| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 166/2024/0097/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/361 |
| Огноо | 2024-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0097/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа,
улсын яллагч Т.Дэлгэрсайхан,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000112 дугаартай хэргийг 2024 оны 06 сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авсныг, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт**************, /РД:******* /, 1995 оны 05 сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “************** ” ХХК-нд экскаваторын оператор ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт*******,*******, тоотод байнга оршин суух бүртгэлтэй. Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 20:00 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагчд агсам согтуу тавьж, амгалан тайван байдлыг алдагдуулж, хуваарьт болон дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан,
Мөн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 19:00 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагчтай хэрүүл маргаан үүсгэж, эрүүл мэндэд нь хууль бусаар халдаж зодсон,
2024 оны 02 дугаар сарын 04-ний шөнийн 04:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн тоот гэртээ хамтран амьдрагчтай маргалдан, нүүрэн тус газарт нь “Самсунг эс8” маркийн гар утсаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* : “Нэмж ярих зүйл байхгүй. Хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг өгөв.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,
Хохирогчгийн өгсөн: “...*******ыг унтаж амар гээд байж байхад “одоо бүх юмыг чинь хагалаад самраад өгье” гэж орилоод байхаар нь би дөхөж очоод унтаж амрахгүй бол гэрээс яв гэж хэлэхэд өөрийнхөө гар утсыг миний дух руу шидсэн. Тэгэхэд миний духнаас цус гарсан. Гар утасных нь дэлгэц нь хагараад эвдэрчихсэн.
...2023 оны 08 сард мөн гэртээ архи ууж ирчихээд элдэв бусаар хэлээд агсам тавиад толгой руу гараараа 2-3 удаа цохиж зодсон. ...2023 оны 11 дүгээр сард гэртээ согтуу ирчихээд агсам тавиад гэр орныхоо эд зүйлийг эвдэж гэмтээгээд, миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
Насанд хүрээгүй гэрч өгсөн: “... эгч “наадахаа гэрээс гаргаж зайлуул” гэж хэлэхэд “чи намайг гэрээс хөөлөө, одоо чамайг ална” гэж хэлээд өөрийнхөө утсыг миний мөрөн дээгүүр давуулаад эгч рүү шидсэн. Тэгэхэд шидсэн утас нь эгчийн духанд очиж оноод цус гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 178 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...гийн биед духанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.” /хх-ийн 32-33/,
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: “...Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөртөө дүгнэлт хийж байгаа. ...Намайг архи уухаар л бид хоёрын дунд хэрүүл маргаан гараад байдаг юм...” мэдүүлэг /хх-ийн 44/,
Шүүгдэгч ******* нь******* дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 673 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл,
2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар баривчлах шийтгэлээр тус тус шийтгүүлж байсан талаарх шийтгэврийн хуулбарууд /хх-ийн 56-65/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой, Монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 20:00 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагчд агсам согтуу тавьж, амгалан тайван байдлыг алдагдуулж, хуваарьт болон дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан,
Мөн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 19:00 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагчтай хэрүүл маргаан үүсгэж, эрүүл мэндэд нь хууль бусаар халдаж зодсон,
2024 оны 02 дугаар сарын 04-ний шөнийн 04:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн тоот гэртээ хамтран амьдрагчтай маргалдан, нүүрэн тус газарт нь “Самсунг эс8” маркийн гар утсаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тухайн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг:
Энэ хэргийн улмаас хохирогчгийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч *******ыг ь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх, эрүүгийн хуулийн 6.8 болон 6.9-г журамлан оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 хоногийн хорих ялаар сольж тооцож, нийт 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлтэй анги байгууллагад эдлүүлж, шүүгдэгч цагдан хорих хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 141,750 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хохирогчгийн хувьд эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч гэр бүлийн хамаарал бүхий хүн учраас шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй гомдол саналгүй гэж хэлсэн тул шийтгэх тогтоолд гарах төлбөргүй гэж үзэж байна. Шийтгэл тогтоолд хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг өгч өнөөдрөөс таслан сэргийлэх арга хэмжээ авах” санал, дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар дээрх ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 8 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 8 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН