Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2025/00082

 

 

 

Д.Цгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2024/04190 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2025/00295 дугаар магадлалтай,

Д.Цийн нэхэмжлэлтэй

Н.Цэд холбогдох

Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хороо, ..... зуслангийн байшин, газар чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хороо, ..... зуслангийн 129 м.кв газар, зуслангийн байшингийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч Д.Ц болохыг тогтоолгох, Д.Цийн эзэмшиж буй Чингэлтэй дүүргийн .... дүгээр хороо, ..... зуслангийн 150.....98 дугаар бүхий 129 м.кв газрын эзэмших эрхийг Н.Цэд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Н.Цэд холбогдуулан Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хороо, ............... зуслангийн байшин, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг, хариуцагч Н.Ц нь нэхэмжлэгч Д.Цд холбогдуулан Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хороо, ..... зуслангийн 129 м.кв газар, зуслангийн байшингийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч Н.Ц болохыг тогтоолгох, газрын эзэмших эрхийг Н.Цэд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2024/04190 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 000......38 гэрчилгээний дугаартай, 129 м.кв талбай бүхий газар, түүний дээрх зуслангийн байшинг чөлөөлөхийг хариуцагч Н.Цэд даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хороо, ...... зуслангийн 129 м.кв газар, газар дээрх зуслангийн байшингийн хууль ёсны эзэмшигч өмчлөгч Н.Ц болохыг тогтоож, Д.Цийн эзэмшиж буй Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ..... зуслангийн 150......98 дугаар бүхий 129 м.кв газрын эзэмших эрхийг Н.Цэд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн  төлсөн 92,071 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Цээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Цд олгож шийдвэрлэсэн.

3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2025/00295 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2024/04190 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2024/04190 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2025/00295 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтойгоор зөрчсөн гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна.

Н.Ц нь өөрийн хүүхдүүдийн хамт 1999 онд Д.Цтай харилцан тохиролцож Чингэлтэй дүүргийн ... хороо, ............ зуслангийн газарт байрлах байшинг авсан ба 2005.05.08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газрын албанд “Зуслангийн байшин худалдсан тухай” баримт үйлдэж, тус баримтад “БГД-ийн ...-р хороо, ...-р хороолол, .... тоотод оршин суугч Б.Эд Чингэлтэй дүүргийн ..... зуслангийн 115 тоот байшинг 650,000 төгрөгөөр худалдсан нь үнэн болно.” гэж дурдсан байдаг. Н.Ц нь 1999 оноос 2022 он хүртэл 23 жил лагерийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж, хууль ёсны дагуу амьдарч байна. Энэ нь фото зургууд, манаачид хөлс төлсөн баримт, зуслангийн байшин худалдан авсан тухай баримт зэргээр нотлогдоно, хэрэгт О.М нь гэрчээр мэдүүлэг өгсөн ба мөнгө авснаа хүлээн зөвшөөрдөг.

Д.Ц нь 2015 онд тухайн газрын гэрчилгээг өөрийн нэр дээр эзэмшихээр гаргуулан авсан байх ба нэхэмжлэлийг 2021 онд гаргаж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд 2021.04.22-нд анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлд хавсаргаж өгсөн газрын төлбөр төлсөн баримтууд нь өөр газрын төлбөр төлсөн буюу нэгж талбарын 150....19 дугаартай газрын төлбөр төлсөн баримтууд байгаа болно. Нэхэмжлэгч нь Д.Цгийн 2015 онд авсан газар дээрх зуслангийн байшинг чөлөөлүүлж өөрийн эзэмшилд авах, эсхүл газар дээрээсээ зуслангийн байшинг албадан чөлөөлүүлж газраа чөлөөлүүлэх эсэх нь тодорхойгүй буюу нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үндэслэсэн баримтууд нь тодорхойгүй байна.

Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тухайн зуслангийн байр нь 132 тоот, 115 тоот гэсэн 2 өөр байрнуудын талаарх баримтууд байх ба нэхэмжлэгчийн 2015 онд эзэмшихээр авсан газар дээр нь хариуцагчийн зуслангийн байшин оршиж хамаарч байгаа эсэхийг тодруулах зорилгоор тухайн газар газрын албыг оролцуулан үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх 2023 оны 02-р сарын 23-ны өдрийн 01008 шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хариуцагчийн хэргийн бодит байдлыг тогтоолгох, хуульд заасан эрхийг хязгаарласан, үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Үзлэг хийлгэснээр тухайн газар зуслангийн байшин байрладаг эсэх, байр нь хэрэгт авагдсан баримтуудад дурдагдаад байгаа 115, 132 тоот эсэхийг тодруулах, хэргийн бодит байдлыг тодруулахад чухал ач холбогдолтой байсан.

Мөн энэхүү газар дээрх лагерийн зориулалттай байшин нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө биш байтал үүнийг мөн адил чөлөөлөхөөр заасан нь хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Энэхүү лагерийн зориулалттай байшинг хариуцагчийн 1990 оноос хойш амьдарч байгаа хууль ёсны өмч хөрөнгө юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрхээр хангаагүй, 40-р зүйлийн 40.1-т "‘Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэснийг тус тус зөрчсөн буюу хэрэгт авагдсан баримтуудыг яагаад тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзсэн талаараа ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөлгүй орхисон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хууль ёсны дагуу хууль зүйн үндэслэлтэйгээр дүгнэлт өгөөгүй, үнэлээгүй зэргээр Иргэний хуулийг буруу хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2024/04190 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2025/00295 дугаар магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2025/00392 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдов.

7. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Н.Цд холбогдуулан Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хороо, ...... зуслангийн байшин, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, шаардлагын үндэслэлээ “...1972 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ зусланд гарч байсан. Тухайн үед манаачаар ажиллаж, манаачийн байранд байрлаж байсан тул зуны байшингаа 2007 онд бага охины найз Х-д зуны 3 сарын турш 200,000 төгрөгөөр түрээслэсэн. Маргаан бүхий зуслангийн газар нь 1999 онд Ц газрын ажилчдын зуслангийн зориулалтаар эзэмшилд нь бүртгэгдсэн. Тухайн үеийн Чингэлтэй дүүргийн Ц газрын хурандаа Ч.А тус зуслангийн газрыг хариуцаж байсан бөгөөд 2003.01.01-ний өдрөөс Газрын тухай хууль хэрэгжиж Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу ... газар иргэн Ч.Аийн нэр дээр шилжсэн. 2015 онд өөрийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулсан. Хариуцагч нь хууль бусаар өнөөдрийг хүртэл оршин сууж байна. Надад худалдах ямар нэгэн хүсэл зориг байгаагүй. Иймд өөрийн эзэмшлийн эд хөрөнгөө чөлөөлүүлэх үндэслэлтэй.” гэж тодорхойлсон.

8. Хариуцагч Н.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... зуслангийн газрыг 1999 онд 650,000 төгрөгөөр охины найз О.Маас худалдаж авсан. Тус газраа охин Д.Х болон өөрийн нэр дээр шилжүүлж чадалгүй Герман улсад амьдарч байгаад ирсэн бөгөөд миний хүүхдүүд 1999 оноос хойш амьдарсаар ирсэн. ... 2005.05.08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газрын албанд зуслангийн байшин худалдсан тухай баримт үйлдээд нэг хувийг нь О.М авч нэр дээр шилжүүлэхээр болж, бид  Герман улс руу буцсан бөгөөд нэр шилжүүлээгүй болохыг сүүлд мэдсэн. Газрын албаны лавлагаагаар Д.Цд 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн гэх боловч Ч.А гэх хүний нэр дээр бүртгэлтэй нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү ...” гэж тодорхойлсон.

9. Хариуцагч Н.Ц нэхэмжлэгч Д.Цд холбогдуулан Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хороо, нэгж талбарын 150......98 дугаартай, ..... зуслангийн 129 м.кв газар, зуслангийн байшингийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч Д.Ц болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг Н.Цэд шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “... Миний охин Д.Х, түүний нөхөр Б.Э нар 1999 онд ... зуслангийн 129 м.кв газар, байшинг ... Д.Ц болон түүний охин О.Маас 650,000 төгрөгөөр худалдан авсан. ... 2005.05.08-ны өдөр зуслангийн байшин худалдаж авсан талаарх баримт үйлдэж Б.Эоор гарын үсэг зуруулан авч, нэр дээр нь шилжүүлэхээр тохирсон боловч хүүхдүүд  Австри улс руу явсны дараа  тохирсноосоо буцаж 2015 онд Д.Цгийн нэр дээр гэрчилгээ гаргуулсан. Манай гэр бүлийнхэн 1999 оноос 2022 он хүртэл 23 жил зуслангийн зориулалтаар эзэмшиж, ашиглан хууль ёсны дагуу амьдарсан. Иймд зуслангийн газар, байшингийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгчөөр Н.Цийг тогтоож, газар эзэмших эрхийг Н.Цийн нэр дээр шилжүүлэхийг даалгах үндэслэлтэй.” гэжээ.

10. Нэхэмжлэгч Д.Ц нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Зуслангийн байшин худалдсан тухай баримтад нэхэмжлэгч Д.Ц болон түүний охин О.М нараас Б.Э гэх хүн маргаан бүхий газар, байшинг худалдаж авсан гэж харагдахаар байх тул Д.Х нь Б.Эыг төлөөлөн түүний хийсэн хэлцлийн харилцаанд шүүхийн өмнө шаардах эрх хэрэгжүүлэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий зуслангийн газар болон байшинг хариуцагч нарт худалдан борлуулаагүй түрээслэсэн байдаг. Миний охин О.М нь өөрийн найз Д.Хд итгэж түрээсийн гэрээ гэж бодон гарын үсэг зурж явуулсан бөгөөд худалдах-худалдан авах гэрээ  байгуулъя гэх санал гаргаагүй, ийм хүсэл зориг байсан бол Д.Хтай байгуулах  байсан. Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д "...Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно...", 58.2-д "... Дараах тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ...” гээд тус хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д "...хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн...". Мөн Д.Х болон түүний нөхөр Б.Э нарын О.Мыг хууран мэхэлсэн үйлдэл нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д "...Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй..." заасантай нийцэж байх тул 2005.05.08-ны өдөр О.М, Б.Э нарын хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэж маргасан байна.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... Маргаан бүхий газар болон байшин нь Ц газрын ажилчдын зуслан байсан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Д.Ц нь 2015 онд хууль ёсоор өөрийн эзэмшилд газрыг авсан үйл баримт тогтоогдсон. ...Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь баримтаар тогтоогдоогүй... Ч.А нь Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хороо, .... хаягт байрлах зуслангийн зориулалттай 33 м.кв талбайтай газрыг хариуцагч Д.Хд олгох талаар өргөдлийг газрын албанд гаргаж байсан бөгөөд маргаан бүхий 129 м.кв талбайтай газартай холбоогүй, өөр газрын талаарх тодорхойлолт гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Ц газрын даргын 1999.06.30-ны өдрийн 364 тоот тушаалаар маргаан бүхий газрыг Э.Б гэх хүнд олгосон байх ба хариуцагчаас тус баримтын үндсэн дээр байрыг хүлээн авсан гэж тайлбарладаг боловч баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, байрыг хүлээн авсан хэсэгт хариуцагчийн нэр бичигдсэн байгаа нь өөр балаар, сүүлд нь нөхөж бичсэн байх боломжтой. Иймд зуслангийн байшинг 1999 оноос хойш зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж байгаа гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. ... нэг ижил байшин болон газрын асуудлаар талууд маргаж, үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргасан тул үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсантай холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж дүгнэсэн.

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Магадлалд “... Маргаан бүхий газар болон байшин нь Ц газрын ажилчдын зуслан байсан бөгөөд Ц газрын даргын тушаалаар 1999 онд .... зуслангийн байшингуудыг үнэ тогтоон худалдсан. Ц газрын даргын зөвшөөрлөөр ..... зуслангийн 115 дугаартай байшинг Д.Цгийн эзэмшилд шилжүүлсэн байх боловч тус  газар нь Ч.А гэх хүний газартай давхцсан нь тогтоогдсон. Ч.А нь маргаан бүхий газрыг Д.Цгийн эзэмшил болохыг тодорхойлсноор 2015.09.17-ны өдөр тус газрыг Д.Цд эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар зуслангийн байшин болон газрыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй, гэрчийн мэдүүлэг нь өөр бусад баримтаар эргэлзээгүйгээр нотлогдоогүй, хариуцагч нь татгалзлаа баримтаар нотолж чадаагүй. Хариуцагчид хууль буюу гэрээний үндсэн дээр эзэмших эрх үүсээгүй учраас  нэхэмжлэгч нь маргаж буй газрыг шаардсан үеэс хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзнэ. Анхан шатны шүүх зуслангийн газар, байшинг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д нийцсэн. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй...” гэж дүгнэсэн.

13. Хоёр шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг адил тогтоож, үндсэн нэхэмжлэлийг ханган, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг хуулийн нэгдмэл хэрэглээнээс зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байх тул хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авч, энэ үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэв.

14. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Д.Ц нь Ц газарт олон жил ажиллаж, тус байгууллагаас өндөр насны тэтгэвэртээ гарсан, маргаан бүхий зуслангийн байр, үүнтэй адил загварын модон байрнуудын дэвсгэр газрыг Ц газар зуслангийн зориулалтаар ашиглаж байсан, улмаар зуслангийн байрыг 1990-ээд оноос Ц байгууллагын ажилтнуудын эзэмшил, өмчлөлд шилжүүлж эхэлсэн үйл баримтыг зөрүүгүй тогтоосон, зохигч энэ тухайд маргаагүй. Хэрэгт авагдсан фото зураг, бусад баримт, зохигчийн тайлбараар зуслангийн байшин гэх обьект нь газарт салшгүй бэхлэгдсэн гэж үзэх боломжгүй, үл хөдлөх эд хөрөнгийн шинжийг агуулаагүй, нэг давхар, банзаар баригдсан, ус дулааны нэгдсэн болон хувийн хангамжид холбогдоогүй, харьцангуй хуучин, гагцхүү дулааны улиралд ашиглах боломжтой модон байр байх ба энэ үйл баримтыг зохигч зөвшөөрч байна.

Хавтаст хэргийн 226 дугаар талд авагдсан Ц газрын даргын 1999.05.08-ны өдрийн 364 дүгээр “Зуслангийн байр худалдах тухай” тушаалаар зуслангийн байруудын засвар, үйлчилгээнд шаардлагатай төсөв хөрөнгийн хүрэлцээгүй байдлыг үндэслэн ..... зуслангийн байруудыг үнэ тогтоон худалдахаар шийдвэрлэсэн байх ба Ц газрын санхүү хангамжийн газрын 2015.05.28-ны өдрийн 9/626 дугаартай тодорхойлолтод Д.Цд 115 дугаартай байрыг худалдсан талаар дурджээ. 

Дээрх үйл баримтаас нэхэмжлэгч Д.Ц нь 1999 онд Ц газраас ....... зуслангийн байруудаас 115 дугаартай байрыг өмчлөх эрхийг шилжүүлж авсан байх ба энэ шилжүүлэгтэй хамт тус байрны доорх дэвсгэр газрын эзэмшил шилжсэн гэж үзэхээргүй байна. Энэ талаар хоёр шатны шүүх тухайлан анхаараагүйн улмаас хожим Д.Ц болон Н.Ц нарын хооронд хийгдсэн хэлцэл, хэлцлийн зүйл, хэлцлээр тохирсон ямар үүргээ зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэж чадаагүй, улмаар хэлцлийн төрөл, зүйлийг зөв тодорхойлж чадаагүйгээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй орхижээ.

15. Хэрэгт авагдсан баримтаар Д.Ц нь Ч.А гэх Ц байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан албан тушаалтны хамт Ц газрын ........ зусланд байрлах байр, тэдгээрийн дэвсгэр газрыг бусдын эзэмшилд шилжүүлэх арга хэмжээг хариуцаж байсан нь тогтоогдсон гэж үзнэ. Тодруулбал, Д.Ц нь тус зусланд удаан хугацаанд сахиулаар ажилласан, Ч.А нь зуслангийн байрны дэвсгэр газрын зонхилох хэсгийг эзэмшин, холбогдох байрыг дагуулан бусад этгээдэд шилжүүлж байсан нь маргаан бүхий 115 дугаар байрны дэвсгэр газрыг Д.Цд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй талаар тайлбар, тодорхойлолт гаргасан, Д.Ц энэ хаягт байрлалтай хэд хэдэн газрыг шилжүүлэн авч, бусдад дамжуулан шилжүүлсэн нөхцөл байдлуудаар тогтоогдсон гэж үзэхээр байна.

Эндээс дүгнэвэл нэхэмжлэгч Д.Ц нь 115 дугаартай зуслангийн байрыг Ц газраас шилжүүлэн авч өмчлөхдөө түүний дор байрлах дэвсгэр газрыг Ц газраас, эсхүл тус байгууллагын зөвшөөрснөөр ажилтан асан Ч.Агээс ирээдүйд олж авах итгэл үнэмшилтэй байсан гэж үзэхээр байна. Хэдийгээр 115 дугаартай зуслангийн байр нь үл хөдлөх эд хөрөнгө биш боловч зуслангийн зориулалтаар хэрэглэх боломжтой обьект болохын хувьд түүнд хамаарах газрын эзэмшлийг ирээдүйд олж авах боломж, эрхийн хамт Н.Цд 650,000 төгрөгөөр худалдсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл бүхий Д.Цгийн охин О.М, Н.Цийн хүргэн Б.Э нарын гарын үсэг бүхий гэрээ, газар шилжүүлэхийг зөвшөөрсөн Ч.Аийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, Д.Ц, Н.Ц нарын хооронд байгуулсан гэрээний зүйл нь зуслангийн байр болон уг байрны дор орших газрын эзэмшлийг ирээдүйд олж авах Д.Цгийн эрх гэж үзнэ.

16. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагчийн хүргэн Б.Этой зуслангийн байр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан тул Н.Ц энэ гэрээг үндэслэн шаардлага гаргах эрхгүй гэж маргасан. Гэвч Б.Э хэрэгт гэрчээр оролцохдоо тухайн цаг үед Н.Цийг төлөөлөн үйлдэл хийсэн нөхцөл байдалдаа маргаагүй бөгөөд түүний төлөөллийг Н.Ц зөвшөөрөн тайлбар гаргаж байх тул байр ба газрын эзэмшлийг ирээдүйд олж авах эрхийн талаарх дээрх хэлцлийг Д.Ц, Н.Ц нарын хооронд байгуулагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно” гэж заасантай нийцэх юм.

Зохигчийн хооронд байгуулсан хэлцлийн зүйл нь зуслангийн зориулалттай байр бөгөөд тэр нь худалдан авагч талд буюу түүний зөвшөөрсөн этгээдийн бодит эзэмшилд шилжиж нэхэмжлэл гарах хүртэл 22 жил өнгөрсөн байна. Хариуцагч Н.Ц нь нэхэмжлэгчийн охин О.Мд 650,000 төгрөгийг шилжүүлж, үүнээс хойш эзэмшиж байгаа үйл баримтыг нэхэмжлэгч Д.Ц мэдэж байсан гэж үзнэ. Гэвч худалдагч Д.Ц байрны доорх газрын эзэмшлийг Ч.А буюу угтаа Ц газраас эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу шилжүүлэн авсан атлаа дээрх хэлцлийн худалдан авагч тал болох Н.Ц, эсхүл түүний заасан этгээдэд шилжүүлэхээс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хэлцлээр тохирсон зүйлээ худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж үзнэ.

Хоёр шатны шүүх ийнхүү зохигчийн хооронд байгуулсан гэрээ, түүний зүйл, гэрээг төлөөлөн байгуулсан байдал, гэрээний хэрэгжилт, үүргийн зөрчил, гэрээнээс татгалзах үндэслэл бүрдээгүй нөхцөл байдлыг анхааралгүй, хүчин төгөлдөр гэрээний харилцааг зөв дүгнээгүйгээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэн алдаа гаргасныг үүгээр залруулна.

17. Нэхэмжлэгч Д.Ц 1999 онд зохигчийн хооронд байгуулсан хэлцлийг зуслангийн байр түрээслэх гэрээ гэж тайлбарлан түрээсийн гэрээний харилцаа нэгэнт дуусаж хариуцагч хууль ёсны үндэслэлгүйгээр газар, байшинг эзэмшсэн үндэслэлээр 2021 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч нэхэмжлэгчийн түрээсийн гэрээ байгуулсан гэх тайлбарыг дэмжих аливаа баримт хэрэгт авагдаагүйн зэрэгцээ Н.Эд байр шилжүүлсэн гэх баримт нь түрээсийн гэрээний агуулгыг биш худалдах-худалдан авах гэрээний утгыг илэрхийлж байгааг дурдвал зохино.

Түүнчлэн 2005 онд нэг жилийн хугацаатай түрээсэлж эхэлсэн үндэслэлээр шилжүүлсэн гэх байрыг 2021 онд буцаан нэхэмжилж байгаа нь зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь түрээсийн харилцаа байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарт эргэлзээ төрүүлэх үндэслэл болж байна.

Иймд өмнө дурдсан үндэслэлээр зохигчийн хооронд түрээсийн харилцаа бус худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд худалдагч гэрээгээр тохирсон зарим зүйлийг худалдан авагчид шилжүүлээгүй байгаа нөхцөл байдал тогтоогдсон тул зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулсан гэж үзэхгүй.

18. Хариуцагч Н.Цийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэхийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж үзнэ. Тодруулбал, газар эзэмших эрхийг ирээдүйд олж авах эрхийг Д.Ц бодитой хэрэгжүүлж 2015.09.17-ны өдөр Чингэлтэй дүүргийн засаг даргын А/497/2015 дугаартай шийдвэрээр газрын хууль ёсны эзэмшлийг өөрийн нэр дээр авсан байна. Түүнээс өмнөх хугацаанд буюу 2005.05.08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газрын албанд Н.Ц уг эрхийг шилжүүлж авахаар хандаж байсан хэрэгт авагдсан өргөдөл болон уг газар Ч.Аийн эзэмшил газартай давхцсан шалтгаанаар хэрэгжээгүй нөхцөл байдлаар тогтоогдож байна. Улмаар Д.Ц газрын хууль ёсны эзэмшлийг 2015 онд олж авсныг Н.Ц хожим буюу тус маргааныг шүүхээр хянан хэлэлцэх явцад мэдсэн гэж тайлбарлаж байх ба Н.Ц энэ талаар үүнээс өмнө мэдсэн тухайд аливаа баримт хэрэгт авагдаагүй. Иймд нэхэмжлэгч Д.Ц байр ба газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг 2021 онд шүүхэд гаргасныг Н.Ц хүлээн авч хэргийн баримтаас түүнд газар эзэмших эрх үүссэнийг мэдсэн үеэс Н.Цийн шаардах эрх үүссэн гэж үзнэ. Улмаар хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газрын эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгуулахаар сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.  

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байхаар заасан тул хариуцагч Н.Цийн сөрөг шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байна.

19. Нэхэмжлэгч Д.Ц зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулсан үндэслэлээр дээр дурдсан газарт байрлах зуслангийн модон байшинг Н.Цийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч, байшингийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг задлан шинжилж, шаардлага тус бүрийн зүйл ба үндэслэлийг хангалттай тодруулаагүйгээс Иргэний хуулийн холбогдох заалтыг маргаанд тохируулан зөв хэрэглэж чадаагүй алдааг залруулах нь зүйтэй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Д.Ц зохигчийн хооронд зуслангийн байр түрээслэх гэрээ байгуулсан нь дуусгавар болсон тул одоо байшингаа тэдний хууль бус эзэмшлээс гаргуулна гэж, хариуцагч Н.Ц нь талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний дагуу байшинг өмчлөлдөө шилжүүлэн авсан тул байшингийн өмчлөгчөөр тогтоолгож, бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах, гэрээний зүйл болох газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгуулахаар маргасан.

Хариуцагч Н.Ц нь нэхэмжлэгч Д.Ц байшингийн өмчлөл, эзэмшлийг гэрээний дагуу шилжүүлэх үүргээ биелүүлсэн атлаа хожим өөр этгээдэд байшинг дахин худалдаж, эд зүйлийг нь байшингаас гаргаж өмчлөгчийн эрхийг зөрсөн тул түүний хууль  бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг гаргасан нь худалдах худалдан авах гэрээг үндэслэсэн гэхээс илүүтэй нэгэнт өмчилж, эзэмшиж байсан зуслангийн байшингийнх нь эзэмшлийг зөрчсөн үйлдэл гэж үзэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэсэн гэж үзэхээр байна. Тодруулбал, зуслангийн байшингийн хувьд худалдагч бодит эзэмшлийг шилжүүлсэн байх ба өмнө хэсэгт дурдсанчлан уг байшин нь үл хөдлөх эд хөрөнгийн шинжийг агуулаагүй тул хөдлөх эд хөрөнгө гэж тооцогдох учиртай. Улмаар хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 ба 111.2-т заасан үндэслэлээр шилжинэ.

Хариуцагч Н.Ц хөдлөх эд хөрөнгө болох зуны байрыг эзэмшилдээ хүлээн авч, өөрийн үр хүүхэд, ач зээ нартаа 20 орчим жил эзэмшүүлж, ашиглуулж байгаа талаараа тайлбарласныг нэхэмжлэгч маргаагүй тул тус байрны өмчлөх эрх Иргэний хуулийн 111.1, 111.2.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч Н.Цд шилжсэн гэж үзнэ. Түүнчлэн зохигчийн хооронд эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулагдаагүй, худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч Д.Цгийн бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардан гаргуулах нэхэмжлэл хангагдахгүй, харин нэгэнт хүчин төгөлдөр гэрээний дагуу өмчлөх эрх шилжин ирж, гэрээ энэ хэсгээр хэрэгжсэн тул хариуцагч Н.Ц Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардан гаргуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Мөн энэхүү шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж үзнэ. Учир нь зохигчийн хооронд гэрээ байгуулагдаж, худалдан авагч эд зүйлийг эзэмшилдээ маргаангүй шилжүүлэн авсан бөгөөд худалдан авагчийн хууль ёсны эзэмшлийг нэхэмжлэгч талаас эсэргүүцэн маргалгүй 2021 оныг хүргэсэн байна. Улмаар 2021онд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар өмчлөгчийн эзэмших эрхийг зөрчжээ. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхээ зөрчигдсөн үндэслэлээр шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх 10 жилийн хугацаа энэ үеэс тоологдож эхэлнэ.

Худалдагч байшингийн эзэмшлийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн боловч газрын эрхийг ирээдүйд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, энэ хэсгээр худалдах-худалдан авах гэрээ хэрэгжээгүй байна. Хариуцагч газар эзэмших эрхийг даалгуулах тухай сөрөг шаардлагаа худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй гэж маргасан тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн тодорхойлсон гэж үзэхээр байна. Газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгуулах шаардлагын тухайд үндсэн нэхэмжлэлийн хүрээнд нэгтгэн дүгнэсэн.

20. Хоёр шатны шүүх ийнхүү гэрээний зүйл ба хэрэгжилтээс хамаарсан хууль зүйн ялгаатай үр дагаврыг анхааралгүй, эрх зүйн харилцаа, шаардах эрхийн заалтыг буруу тодорхойлж, тохирсон дүгнэлт хийгээгүй алдааг залруулж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

21. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Цгийн бусдын хууль бус эзэмшлээс зуслангийн байр болон түүний дэвсгэр газрыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Цийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэр, магадлалд оруулж, хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2025/00295 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2024/04190 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

              “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүрэг ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 150.....98, газрын гэрчилгээний 000....38 дугаартай, 129 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг хариуцагч Н.Цэд шилжүүлэхийг нэхэмжлэгч Д.Цд даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цгийн хууль бус эзэмшлээс мөн хаягт байрлах зуслангийн зориулалттай нэг давхар, модон байшинг чөлөөлүүлэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.Цийн эзэмшил, өмчлөлөөс зуслангийн зориулалттай газар, байшинг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Цийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хариуцагч Н.Цээс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Цд олгосугай.” гэснийг “...нэхэмжлэгч Д.Цгаас 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н.Цэд олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.03.24-ний өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ЗОЛЗАЯА

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                     ШҮҮГЧИД                                                  Н.БАЯРМАА

                                                                                           Д.ЦОЛМОН

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД