Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/195

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж

 Нарийн бичгийн дарга Н.Норжинлхам

 Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сугар

 Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2419001910245 дугаартай хэргийг 2024 оны 08 сарын 13-ны өдөр хүлээн авч 2024 оны 08 сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, П.Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б нь  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Э.Цыг “мөрийтэй тоглоом тоглолоо” гэж маргалдан улмаар толгойн зулай хэсэгт хоолны халбагаар цохиж зулай шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч П.Б нь  согтууруулах ундаа  хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг ... тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Э.Цыг “мөрийтэй тоглоом тоглолоо” гэж маргалдан  толгойн зулай хэсэгт хоолны халбагаар цохиж зулай шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12-р /, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-р /, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сын “...2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ...23 цагийн орчим миний гар утас дуугараад байхаар нь аваад ярьтал манай бэр П.Б уйлаад гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод хувцсаа өмсөөд Хын гэрийн гадаа очоод гэрийг нь гаднаас нь тогшоод П.Б уйлаад яриад байна, гэрт нь нэг юм болчихлоо гэж хэлсэн. Гэрт нь орж ирэхэд П.Б талийгаач Цын маань толгойгоор тэвэрчихсэн уйлаад сууж байсан. Тэгээд би том охиноос юу болсон талаар асуухад аав, ээж 2 муудалцаад ээж ганцаараа архи уугаад машин барьж гарна гэхээр нь аав гаргахгүй гэж хэлээд муудалцсан гэж надад хэлсэн...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02/32 дугаартай "Амь хохирогч Э.Цын цогцост хийсэн шинжилгээгээр зулайн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь хохирогчийн цогцост учирсан зулайн шарх гэмтэл нь нөлөөлөх боломжгүй хөнгөн гэмтэл байна.  Амь хохирогч Э.Ц нь зүрхний булчингийн эмгэгшлийн улмаас зүрхний дутагдалд орж нас барсан байна" гэсэн дүгнэлт, /хх-ийн 33-35-р тал/, гэрч Ц.Аийн "... Би хүний их эмчээр 36 жил ажиллаж байна. Үүнээс ....зүрх судлалын эмчээр 17 жил ажиллаж байна. ... Э.Ц нь анх зүрхний архаг дутагдал гэх оноштой "С" шат буюу 3 дугаар шатанд байхад ирж байсан. Нэлээн хүндэрсэн шатандаа орж ирсэн. Энэ үеэс хойш зүрх судасны эмчийн байнгын хяналтад байж эмчлэгдэж байсан төдийгүй 3 дахь шатлалын эмнэлгийн зүрх судлалын эмчид илгээж онош тохирсон тул орон нутгийн зүрх судлалын эмчид эмчлүүл гэсэн хяналтад ирсэн байсан. ...Амь хохирогч Э.Цын хувьд уг өвчний сүүлийн шатанд орсон байсан тул эхнэртэйгээ маргалдсаны улмаас нас барсан гэж хэлэх боломжгүй. Учир нь энэ хүн алхаж явж байгаад ч, шат өөд гарч байгаад ч, унтаж байгаад ч зүрх гэнэт зогсох боломжтой юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 124-125-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шинжээч эмчийн 02/32 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.Цын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж тогтоосон ба энэ нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч П.Бийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.

 Шүүгдэгч П.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

            Иймд шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирол төлбөрийн талаар: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар: Шүүгдэгч П.Бт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

 Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам нь шүүгдэгч П.Бт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сэрүүн нэртэй пивоны сав, 30 см урт иштэй металл шанага тус бүр 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газар үзлэг хийсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч П.Б нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт П.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч П.Бт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд  төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар х эрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сэрүүн нэртэй пивоны сав,30 см урт иштэй металл шанага тус бүр 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газар үзлэг хийсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АДЪЯАСҮРЭН