрамдах Хятад Ард улс руу шилжүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээнд оруулж ирсэн бараагаа гаальд мэдүүлсэн...” гэж тодорхойлсон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга Д.Жы баталсан 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 87/15 дугаар удирдамжийн дагуу нэхэмжлэгч компанийн 2013-2015 оны эхний хагас жилд импортолсон барааны гаалийн бүрдүүлэлтийн болон холбогдох санхүүгийн баримтад Гаалийн улсын байцаагч Ц.О, Л.Г нар шалгалт хийж “...2016-2017 онд бүрдүүлэлтийн дараах шалгалтыг дахин оруулах, Гаалийн ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын албанд “Ф” ХХК-ийн шалгалтын талаарх мэдээллийг бүртгүүлэн өндөр эрсдэл бүхий аж ахуйн нэгжид хамааруулан биет болон бичиг баримтад хийх гаалийн үзлэгийг бүрэн хэмжээгээр шалгаж, эрсдэлийн улаан төлөвөөр гаалийн бүрдүүлэлтийг хийлгэж байх, тус компанийн Бүгд Найрамдах Хятад Ард улсаас авдаг барааг зуучлан гаалийн хилээр нэвтрүүлэн гаалийн байгууллагад мэдүүлж барааг тус компанид хүлээлгэн өгдөг гэх “М” ХХК-д гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх саналыг тус тус гаргажээ.
Түүнчлэн хариуцагч Гаалийн улсын байцаагч Ц.О, Л.Г нар 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 40/15 дугаар бүхий “Барааны үнийг гаргуулах тухай” Гаалийн улсын байцаагчийн актаар нэхэмжлэгч компанийг 2015 оны 4-6 дугаар саруудад Бүгд Найрамдах Хятад Ард улсаас худалдан авсан барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэж Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д заасныг баримтлан уг барааны үнийн дүн болох 149 654 954 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх, уг мөнгийг Гаалийн ерөнхий газрын Төрийн сан дахь дансанд шилжүүлэхийг нэхэмжлэгч компанийн захирал, ерөнхий нягтлан бодогч нарт хариуцуулжээ.
Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтаас гаргах зөвшөөрөл олгосны дараа гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах, мэдүүлэгчийн экспорт, импортын үйл ажиллагаанд гаалийн хяналт хийх зорилгоор гаалийн байгууллага бүрдүүлэлтийн дараахь шалгалтыг явуулна” гэж, 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх хэсэгт “барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хууль бус нэвтрүүлсэн бол аж ахуйн нэгж байгууллагыг 100 000-150 000 төгрөгөөр торгож тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хариуцагч нар нь нэхэмжлэгч компанийн гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах, мэдүүлэгчийн экспорт, импортын үйл ажиллагаанд бүрдүүлэлтийн дараах шалгалтыг явуулж улмаар хуулийн 249.3-д зааснаар баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлтэй, хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж, хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө... захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл Гаалийн улсын байцаагч Ц.О, Л.Г нарын 40/15 дугаар бүхий “Барааны үнийг гаргуулах тухай” акт нь 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөр огноолон гарсан хэдий ч уг актад заасан төлбөр нь нэхэмжлэгч компанийн “...2015 оны 4-6 дугаар саруудад Бүгд Найрамдах Хятад Ард улсаас худалдан авсан барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй” гэх захиргааны зөрчилд ногдуулсан шийтгэл, уг зөрчил нь хугацааны хувьд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх хугацаанд хамаарч байх тул дээрх актаар нэхэмжлэгч компанид ногдуулсан захиргааны шийтгэлийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.
Иймд Гаалийн улсын байцаагч Ц.О, Л.Г нарын, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 40/15 дугаар бүхий “Барааны үнийг гаргуулах тухай” Гаалийн улсын байцаагчийн актаар Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч компанид ногдуулсан 149 654 954 төгрөгийн төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулан өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э нарын, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 211820033 дугаар шийтгэлийн хуудсаар “Ф” ХХК-д ногдуулсан 149 654 954 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН