Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/466

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2024           06              19                                              2024/ШЦТ/466

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч Ж.Хосбаяр, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Хосбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410007410194 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, их хуурч мэргэжилтэй, Хан-Уул зам арчлалт ОНӨААТҮГ-д нярав ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн нарын хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 16-591 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ойнзон овогт Жаргалсайханы Хосбаяр /РД:УЗ92091435/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Хосбаяр нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Наадамчдын зам Вива ситигийн урд замд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэж Тоёота приүс маркийн 53-64 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а\ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                 Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                 1. Шүүгдэгч Ж.Хосбаярын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр 3.17 хувь согтолттой гэх,
  • Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа \2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эрх хасагдсан гэх\
  • 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны  тэмдэглэл \Ж.Хосбаяр нь 2.52 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил тогтоогдсон гэх\, шийтгэвэрийн хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоодож байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 30 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), тээврийн хэрэгслийн жолооны үнэмлэхийн гэрчилгээ (хавтаст хэргийн 35 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дахь тал) зэрэг болно.

 

  1.       Гэм буруугийн талаар:

 

                           Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Хосбаяр нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан хугацаа дуусгавар болоогүй байхад дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Наадамчдын зам Вива ситигийн урд замд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн үед Тоёота приүс маркийн 53-64 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримтыг тогтоогдлоо.

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

   Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан "согтуурсан" гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

    -"Тээврийн хэрэгслийн жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж,

      -"Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.

                     Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Ж.Хосбаяр нь урьд 2023 оны 11 дүгээр сарын 01ий өдөр согтуугаар Тоёота приус 10 маркийн 5364 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчилд холбогдож, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0239261 дүгээр шийтгэлийн хуудсаар 400,000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж үзнэ.

      Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 1 дэх хэсгийн 1.3-д “Согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж ашиглаж хувь хэмжээг тодорхойлох, эсхүл шүүх эмчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай эсэхийг зориулалтын тандагч багаж ашиглан тандалт хийж болно” гэж, мөн журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%0), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%0), илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” тус тус заажээ.

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Хосбаярыг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Наадамчдын зам Вива ситигийн урд замд согтуугаар 53-64 УНМ улсын дугаартай Тоёота приус 10 маркийн загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг “Drager 6820” загварын “ARFC-0392” серийн дугаартай, стандартын шаардлага хангасан тандагч багаж ашиглан шалгахад холбогдогч Ж.Хосбаярын амьсгал дахь спиртийн агууламж 3.17 промиль (%0) байсан нь хавтаст хэргийн 2 дахь талд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт болон эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Хосбаярыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй байна.

       Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Хосбаяр нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгджээ.

       Дээрх хугацаа дуусаагүй үед шүүгдэгч Ж.Хосбаяр нь дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Наадамчдын зам Вива ситигийн урд замд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн үед тоёота приүс маркийн 53-64 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны тогтоол, Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 13-2г/235 дугаар албан тоот, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0239261 дугаар шийтгэлийн хуудас зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

       Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

           Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

       Иймд шүүгдэгч Ж.Хосбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

      Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

  1.   Хохирол, хор уршгийн тухай:

 

Шүүгдэгч Ж.Хосбаярын үйлдсэн гэмт хэргийн улмаас ямар нэгэн хохирол учирсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

  1.      Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Улсын яллагчаас: “Шүүгдэгч Ж.Хосбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаа хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох саналтай байна” гэсэн,

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Миний үйлчлүүлэгч өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, цаашид өөрийн үйлдэл дээрээ дүгнэлт хийгээд явах боломжтой хүн, энэ гэмт хэргийн улмаас хохирол төлбөр байхгүй, 2 удаагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл жолоодсон байдаг, үүнийгээ ухаарч гэмшиж байгаа, одоо сонгуулийн ажил хийж байгаа. Тийм учраас миний үйлчлүүлэгчид торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

            Шүүгдэгч Ж.Хосбаярын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал /...32 настай, эрхэлсэн тодорхой ажилтай гэх боловч холбогдох баримтаар тогтоогдоогүй.../ зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Хосбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, түүнийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хосбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял эдэлж дууссан үеэс тоолох нь зүйтэй.

 

  1. Бусад асуудлаар:

 

           Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ойнзон овогт Жаргалсайханы Хосбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

            2. Шүүгдэгч Ойнзон овогт Жаргалсайханы Хосбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж,  2 жилийн хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч Ж.Хосбаярыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хосбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял эдэлж дууссан үеэс тоолсугай.

            5. Шүүгдэгч Ж.Хосбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.Хосбаярт сануулсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Хосбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.БАТБОЛОР