Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2021/02776

 

 

 

 

 

 

 

  2021        12          14                                      182/ШШ2021/02776

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 22 дугаар байр, 56 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Намсрайн Даваасүрэн /РД:УС58041339/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 20-426/Б тоот хаягт оршин суух, Бүргэд овогт Загдын Чулуунцэцэг /РД: ХИ63103169/-т холбогдох,

 

“Зээлийн гэрээний үүрэгт 2,250,000 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго  нар оролцов.  

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь :

           

Нэхэмжлэгч Н.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн З.Чулуунцэцэг нь мөнгөний хэрэгтэй байна гээп надаас  2017 оны 6 дугаар сарын 19-нд  1,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр, хоногийн 0.5 хувийн алдангийн гэрээ байгуулж авсан. З.Чулуунцэцэг нь 2017 оны 6 дугаар сарын 19-өөс 2018 оны 3 дугаар сарын 19-ний хугацаанд 9 сарын хүү болох 900,000 төгрөгийг өгсөн. Үндсэн зээл 1000 000 төгрөгийг төлөөгүй байсан.

2018 оны 3 дугаар сарын 19-нд дахин зээлийн гэрээ хийж урд төлөөгүй  1,000,000 төгрөг дээр нэмж 600,000 төгрөгийг авч, нийт 1,600,000 төгрөгийн гэрээ хийж, 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. 12 сарын хүүнд 1,920,000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээл 1,600,000 төгрөгийг төлөөгүй байсан.

2019 оны 4 дүгээр сарын 19-нд урд зээлсэн 1,600,000 төгрөгөн дээрээ нэмж 900,000 төгрөгийг зээлж аваад нийт 2,500,000 төгрөгийн зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутмын 0,5 хувийн алданги тооцохоор бичгээр байгуулсан.

 

Энэ гэрээний 2,500,000 төгрөгийн хүү 5,6,7 дугаар сард нийт 750,000 төгрөгийг төлсөн. Түүнээс хойш 8 дугаар сард З.Чулуунцэцэг нь зээлсэн мөнгөнийхөө үндсэн зээл 1,000,000 төгрөгийг буцааж төлсөн.

Үлдсэн 1,500,000 төгрөгийн хүүнд 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 2 дугаар сарын 19-ийг хүртэл 1,000,000 төгрөгийг өгсөн. З.Чулуунцэцэг нь 4 удаагийн хэсэгчилсэн мөнгөний нийт дүн 4,750,000 төгрөгийн хүүг төлсөн.

Иймд З.Чулуунцэцэгээс үндсэн мөнгө 1,500,000 төгрөг, хүү нь 300,000 төгрөг, алданги 450,000 төгрөг. Нийт дүн 2,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч З.Чулуунцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие нь Н.Даваасүрэнгээс 2,250,000 төгрөг зээлсэн. Зээлсэн мөнгөө бүгдийг нь төлж дуусгасан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...нэхэмжлэгч Н.Даваасүрэн, хариуцагч З.Чулуунцэцэг нар нь анх 2017.06.19-ний өдөр 1 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, 2017.06.19-нөөс 2018.03.19 хүртэл 9 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Энэ зээлийн гэрээгээр 1 000 000 төгрөгийг зээлдэгч З.Чулуунцэцэг хүлээн авч, гэрээний хугацааны хүүг сар тутам төлж, үндсэн зээл 1000 000 төгрөг төлөөгүй байсан.

2018.03.19-ний өдөр үлдэгдэл 1000 000 төгрөг дээр 600 000 төгрөг нэмж, 1600 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. 2019.03.169 хүртэл, 10 хувийн хүүтэй гэж тохироод 600 000 төгрөгийг хүлээн авч, хүүгээ төлсөн. Үндсэн зээл болох 1600 000 төгрөг төлөгдөөгүй.

2019.04.19-ний өдөр дээр байгуулсан гэрээний үндсэн зээл 1600 000 төгрөг дээр нэмж 900 000 төгрөг зээлэхээр болж, 2500 000 төгрөгийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр 900 000 төгрөг нэмж өгөх байсан боловч 750 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байдаг. Энэ гэрээгээр 2500 000 төгрөгийг 1  жилийн хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр тохирч 750 000 төгрөгийг авсан.

З.Чулуунцэцэг нь дээрх 3 гэрээний хувьд 1000 000 төгрөг, 600 000 төгрөг, 750 000 төгрөгийг хүлээн авч, 3 гэрээний үндсэн зээл болон хүүнд нийт 4 825 000 төгрөгийг төлсөн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж заасан байдаг.

З.Чулуунцэцэг нь эхний гэрээгээр 1000 000 төгрөг хүлээн авсан, 2 дах гэрээгээр 600 000 төгрөг, 3 дах гэрээгээр 750 000 төгрөгийг бодитой авсан. Иймд  1600 000 төгрөгийн гэрээгээр 600 000 төгрөг, 2500 000 төгрөгийн гэрээгээр 750 000 төгрөгийг хүлээн авсан тул энэ 2 гэрээг  байгуулагдсан гэж үзэхгүй.

З.Чулуунцэцэг нь энэ хугацаанд нийт 4 825 000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Даваасүрэн хариуцагч З.Чулуунцэцэгт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 2,250,000 төгрөгийг гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг  гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Даваасүрэн, хариуцагч З.Чулуунцэцэг нарын хооронд зээлийн гурван удаагийн гэрээ байгуулагдсан байна. Үүнд  

-2017.06.19-ний өдрөөс 2018.03.19 хүртэл 9 сарын хугацаатай, 1000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр бичгээр байгуулж, зээлдүүлэгч нь 1000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, гэрээний хугацаанд зээлдэгч З.Чулуунцэцэг зээлийн хүү бүрэн төлж,  харин  хугацаа дуусахад үндсэн зээл 1000 000 төгрөг төлөгдөөгүй байна./хх6/

 

-2018.03.19-ний өдрөөс 2019.03.19 хүртэл нэг жилийн хугацаатай 1600 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр бичгээр байгуулж, зээлдүүлэгч нь 600 000 төгрөгийг  хүлээлгэн өгсөн. Энэ гэрээ нь талуудын 2017 оны зээлийн гэрээний үндсэн зээл болох төлөгдөөгүй үлдсэн 1000 000 төгрөг дээр 600 000 төгрөгийг нэмж, нийт гэрээний үнэ 1600 000 төгрөг болж улмаар энэхүү гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаанд зээлдэгч нь хүү төлж, харин үндсэн зээл 1600 000 төгрөг төлөгдөөгүй байна./хх5/

-2019.04.19-ний өдрөөс 2020.04.19 хүртэл нэг жилийн хугацаатай 2500 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, зээлдүүлэхээр бичгээр гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээгээр  2017 оны зээлийн гэрээний төлөөгүй үндсэн зээл 1000 000 төгрөг, 2018 оны зээлийн гэрээний төлөөгүй үндсэн зээл 600 000 төгрөг нийт 1600 000 төгрөг дээр  900 000 төгрөг нэмж, гэрээний үнэ 2500 000 төгрөгийн гэрээ бичгээр байгуулсан үйл баримт тус тус тогтоогдож байна./хх4/

Хариуцагч нь 2017 оны гэрээний тухайд маргадаггүй, харин талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулсан хэдий ч 2018 оны гэрээгээр 1600 000 төгрөгийг,  2019 оны гэрээгээр 2500 000 төгрөгийг бодитоор шилжүүлээгүй тул энэ 2 гэрээ байгуулагдаагүй, нийт 3 гэрээний хугацаанд 2 250 000 төгрөгийг авч 4 825 000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Хэрэгт авагдсан баримтаар талууд 2017, 2018 оны гэрээний үүргийн биелэлтийг дүгнэж хамгийн сүүлд 2019 онд 2500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан болох зохигч талуудын тайлбараар тогтоогдож байгаа ба энэ нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох талаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл  талууд өмнөх 2 удаагийн зээлийн харилцааг дүгнэж 3 дах гэрээний талаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн хэлэлцэж, гэрээний гол нөхцөл буюу гэрээний үнэ, хүү, хугацаа зэргийн талаар тохиролцсон улмаар энэхүү хэлцлийг бичгээр гэрээ байгуулан гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч З.Чулуунцэцэг нь 2019.04.20-ны өдөр 750 000 төгрөгийг хүлээн авсан гэх боловч тухайн гэрээнд 2500 000 төгрөгийн хүү сарын 10 хувь гэж заасан бөгөөд зээлдэгч нь 2019.05 сараас 250 000 төгрөгийн хүү төлж байсан байдал нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-д зааснаар хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

З.Чулуунцэцэг нь 2019.04.20-ны өдрийн гэрээний үүрэгт 2019.05 сараас  2020.02 сар хүртэл хугацаанд нийт 750 000  төгрөгийн хүү төлсөн, гэрээний хугацаа дууссанаас хойш 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд 1000 000 төгрөг төлсөн тухайд нэхэмжлэгч Н.Даваасүрэн тайлбарлаж байх энэ бөгөөд энэ тухайд зохигч талууд маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчийн 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 02 сар хүртэл хугацаанд төлсөн 1000 000 төгрөгийг хүү гэж тооцсон нь үндэслэлгүй бөгөөд гэрээний хугацаа 2020 оны 04 сарын 19-ний өдөр дууссан байх тул хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй байна.

Иймд З.Чулуунцэцэгийн 2020 оны 08 сараас 2021 оны 02 сар хүртэл хугацаанд төлсөн 1000 000 төгрөгийг  үндсэн үүргээс хасаж тооцох нь зүйтэй бөгөөд гэрээний үүрэгт үндсэн зээл 500 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна.

Мөн талуудын хооронд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувиар алданги тооцохоор гэрээнд заасан тул хариуцагч нь гүйцэтгээгүй үүрэг 500 000 төгрөгийн алдангийн 50 хувь болох 250 000 төгрөгийн төлөх үүрэгтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн үүрэг 500 000 төгрөг, алданги 250 000 төгрөгийг хангаж, 1 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг удирдлага болгон

                   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч З.Чулуунцэцэгээс 750 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Даваасүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 50950 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч З.Чулуунцэцэгээс 22 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Даваасүрэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                   

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ЦОЛМОН