| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 182/2021/03348/И |
| Дугаар | 182//ШШ2021/02693 |
| Огноо | 2021-12-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 182//ШШ2021/02693
2021 12 07 182/ШШ2021/02693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх 33 гудамж, 1781 тоот хаягт оршин суух, Боржгон овогт Хүрэлсүхийн Энхгэрэл /РД: ЧК76101501/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 50 мянгат гудамж, 21 дүгээр байр, 28 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Авидын Тамир /РД: ХЕ75111571/-т холбогдох,
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Энхгэрэл, хариуцагч А.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Энхгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А.Тамиртай 2015 онд танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүү Э.Цэнгүүнжав төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү Э.Цэнгүүнжав эхийн асрамжид өсөж торниж байна. Одоо бид хамтран амьдрах боломжгүй тул Э.Цэнгүүнжавд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.Тамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...хүү Э.Цэнгүүнжавын эцэг мөн эсэхэд маргаан байхгүй. Шүүхэд гаргасан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Энхгэрэл нь хариуцагч А.Тамирт холбогдуулан Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Х.Энхгэрэл хариуцагч А.Тамир нар нь 2015 онд танилцаж улмаар хамтран амьдарсан ба энэ хугацаанд 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүү Э.Цэнгүүнжавыг төрүүлсэн, зохигчид гэрлэлтээ батлуулаагүйн улмаас хүү Э.Цэнгүүнжав эх Х.Энхгэрэлээр овоглож, төрсний гэрчилгээ олгогдсон, одоо хүү эхийн асрамжид амьдарч, эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн 1110003402 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл өсөж бойжиж байгаа өрхийн эмнэлэгийн тодорхойлолт зэргээр нотлогдож, хариуцагч А.Тамир Э.Цэнгүүнжавын эцэг мөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж заасан бөгөөд хариуцагч А.Тамир нь нэхэмжлэгч Х.Энхгэрэлийн Цэнгүүнжавын эцэг нь А.Тамир мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй байх тул түүнийг Э.Цэнгүүнжавын эцэг болохыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.Энхгэрэл, хариуцагч А.Тамир нар нь таарамжгүй харьцааны улмаас 2020 оноос эхлэн тусдаа амьдарсан бөгөөд хүү Э.Цэнгүүнжав эх Х.Энхгэрэлийн асрамжид хамт амьдрах болсон нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримтын талаар маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг А.Тамир нь хүү Э.Цэнгүүнжавыг тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу А.Тамираас тэтгэлэг гаргуулж, Э.Цэнгүүнжавыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Зохигчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хариуцагч А.Тамир нь 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Э.Цэнгүүнжавын төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Э.Цэнгүүнжавыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр тус тус сар бүр эцэг А.Тамираас тэтгэлэг гаргуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Энхгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Тамираас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Энхгэрэлд олгож, улсын тэмдэгтийн хураамжид 31,247 төгрөг гаргуулж улсын орлогод тус тус оруулсгай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОН