Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Хохирогч М.Чамин, Р.Отгонбаатар,

Иргэний нэхэмжлэгч С.Өнөржаргал,

Шүүгдэгч Э.Баттогтох,

Шүүгдэгч Т.Тогоо, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа,

Шүүгдэгч Х.Батбаяр, Т.Баттулга, тэдний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Баттогтох, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Х.Батбаяр, Т.Тогоо, Т.Баттулга нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000306 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай Хөвхийнхөн овогтой Эрдэнийн Баттогтох. регистрийн дугаар ВН83052015

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Ямаатыхан овогтой Түдэвийн Тогоо, регистрийн дугаар ВН87120813.

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Бат овогтой Хүлэгийн Батбаяр. регистрийн дугаар ВБ79062130.

Монгол Улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай Боржгон овогтой Төвдийн Баттулга. регистрийн дугаар ВГ75081217.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Баттогтох нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 6-12 тоотод хамтран амьдрагч Т.Цэрэн болон бага насны хүүхэд болох 05 нас 01 сар 19 хоногтой Ч.Дэлгэрсайхан нарыг согтуурлын байдалд байхдаа хувийн сэдэлтээр зодож хохирогч Т.Цэрэн, насанд хүрээгүй хохирогч Ч.Дэлгэрсайхан нарын бие махбодид нь тус тус хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн ялтай байхдаа, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Х.Батбаяр, Т.Тогоо, Т.Баттулга нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж 2016 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутгаас иргэн М.Чамингийн 3 тооны үхэр, иргэн Р.Отгонбаатарын 2 тооны үхэр, нийт 5 тооны бод малыг хулгайлж, хохирогч М.Чаминд 3.000.000 төгрөгийн, хохирогч Р.Отгонбаатарт 1.910.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 4.910.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Х.Батбаяр нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Э.Баттогттох, Т.Тогоо, Т.Баттулга нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж 2016 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутгаас иргэн М.Чамингийн 3 тооны үхэр, иргэн Р.Отгонбаатарын 2 тооны үхэр, нийт 5 тооны бод малыг хулгайлж, хохирогч М.Чаминд 3.000.000 төгрөгийн, хохирогч Р.Отгонбаатарт 1.910.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 4.910.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Т.Тогоо нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Э.Баттогтох, Х.Батбаяр, Т.Баттулга нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж 2016 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутгаас иргэн М.Чамингийн 3 тооны үхэр, иргэн Р.Отгонбаатарын 2 тооны үхэр, нийт 5 тооны бод малыг хулгайлж, хохирогч М.Чаминд 3.000.000 төгрөгийн, хохирогч Р.Отгонбаатарт 1.910.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 4.910.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Т.Баттулга нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Э.Баттогттох, Х.Батбаяр, Т.Тогоо нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж 2016 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутгаас иргэн М.Чамингийн 3 тооны үхэр, иргэн Р.Отгонбаатарын 2 тооны үхэр, нийт 5 тооны бод малыг хулгайлж, хохирогч М.Чаминд 3.000.000 төгрөгийн, хохирогч Р.Отгонбаатарт 1.910.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 4.910.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                      /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

                                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд :      

Хохирогч Т.Цэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би Э.Баттогтох гэдэг хүнтэй 2015 оны 07 сард танилцаад манай гэрт хамтран амьдардаг болсон. Баттогтохыг Улаанаа гэж дууддаг. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчим би Баттогтохтой маргалдан гэрээсээ яв зайл гэж хөөхөд тэр гарч явсан. Орой 22 цаг өнгөрч байхад найзтайгаа согтуу ирсэн. Тэр ирээд чи намайг яв гэж хөөж, туудаг хэн бэ гээд хэрүүл гуйгаад байсан. Би тэр үед Амаржаргал эгчийндээ 2 хүүхдээ өвөртлөөд унтахаар хэвтэж байхад миний хажуугаар орж ирж хэвтчихээд хэрүүл гуйсан хэвээрээ л байсан. Би түүнийг унтахгүй бол гар гар гэж хэлэхэд тэр боссоноо намайг өндийх үед миний зүүн талын нүдний орчимд өшиглөчихсөн. Тэр миний өвөрт орж ирэхдээ хувцасаа тайлаагүй байсан бөгөөд бакиал гуталтай хөлөөрөө намайг өшиглөсөн. Тэгэхэд нь би арагшаагаа саваад уначихсан. Тэгэхэд баруун хөлний шилбэ рүү, мөн гуя руу өшиглөсөн. Тэгснээ хаанаас ч юм аяга авсан юм мэдэхгүй биднийг чиглүүлэн аяга шидсэн чинь миний 5 настай хүү Дэлгэрсайханы нүүрэнд нь оночихсон байсан. Миний нүдний орчмоос, мөн хамраас цус гараад байсан бөгөөд Дэлгэрсайхан уйлаад байсан. Баттогтох намайг гарнаас татаад газраар чирээд гадагшаа авч гарсан. Хашааны гадна гаргаад гудамж өгсөөд хэсэг явсан. Нарийн гудамжны орчим очоод тэр миний гараас тавиад шээгээд зогсохоор нь би зугтаачихсан. Миний хойноос хөөе гэж орилоод, хоцорсон. Би тэндээсээ шууд гүйсээр байгаад 10 мянгатад байдаг найз Даваасүрэнгийнхээ гэрт очсон. Би хөл нүцгэн, дотуур өмдтэй, хар хөх нооцсон цамцтай явж байсан. Миний зүүн талын нуд нэлэнхүйдээ хавдаж тагларсан, юм харж болохгүй байсан. Мөн тархи доргисон, баруун хөлийн шилбэ хөхөрсөн, мөн зүүн нүдний доторх цагаанд цус харвасан. Харин миний хүү 5 настай Дэлгэрсайханы үүдэн 3 шүд унасан, доод уруулын дотор талд оёдол тавьсан байсан. Баттогтох нь 2016 он гараад 3 удаа агсам тавьж зодсон. Тухайн цаг хугацаанд нь цагдаад дуудлага өгөөд бариулдаг. Миний санаж байгаагаар 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр агсан тавьж намайг зодоод эрүүлжүүлэгдсэн, тэгээд цагдаагийн газарт 25 хоногоор баривчлагдсан. Үүнээс өмнө мөн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрүүдэд агсан тавиад зодсон, тэр болгонд нь цагдаагийн газарт дуудлага өгч байсан. Архи уух болгондоо надад агсан тавьж зоддог, үүнийг манай эгч Амаржаргал, Ганхуяг ах сайн мэднэ. Би түүнийг архи уугаад ирэхээр нь архи уулаа гэж үглэдэг, өөрөөр түүнтэй маргалдаж муудалцаад байх шалтгаан байхгүй л дээ. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Бадар-Ууган гэдэг залуутай хардаад түүнийг хутгалсан. Тэр үйлдэлдээ шүүхээр шийтгүүлсэн. Э.Баттогтох ер нь их хэрцгий хүн байгаа юм, зодохдоо их хэрцгий, хайрлаж энэрэхгүйгээр зоддог. Баттогтох надад эмчилгээ хийлгээрэй гээд 80.000 төгрөг өгсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 29-32, 81-82/

Насанд хүрээгүй хохирогч Ч.Дэлгэрсайханы мөрдөн байцаалтанд өгсөн:

Баттогтох манай ээжийн найз залуу байгаа юм. Баттогтох архи уучихсан согтуу ирээд ээжийг зодоод ээж зугтаагаад араар орсон чинь Баттогтох надруу аяга шидээд миний аман дээр оносон, амнаас цус гараад байсан. Тэгж байхад Баттогтох ээжийг дагуулаад яваад өгсөн. Өмнө нь зодоогүй. Намайг Баттогтохоос өөр хүн зодоогүй. Ам өвдөөд хоол идэж чадахгүй байсан. Би эмнэлэгт хэвтээгүй. Тэр үедээ өвдөж байсан, одоо өвдөхгүй байгаа. Миний урууланд оёоо тавьсан гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 118-119/

Гэрч С.Амаржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:

Т.Цэрэн нь миний төрсөн эгчийн охин байгаа юм. Э.Баттогтох гэдэг хүнтэй хамт амьдарч эхэлсэн. Э.Баттогтох нь манай дүүтэй хамт амьдарч эхэлсэн цагаасаа хойш байнга дүүг минь дарамталж зоддог болсон. Цагдаагийн байгууллагад мэдэгдэхээр тэр зугтаагаад алга болчихдог. Хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 19-ноос 20-нд шилжих шөнө миний дүүг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр архидан согтуурсан үедээ зодож зүүн нүдний дээд зовхинд цус хурсан, доод зовхинд цус хурсан, зүүн нүдний хүүхэн хараан дотор нэлэнхүйдээ цус хурсан, баруун шилбэний дотор хэсэгт цус хурсан гэмтэл учирсан. Тэрээр миний дүүг бакиалан гутлаар өшиглөсөн, харин Цэрэнгийн 5 настай хүү Дэлгэрсайхан руу аяга шидэж доод уруулыг нь сэтлэж доод үүдэн 3 шүдийг нь гэмтээсэн, хүүгийн 3 шүдийг эмнэлэг авсан. Би түүнийг цагдаагийн байгууллагад мэдэгдэхээр гэрээс нь гарч хажуу айлын Ганхуягийндаа орсон хойгуур манай дүүг аваад гараад явсан байсан. Хүүхдээс нь ээж чинь хааччихав аа гэхэд том хүү Давааням нь Баттогтох ээжийг үүрээд аваад гараад явчихлаа гэж хэлсэн. Баттогтох дүүг минь хаана аваачаад алчихсан бол гэж тэр шөнөдөө цагдаа нартай баахан хайсан боловч олоогүй.Тэр архи уух болгондоо дүүг минь зодож эрх чөлөөнд нь халддаг хүн байгаа юм. Тэр хүний зодуур дийлдэхээ болилоо. Байнга цагдаагийн газарт баригддаг, манай дүүг өдөр болгон, бүүр байнга л зоддог. Энэ хүний гарын зодуурыг амссаар манай дүү одоо толгой тархины өвчтэй, мэдрэл муутай юм шиг бочихоод байна. Заримдаа ямар ч шалтаг шалтгаангүй уурлаж өөрийнхөө хийж байгаа үйлдлийг ч бараг мэдэхээ болиод байна. Уг нь эрүүл саруул л хүн байсан даа. Баттогтох нь манай дүүг хардаж сэрдээд байдаг болсон, ер нь ихэвчлэн шалтгаангүйгээр л зоддог юм гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 33-35-р тал/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 528 дугаартай: 1.Ч.Дэлгэрсайханы биед тархи доргилт, үүдэн 3 шүдний сулрал, урууланд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт: /1-р хх-ийн 87-р тал/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 527 дугаартай: 1.Т.Цэрэнгийн биед тархи доргилт, зүүн нүд, баруун шилбэнд цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт: /1-р ХХ-ийн 94-р тал/,

Шүүгдэгч Э.Баттогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэрэгт сэжиглэн шадгаж байгаагаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Би Т.Цэрэн гэдэг эмэгтэйтэй 2015 оны 06 дугаар сард анх танилцаж байсан. ...2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр миний өмнөх хэргийн хохирогч Бадар-Ууган түүнтэй утсаар ярьсан байсан. Түүнээс болоод бид маргалдсан бөгөөд би Цэрэнгээс чи яагаад Бадар-Уугантай ярьсан юм бэ гэхэд мэдэхгүй гээд байсан. Ингээд муудалцаад би Цэрэнгийнхээс гарч явсан. Цэрэн ч намайг яв зайл гэж хөөсөн. Цэрэнгийнхээс гарч яваад айлд хүмүүстэй хамт 2 шил архи уусан бөгөөд хөдөө явахаар шийдээд Цэрэнгийн гэрээр орж хувцсаа авах гээд очсон. Цэрэнгийнд очиход тэр Амаржаргал эгчийндээ унтаж байсан. Тэгээд гэрт нь ороод Цэрэнтэй хэрэлдэж байснаа санаад байгаа юм, бусад асуудлыг мэдэхгүй байна. Учир нь халуун галтай айлд архи ууж байгаад гараад салхинд согтсон юм шиг байна лээ. Харин нөгөөдөр нь буюу 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Томын хүргэн Банди гэдэг айлд сууж байгаад цагдаад баригдсан. Цагдаагийн газар ирээд би Цэрэнг мөн түүний 5 настай хүүг зодож гэмтэл учруулснаа мэдсэн. Ер нь Цэрэн бид хоёр тийм ч таарамжгүй харилцаатай биш л дээ, өнгөрсөн жилийн 12 дугаар сард Цэрэн нь Бадар-Ууган гэдэг залуутай архидаад буудал саваар яваад байсан бөгөөд би Цэрэнг хардаад Бадар-Ууганыг зодож түүний биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр энэ оны 4 дүгээр сард шүүхээр шийтгэгдсэн юм. Тэр 2 холбоотой байдаг юм шиг байна лээ. Харин 2016 оны 10 дугаар сарын 19-наас 20-нд шилжих шөнө би Цэрэнг Бадар-Уугантай хардаад хэрүүл маргаан эхэлсэн. Гэхдээ түүнийг яг яаж зодож, цохьсноо санахгүй байгаа юм. ...Би эм тарианы төлбөр болох 80.000 төгрөгийг Цэрэнд өгсөн байгаа. Дүгнэлтүүдийг өмгөөлөгч надад уншиж танилцуулаа, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 43-44, 109-110/

Хохирогч М.Чамингийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Манай үхэр Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр багийн нутаг Хавьцгай, Шонтын өвөр гэсэн газруудаар бэлчээрлэдэг юм. 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бэлчээр дээрээ байсан миний 7 үхэр, хүү Цэрэнгийн үхэр, саахалт айл Баатарсүхийн үхэр болон Отгонбаатар гэсэн 4 айлын 30-аад тооны үхэр байснаас 5 тооны үхэр алга болсон байна гэж манай хүү Цэрэн нь хэлсэн. Тэгтэл Жинст сумын 4-р багийн нутагт байх Морьтой хөшөөний урд талд эзэнгүй байсан айлын хаваржаанд 5 тооны үхэр нядлагдсан байна гэснээр үзэхэд миний доорх зүсмийн 3 тооны монголын үхэр нядлагдсан байна. Үүнд 1-рт Улаан тарлан бүдүүн үнээ эвэртэй буруу чих хулгар имтэй, 2-рт Мухар хүрэн бүдүүн эр үхэр буруу чих хулгар имтэй, 3-рт Сартай хүрэн эвэртэй имгүй бүдүүн үнээ тус тус нядлагдсан. Би нядлагдсан 3 тооны үхрээ тус бүрийг нь 1 сая төгрөгөөр үнэлж байна. Учир нь бүгдээрээ нас гүйцсэн бүдүүн монголын үхэр байсан юм. Нийт 3 сая төгрөг нэхэмжилж байна. Нядлагдсан 5 тооны үхэрний 2 тооны үхрийн махыг зарсан, одоо 3 тооны үхрийн мах байгаа гэсэн. Энэ махыг энэ буруутай этгээдүүд авч зарж борлуулаад иргэн намайг хохиролгүй болгох нь зүйтэй байх гэж бодож байна. Баттулга, Тогоо, Батбаяр нар надад хохирлын мөнгө өгсөн. Одоо надад нэмж нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй байна. Би бүх дүгнэлтүүдийг уншиж танилцсан, ямар  нэгэн санал хүсэлт байхгүй байна гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 210-215/

Хохирогч Р.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:

Миний 5 тооны үхэр Баатарсүхийн малд байдаг юм. Манай ах Баатарсүх нь хөдөө Жинст сумын 1 дүгээр баг Хар-Овоо гэх газарт нутаглаж байгаа. Манай ахынхтай айл саахалт болох Цэрэн, түүний аав Чамин нарын болон манай ахын үхэр, манай үхэр гээд 30 орчим тооны үхэр хамт бэлчээрт гардаг юм. Эдгээр 4 айлын 30 орчим үхэр нь Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр багийн нутаг Хавьцгай, Шонтын өвөр гэсэн газруудаар бэлчээрлэдэг. Энэ нь Жинст сумын 4 дүгээр багийн нутгийн залгаа газар бөгөөд Морьтой хөшөөнөөс урагшаа 6-7 орчим км газарт байдаг юм. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр энэ 4 айлын үхэр бэлчээр дээрээ байсан гэсэн. Тэгтэл Жинст сумын 4-р багийн нутагт байх Морьтой хөшөөний урд талд эзэнгүй байсан айлын хаваржаанд 5 тооны үхэр нядлагдсан байна гэснээр үзэхэд миний доорх зүсмийн 2 тооны монголын үхэр нядлагдсан байна. Үүнд: 1-рт Мухар ягаан үнээ хээлтэй, буруу чих ганзага имтэй зөв талын чих хойноосоо ухам имтэй, шар өнгийн дугаартай ээмэгтэй дугаарыг нь санахгүй байна. 2-рт Сартай эр үхэр, эвэртэй буруу талын чих ганзага, зөв талын чих хойноосоо ухам имтэй байсан нь тус тус нядлагдсан байсан. Би нядлагдсан 2 тооны монголын үхрээ тус бүрийг нь 1 сая төгрөгөөр үнэлж байна. Одоо зах зээлийн ханш ийм байгаа. Нийт 2 сая төгрөг нэхэмжилж байна. Нядлагдсан 5 тооны үхэрний 2 тооны үхрийн махыг зарсан одоо 3 тооны үхрийн мах байгаа гэсэн энэ махыг энэ буруутай этгээдүүд авч зарж борлуулж хохирол төлөх нь зүйтэй байх гэж бодож байна. Би шинжээчийн мал үнэлсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би эдгээр шинжээчийн дүгнэлтүүдийг уншиж танилцлаа, ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Би хохирлоо барагдуулж авсан. Одоо надад нэмж нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй байна гэх мэдүүлэг. /1-р ХХ-ийн 203-208/

Иргэний нэхэмжлэгч С.Өнөржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:

45-07 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 10-дын үеэр аймагт байхад Батбаяр нь надаас танай хавиар зарах ачааны машин байна уу гэхээр нь би машины хэрэг болоод байгаа юм бол миний цэнхэр өнгийн портер маркийн машиныг түр унаж байхгүй юу гэсэн юм. Тэгсэн чинь Батбаяр тэгье гээд хөдөө очоод миний машиныг аваад явсан юм. Би бол Батбаярт өөрийн 45-07 БНХ улсын дугаартай тээрийн хэрэгслээ бүр зарж худалдаагүй, хамаатан садны хүн учраас эвдэрвэл засварлаад түр унаж байх гэж бодоод өгсөн юм. Тэгсэн чинь Батбаяр хүний гуйлганд явсан чинь хэрэгт холбогдчихлоо гэж надад хэлсэн юм. Миний машин 1999 онд үйлдвэрлэгдсэн, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсад орж ирсэн, би болохоор 2014 оны 06 дугаар сард Баянхонгор аймгаас 4.500.000 төгргөөр худалдан авсан юм гэх мэдүүлэг. /1-р ХХ-ийн 221-222/

Иргэний нэхэмжлэгч П.Эрдэнэзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Баттогтох нь манай ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Тэр цагаан өнгийн мотоцикль нь миний эзэмшлийн мотоцикль байгаа юм. Би тэр мотоциклийг Аймгийн зах дээрээс 2016 оны 6 дугаар сард 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан. 2-оос 3 сар унасан мотоцикпийг худалдан авч байсан юм. Мотоцикльдоо улсын дугаар аваагүй, гаалийн бичигтэйгээ байгаа. Тэгээд би энэ мотоциклоо хөдөө байдаг ээжийнхээ гэрт аваачсан байсан чинь Баттогтох ах унаад аймагт ирсэн байсан. Тэгээд одоог хүртэл буцааж аваагүй байгаа. Тэр мотоцикль нь 2015 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгөтэй мотоцикль байгаа. Баттогтох ах хааяа тэр мотоциклийг унадаг байсан тэгээд л унаад явахгүй юу, надад мотоцикльтой холбоотой ямар нэгэн санал гомдол байхгүй гэх мэдүүлэг. /1-р ХХ-ийн 226-227/

Гэрч О.Гантөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 11 дүгээр сар 28-ны өдрийн өглөө миний 99444946 гэсэн дугаарлуу 89518803 гэсэн дугаараас залгаад Улаанаа байна, үхрийн мах авах уу гэсэн. Би тэгэхэд нь хаана мах чинь байгаа юм гэхэд 2 арван мянгатын хойшоо хаус хороололын урд талын хашаанд буюу 21 тоот хаалганд байгаа гэхээр нь яваад очиход гэрийн эзэн гэмээр нэг залуу бас нэг залуугийн хамтаар Улаанаа нь гурвуулаа гарч ирээд хашаанд байсан цагаан өнгийн портер машин дээр байсан 2 үхрийн махыг үзүүлсэн. Уг 2 тооны монголын үхрийн махыг авахаар болж нэг кг-г нь 3.000 төгрөгөөр бодож нийт 273 кг болсныг нь авсан юм. Ингээд нийт махны мөнгө 819.000 төгрөг болоод 480.000 төгрөг бэлнээр өгөөд 340.000 төгрөг үлдсэнийг нь маргааш өгнө гээд явуулсан. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цагийн үед Улаанаа нь ирээд үлдэгдэл мөнгөө аваад явсан юм. Улаанаа нь өөрийнхөө малын мах гэж надад хэлж зарсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 228-229/

Гэрч Ж.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 11 дүгээрсар 29-ний өдөр 3 тооны үхрийн махыг худалдаж авсан. Энэ 3 тооны үхрийн мах нь нийт 430 кг болсон бөгөөд зарим мах нь бохир шүүстэй байсан тул бага зэрэг үнийг буулгаж авсан юм. Нийт махны үнэ 1.325.500 төгрөг болсон бөгөөд нэг кг махны дундаж үнэ 3.100 орчим мянган төгрөг болсон гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 230-231/

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын: 1. Хюндай портер маркийн тээврийн хэрэгсэл 1.000.000 төгрөгийн, 2. Санни маркийн мотоцикль 1.250.000 төгрөгийн үнэтэй байна гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 21-22/

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын: Иргэн Р.Отгонбаатарын алдагдсан 1. монголын үнээ /хээлтэй/ 960.000 төгрөгийн, 2. Монголын эр үхэр 950.000 төгрөгийн, нийт 1.910.000 үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 34-35/

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын: Иргэн М.Чамингийн алдагдсан 1. Монголын үнээ 1.000.000 төгрөгийн, 2. Монголын эр үхэр 1.000.000 төгрөгийн, 3. Монголын үнээ 1.000.000 төгрөгийн,  нийт 3.000.000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 47-48/

            -Хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 4-10/

            -хураан авах тогтоол /1-р хх-ийн 25/

            -эд мөрийн баримтаар тооцож эрүүгийн хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 27/

            -Нийгмийн ажилтан А.Ууганцэцэгийн хөтөлсөн аюулгүй байдлын үнэлгээ /1-р хх-ийн 45-57/

            -цагдаагийн мэдээллийн сан дахь Э.Баттогтоход холбогдох зөрчлийн талаарх  мэдээлэлийн баримт /1-р хх-ийн 58-68/

            -эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 73-74, 179-180, 183-188/

            -эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 75-77/

            -яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 95-96/

            -Эрдэнэцогт сумын Засаг даргын 2015 оны 07 сарын 02-ны өдрийн 60 дугаартай захирамж /1-р хх-ийн 115/

            -Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1-р хх-ийн 123/

            -хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 125-148/

            -хураан авах тогтоол, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 156-174, 181-182/

            -эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 175/

            -Х.Батбаяр, Э.Баттогтох нарын утасны ярианы мэдээлэл /1-р хх-ийн 191-201/

            -Үхрийн мах хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 4/

            -Э.Баттогтохын иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 115/

            -Т.Тогоогийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 116/

            -Баян-Овоо сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 117/

            -Т.Баттулгын иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 118/

            -Т.Баттулгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 119/

            -Баацагаан сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 124/

            -Х.Батбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 126/

            -Х.Батбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах  хуудас /2-р хх-ийн 127/

            -Т.Тогоогийн иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 128/

            -Жинст сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 136/

            -Э.Баттогтохын иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 137/

            -Э.Баттогтохын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах  хуудас /2-р хх-ийн 138-140/

            -Хохирогч М.Чамин, Р.Отгонбаатар нарын гаргасан хохирол гомдолгүй, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх хүсэлт /2-р хх-ийн 171-172/

Шүүгдэгч Т.Тогоогийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баттогтох бид хоёр үхрэнд явна гээд Жинст сумруу Баттогтохын мотоциклийг ээлжилж жолоодож явсан. Жинст сумын 1 дүгээр багт очиход замд үхрүүд байхаар нь өдөржингөө харж байж байгаад Батбаярлуу утсаар яриад морьтой хөөшөө дээр хүрээд ирээрэй гээд ярьчихаад тэр үхрүүдээ айлын хаваржааруу туусан. Тэгээд Туугаад морьтой хөшөөний тэнд очиход Батбаяр, Баттулга хоёр морьтой хөшөөний хажууд цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирчихсэн байсан. Тэгээд тэндээсээ бид дөрөв нийлээд үхрүүдээ тэнд ойрхон байсан айлын Хаваржааруу хийж хашаад 5 үхрийг нь барьж аваад Батбаяр, Баттулга хоёр тавууланг нь тушаад Батбаяр таван үхрүүдийг нугасласан. Баттогтох барьж өгсөн. Би Баттулгатай хамт арьсыг нь хуулсан. Баттогтох болохоор өвчүүг нь түшилцэж хамжилцсан. Тэгээд Баттулга, Батбаяр хоёр тэр үхрүүдийн толгойг нь сэвсэнд нь хийгээд дээрээс нь өвсөөр хучиж тэнд үлдээсэн. Тэгээд бусад мах, арьс шир зэргийг нь машиндаа ачаад аймагт ирээд Баттулгын гэрт нь ирээд тал махыг нь Баттулгын хашаанд байсан цагаан өнгийн портерийн тэвшин дээр ачсан. Тал махыг нь цэнхэр портер машины тэвшин дээрээ үлдээж хонуулсан. Тэгээд Баттогтох бид хоёр шөнөө явсан, маргааш өглөө нь Батбаяр, Баттулга хоёр утсаар яриад хүрээд ир, мах захаа янзалъя болохгүй бол хотруу ачуулая гэсэн, тэгэхээр нь Баттогтох бид хоёр за очлоо гэсэн чинь Батбаяр надруу утсаар яриад энэ үхрийн махыг чинь хүн авъя гэж байна 1.300.000 төгрөгөөр авъя гэж байна гэхээр нь бид хоёр очъё гэсэн. Тэгээд Баттогтох бид хоёр махаа өгөх гэж нэг махны ченж дагуулж очоод 2 үхрийн махаа өгөөд 400.000 төгрөг аваад, үлдэгдэл 340.000 төгрөгийг нь дараа авахаар болсон. Тэгээд буцаж Батбаяр, Баттулга тэр хоёр дээр очоод Баттулга салъяркны мөнгө гээд 50.000 төгрөг Баттогтохоос авсан. Тэгээд мөнгөө зуу зуугаар нь хуваагаад авчихъя гэсэн чинь Батбаяр байж байг гэсэн. Тэгээд бид хоёр өөр тийшээ явсан. Нийт 5 үхрээс 2 үхрийн махыг зарж мөнгө болгосон, үүний мөнгө болох 400.000 төгрөгийг Баттогтох аваад надад 50.000 төгрөг өгсөн, дараа авах мөнгийг Баттогтох авсан эсэхийг би мэдэхгүй байна. Би шинжээчийн 2 ширхэг дүгнэлтийг уншиж танилцлаа, надад ямар санал хүсэлт байхгүй байна. Би шинжээчдийн дүгнэлтүүдийг уншиж танилцсан гэх мэдүүлэг. /2-р ХХ-ийн 74-75, 78-80-р тал/

Шүүгдэгч Х.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:

Жинст сумын нутаг "Морьтой хөшөө" гэх газарт орой 17 цаг өнгөрч байхад очоод Морьтой хөшөөний хажууд зогсож тэндээ Улаанааг ирэхийг хүлээгээд байсан чинь ирэхгүй харанхуй болсон. Тэгэхэд Баттулга ах явъя гэхэд нь би одоо ирэх байх жоохон байж байя гээд байгаад байсан. Тэгээд хүлээгээд ирэхгүй байсан чинь Баттулга ах хөл даараад байна явая машинаа асаа гээд машинаа асаагаад байж байхад нэг гэрэл гараад мотоцикльтой 2 хүн ирсэн чинь Улаанаа нэг хүнтэй хамт ирсэн. Сүүлд нь нэрийг нь мэдэж авахад Тогоо гэж байсан. ...Тэгээд тэр хоёрын араас дагаж Морьтой хөшөөнөөс баруун урд зүгт эзэнгүй малын хашаанд ирсэн. Тэнд 20 орчим тооны үхэр байсныг бүгдийг нь туугаад хороонд оруул гэж Улаанаа хэлж бүгдээрээ хамжиж оруулсан. ...Тэгээд Улаанаа нь мотоцикль дээрээсээ цагаан өнгийн мяндсан бугуйль авч ирээд энийг барина, энийг барина гээд 5 тооны үхрийг Улаанаа бугуйлдаж барьж авсан. Улаанаа нь мотоциль дээрээсээ 2 ширхэг хутга авчирсан байсан. Тэгээд Улаанаа намайг чи нугасалж чадах уу гэхэд нь би чадна гэхэд намайг үхэр нугасал гээд Улаанаа нь үхэр барьж өгч би Улаанаагын авч ирсэн хутгаар нугасалж 5 үхэр алсан. Ингэж байхад Баттулга ах хашааны үүдэн дээр зогсож байсан чинь Улаанаа нь Баттулга ахыг хөөе нааш ир гэж дуудаж энэ үхрийг хуул гэсэн. Тэгээд Баттулга ах, Тогоотой хамт үхрийг хуулж байсан. Улаанаа нь надаас хутга байхгүй юм уу гэхэд нь би машин дотор 2 хутга байгаа гэхэд аваад ир гээд авчирсан чинь Баттулга ахад өгч Тогоо гэх залуутай хамт үхрийн ширийг хуулсан. Тэдгээр 5 үхрийн гэдэс, шийр, толгойг нь малын хашаан дотор нь гаргаж тавьж махыг нь голоор нь 2 хувааж машинд ачиж байсан. ...Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шөнийн 03 цаг өнгөрч байхад аймгийн төвд орж ирээд төв колонкын наахан талд мотоциклийг буулгаад Улаанаа Тогоо 2 мотоцикль дээрээ сууж явсан. Баттулга ах бид 2 машинтай явж хаана очих вэ гэхэд очих газар байхгүй гээд байсан. Тэгж байгаад Улаанаа нь Баттулга ахын хашаанд очоё гээд бид 2-н араас Улаанаа Тогоо 2 нь мотоцикльтой дагаад яваад байсан юм. Ингээд Баттулга ахын хашаанд ирээд мах муудаж магадгүй гээд 2 үхрийн махыг нь сэврээх гэж хашаанд байсач явдаггүй цагаан портер машин дээр тавиад үлдсэн 3 үхрийн махыг нь үлдээгээд үхрийн 5 ширийг нь аргалын амбаарт оруулаад дээрээс нь юмаар бүтээж тавьсан. Ингээд Баттулга ахын гэрт би хонож Улаанаа нөгөө Тогоогийн хамтаар мотоциклио унаад явсан. Маргааш өглөө 10 цаг өнгөрч байхад Улаанаа нь нөгөө Тогоо бас махны ченж гэсэн нэг залуугийн хамтаар ирээд машин дээр сэврээх гэж тавьсан байсан 2 тооны үхрийн махыг зарсан. Тэгэхдээ махыг 740.000 төгрөг болсон гээд 400.000 төгрөг авлаа үлдсэн 340.000 төгрөгийг өдөр авахаар боллоо гээд Баттулга ах түлшнийхээ мөнгийг авая гэхэд хэд болсон юм гээд 50.000 төгрөг гэхэд 50.000 төгрөг өгсөн. Би хулгайн хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Хохирол мөнгийг бүрэн төлж барагдуулна. Дахин ийм юманд орооцолдохгүй. Их гэмшиж байна хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэх байна. ...Би энэ машиныг түр хугацаагаар унаж байя гээд ах дүүгийн холбоотой хүн болох С.Өнөржаргалаас 2016 оны 9 дүгээр сараас гуйж авч унаж байсан гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 83-85, 88-89-р тал/

Шүүгдэгч Т.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн үед байх гэртээ байхад манай эхнэрийн дүү болох Х.Батбаяр нь миний утас руу залгаад хоёулаа хөдөө Жинст сумруу яваад юм ачиад ирэе гээд гуйгаад байхаар нь явах болсон. Х.Батбаяр нь 45-07 БНХ улсын дугаартай портер машинтай ирсэн. Жинст сумын нутаг Морьтой хөшөө гэх газар очино. Тэнд хүн хүлээж байгаа тэндээс юм ачаад хүрээд ирнэ гээд надаас бензиний мөнгө гуйж аваад явсан. Жинст сумын Морьтой хөшөө гэх газарт 17 цаг болж байхад очсон. Ирэх хүнийг нь хүлээгээд ирэхгүй байхаар нь би явая гэхэд одоо ирэх байх гээд байсан. Харанхуй болоод даараад байхаар нь явая гээд машинаа асаагаад байж байхад мотоцикльтой 2 хүн ирсэн. Тэгээд хоорондоо ярилцахыг нь сонсоход өвөлжөөн дээр туугаад ирсэн гэхээр нь хулгай хийх гээд байгаа юм байна гэж бодоод больё, буцая гэж хэлсэн. ...Батбаяр нь тэр хоёрын араас дагаж яваад эзэнгүй малын хашаанд ирсэн. Хориод үхэр байсныг хашаанд оруулаад 5 үхэр барина гээд Улаанаа нь мотоцикль дээрээсээ цагаан мяндсан бугуйл авч ирээд бугуйлдаж барьсан. Бид 3 хорооны гадаа нь хараад зогсож байсан. Улаанаа мотоцикль дээрээсээ 2 хутга авчирсан. Би хашааны гадаа зогсож байсан ба Батбаяр Улаанаа нар хоорондоо чи нугсал гээд байсан. Ингээд тавууланг нь нугаслаад Улаанаа нь Батбаярыг хутга байхгүй юм уу гэхэд Батбаяр машинаасаа 2 хутга авчирсан. Улаанаа намайг чи энэ үхэрийг хуул гээд би Тогоо гэх залуутай хамт үхэрийн ширийг хуулсан. Би хулгайн хэрэг бүлэглэн үйлдсэнгээ хүлээн зөвшөөрч байгаа. Үйлдсэн гэмт хэрэгтээ холбоотой ямар нэгэн маргаангүй шалгуулах зүйлгүй гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 92-94, 97-98/

Шүүгдэгч Э.Баттогтохын мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө 10 цаг өнгөрч байхад Тогоо манайд ирээд бид 2 ярилцаж үхэр хулгайлахаар болж цагаан өнгийн мотоцикльтой 12 цаг болж байхад аймгийн төвөөс гарсан. Жинст сумын 4 дүгээр багийн нутаг Сарын гэзэг гэх газарт очиход замын хойд талд нилээд олон тооны үхэр байсантай тааралдаж тэр үхэрнээс авах болоод өөрийнхөө 89518803 гэсэн дугаараас Х.Батбаярын 90639292 гэсэн дугаарлуу залгаж энд үхэр байна хулгай хийе чи машинтай гараад Жинст сумруу явдаг замд байдаг Морьтой хөшөөн дээр хүрээд ир гэж хэлсэн Х.Батбаяр нь тэгэе гэсэн. Тэгээд Тогоо бид 2 тэнд байсан үхрийг туугаад Морьтой хөшөөний урд байдаг айлын эзэнгүй хаваржаанд ирсэн. Морьтой хөшөөн дээр ирэхэд харанхуй болсон, Х.Батбаяр нь өөрийнхөө портер машинтай нэг хүнтэй хамт ирсэн байсан. Тэр хүнийг би танихгүй. Тогоо бид 2 Х.Батбаяртай уулзаад үхэр туугаад ирсэн гээд дагуулж нөгөө хаваржаан дээрээ ирсэн. Тэгээд бид 4 хамжиж үхрийг хаваржаанд хашиж оруулаад Тогоо бид 2 аймгаас гарахдаа авч ирсэн цагаан өнгийн мяндсан бугуйлаа гаргаж ирж 5 тооны үхрийг хамжиж бүгдээрээ бариад Тогоо бид 2 авчирсан 2 хутгаа билүүтэйгээ гаргаж ирсэн. Х.Батбаяр нь бас 2 хутга авчирсан байсан. Ингээд 5 үхрийг Х.Батбаяр нугасалж бид 3 барих болон хуулах зэргээр хамжиж нядалсан юм. Ингээд үхрийн гэдэс, шийр, толгойг нь уг хаваржаан дотор байсан өвсөөр дарж үхэр нядалсан газраа үлдээгээд махыг ширтэй нь ачиж аймгийн төвд ирээд Баттулгын хашаанд ирсэн. Тэгээд хашаан дотор нь байсан цагаан өнгийн явдаггүй машины ачаан дээр 2 үхрийн махыг нь гаргаж тавиад үхрийн 5 ширийг нь аргалын амбаарт хийгээд Тогоо бид 2 цагаан мотоцикль унаад гэртээ ирээд хоноод өглөө нь Тогоо 2 үхрийг зарчихая гээд зах дээр очиж нэг ченжтэй уулзаад Баттулгынд очоод 2 үхрийн махыг зарсан. Эхлээд 400.000 төгрөг бэлнээр аваад 340.000 төгрөгийг маргааш аваарай гэсэн учир 400.000 төгрөгөө аваад нөгөө 2 дээрээ ирээд 400.000 төгрөгөө хувааж авая гэхэд тэр 2 за яах вэ байж байя үлдсэн махаа борлуулж байгаад болъё гээд, харин Баттулга нь би бинзен түлш хийсэн гээд 50.000 төгрөг авсан. Үлдсэн 350.000 төгрөгнөөс Тогоод 60.000 төгрөг өгөөд өөрийн найз Зоригоо гэх залууд 200.000 төгрөг зээлсэн. Үлдсэн мөнгийг нь үрээд дуусгасан. Маргааш нь үлдэгдэл 340.000 төгрөгөө аваад бүгдийг нь өөрийн найз Хадаа гэх Эрдэнэцогт сумун гарлын аавынх нэрийг Хөхбанди гэдэг залууд зээлүүлсэн. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 100-102, 105-110/ гэх мэдүүлгүүд  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.   

Шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.       

Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр дагавар буюу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нь гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.     

Шүүгдэгч Э.Баттогтох нь ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянхонгор сумын 4-6-12 тоотод хамтран амьдрагч Т.Цэрэн болон бага насны хүүхэд Ч.Дэлгэрсайхан нарыг согтуугаар, хувийн сэдэлтээр зодож бие махбодид нь тус тус хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн ялтай байхдаа, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Х.Батбаяр, Т.Тогоо, Т.Баттулга нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж 2016 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутгаас иргэн М.Чамингийн 3 тооны үхэр, иргэн Р.Отгонбаатарын 2 тооны үхэр, нийт 5 тооны бод малыг хулгайлж, хохирогч М.Чаминд 3.000.000 төгрөгийн, хохирогч Р.Отгонбаатарт 1.910.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 4.910.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Х.Батбаяр, Т.Тогоо, Т.Баттулга нар нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Э.Баттогттохтой урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж 2016 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутгаас иргэн М.Чамингийн 3 тооны үхэр, иргэн Р.Отгонбаатарын 2 тооны үхэр, нийт 5 тооны бод малыг хулгайлж, хохирогч М.Чаминд 3.000.000 төгрөгийн, хохирогч Р.Отгонбаатарт 1.910.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 4.910.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Баттогтохыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Батбаяр, Т.Тогоо, Т.Баттулга нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.       

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Э.Баттогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Х.Батбаяр, Т.Тогоо, Т.Баттулга нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Баттогтох нь хохирогч Т.Цэрэнд 80.000 төгрөг төлсөн. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Сүндэрмаа нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Э.Баттогтох, Х.Батбаяр, Т.Тогоо, Т.Баттулга нар нь хохирогч М.Чаминд 3.000.000 төгрөг, хохирогч Р.Отгонбаатарт 1.910.000 төгрөгийн хохиролыг тус тус төлж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан байна.

Харин иргэний нэхэмжлэгч С.Өнөржаргал нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг авах иргэний нэхэмжэлэл гаргаж, иргэний нэхэмжлэгч П.Эрдэнэзориг нь иргэний нэхэмжлэл гаргаагүй болно.

Шүүгдэгч Э.Баттогтох нь өмнө гэмт хэрэг үйлдэж Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ялаа бүрэн эдэлж хугацаа дуусан суллагдаж байсан ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар ялтай байдал арилаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Т.Баттулга нь өмнө Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 400 цагийн хугацаагаар албадан ажил хийх ялаар шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялтай байдал арилсан байх тул анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.Батбаяр, Т.Тогоо нар нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, өмнө ял шийтгэгдэж байгаагүй нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгч Т.Тогоо, Х.Батбаяр, Т.Баттулга нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан тэдэнд оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Уг хэргийн улмаас шүүгдэгч Э.Баттогтох нь 42 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Х.Батбаяр, Т.Тогоо, Т.Баттулга нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Иргэний нэхэмжлэгч С.Өнөржаргалын эзэмшлийн 45-07БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,

шүүгдэгч Э.Баттогтохын өмчлөлийн 10 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 11 сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Т.Тогоогийн өмчлөлийн 10 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Т.Баттулгын эзэмшлийн мустанг-150 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Х.Батбаярын өмчлөлийн 10 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аяга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цаас, 20 метрийн урттай цагаан өнгийн мяндсан бугуйл, 3 метрийн урттай цагаан өнгийн мяндсан бугуйл, цагаан өнгийн реминэн ногт,  хутга 4 ширхэг, хутга ирлэгч 1 ширхэгийг тус тус устгаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                       ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Хөвхийнхөн овогт Эрдэнийн Баттогтохыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ямаатыхан овогт Түдэвийн Тогоо, Бат овогт Хүлэгийн Батбаяр, Боржгон овогт Төвдийн Баттулга нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар таван сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр зургаан сарын хугацаагаар баривчлах ялаар шүүгдэгч Э.Баттогтохыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Т.Тогоо, Х.Батбаяр, Т.Баттулга нарыг тус тус шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баттогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр зургаан сарын хугацаагаар баривчлах хүнд ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван сарын хугацаагаар баривчлах хөнгөн ялыг бүгдийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг зургаан сарын хугцаагаар баривчлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баттогтоход оногдуулсан зургаан сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тогоо, Х.Батбаяр, Т.Баттулга нарт оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баттогтохын цагдан хоригдсон дөчин хоёр хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баттогтох, Т.Тогоо, Х.Батбаяр, Т.Баттулга нараас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хюндай портер маркын тээврийн хэрэгслийн үнэ болох 1.000.000 төгрөг, санни маркийн мотоциклийн үнэ болох 1.250.000 төгрөгийг тэнцүү хувааж тус бүрээс 562.500 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тогоо, Х.Батбаяр, Т.Баттулга нарт оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Т.Тогоог дөрвөн жилийн хугацаагаар, шүүгдэгч Х.Батбаярыг гурван жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Баттулгыг хоёр жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Т.Тогоо, Х.Батбаяр, Т.Баттулга нарт хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг сануулсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аяга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цаас, 20 метрийн урттай цагаан өнгийн мяндсан бугуйл, 3 метрийн урттай цагаан өнгийн мяндсан бугуйл, цагаан өнгийн реминэн ногт,  хутга 4 ширхэг, хутга ирлэгч 1 ширхэгийг тус тус устгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10 дахь хэсэгт зааснаар  иргэний нэхэмжлэгч С.Өнөржаргалын эзэмшлийн 45-07БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Баттогтохын өмчлөлийн 10 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 11 сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Т.Тогоогийн өмчлөлийн 10 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Т.Баттулгын эзэмшлийн мустанг-150 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Х.Батбаярын өмчлөлийн 10 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

10. Шүүгдэгч Э.Баттогтох, Т.Тогоо, Х.Батбаяр, Т.Баттулга нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.Тогоо, Х.Батбаяр, Т.Баттулга нар нь хэргийн учир цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Батбаяр, Т.Тогоо, Т.Баттулга нарт хэрэглэсэн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Баттогтоход хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Баттогтохын эдлэх ялыг 2017 оны 01 сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор, аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Баттогтоход авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Х.Батбаяр, Т.Тогоо, Т.Баттулга нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ