| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2024/0188/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/196 |
| Огноо | 2024-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Э.Намуунзул
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням
Хохирогч Г.М
Хохирогчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Д.Оюунбаатар, С.Эрдэнэсайхан
Шүүгдэгч М.Э, шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2319004290202 дугаартай хэргийг 2024 оны 07 сарын 30-ны өдөр хүлээн авч 2024 оны 08 сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.Э,
Монгол Улсын иргэн, Ж.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод Г.Мыг "гэрээсээ хөөлөө” гэх шалтгаанаар толгой хэсэгт нь өшиглөх, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн хацар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М.Э нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод Г.Мыг “Ж.Бтай муудалцлаа" гэх шалтгаанаар толгойн баруун хэсэгт нь элдүүр модоор цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Г.Мы биед халдсан асуудал байхгүй. Гомдолтой байна гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Ж.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Г.Мы баруун гарын бугалга хэсэгт нь 1 удаа цохисон, өшиглөсөн асуудал байхгүй гэсэн мэдүүлэг
Хохирогч Г.Мы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 2023 оны 2 сарын 28-ны өдөр ажлаас бууж ирээд М.Эг хойд байшинд байхад нь олон аяга овоорсон байхаар нь аягаа угаачих гэж хэлсэн,өөр асуудал болоогүй. Би гэрийн гадаа байхад гэрт хүмүүс чанга дуугараад байхаар нь орсон. Гэтэл Ж.Б намайг гэрийн босгоор тонгойгоод ороход толгойн зүүн талын орчим хөлөөрөө шууд өшиглөчихөөр нь би доош тонгойтол М.Э гурилын ганжингаар миний толгойн баруун тал руу цохисон. М.Э санаатай цохиогүй байж магадгүй. Би гомдолтой байна. Гомдолтой гэдэг нь эд нарыг уучлаарай гэж хэлэх байх гэж бодсон,гэтэл одоо болтол хэлэхгүй байгаа гэсэн мэдүүлэг
Хохирогч Г.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"... Намайг гэрт ороод очиход Ж.Б ямар ч үг дуугүй баруун хөлөөрөө миний толгойны зүүн талын чамархай хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд би газарт унасан чинь манай эхнэрийн охин М.Э миний баруун талын хацар хэсэгт модоор нэг удаа цохисон. Тэр үед би ухаан балартаж эхэлсэн. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь би хамарны цусаа гоожуулаад сууж байсан...
...2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирсэн. Би гэртээ ирэхдээ архи согтууруулах ундааны зүйлд хэрэглээгүй эрүүл саруул ирсэн... би гэрийн гадаа тамхилж байтал гэрт хүмүүс чанга дуугараад байхаар нь ороод очтол Ж.Б намайг толгойн зүүн талын орчим хөлөөрөө өшиглөчихөөр нь би доош тонгойтол М.Э гурилын ганжингаар миний толгойн баруун тал руу цохисон...
Би монгол гэрийн хаалгаар тонгойж орох үед Ж.Б миний толгой руу өшиглөсөн. Тэгснээ М.Эгийн араар очоод зогссон чинь М.Э монгол гэрийн ертөнцийн зүгээр баруун урд талд зуухны хажууд сууж байгаад түлээний хайрцаг дээр гурилын модон дээр юм хийж байснаа гурилын модон элдүүрээр миний толгой руу 1 удаа цохисон..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39, 154, 175 дугаар тал)
Гэрч Т.Уын "...Г.М гэж хүн эмнэлэгт үзүүлнэ гэж яваад 03 цагийн орчимд шахуу ганцаараа цагдаагийн газар дээр ирсэн. "Эмнэлэгт үзүүлсэн үү" гэж асуухад " Эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлгийн бичиг баримтаа та нарт үзүүлэхгүй" гэж хэлээд үзүүлээгүй. Тэгж байгаад "Намайг зодсон хүн одоо манай гэрт байж магадгүй. Эсвэл Замын-Үүд рүү явчихсан ч байж магадгүй" гэж хэлэхээр нь би жижүүрийн машинтай дэд ахлагч Э.Уын хамтаар Сайншанд сумын 3 дугаар багт байх хашаанд очсон... байшингаас эхнэр гэх эмэгтэй гарч ирсэн. Тухайн эмэгтэйтэй уулзаад "Энэ хүнийг таних уу" гэж асуухад "Наад хүн чинь манай нөхөр байгаа юм аа. Төмөр замд ажилладаг. Орой ажлаасаа согтуу ирсэн. Манайх бөө буулгаад манай ач хүү түшээ хийсэн юм. Тэгтэл би ирж түшээ хийх байсан юм. Чиний түшээ хийнэ гэж юу байдаг юм гэж манай ач хүү рүү аяга шидэж хэрүүл үүсгэсэн. Манай ач хүү рүү дайраад байсан. Манай ач хүү нүүр лүү нь цохичихсон. Дараа нь дахиад Г.М хэрүүл маргаан үүсгээд ач хүү нүүр лүү нь өшиглөчихсөн юм аа" гэж надад хэлж байсан. Би тухайн эмэгтэйд Г.М цагдаагийн байгууллага дээр "Хүнд зодуулчихлаа" гэж ирсэн талаар нь хэлэхэд "Үгүй ээ. Бид хэд өөрсдөө зодчихсон юм аа. Наад хүн чинь өөрөө болохгүй байсан юм. Зодуулчхаад цагдаа явна гэж агсам тавиад байлгахгүй байхаар нь би машинтай цагдаагийн гадаа хүргэж өгсөн. Цагдаа руу ороод алга болчихоор нь яваад өгсөн юм" гэж хэлж байсан...
...Намайг жижүүртэй байх үед иргэн Г.М нь цагдаагийн газарт хүнд зодуулчихлаа гэж ирсэн... хамт амьдардаг Ж.Быг "Аяга таваг угаасангүй" талаар маргалдсан чинь намайг цохисон гэж хэлж байсан. Тэгээд би тухайн Г.Мыг жижүүрийн машинтай гэрт нь аваад очтол эхнэр болох Улаанаа нь надад хандаж хэлэхдээ “Манай гэрт жаахан асуудал болоод байгаа юм аа. Манай зээ хүү Ж.Б нь Г.Мтай маргалдаад цохисон юм аа. Гэрт үлдээмээргүй байна" гэж хэлж байхаар нь буцаад Г.Мыг цагдаа дээр авчирсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51, 162 дугаар тал),
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02/107 дугаартай "...Г.Мы биед зүүн хацар ясны хугарал, баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн шанааны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо... Учирсан зүүн хацар ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 63-64 дүгээр тал)
Гэрч Б.Яийн "...Г.М Ж.Б руу "Чи эмээтэйгээ зайл" гээд хөөж туугаад байсан. Тэгсэн чинь Ж.Б гэрийн баруун талын орон дээр сууж байгаад босож очоод Г.Мы зүүн билүү баруун мөр лүү нь 1 удаа цохих шиг болсон..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 165 дугаар тал),
Гэрч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"...Г.М гаднаас орж ирээд л шууд Ж.Б руу маргааш эмээтэйгээ хувцсаа аваад зайлаарай гэж хэлсэн чинь Ж.Б "Та ер нь яахаараа дандаа ингэж байдаг юм бэ?" гэж хэлээд орон дээр сууж байгаад босож очоод Г.Мы баруун мөр лүү нь Ж.Б гараа зангидаж байгаад 1 удаа цохихоор нь М.Э, Я 2 Ж.Быг боль гээд татаад ор луу суулгасан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 157 дугаар тал),
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 171-173 дугаар тал) болон бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч Д.Оаас: Ж.Бын хувьд хохирогч Г.Мд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь цаг хугацааны хувьд эргэлзээтэй. 19 цагийн хувьд хохирогч,шүүгдэгч нарын хооронд маргаан болсон,гэтэл цагдаагийн байгууллагад 03 цагт очсон байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн явсан маршрутыг тогтоогоогүй, тухайн өдрөө нэгдсэн эмнэлэгт рентген зураг авхуулсан. Үүн дээр ямар нэгэн ясны хугарал гарсан гэж тогтоогдоогүй. Гэвч тухайн өдрөөс хойш 10 хоногийн дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэгдсэн эмнэлэг дээр компьютер томографын шинжилгээнд ороход шинэ хугарал гэсэн дүгнэлт гарсан, шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлт зөвхөн томографын шинжилгээнд үндэслээд гарснаас энэ гэмтлийн цаг хугацааг тодруулаагүй, Ж.Быг буруутгахдаа гэрч Ууганбат, Улаанаа нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргийг үндэслэсэн, гэтэл энэ 2 гэрч биеийнх аль хэсэгт яаж, ямар байдлаар цохиж зодсон гэдгийг аль нь ч хараагүй.
Шүүгдэгч М.Эгийн хувьд хохирогчийг цохисон гэх боловч энэ нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж заасан. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хөнгөн гэмтэл учруулсан гэх асуудалд 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрчихсөн байхад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нөхцөл байдалтай байгаа. Иймд нотлогдон тогтоогдохгүй байгаа учраас шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож,цагаатгаж өгнө үү,
Хохирогчийн өмгөөлөгчөөс: шүүгдэгч Ж.Бд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч М.Эд холбогдох үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйл ангийг хөнгөрүүлж, зүйлчлэлийг өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй, хуулийг буруу хэрэглэж зүйлчилсэн гэж үзэж байна. М.Э, Ж.Б нар нь гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй. Гэхдээ хэрэг үйлдэх явцад үйлдлээрээ санаатай хамтран оролцсон нь тогтоогдож байх тул зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэх, гэрч Г.Б, Б.Я, А нар нь шүүгдэгчтэй гэр бүлийн хамаарал бүхий, садан төрлийн холбоотой хэрэгт нэгдмэл сонирхолтой тул шүүгдэгч нарын үйлдлийг нууж, тэднийг гэм буруугүй мэтээр хохирогчийн эсрэг түүний зүй бус үйлдлийг хэтрүүлж мэдүүлсэн байж болзошгүй байна,үнэн зөв мэдүүлэг гэхэд эргэлзээтэй гэж маргаж байгааг дараах нотлох баримтуудыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах боломжгүй, шүүгдэгч Ж.Быг гэм буруугүйд тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй, тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод байх гэртээ Г.Мыг “гэрээсээ хөөлөө,дарамталдаг” гэх шалтгаанаар толгой хэсэгт нь өшиглөх, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн хацар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Г.Мы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...би гэрийн гадаа тамхилж байтал гэрт хүмүүс чанга дуугараад байхаар нь ороод очтол Ж.Б намайг толгойн зүүн талын орчим хөлөөрөө шууд өшиглөчихөөр нь би доош тонгойсон... Би монгол гэрийн хаалгаар тонгойж орох үед Ж.Б миний толгой руу өшиглөсөн...." гэсэн мэдүүлэг болон хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 06 сарын 30-ны өдөр өгсөн “ Намайг гэрт ороод очиход Ж.Б ямар ч үг дуугүй баруун хөлөөрөө миний толгойны зүүн талын чамархай хэсэгт нэг удаа өшиглөсөн...”, 2023 оны 12 сарын 22-ны өдөр өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирсэн... би гэрийн гадаа тамхилж байтал гэрт хүмүүс чанга дуугараад байхаар нь ороод очтол Ж.Б намайг толгойн зүүн талын орчим хөлөөрөө өшиглөчихөөр нь би доош тонгойсон...”, 2024 оны 04 сарын 23-ны өдөр өгсөн “монгол гэрийн хаалгаар тонгойж орох үед Ж.Б миний толгой руу өшиглөсөн” (хавтаст хэргийн 39, 154, 175 дугаар тал) гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02/107 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд энэ нь гэрч Т.Уын 2023 оны 03 сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Г.М гэж хүн эмнэлэгт үзүүлнэ гэж яваад 03 цагийн орчимд шахуу ганцаараа цагдаагийн газар дээр ирсэн. ..."Намайг зодсон хүн одоо манай гэрт байж магадгүй. Эсвэл Замын-Үүд рүү явчихсан ч байж магадгүй" гэж хэлэхээр нь би жижүүрийн машинтай дэд ахлагч Э.Уын хамтаар Сайншанд сумын ... дугаар багт байх хашаанд очсон... байшингаас эхнэр гэх эмэгтэй гарч ирсэн. Тухайн эмэгтэйтэй уулзаад "Энэ хүнийг таних уу" гэж асуухад "Наад хүн чинь манай нөхөр байгаа юм аа. Төмөр замд ажилладаг. Орой ажлаасаа согтуу ирсэн. Манайх бөө буулгаад манай ач хүү түшээ хийсэн юм. Тэгтэл би ирж түшээ хийх байсан юм. Чиний түшээ хийнэ гэж юу байдаг юм гэж манай ач хүү рүү аяга шидэж хэрүүл үүсгэсэн. Манай ач хүү рүү дайраад байсан. Манай ач хүү нүүр лүү нь цохичихсон. Дараа нь дахиад Г.М хэрүүл маргаан үүсгээд ач хүү нүүр лүү нь өшиглөчихсөн юм аа гэж надад хэлж байсан гэсэн” мэдүүлэг
2024 оны 01 сарын 18-ны өдөр өгсөн “Намайг жижүүртэй байх үед иргэн Г.М нь цагдаагийн газарт хүнд зодуулчихлаа гэж ирсэн... хамт амьдардаг Ж.Быг "Аяга таваг угаасангүй" талаар маргалдсан чинь намайг цохисон гэж хэлж байсан. Тэгээд би тухайн Г.Мыг жижүүрийн машинтай гэрт нь аваад очтол эхнэр болох Улаанаа нь надад хандаж хэлэхдээ “Манай гэрт жаахан асуудал болоод байгаа юм аа. Манай зээ хүү Ж.Б нь Г.Мтай маргалдаад цохисон юм аа. Гэрт үлдээмээргүй байна" гэж хэлж байхаар нь буцаад Г.Мыг цагдаа дээр авчирсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51, 162 дугаар тал), гэрч Г.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “бэр Болормаа орж ирээд Г.М ах Ж.Быг маргааш эмээтэйгээ зайлаарай,та нар ч гэсэн бүгдээрээ зайлаарай гэж хэлээд тэгтэл Ж.Б та дандаа манай эмээг хөөж бид нарыг дарамталдаг гээд гарын бугалга руу нь цохьсон гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг, М.Эгийн 2023 оны 06 сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн “Ж.Б Г.Мтай зодолдож байсан, би яг хаашаа цохьсон талаар харж чадаагүй,хүүхэд уйлаад хүүхдээ харж байсан” гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Гэрч У.Нийн “рентген шинжилгээ нь хүний биеийн тодорхой хэсгийг рентген туяагаар нэг хавтгайд буулгаж ерөнхий байдлаар харагдуулж авсан зураг шинжилгээг хэлдэг. Хүний биеийн рентген туяа шингээх чадвараас шалтгаанлан тухайн хүний биед байгаа эмгэг,гэмтэл зэрэг нь тодорч ч болно тодорч харагдахгүй ч байж болно. Рентген туяагаар тодроогүй гэмтэл,эмгэг зэрэг нь компьютер томографын шинжилгээгээр нарийн тогтоогддог. Г.М гэж хүний толгойн зургийн рентген шинжилгээний дүгнэлтэд ердийн рентген туяанд тодрох ясны бүтцийн болон гэмтлийн өөрчлөлтгүй байна гэсэн дүгнэлт бичсэн энэ дүгнэлтэд тухайн хүний биед учирсан гэмтэл нь рентген туяанд тодрох боломжгүй байна гэсэн үг” гэсэн мэдүүлгээр рентген зургаар ясны хугарал тогтоогддогүй болох нь тогтоогдож байх ба хохирогч М.Г.Мы биед учирсан зүүн хацар ясны хугарал нь хүчтэй доргилт битүү гэмтлийн улмаас үүсч энэ үед зүүн талын шанаа орчмоор хавдсан, баруун хацар хавдаж хөхөрсөн, зүүн шанаа хэсгээр өвдөлттэй байсан болох нь Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн 2023 оны 3 сарын 01-ний өдрийн 00:35 минутанд Яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн хуудсанд тэмдэглэгдсэн байгаа нь шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлт зөвхөн томографын шинжилгээнд үндэслэж гарсан энэ гэмтлийн цаг хугацааг тодруулаагүй гэх хүсэлт нь үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг М.Ж.Баас өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Шинжээч эмчийн 02/107 дугаартай дүгнэлтээр хохирогч Г.Мы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Харин шүүгдэгч М.Э нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 329 тоотод Г.Мы толгойн баруун хэсэгт нь гурилын элдүүрээр цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч нарын мэдүүлгээр хохирогч Г.Мы биед халдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Тодруулбал, гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газар байсан буюу ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч Г.Бийн “2023 оны 2 сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас охин Я,түүний хүүхэд,хадам ээжийн хамт хамаатны эгч болох Уийн гэрт цагаан сарын засал номоо хийлгэх ирсэн байсан. ...М.Э Г.Мтай маргалдаж муудсан зүйл болоогүй. Г.Мы биед халдаж гар хүрсэн зүйл болоогүй...”гэсэн мэдүүлэг, гэрч Б.Яийн “М.Э, Г.Мы биед халдаж цохиж зодоогүй. Тийм зүйл болоогүй” гэсэн мэдүүлгээр хохирогчийн биед халдаж ,эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл үгүйсгэгдэж байгаа болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нараас мэдүүлэг авахдаа худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд гэрч нарын мэдүүлэгт зөрүүтэй мэдүүлэг авагдаагүй худал мэдүүлэг өгсөн гэх баримт шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Хохирол төлбөрийн талаар: хохирогч Г.М нь эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 210000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлсөн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Улсын яллагчаас: шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг 2 дахин багасгаж ялын хугацааг 5 сараар тогтоох,
Хохирогчийн өмгөөлөгчөөс: шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг 2 дахин багасгаж ялын хугацааг 6 сараар тогтоох
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах, эсвэл зорчих эрх хязгаарлах ялыг 3 сарын хугацаагаар оногдуулж, 2 дахин багасгаж ялын хугацааг 1 сар 15 хоногоор тогтоох саналыг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан нэхэмжилсэн хохирлыг төлсөн болон Мэргэжлийн Сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 7 сар 19 хоногтой байсан, тогтоол гарах үед 18 нас 1 сар 13 хоногтой байгаа байдлыг харгалзан мөн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлэх ялыг 2 дахин багасгаж ялын хугацааг 1 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож,
оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт М.Эд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч А овогт Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг 2 дахин багасгаж 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын хугацааг тогтоосугай.
4.Шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН