Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 136/шш2022/00033

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 136/ШШ2022/00033

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймаг, Х сум, .... дугаар баг, Атад хаягтай, А овогт Дгийн С /РД:......../,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д аймаг, С сум, ... дугаар баг, Ц х хаягтай, Х овогт Тийн Д /РД:......../,

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай болохыг тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.С,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С хамтын амьдралтай болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1. Би нөхөр Дтой 1983 онд танилцаад 1983 онд том охин С.Угийг төрүүлсэн. Нөхөр Д нь 1984 онд 18 насандаа цэргийн албанд явж 1986 онд халагдаж ирэхэд нь Д аймгийн Х сумын С гэх газарт одоог хүртэл хамт амьдарч байгаа Бид хоёр нэг нутгийн хүмүүс юм. Би тэр үед өөрийн төрсөн ахын хамт амьдардаг байсан. Манай аав, ээж намайг 13 настай байхад нас барсан. Бид хамтран амьдарч байх хугацаанд гурван хүүхэдтэй болсон. Манай хоёр дахь хүүхэд Б 1988 онд төрсөн. Харин бага хүүхэд Б 1990 онд төрсөн. Бид хоёр багаасаа нэг нутагт мал хариулж танилцаж, хөдөө хамтдаа амьдарч байсан учраас гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул хүүхдүүдээ миний нэрээр овоглосон гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 1982 онд Д аймгийн Х суманд анх танилцаж байсан. Тухайн үед бид хоёр мал, маллаж нэг нутагт нутагладаг байсан. Дараа нь би 1984 онд Цэргийн албанд явсан. Тухайн үед том охин Уг төрсөн. Би 1986 онд цэргийн албанаас ирээд эхнэр Д.Стай, охины хамт амьдарч байсан. Бид хоёр хамтран амьдарч байх хугацаандаа гурван хүүхэдтэй болсон. Тухайн үед гэрлэлтийн баталгаагүй учраас хүүхдүүд бүгд ээжээрээ овоглосон. Би Д.Стай танилцахаасаа өмнө өөр гэр бүл зохиож, гэрлэлтээ бүтгүүлж байгаагүй, өөр хүнтэй хамтран амьдардаггүй байсан гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 22....... дугаартай гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11/84 дугаартай Д аймгийн Х сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Т.Дын тодорхойлолтын хуулбар, Сгийн Угийн төрсний гэрчилгээний хуулбар, Сгийн Бгийн төрсний гэрчилгээний хуулбар, Сгийн Бгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 214401001381 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, 2017-2019 оны, 2021 оны бичилтүүдтэй хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, 1991-1993 оны А дансны хуулбар, гэрч Т.Хгийн иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолтын хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22.... дугаартай Т.Дын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, фото зураг зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрч Т.Х, Т.Д нарыг асуусан тэмдэглэл зэргийг хэрэгт хавсаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Д.С нь Т.Дтой 1986 оноос хойш одоог хүртэл хамтын амьдралтай болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.С нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Дтой 1983 оноос одоог хүртэл хамт амьдарч, тэдний дундаас 1983 онд охин С.У, 1988 онд хүү С.Б, 1990 онд охин С.Б нар төрсөн байна. (хавтаст хэргийн 6-18 тал)

Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Т.Хн нь би Д.Сг танина. Манай ахын эхнэр нь юм. 1986 оноос хойш одоог хүртэл хамтран амьдарч байгаа. ... энэ хоёр хамтран амьдраад 3 хүүхэдтэй болсон. Гэрч Т.Дын танина, би хамт амьдардаг, нөхөр нь. ... гэрлэлтээ батлуулна гэж бодохгүйгээр л хамтдаа амьдарсаар ирсэн. гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.Сг 1986 оноос хойш одоог хүртэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Дтой хамтын амьдралтай болохыг тогтоох үндэслэлтэй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Сс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь хэсэгт зааснаар А овогт Дгийн С /РД:......../-г Х овогт Тийн Д /РД:......../-той 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АРИУНЗУЛ