Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 183/шш2021/02886

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 08 өдөр  

      Дугаар 183/ШШ2021/02886

                      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “**********ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Ха

 

Хариуцагч: Ховогтой, Д,М д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, дүгээр хороо,  дүгээр гудамж,  тоотод оршин суух, регистрийн дугаар/

 

Хариуцагч:И овогт Ц.М холбогдох,

/Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, дүгээр гудамж, оотод оршин суух, регистрийн дугаар /

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.954.666 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц, М.М хариуцагч Д.М, нарийн бичгийн дарга Д.Содбилгүүн нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.М Ц.М нар “**********ББСБ” ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ***** тоот Зээлийн гэрээ байгуулан, 6 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэйгээр 8.000.000 төгрөгийг зээлсэн. Хариуцагч нараас хүсэлт гаргасны дагуу 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр *****-01 дүгээр Зээлийн сунгалтын гэрээг байгуулж 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зээлийн гэрээний хугацааг сунгасан. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр *****-02 дугаар Зээлийн сунгалтын гэрээг байгуулж 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл гэрээний хугацааг сунгасан, 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр *****-02-01 дүгээр Зээлийн сунгалтын гэрээг байгуулж 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацааг сунгасан, 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдөр *****-03 дугаар Зээлийн сунгалтын гэрээ байгуулж 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацааг сунгаж, зээлийн төлбөрийн графикийг өөрчилсөн. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нар одоогийн байдлаар зээлийн хүүд 7.680.000 төгрөг төлсөн болно. 2021 оны 9 дүгээр сарын 27-ны байдлаар үндсэн зээл 8.000.000 төгрөг, зээлийн хүү 2.570.666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 384.000 төгрөг, нийт 10.954.666 төгрөгийн төлөлт хийгдээгүй тул зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч нараас 10.954.666 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр *****тоот “Хөрөнгө барьцаалах гэрээ”-г байгуулан Ц.М, Д.М нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат 11 гудамж,**** тоот хаягт байрлалтай, 50.9 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ц.Мгийн эзэмшлийн **** УБК улсын дугаартай, Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг тус тус барьцаалсан тул хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нөхөр Ц.Мгийн хамт өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, автомашинаа барьцаалж 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “**********ББСБ” ХХК-иас 8.000.000 төгрөгийн зээл авсан. Зээл авснаас хойш зээлийн хүүд 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 6 сарын хүү 1.920.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 6 сарын хүү 1.920.000 төгрөг төлж, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гэрээний хугацааг сунгах хүсэлт өгсөн. Улмаар 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 6 сарын хүү 1.920.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 6 сарын хүү 1.920.000 төгрөг төлсөн. Хүүгээ бүрэн төлж зээлийн гэрээгээ дахин сунгасан. 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэмж 320.000 төгрөг хийснээр нийт хүүд 8.000.000 төгрөг төлсөн. Үндсэн зээлтэйгээ тэнцэх хэмжээний хүү төлчхөөд байхад 10.954.666 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд зээлийн хүүгийн хэмжээг багасгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “**********ББСБ” ХХК-тай гэрээ байгуулж, 8.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлөлтөд 8.000.000 төгрөг төлсөн боловч зөвхөн хүүд тооцож дахин 10.954.666 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Энэ их хэмжээний хүү, алдангийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Мөн гүйлгээний утга дээр нэрээ бичиж хийсэн 32.000 төгрөгийн төлөлт тооцогдоогүй байна. Тухайн үед холбогдож хэлж байсан. Ц.М миний хувьд 2010 онд ахуйн ослоор баруун гарын сарвуугаа тайруулсан учир хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан ба одоо тахир дутуугийн тэтгэмж авдаг. Мөн 2010 онд зүрхний шигдээсээр өвчилж эмчийн хяналтад байдаг. Дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас улс даяар эдийн засгийн хямралтай энэ үед их хэмжээний хүү алданги тооцож нэхэж байгаа нь үнэхээр хүнд байна. Энэ бүгдийг харгалзан үзэж, хүү алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан хотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“**********ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.М Ц.М нарт холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.954.666 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            1. Д.М Ц.М болон “**********ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ***** дугаар “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “**********ББСБ” ХХК-иас 8.000.000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд буюу 6 сарын хугацаатай зээлдэгч Д.М Ц.М нарт шилжүүлэхээр тохиролцсон, мөн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн *****-01 дүгээр “Зээлийн сунгалтын гэрээ”, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн *****-02 дугаар “Зээлийн сунгалтын гэрээ”, 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн *****-02-01 дүгээр “Зээлийн сунгалтын гэрээ”, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн *****-03 дугаар “Зээлийн сунгалтын гэрээ”-ээр гэрээний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар сунгахаар тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тухай гэрээг талууд байгуулжээ.

 

Уг гэрээний дагуу зээлдүүлэгч “**********ББСБ” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 8.000.000 төгрөгийг зээлдэгч Д.М Ц.М нарт шилжүүлсэн, зээлдэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс зээл төлөлтийн хуваарийг зөрчиж, 2021оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш зээл, түүнийг хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга болон Зээл, хүүгийн тооцоолол гэсэн баримтаар нотлогдож байх бөгөөд хариуцагч тал “...зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг татгалзаагүй” тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ цуцлах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “**********ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Д.М Ц.М нараас зээлийн гэрээний дагуу /гэрээ цуцлагдсан өдөр 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр/-ийн байдлаар үндсэн зээл 8.000.000 төгрөг, зээлийн хүүд 2.570.666 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 384.000 төгрөг, нийт 10.954.666 төгрөгийг шаардах эрхтэй хэдий боловч Коронавирус (Ковид-19)-ын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгаатай холбогдуулан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 50 хувиар багасгаж, хариуцагч Д.М Ц.М нараас зээлийн хүү 2.570.666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 384.000 төгрөг, нийт 2.954.666 төгрөгийн 50 хувь болох 1.477.333 төгрөгийг мөн үндсэн зээл 8.000.000 төгрөг, нийт 9.477.333 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “**********ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.477.333 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            2. Д.М Ц.М болон “**********ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *****дугаар “Хөрөнгө барьцаалах гэрээ”-ээр барьцаалуулагч Д.М Ц.М нар өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат 11 дүгээр гудамж,**** тоот хаягт байршилтай, 50.9 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, уг хаягт байршилтай **** нэгж талбарын дугаартай, 268 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, мөн **** УБК улсын дугаартай, Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг барьцаалагч “**********ББСБ” ХХК-д барьцаалсан байх тул Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд уг барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй юм.

 

            Шүүхээс хариуцагч Ц.Мд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн бөгөөд тэрээр “шүүх хуралдаанд ирэх боломжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасныг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч Д.М Ц.М нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.477.333 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “**********ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.477.333 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Д.М Ц.М нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Д.М Ц.М нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат 11 дүгээр гудамж,**** тоот хаягт байршилтай, 50.9 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, уг хаягт байршилтай ***** нэгж талбарын дугаартай, 268 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж олсон орлогоос, мөн **** УБК улсын дугаартай, Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “**********ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 190.224 төгрөгийг, 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.М Ц.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 236.787 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ж.СЭМЖИД