Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2021/02259

 

 

 

 

2021       11           24

     181/ШШ2021/02259

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Н-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: ХХБ ХХК-д холбогдох,

Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний хүүгийн төлбөрт илүү суутгасан 1,659,484.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие ХХБнаас 1 жилийн хугацаатай, 12,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийг 463029927 тоот зээлийн түр дансанд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр онлайнаар авсан болно.

            Хадгаламж барьцаалсан зээл авсан тус өдөр ХХБнаас зээлийн гэрээ, зээлийн хүү, төлбөрийн хуваарь болон зээлийн мэдээллийн хүснэгт миний имэйл хаягт ирсэн. Тус гэрээний дагуу зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтэд жилийн зээлийн зарласан хүү 6 хувь бөгөөд төлөх нийт дүн 12,721,972.60 төгрөг болсон юм. Гэтэл ХХБ нь зээлийн эргэн төлөлтийн хугацаа дуусах үед 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээндээ тусгагдсанаас 1,659,484.93 төгрөгийг миний данснаас илүү татсан болно.

            Уг асуудлыг Монгол банканд гомдол гарган шалгуулахад банк, харилцагч хоорондын гэрээний эрх зүйн харилцаатай холбоотой асуудал тул хууль, шүүхийн байгууллагад хандахыг зөвлөсөн учир ийнхүү миний бие хохирлоо барагдуулах хүсэлт гаргаж байна.

            Иймд ХХБнаас эрх зүйн үндэслэлгүйгээр зээлийн хүүнд илүү татсан 1,659,484.93 төгрөгийг мөн тэмдэгтийн хураамж болох 41,502.00 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагч ХХБ ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Тус шүүхэд иргэн Ч.Нийн нэхэмжлэлтэй, ХХБанд холбогдох хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний хүүгийн төлбөрт илүү суутгасан 1,659,484.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

            Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт “Хэлцэл хийгч этгээд хүсэл зоригоо бичгээр илэрхийлэх буюу тооцоо хийхдээ илэрхий алдаа гаргасан нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй бөгөөд ийм алдаа гаргасан этгээд түүнийгээ засах эрхтэй байна” гэж заасан.

            Тодруулбал, гэрээ байгуулах санал гаргаж буй тал нь гэрээний гол нөхцөлийг бичгээр илэрхийлэхдээ буюу гэрээнд тусгахдаа илэрхий алдаа гаргасан тохиолдолд тухай этгээд өөрийн гаргасан алдаагаа засах эрхтэй байна.

            Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 42 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Банкны эрх зүйн баримт бичгийг бүртгэх тухай журмын дагуу ХХБнаас Монгол банканд бүртгүүлсэн. ХХБны Хадгаламж барьцаалсан зээлийн зааврын хавсралт 1 болох Хадгаламж барьцаалсан зээлийн нөхцөлийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Иргэдийн хадгаламж барьцаалсан зээлийн /төгрөгийн/ хүү “хадгаламжийн хүү+6,0%” байхаар заасан байдаг.       

            Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ХХБ нь өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хадгаламж барьцаалсан зээлийн хүү “хадгаламжийн хүү+6,0 хувь” байхаар нийтэд мэдээлсэн бөгөөд харилцагч Ч.Нтэй Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ байгуулах үед системийн алдаа гарч зээлийн хүүгийн хэмжээ жилийн 6 хувь байхаар гэрээнд заасан нь илэрхий алдаа байсан тул ХХБны зүгээс авбал зохих зээлийн хүүгийн зөрүүг тооцож авсан болно.

            Хадгаламж барьцаалсан зээлийн хүү “хадгаламжийн хүү+6,0 хувь” байхаар нийтэд нэгэнт мэдээлсэн байсан бөгөөд хадгаламжийн хүүнээс бага хүүтэй зээл олгох боломжгүй гэдэг нь илэрхий асуудал юм.

            Иймд дээрх үндэслэлээр ХХБ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч ХХБ ХХК-д холбогдуулан хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний хүүгийн төлбөрт суутгасан 1,659,484.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Зохигчдын хооронд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр ХХБ ХХК нь нэхэмжлэгч Ч.Нт 12,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй олгох, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, ХХБин дахь Ч.Нийн 463029924 тоот хадгаламжийн дансыг барьцаалж, зээлдэгч нь гэрээний дагуу зээл, түүний хүүг банкин дахь мөнгөн хадгаламжийн 463029924 тоот данснаас үл маргалдах журмаар төлөх үүрэг хүлээжээ.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний 8.1 дэх хэсэгт “...Ти Ди Би онлайн үйлчилгээгээр нэвтрэх нэр, нууц үгээр баталгаажуулж, гэрээг хүлээн зөвшөөрсөн тэмдэглэгээг сонгосноор хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Н нь дээрх тэмдэглэгээг сонгосноор гэрээ хүчин төгөлдөр болсон байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлж, 12,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийг 463029927 тоот түр дансанд олгосон, харин зээлдэгч нь зээлийн гэрээгээр тохирсон зээл, түүний хүү буюу 12,721,972.60 төгрөгийг буцаан төлсөн, зээлийг буцаан төлөх үед зээлдүүлэгч гэрээгээр тохирсноос 1,659,484.93 төгрөгийг зээлдэгч Ч.Нийн данснаас суутгаж авсан болох нь зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 1,659,484.93 төгрөг гаргуулахаар шаардсан үндэслэлээ “ХХБ нь зээлийн эргэн төлөлтийн хугацаа дуусах үед 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээндээ тусгагдсанаас 1,659,484.93 төгрөгийг миний данснаас илүү татсан” гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “Харилцагч Ч.Нтэй Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ байгуулах үед системийн алдаа гарч зээлийн хүүгийн хэмжээ жилийн 6 хувь байхаар гэрээнд заасан нь илэрхий алдаа байсан тул ХХБны зүгээс авбал зохих зээлийн хүүгийн зөрүүг тооцож авсан.” гэж тус тус тайлбарласан.

Зохигчдын хооронд байгуулсан Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний 2.3-т “Зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 6.00 хувь”, 6.2.-т “Банк дараах үүрэгтэй”, 6.2.3-т “Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх”, 8.3.-т “Талууд харилцан тохиролцон гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт гэрээг бичгээр байгуулж, талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр үйлчилнэ. Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь үндсэн гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр байх бөгөөд салшгүй хэсэг байна” гэж тус тус заажээ.

ХХБ ХХК нь өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хадгаламж барьцаалсан зээлийн хүү “хадгаламжийн хүү+6,0 хувь” байхаар нийтэд мэдээлсэн, харилцагч Ч.Нтэй гэрээ байгуулах үед системийн алдаа гарсан гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Хэдийгээр Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т “Хэлцэл хийгч этгээд нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлэх буюу тооцоо хийхдээ илэрхий алдаа гаргасан нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй бөгөөд ийм алдаа гаргасан этгээд түүнийгээ засах эрхтэй байна.” гэж заасан боловч ХХБ ХХК нь гэрээ байгуулах үед илэрхий алдаа гаргасан болохоо нэхэмжлэгч Ч.Нт мэдэгдээгүй, гэрээний 8.3-т заасны дагуу Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, нэмэлт гэрээ хийгээгүй болох нь зохигчдын тайлбараар мөн тогтоогдож байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж заасан.

Иймд ХХБ ХХК, Ч.Н нарын хооронд байгуулсан Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний харилцаа 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээгээр тохирсон зээл, зээлийн хүү буюу 12,721,972.60 төгрөгийг төлснөөр дуусгавар болсон бөгөөд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй атлаа нэхэмжлэгч Ч.Нийн хадгаламжийн данснаас 1,659,484.93 төгрөг суутган авсныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 Иймд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Нийн хадгаламжийн данснаас “Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ”-гээр тохиролцсоноос илүү суутгасан 1,659,484.93 төгрөгийг хариуцагч ХХБ ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6-дахь хэсэгт заасныг баримтлан ХХБ ХХК-иас 1,659,484.93 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Нт олгосугай.

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХБ ХХК-иас 41,502 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Нт олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХЦЭЦЭГ