Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2018/0535

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х” ХХК         

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсөв орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э нарын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт 36,544,439.61 төгрөгийн төлбөрөөс 26,868,194.83 төгрөгийн торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж чөлөөлүүлэх”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, өмгөөлөгч Б.М, хариуцагч Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу “Х” ХХК-ийн 2012-2016 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт орсон. Тухайн хяналт шалгалтаар зөрчил илэрч нийт 36,544,439.61 төгрөгийн шийтгэлийн хуудас тавигдсан. Үүнээс 4.960.014,67 төгрөг нь нөхөн татвар, үлдсэн 31.584.424,94 төгрөг нь алданги, торгууль байна. Бид Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль /цаашид “Өршөөл үзүүлэх тухай хууль" гэх/-ийн үйлчлэлд шийтгэлийн хуудсаар тогтоосон алданги, торгууль хамаарна гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх зөрчилд үйлчлэх бөгөөд доорх байдлаар торгууль, алдангийн задаргааг харуулав. Үүнд:

1. 2013 оны зөрчилд 9,078,643.80 төгрөгийн торгууль, алданги;

2. 2014 оны зөрчилд 11,038,800,00 төгрөгийн торгууль, алданги;

3. 2015 оны зөрчилд 6,750,751.03 төгрөгийн торгууль, алданги (2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх хугацаанд хамаарах) Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ...зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4 3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ", 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” хэмээн тус тус заасны дагуу өршөөлд хамруулах үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын Улсын байцаагч Б.Б, Ш.Э нар “Х” ХХК-ийн 2012-2016 оны татвар төлөлт ногдуулалтын байдалд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар зөрчил илэрсэн. Нэхэмжлэгчид зөрчил илэрсэнтэй холбоотой маргаан байхгүй. Нэхэмжлэгч актыг хүлээн зөвшөөрч байгаа. 2015 онд батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд нэхэмжлэгчийн гаргасан зөрчил хамаарна гэх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхээр маргаж байна.

Актаар 4,960,014 /дөрвөн сая есөн зуун жаран мянга арван дөрөв/-н төгрөгийн нөхөн татвар ногдуулсан байна. 31,584,424 /гучин нэгэн сая таван зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун хорин дөрөв/-н төгрөгийн торгууль алданги ногдуулсан. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил 2012-2016 онд хамаарч байна. Өршөөл үзүүлэх тухай хууль 2015 оны  07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх захиргааны гэмт хэрэг, захиргааны зөрчлүүдийг өршөөх зохицуулалттай.

Энэ хугацааг хамааруулбал 2013 оны зөрчилд тавигдсан 9,078,643 /есөн сая далан найман мянга зургаан зуун дөчин гурав/-н төгрөг 2014 онд тавигдсан 11,038,800 /арван нэгэн сая гучин найман мянга найман зуу/-н төгрөг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн зөрчилд тавигдсан 6,750,751 / зургаан сая долоон зуун тавин мянга долоон зуун тавин дөрөв/-н төгрөгний торгууль алданги, нийт торгууль алдангийн хэмжээ 26,868,194 /хорин зургаан сая найман зуун жаран найман мянга зуун ерэн дөрөв/-н төгрөгийг өршөөлийн хуульд хамруулж өгөхийг хүссэн.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулна. Нэхэмжлэгчийн маргаж байгаа асуудал захиргааны шийтгэл гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх гэмт хэрэг буюу захиргааны шийтгэл зөрчил гаргасан этгээдүүдэд хууль үйлчилчхээр заагдсан байгаа. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно.

Шүүх хэргийн оролцогчдын маргаж байгаа хэмжээгээр өршөөлийн хуульд хамруулж актаар тогтоосон торгууль алдангийн хэмжээг багасах хууль зүйн боломжтой байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар гэмт хэрэг үйлдэж зөрчил гаргасан гэдэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүнд хамаарна. Эдгээр хуулийн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага бүрэн дэмжигдэж байна. Хариуцагч хариу тайлбартаа дурдсан байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэрэг нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө гарсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж тайлбарласан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг энэ хуулийн зорилго бусад заалтуудын харилцан хамаарал дунд ойлгож тайлбарлаж хэрэглэх нь зүйтэй. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т тодорхой заасан байгаа. Өршөөл үзүүлэх хууль нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө захиргааны зөрчил гарсан этгээдүүдэд хамаарна. Зөрчил гарсан болон шийтгэл хүлээсэн гэх 2 нөхцөлийг тус тусд нь зааж өгсөн боловч аль аль нь энэ хуулийн үйлчлэлд хамаарах үндэслэлтэй юм.

Энэ хуулийг зөрчил гаргасан этгээдүүдэд өршөөл үзүүлэх зорилгоор гарсан. Хууль тогтоогчийн санаа бодол нь акт хэзээ тавигдсан тухайн этгээдэд хэзээ шийтгэл ногдуулснаас үл хамаарч гэмт хэрэг үйлдсэн болон зөрчил гаргасан цаг хугацааг харгалзах нь энэ хуулийн гол хэрэглэх зүйл нь гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өнөөдрийн шүүх хуралд өөр шүүхийн шийдвэрийг танилцуулах боломжгүй байх. Энэ асуудлыг анхан шатны шүүх 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш гарсан татварын акт гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах болон Хяналтын шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан боловч энэ хуулийн зорилгод нийцүүлж өршөөлд хамруулах нь зүйтэй гэх шүүхийн практик байна гэж үзсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүхийн эрх хэмжээнийхээ хүрээнд 26,868,194/хорин зургаан сая найман зуун жаран найман мянга зуун ерэн дөрөв/-н төгрөгийг өршөөлийн хуульд хамруулж татварын шийтгэлийн хуудсын хэмжээг энэ хэмжээгээр багасгаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д заасан шүүхийн шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсөв орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Э, Б.Б бид Улсын төсвийн орлого хяналтын газартай харилцагч Чингэлтэй дүүргийн 04 дүгээр хороо Бенз төвийн 13,14 тоот байранд түрээсээр байрладаг “Х” ХХК-д “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Хяналт шалгалтын хэлтсийн даргын 21171000274 дугаар томилолтын дагуу 2012-2016 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалтыг хийж 2018 оны 04 сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ******* тоот шийтгэлийн хуудас гаргасан.

Холбогдогч “Х” ХХК-ийн гаргасан татварын хуулийн хугацаанд нь төлөөгүй зөрчилд Монгол Улсын татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.”, мөн ”Монгол Улсын Татварын еренхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т...алдангийн хэмжээг Засгийн газар жил бүр тогтооно”, 2013 оны 1 дүгээр сарын 12-ний өдрийн 5дугаар тогтоолд “... татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.047 хувь байхаар тогтоож, 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 38 дугаар тогтоолд “... татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.051 хувь байхаар тогтоож, 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй. 2015 оны 1 дүгээр сарын 26-ний өдрийн 25 дугаар тогтоолд “... татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.052 хувь байхаар тогтоож, 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 30 дугаар тогтоолд “... татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.0537 хувь байхаар тогтоож, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй гэсэн заалтыг тус тус үндэслэн 2013 онд 140.691.000,00 төгрөг, 2014 онд 29.529.174,80 төгрөг, 2015 онд 36.140.654,70 төгрөгийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 10.164.464,50 төгрөгийн торгууль, 4.981.367,40 төгрөгийн алданги нийт 15.148.831,90 төгрөгийн төлбөр, 2013 онд 15.374.700,00 төгрөг, 2014 онд 360.750.099,61 төгрөг, 2015 онд 59.185.980,70 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 8.412.799,04 төгрөгийн торгууль, 4.297.410,5 төгрөгийн алданги нийт 12.710.209,54 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10.2-д “энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны  шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасан тул 2013 онд хуулийн хугацаанд төлөөгүй татварт ногдуулсан торгууль алдангийн 9.078.643.80 төгрөг, 2014 онд хуулийн хугацаанд төлөөгүй татварт ногдуулсан торгууль алдангийн 9.078.643.80 төгрөг, 2015 онд хуулийн хугацаанд төлөөгүй татварт ногдуулсан торгууль алдангийн 6.750.751.03 төгрөг/2015 оны 07 сарын 02- ны өдрөөс өмнө/ нийт 26.868.194,83 төгрөгийн төлбөрийг дээрх хуульд хамааруулах үндэслэлгүй гэж үзэж байна. ” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-иас тус шүүхэд хандаж “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Б.Б Ш.Э нарын, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт 36,544,439.61 төгрөгийн төлбөрөөс 26,868,194.83 төгрөгийн торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг бүхэлд нь харьцуулан судалж үнэлээд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

  Татварын Ерөнхий Газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э нар “Х” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт иж бүрэн шалгалт хийж, 719.045.083.19 төгрөгийн зөрчил илрүүлэн 4.960.014,67 төгрөгийн нөхөн татвар, 20.489.304,71 төгрөгийн торгууль, 11.095.120,23 төгрөгийн алданги, нийт 36.544.439,61 төгрөгийн төлбөрийн акт тавьсан үйл баримт тогтоогдов

Тухайн маргаан бүхий захиргааны акт болох Улсын байцаагчийн актаар нийт 36.544.439,61 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч компаниар төлүүлэхээр шийдвэрлэсний 4.960.014,67 төгрөг нь нөхөн татвар, үлдсэн 31.584.424,94 төгрөг нь захиргааны шийтгэл буюу алданги, торгууль болох нь тогтоогдсон хэдий ч нэхэмжлэгч маргаан бүхий актын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойшхи хугацаанд хамаарах торгууль, алдангийг Өршөөлийн хуульд хамааруулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

Тодруулбол, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх зөрчилд ногдуулсан 26.868.194,83 төгрөгийн торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөх үндэслэлтэй...” гэж тодорхойлсныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч “...уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар...зөрчил нь 2015 оны 07 сарын 02-ны өдрөөс өмнө ...эрх бүхий захиргааны байгууллагын шийдвэрээр тогтоогдсон байх ёстой тул дээрх хуульд хамааруулах үндэслэлгүй” гэж маргаж байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д  “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж, хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт  2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө... захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж тус тус заажээ.

 

 

Хуулийн дээрхи заалтуудыг маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл “Х” ХХК-иас гаргасан, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх хугацаанд хамаарах захиргааны зөрчил нь дээрхи хуулийн үйлчлэлд хамаарч байх тул өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагчийн ******* дугаар акт нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гарсан боловч уг актаар “Х” ХХК-д ногдуулсан нийт 31.584.424,94 торгууль, алдангиас зөвхөн 26.868.194,83 төгрөгт холбогдох хэсэг нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гаргасан захиргааны зөрчил болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрөөс 26.868.194,83 төгрөгийн торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулан өршөөн хэлтрүүлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв..

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6,  106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э нарын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс нийт 26.868.194,83 төгрөгийн торгууль, алдангийн төлбөрийг өршөөн хэлтрүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН