Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/500

 

2024 06 27 2024/ШЦТ/500

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго улсын яллагч Ц.Сонинмөнх /томилолтоор/ шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, *** өдөр *** хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ******* дүүргийн ******* хороо, ******* дүгээр гудамжны *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******гийн ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хүртэл хугацаанд тус компаний эд хөрөнгийг борлуулах явцдаа 17 нэр төрлийн, 5,380,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг буюу электрон тамхины запасыг дутагдуулж, орлогыг компанид тушаалгүй үргэлжилсэн үйлдлээр завшиж, компанид 5,380,000 төгрөгийг хувьдаа завшиж, хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөөс 3,500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...”Манай “Баян Интерпрайз” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр худалдааны төлөөлөгчөөр ажилд авсан. ******* нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 7,575,000 төгрөгийн бараа авсан ба 10 дугаар сарын 24-ний өдөр 1,515,000 төгрөгийн бараа нэмж авсан. Тэгээд үүний дараа 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажил тарж байхад бараа авах гэж оффис дээр орж ирсэн ба би ойрхон хоёр удаа өндөр үнийн дүнтэй бараа өгсөн учраас *******д барааны үлдэгдэл байгаа гэдгийг мэдээд бараа өгөөгүй. Тэгээд ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хагас дутуу ажлаад ажлаа хаяаад явчихсан. ******* нь 2023 оны 09 дүгээр сараас эхлээд хариуцлага алдаж удаа дараа хоцроод байсан болохоор манай захирлаас хоёр удаа ажлаас халах тушаал гарахад ******* нь “Би ажлаасаа гармааргүй байна, би цаашид хичээж ажиллана. Хариуцлага алдахгүй” гэх зүйлс яриад өргөдөл бичээд ажилдаа үлдэж байсан боловч нийт ажиллаж байх хугацаандаа байгууллагын орлогод тушаалгүй дараах барааг дутаасан байдаг.******* нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ажилд орсон цагаасаа ажлаас гарах хүртэл буюу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Nexpod Kit-Purple razz ice-1 бүрийн үнэ 30,000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг, Nexpod Kit-Mint - 1 бүрийн үнэ 30,000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг электрон тамхи, Nexpod pod Mango gummy -1 тус бүрийн үнэ нь 15,000 төгрөгийн үнэтэй 10 ширхэг электрон тамхины запас, Nexpod pod Purple razz ice – 1 тус бүрийн үнэ нь 15,000 төгрөгийн үнэтэй 25 ширхэг электрон тамхины запас, Nexpod pod Mint-1 тус бүрийн үнэ нь 15,000 төгрөгийн үнэтэй 44 ширхэг электрон тамхины запас, Nexpod pod Monster ice-1 бүрийн үнэ нь 15,000 төгрөгийн үнэтэй 44 ширхэг электрон тамхины запас, Nexpod pod Forest berries-1 бүрийн үнэ нь 15,000 төгрөгийн үнэтэй 17 ширхэг электрон тамхины запас, Nexpod device blue-1 бүрийн үнэ нь 20,000 төгрөгийн үнэтэй 10 ширхэг электрон тамхины төхөөрөмж, Nexpod device pink-1 бүрийн үнэ нь 20,000 төгрөгийн үнэтэй 10 ширхэг электрон тамхины төхөөрөмж, Nexpod pod Strawberry yogurt-1 бүрийн үнэ нь 15,000 төгрөгийн үнэтэй 52 ширхэг электрон тамхины запас, Nexpod pod Watermelon lychee-1 бүрийн үнэ нь 15,000 төгрөгийн үнэтэй 20 ширхэг электрон тамхины запас, Nexpod pod Strawberry lush-1 бүрийн үнэ нь 15,000 төгрөгийн үнэтэй 17 ширхэг электрон тамхины запас, Nexpod pod Mango pear-1 бүрийн үнэ нь 15,000 төгрөгийн үнэтэй 8 ширхэг электрон тамхины запас, Nexpod pod Tropical ice- 1 бүрийн үнэ нь 15,000 төгрөгийн үнэтэй 10 ширхэг электрон тамхины запас, Nexpod pod Mango yogurt ice-1 бүрийн үнэ нь 15,000 төгрөгийн үнэтэй 11 ширхэг электрон тамхины запас, Nexpod pod Three melons-1 бүрийн үнэ нь 15,000 төгрөгийн үнэтэй 15 ширхэг электрон тамхины запас, Nexpod pod Cola ice-1 бүрийн үнэ нь 15,000 төгрөгийн үнэтэй 51 ширхэг электрон тамхины запас гээд нийт 348 ширхэг 5,380,000 төгрөгийн үнэ бүхий барааг дутаасан байдаг. Дутсан барааны мөнгө болох 5,380,000 төгрөгийг буцаан төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-12 дахь тал/

3. “БАН ХАС” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Х24-31 дугаартай үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 19-22 дахь тал/, 4. ” ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2023 оны 06 дугаарын 27 ны өдрийн Б/16 дугаартай худалдааны төлөөлөгчийн албан тушаалд ажиллуулсан тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбарууд /хавтаст хэргийн 48-53 дахь тал/ 5. ” ХХК-ны санхүүгийн баримтууд /хавтаст хэргийн 54-81/

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд: Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 37 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /хавтаст хэргийн 45 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2 хх-ийн 177 дахь тал/, зэрэг болно.

I. Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь “Баян Интерпрайз” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд ажиллаж байхдаа нийт 348 ширхэг 5,380,000 төгрөгийн үнэ бүхий барааг дутаасан үйл баримт тогтоогдлоо. Шүүгдэгч Ч.******* нь хохирогч “” ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тус компанийн эд хөрөнгийг борлуулах явцдаа 17 нэр төрлийн, 5,380,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг буюу электрон тамхины запасыг дутагдуулж, орлогыг компанид тушаалгүй үргэлжилсэн үйлдлээр завшсан үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн субъектэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох ба тухайн этгээдэд эд хөрөнгийн өмчлөгч, эсхүл бусад этгээдээс хууль, гэрээ ба албан тушаал эрхэлж буй байдлын үндсэн дээр эд зүйлс, өмч хөрөнгийг тодорхой хүрээнд итгэмжлэл олгосон буюу хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байдгаараа уг гэмт хэрэг онцлогтой.

Дээрх гэмт хэргийн “завших” гэдэг ойлголтод итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, эд хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлөхгүй байхыг ойлгоно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мэдүүлэг, “БАН ХАС” ХХК-ны 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Х24-31 дугаартай үнэлгээний тайлан, ХХК-ны гүйцэтгэх захиралын 2023 оны 06 дугаарын 27-ны өдрийн Б/16 дугаартай худалдааны төлөөлөгчийн албан тушаалд ажиллуулсан тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбарууд, “” ХХК-ийн санхүүгийн баримтууд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Шүүгдэгч үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Бусдын өмчлөх эрх”-д халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь хоёр удаагийн үйлдлээр хохирогч компаниас бараа авсан байх тул үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

II. Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэсэн хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “” ХХК-нд 17 нэр төрлийн, 5,380,000 төгрөгийн хохирол учруулсан ба шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3,500,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 1,880,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул гаргуулах нь зүйтэй.

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх саналтай. Уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг ******* дүүргийн засаг даргын тамгын газарт эдлүүлэх саналтай. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул торгох ял оногдуулах шүүгдэгчийн саналд татгалзах зүйлгүй..” гэсэн,

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал тус тус гаргажээ.

Шүүгдэгч үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч ХХК-д төлбөрөө төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал /...22 настай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай гэх боловч баримтаар тогтоогдоогүй/ зэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, охимжтой гэж үзсэн болно.

IV. Бусад асуудлаар:

Шүүгдэгч *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Батнайрамдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* овогт *******гийн Батнайрамдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Улаанбаатар хотын Хан-Уул, ******* дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Батнайрамдлаас 1,880,000 төгрөг гаргуулж, хохирогч “” ХХК-д олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг *******д сануулсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР