2021 12 13 182/ШШ2021/02750
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 19-957/А тоот хаягт оршин суух, Өөлд овогт Бямбаахүүгийн Жавзандолгор /РД: ВЮ92080329/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 11/А байр, 41 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Батбямбын Эрдэнэбаяр /РД: ВИ88011517/-т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Жавзандолгор, хариуцагч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Жавзандолгор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...миний бие 2015 онд Б.Эрдэнэбаяртай танилцан хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Алтансоёмбо төрсөн. Би нөхрийн харгис, хэрцгий зан, архидалтаас болж цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2021 оны 7 дугаар сараас тусдаа амьдарч байна. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжид амьдарч өсч торниж байна. Эцэг Б.Эрдэнэбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Эрдэнэбаяр шүүхэд бичгээр болон шүүх хуралданд гаргасан хариу тайлбартаа: ...бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2020 ооны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ миний бие нь эхнэртэйгээ эвлэрч буцаж хамт амьдрах хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Жавзандолгор нь хариуцагч Б.Эрдэнэбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Жавзандолгор, хариуцагч Б.Эрдэнэбат нар нь 2015 онд танилцаж улмаар хамтран амьдарсан ба энэ хугацаанд 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүү Э.Алтансоёмбыг төрүүлсэн, Э.Алтансоёмбо нь хариуцагч Б.Эрдэнэбаярын төрсөн хүү мөн болох нь хэрэгт авагдсан Э.Алтансоёмбын бүртгэлийн /1125790106 дугаарт төрсний гэрчилгээний хуулбар, хариуцагч Б.Эрдэнэбаярын ... хүү Э.Алтансоёмбо миний төрсөн хүүхэд мөн ... гэсэн тайлбар зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Б.Жавзандолгор, хариуцагч Б.Эрдэнэбат нар нь таарамжгүй харьцааны улмаас 2020 оны 7 дугаар сараас эхлэн тусдаа амьдарсан бөгөөд хүү Э.Алтансоёмбо нь эх Б.Жавзандолгорын асрамжид амьдарч байгаа, хариуцагч Б.Эрдэнэбаяр нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримтын талаар маргаагүй байна.
Хариуцагч Б.Эрдэнэбаяр нь төрсөн хүү Э.Алтансоёмбыг эх Б.Жавзандолгорын асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч, талууд энэ талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Э.Алтансоёмбыг эх Б.Жавзандолгорын асрамжид үлдээн шийдвэрлэж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Б.Эрдэнэбаяр нь хүү Э.Алтансоёмбыг тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу Б.Эрдэнэбаяраас тэтгэлэг гаргуулж, хүү Э.Алтансоёмбыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.Алтансоёмбыг эх Б.Жавзандуламын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.Алтансоёмбыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр тус тус сар бүр төрсөн эцэг Б.Эрдэнэбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Жавзандолгорын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эрдэнэбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Жавзандолгорт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОН