Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/028

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл, 

Хохирогч Д.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Ж.Мөнхсоёл нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ж.Мөнхсоёлд холбогдох эрүүгийн 20170500003 тоот хэргийг 2017 оны 01 сарын  30-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* Мөнхсоёл,     

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Мөнхсоёл нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн нутагт байрлах “Уранхайрхан” ресторанд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн ******* хувийн таарамжгүй байдлын улмаас марган улмаар шанаан тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                          /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

“...Би шинэ жилийн арга хэмжээн дээр өвлийн өвгөн болсон юм. Тэгээд үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаад 21 цагийн орчим ажилчидад бэлгээ тараасан. Хамгийн сүүлд Ж.Мөнхсоёлд бэлэг гардуулчихаад гар барьсан чинь Ж.Мөнхсоёл бэлэг авчихаад “үнсдэггүй ямар тэнэг өвгөн бэ” гэж хэлсэн... Ингээд Сумын засаг даргын орлогч Соронзонбаатар гэх залуу үг хэлж байсан чинь хажууд нь очоод микрофонийг нь булааж аваад үг хэлхээр нь би “Мөнхсоёлоо чи болиоч ээ, хамт олноо битгий доромжил, наана чинь хүн үг хэлж байна, хамт олноо хүндлээчээ, шинэ жилийг ингэж тэмдэглэдэггүй юм” гэж хэлсэн. Тэгэхэд “миний өмнөөс дугардаг хэн бэ” гээд барьж байсан микрофониороо цохих гээд байсныг хүмүүс болиулсан. Тэгээд би хувцас солих өрөөнд ороод байж байтал араас Ж.Мөнхсоёл дарга орж ирээд чи муу пизда энд юу хийж сууж байгаа юм бэ, зайлаачээ гээд шууд миний зүүн шанааруу гараараа нэг удаа цохьсон. Тэгсэн араас нь миний санахаар орлогч Соронзонбаатар, нийгмийн ажилтан Ууганцэцэг хоёр харагдсан. Тэд нар орж ирээд аваад гарсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/

Түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:

“Би улсад 35 жил ажиллласан. Багийн засаг даргаар 8 жил ажилласан. 2016 оны 12 сарын 22-нд байгууллагын шинэ жил тэмдэглэхээр 5 цаг 30 минутад ирсэн. Засаг дарга ирээгүй байсан. Засаг дарга Ж.Мөнхсоёл 19 цагт орж ирсэн. Батбаяр дарга үйл ажиллагааг нээсэн. Ж.Мөнхсоёлын байдал жаахан архи уусан байсан. Цахилгаан хөгжмийн хамтлаг урлагийн номер явж байсан. Засаг дарга маань орж ирээд анхны хундага тулгасан. Манай ширээн дээр тулгалт хийж байхад шогчилсон байдлаар Идэрхандыг солгой хоолойтой юм байж юун дуулах сонирхолтой юм гээд байсан. Би өвлийн өвгөн болж бэлэг гардуулах үйл ажиллагаа явж байсан. Үг хэлээд хамгийн түрүүнд удирдлагууддаа гардуулсан. Ж.Мөнхсоёл хүү минь ирж бэлгээ аваарай гэсэн өгөхөд үнсдэггүй өвгөн аав байдаг юмуу гээд байсан. Дараа  нь ширээн дээрээ ирэхэд Ж.Мөнхсоёл дарга ажлаа сайн хийнэ шүү гээд явж байсан. Засаг даргын орлогч үг хэлээд Ж.Мөнхсоёл дарга үг хэлээд үг нь арай дуусаагүй байхад хамт олноо хүндлээч, удирдлага согтуу орж ирж үзээгүй гэж хэлсэн. Залуу хүн ойлгоод хамт олноо хүндлээд хүлээж авах болов уу гэж бодож хэлсэн. Өөр бодол байгаагүй. Намайг микорфоноор цохих гэхэд манайхан хойшлуулаад холдуулсан. Ж.Мөнхсоёл дарга эндээс зайл маргааш тушаалыг чинь гаргана гээд орилоод байсан. Хувцас сольдог өрөөнд ороод сууж байсан чинь орж ирээд нүүр рүү нилээн хүчтэй цохисон. Би арагшаа налаад унахад ар талын зураг унасан. Орлогч дарга араас нь барьж аваад өрөөнөөс гаргасан. 21 цаг 30 минут болж байсан цагдаа дуудах уу гээд байхаар нь би яах юм би өөрөө очиж мэдүүлгээ өгье гэсэн” гэв.

Гэрч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“Тухайн өдөр Баянхонгор сумын шинэ жилийн арга хэмжээ Уран хайрхан ресторанд зохион  байгуулагдсан... 22 цагийн үед би үг хэлээд зогсож байтал миний хажууд Ж.Мөнхсоёл дарга гарч ирээд зогссон. Би ажилчидад баяр хүргээд үгээ хэлж дуусгаад барьж байсан микрофионоо Ж.Мөнхсоёл даргад шилжүүлсэн. Тэгээд Ж.Мөнхсоёл дарга үг хэлэх гэсэн чинь Баянхонгор сумын 4-р багийн Засаг дарга ажилтай Д.Түмэндэмбэрэл гуай ширээн дээр сууж байгаад Ж.Мөнхсоёл даргыг “чи болиоч ээ, байгууллагын шинэ жил үймүүлээд” гэх зэргээр эсэргүүцсэн. Тэгсэн Ж.Мөнхсоёл дарга Д.Түмэндэмбэрэлд “чамтай хамтарч ажиллаж чадахгүй шүү, ажлаа өгөөрэй, зайлаарай” гэж хэлсэн. Тэгээд хоорондоо хэрэлдсэн. Тэгээд Д.Түмэндэмбэрэл гуай ширээн дээрээсээ босоод хувцас сольдог өрөөрүү орсон араас нь Ж.Мөнхсоёл дарга явхаар нь би араас нь дагаад өрөөрүү ортол Д.Түмэндэмбэрэл гуай ширээний ард сууж байсан. Тэнд 2-р багийн Засаг дарга *******, ******* хоёр байж байсан. Тэгсэн тэр хоёр хоорондоо нэг нь ажлаа өгөөрэй гээд нөгөө нь зайлаарай гээд маргаж байгаад Ж.Мөнхсоёл дарга ширээн дээгүүр тэгнээд Д.Түмэндэмбэрэл гуайг цохих шиг болсон. Би Ж.Мөнхсоёл даргын араас нь тэврээд боль гээд дагуулаад гарсан. Тэгэхэд Д.Түмэндэмбэрэл гуай намайг цохьчихлоо гэж байгаа дуулдсан. Хаана нь цохьсоныг би хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

Гэрч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Д.Түмэндэмбэрэл дарга өвлийн өвгөн болоод ажилчидад бэлэг гардуулаад байсан 22.00 цагийн үед байх Сумын засаг даргын орлогч ******* баяр хүргэж үг хэлсэн тэр үед хажууд нь Ж.Мөнхсоёл дарга гарч ирээд *******ыг үг хэлээд дууссаны дараа микрофонийг Ж.Мөнхсоёл дарга аваад үг хэлэх гэсэн чинь 4-р багийн Засаг дарга ажилтай Д.Түмэндэмбэрэл гуай ширээнээсээ Ж.Мөнхсоёл даргыг чи болиоч ээ, зайлаач ээ гэх зэргээр орилоод байсан. Тэгсэн Ж.Мөнхсоёл дарга Д.Түмэндэмбэрэл гуайд чамтай хамтарч ажиллахгүй шүү ажлаа өгөөд зайлаарай гэж хэлсэн тэгээд хоорондоо хэрэлдсэн тэгээд хэсэг маргаж байгаад Д.Түмэндэмбэрэл дарга босоод яваад өгсөн хаачсаныг нь мэдээгүй. Тэгсэн Ж.Мөнхсоёл дарга босоод хувцас сольдог өрөөрүү чиглээд явхаар нь би араас нь яваад ортол Д.Түмэндэмбэрэл гуай ширээний ард сууж байсан нийгмийн ажилтан Ууганцэцэг урдаас нь хараад сууж байсан. Тэгээд Ж.Мөнхсоёл, Д.Түмэндэмбэрэл хоёр хоорондоо нэг нь ажлаа өгөөрэй гээд нөгөө нь зайлаарай гээд маргаж байгаад Ж.Мөнхсоёл дарга ширээн дээгүүр тэгнээд Д.Түмэндэмбэрэл гуайн зүүн шанаа хавид нь гараараа цохих шиг болсон тэгсэн ******* дарга тэгж болохгүй гээд Ж.Мөнхсоёл даргын араас тэврээд дагуулаад гарсан тэгэхэд Д.Түмэндэмбэрэл гуай намайг цохьчихлоо чамайг би заавал зайлуулнаа гээд орилоод хоцорсон гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Гэрч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“Д.Түмэндэмбэрэл дарга өвлийн өвгөн болоод ажилчидад бэлэг гардуулаад байсан. Хэдэн цагийн үед байсныг нь мэдэхгүй байна. Би гарч ороод тэр хавиар явж байсан чинь “Уран хайрхан” рестораны хувцас солих өрөөний урдуур гарсан чинь 4-р багийн Засаг дарга ажилтай Д.Түмэндэмбэрэл гуай ширээний ард сууж байсан тэгхээр нь би ороод даргаа юу хийж сууж байгаа юм бэ гээд хамт байж байтал гаднаас Ж.Мөнхсоёл дарга ороод ирсэн тэгснээ хоорондоо нэг нь ажлаа өгөөрэй гээд нөгөө нь зайлаарай гээд маргаж байгаад Ж.Мөнхсоёл дарга ширээн дээгүүр тэгнээд Д.Түмэндэмбэрэл даргын шанаа хавид нь гараараа цохьчихсон. Би болиоч гээд дундуур нь орсон. ******* дарга Ж.Мөнхсоёл даргын араас тэврээд дагуулаад гарсан Д.Түмэндэмбэрэл дарга Ж.Мөнхсоёл намайг цохьчихлоо шүү чи харсан биздээ гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Гэрч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“Тэр өдөр Баянхонгор сумын байгуулагын шинэ жилийн арга хэмжээ “Уран хайрхан” ресторанд зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр 22.00 цагийн үед байх Сумын засаг даргын орлогч ******* баяр хүргэж үг хэлсэн тэр үед хажууд нь Ж.Мөнхсоёл дарга гарч ирээд *******ыг үг хэлээд дууссаны дараа микрофонийг Ж.Мөнхсоёл дарга аваад үг хэлэх гэсэн чинь 4-р багийн Засаг дарга ажилтай Д.Түмэндэмбэрэл гуай ширээнээсээ Ж.Мөнхсоёл даргыг чи болиочээ, хамт олон битгий доромжлоод бай гэх зэргээр орилоод байсан. Тэгсэн Ж.Мөнхсоёл даргын царай нэг сонин болсноо Д.Түмэндэмбэрэл гуайн сууж байсан ширээн дээр нь очсон юм яриад байх шиг байсан. Бодвол хоорондоо маргасан байх. Тэгээд Ж.Мөнхсоёл дарга ширээн дээрээ ирээд сууж байсан тэгсэн Д.Түмэндэмбэрэл дарга босоод хувцас солих өрөөрүү орсон. Араас нь нийгминй ажилтан Ууганцэцэг орсон. Түүний араас 2-р багийн засаг дарга ******* эгч орсон. Би араас нь дагаад орсон. Тэгээд Түмэндэмбэрэл ахыг тайвшир гээд зогсож байтал удаагүй араас Ж.Мөнхсоёл дарга орж ирээд Д.Түмэндэмбэрэл гуайг ширээний ард сууж байхад нь Ж.Мөнхсоёл дарга ширээн дээгүүр тэгнээд Д.Түмэндэмбэрэл даргын зүүн шанаа хавид нь гараараа цохьсон” гэх мэдүүлэг /хх-н 23-24/

Шүүгдэгч Ж.Мөнхсоёлын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: 

“Би 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагын шинэ жилийн арга хэмжээнд 19.00 цагт орж үйл ажиллагаа эхэлсэн. 21.00 цагийн үед манай байгуулагын ажилтан Түмэндэмбэрэл гэх хүн өвлийн өвгөн болоод бэлэг гардуулж байсан намайг дуудаад бэлэг гардуулхаар нь би очоод бэлэг авсан чинь бэлгээ өгчихөөд цаашаа хархаар нь би та чинь бэлэг өгчихөөд үнсдэггүй юм уу гэсэн. Тэгээд өнгөрсөн. Үйл ажиллгаа явагдаж байх үед Засаг даргын орлогч Соронзонбаатар үг хэлж байсан би хажууд нь очоод зогссон. Соронзонбаатар үгээ хэлж дуусаад микрофонио надад өгсөн. Би микрофонийг аваад үг хэлж байтал Баянхонгор сумын 4-р багийн Засаг дарга ажилтай Түмэндэмбэрэл гуай чи болиоч ээ байгуулагын шинэ жил үймүүлээд гэх зэргээр орилоод намайг эсэргүүцээд байсан. Тэгхээр нь би үгээ зогсоогоод ширээн дээр нь очоод та битгий хамт олны уур амьсгал эвдээд байгаарай, дуугүй шиг байж байгаад ажлаа өгчихөөрэй гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд хувцас солих өрөөнд яваад ортол Түмэндэмбэрэл гуай нийгмийн ажилтан Ууганцэцэг, 2-р багийн Засаг дарга ******* хоёртой сууж байсан. Тэгхээр нь би ороод эндээс зайлаарай гээд үнэндээ зүүн шанаа орчимд нь гараараа нэг удаа цохьсон. Тэгэхдээ сүртэй цохиогүй. Тэгсэн миний араас Засаг даргын орлогч Соронзонбаатар, нийгмийн ажилтан Батэрдэнэ, Жанцанноров нар орж ирээд намайг аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:

“Байгууллагын шинэ жил 2016 оны 12 сарын 22-нд болж Д.Түмэндэмбэрэл дарга бид хоёрын дунд таарамжгүй харилцаа болсон. 19 цагт шинэ жил эхлээд үйл ажиллагаа явж байсан. Хамгийн сүүлд би бэлэг авсан. Тэгээд бэлгээ аваад “та хүн үнсдэггүй юм уу” гэж хэлсэн. Дараа нь орлогч даргыг үг хэлж байхад би очоод микрофонийг нь аваад үг хэлсэн чинь Д.Түмэндэмбэрэл “байгууллагын шинэ жилээр болиоч” гээд жоохон маргаан гарсан. Хувцас солих өрөөнд гар хүрсэн. Би буруутай зүйл хийсэн гэдэгтээн гэмшиж байна. Цаашид ийм зүйл гаргахгүй гэдэгт итгэлтэй байна” гэх мэдүүлэг,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 сарын 23-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн:

******* тархи доргилт, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн өдөр шинээр үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 30/,

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-Ж.Мөнхсоёлын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 44/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/

-Баянхонгор сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45/

-хохирогчийн гомдол саналгүй тухай хүсэлт /хх-ийн 29/

-Эвлэрлийн гэрээ /хх-ийн 54/ зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Мөнхсоёл нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн нутагт байрлах “Уранхайрхан” ресторанд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн ******* хувийн таарамжгүй байдлын улмаас марган улмаар шанаан тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Мөнхсоёл нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэм хор арилсан, хохирогч ******* бие бүрэн эдгэрсэн болох нь тэдний өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргасан хүсэлт, эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдийг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч ******* овогт ******* Мөнхсоёлыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхсоёлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Ж.Мөнхсоёл нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.   

4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх  бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                       

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Мөнхсоёлд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ