Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 136/шш2022/00034

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 136/ШШ2022/00034

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д аймаг, Х сум, ... дугаар баг, А хаягт оршин суух А овогт Дгийн С /РД:ЕЛ........./

   Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Миний бие 18 настайдаа Д аймгийн Х сумын А баг Ш-Ө нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан. 1991 онд Ш-Ө нэгдэл хувьчлагдаж тараад нөхөр Т.Дын хамт Д аймгийн Х сумын С гэх газарт одоог хүртэл мал маллаж, малчнаар ажиллаж байна. Намайг тус нэгдэлд ажиллаж байсан үеийн тушаалуудыг архиваас хайлгасан боловч 1990 оны тушаалууд шатсан учраас зарим хүмүүсийн тушаалууд нь гарах боломжгүй гэж хэлсэн. Би өөрийнхөө шүүлгэхэд ямар ч тушаал олдоогүй. Энэ талаар удаа дараа очсон. 1990 оны төрсөн хугацааны амралтын тушаал байсан. Иймд намайг Д аймгийн Х сумын Ш-Ө нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс Д.Сгийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 224 дугаартай Д.Сгийн цалингийн тодорхойлолтын хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 370 дугаар Д.Сгийн цалингийн тодорхойлолтын хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 435 дугаар Д.Сгийн 1992-1993 оны цалингийн тодорхойлолт, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 471 дүгээр архивын тодорхойлолт, Д аймгийн Х сумын .. дүгээр багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11/83 дугаартай албан бичиг, Д.Сгийн малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, гэрч Л.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Х.Мын иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Б, Х.М нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Д.С нь Д аймгийн Х сумын Ш-Ө нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.С нь Д аймгийн Хг сумын Ш-Ө нэгдэлд малчнаар ажиллаж 1985 оноос 1990 оныг дуустал, 1992 оноос 1993 оныг дуустал хугацаанд цалин авч байсан (хавтаст хэргийн 6, 7 дугаар тал), мөн түүнийг Ш-Ө нэгдэлд ажиллаж байсан талаар гэрч Л.Б, Х.М нар мэдүүлж байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Д аймгийн Х сумын Ш-Ө нэгдэлд малчнаар ажиллаж 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж тодорхойлсон байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар А овогт Дгийн С /РД:ЕЛ....../-г Д аймгийн Х сумын Ш-Ө нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

                  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АРИУНЗУЛ