Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2025/00068

 

Л.М-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн

2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 149/ШШ2024/00443 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 208/МА2025/00006 дугаар магадлалтай,

Л.М-ийн  нэхэмжлэлтэй

Н.Д, Д.Н нарт холбогдох

Итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, М-ийн Ар-**** хаягт байрлах нэгж талбарын **** дугаар бүхий, улсын бүртгэлийн Э-***** дугаарт бүртгэгдсэн 63.4 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг Л.М-ийн нэр дээр шилжүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагч Н.Д, хариуцагчийн өмгөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Л.М хариуцагч Н.Д, Д.Н нарт холбогдуулан Итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, М-ийн Ар-**** хаягт байрлах нэгж талбарын **** дугаар бүхий, улсын бүртгэлийн Э-***** дугаарт бүртгэгдсэн 63.4 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг Л.М-ийн  нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

2.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 149/ШШ2024/00443 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 62 дугаар зүйлийн 62.1, 64 дүгээр зүйлийн 64.2, 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Л.М-ээс хариуцагч Н.Д-д олгосон 2020.04.21-ний өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, М-ийн Ар-**** тоотод байрлах 63.4 га газрын эзэмшигчээр тогтоолгож, хариуцагч Д.Н-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Л.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 208/МА2025/00006 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 149/ШШ2024/00443 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1, Газрын тухай хуулийн 38.1, 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан 2020.09.10-ны өдөр иргэн Д.Н-тэй байгуулсан ***** дугаартай, Э-***** бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг Мэргэн шувуутад байрлах 63,4 га газрыг 10,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ, 2020.10.21-ний өдөр Д.Н-ийн эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээ нь тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Л.М-ээс иргэн Д.Н-д үнэ төлбөргүй шилжүүлсэн Иргэний газар эзэмших эрхийн ***** дугаартай гэрчилгээтэй, Э-***** бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р баг Мэргэн шувуутын өвөр-0 хаягт байрлах, нэгж талбарын ****  дугаар 63.4 га газрыг нэхэмжлэгчид буцаан олгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.М-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д-гээс 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.01.15-ны өдрийн 208/МА2025/00006 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч Л.М 2020.04.21-ний өдрийн итгэмжлэлээр төлөөлүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, 64.3 га газрын эзэмшигчээр тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч Н.Д “... таны нэр дээр ногоон тэжээлийн үр хөнгөлөлттэй нөхцөлөөр авах гэсэн юм. Та итгэмжлэл хийж өгөөч.” гэж хууран мэхэлж газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар итгэмжлэл хийлгэсэн. Засаг даргын Тамгын газрын ажилтан нь нотариатын үүрэг гүйцэтгэж итгэмжлэлийг батлах эрхгүй гэх тайлбар, үндэслэл гарган хуурч мэхэлж хийсэн хэлцэл, мөн агуулгын хувьд ноцтой төөрөгдсөн гэж итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбар, үндэслэлээ гаргаж мэтгэлцсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг итгэмжлэл хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж нэхэмжлэл гаргасан гэж дурдсан.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 5-д “Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэлцэл хүчин төгөлдөр бус тул өөрийн эзэмшлийн газрыг буцаан авах гэж тодорхойлсон боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг  Н.Д нь итгэмжлэлээр өөрт нь олгоогүй үйлдлийг хийж, нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй түүний газар эзэмших эрхийг шилжүүлж бусадтай гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул хэлцлийн үр дагаврыг арилгуулах гэж тодорхойлсон бөгөөд энэхүү шаардлага нь үндэслэлтэй.” гэх дүгнэлтийг хийж Л.М-ийн  өмнөөс Н.Д-гийн бусадтай хийсэн хэлцэл болох Д.Н-тэй 2020.09.10-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээ, 2020.10.21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож газрыг нэхэмжлэгчид буцаан олгосон нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй үндэслэл, шаардлагаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим нь нэхэмжлэл, түүний үндэслэл, шаардлага, татгалзал, татгалзлын үндэслэлээ зохигч өөрөө гаргах, баримтаар нотлох, тэгш эрхтэйгээр мэтгэлцэх, шүүх маргааны зүйл, нэхэмжлэлийн шаардлагын талаар хөндлөнгийн байр сууринаас тодруулж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрчлөх эрхтэй боловч уг эрхээ хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө хэрэгжүүлнэ. Учир нь: хариуцагч өөрчилсөн шаардлага, үндэслэлд бэлтгэх, тайлбар гаргах, мэтгэлцэх зэрэг үр дагавар үүсдэг.

Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэргийн үйл баримт, нотлох баримтад үндэслэн Иргэний хуулийн 39, 41, 42 дугаар зүйл, 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэг зааснаар 2020.04.21-ний өдрийн итгэмжлэлийг "газар эзэмших эрх шилжүүлсэн" агуулгатай хүчин төгөлдөр гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх үгүйсгэсэн.

Давж заалдах шатны шүүх “Хариуцагч Н.Д нь татгалзлаа Л.М нь өөрийн өмнөөс ашиглах, эрх шилжүүлэх үйлдэл хийх итгэмжлэлийг олгосон гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан 2020.07.02-ны өдөр (итгэмжлэлийн огноог буруу бичсэн) олгосон итгэмжлэлд газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх үйлдэл хийх эрхийг олгоогүй, зөвхөн ашиглах эрх олгосон гэж үзэхээр байна.” гэж баримтаар нотлогдоогүй үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

Мөн Л.М нь газрыг ашиглахдаа итгэмжлэл хэрэгтэй талаар тодорхой хэмжээгээр төөрөлдсөн, хариуцагчид олгож буй итгэмжлэлийнхээ агуулгыг ойлгоогүй байдал нь ... тайлбараас харагдаж байна гэх дүгнэлтийг магадлалд дурдсан нь үндэслэл бүхий болоогүй.

Түүнчлэн; магадлалын хянавал хэсгийн 5-д “...энэхүү тайлбар нь газар эзэмших эрхийн гэрчилгээний ар талд бичигдсэн тэмдэглэл хэсэгт “Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөтөл хөдөө аж ахуйг дэмжих сангаас тус тус зээлийн барьцаанд газар эзэмших эрхээ барьцаалсан тухай тэмдэглэл...” зэргээр нотлогдож байна гэжээ. Гэтэл маргаан бүхий газрыг 2020.04.21-ний өдөр итгэмжлэл олгохоос өмнө буюу 2019.07.17-ны өдөр ТЭДС-д барьцаалсан бүртгэл үйлдэгдсэн байна.

Харин хэргийн 22 дугаар талд авагдсан 2020.04.21-ний итгэмжлэлд “...Э-***** бүртгэлийн дугаартай... хаягт байрлах 63.4 га газрыг миний өмнөөс ашиглах, эрх шилжүүлэх үйлдэл хийх” гэж дурдсан нь үгийн шууд утгаараа тухайн газрыг эзэмших эрхийг шилжүүлэх гэж ойлгогдох бөгөөд Л.М, Н.Д нар итгэмжлэл хийлгүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлсэн. Улмаар итгэмжлэлийн үр дагаврыг тайлбарлуулсан гэх нотариатын үүрэг гүйцэтгэгчийн мэдүүлэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг Л.М-ээс Д.Н-д шилжүүлж эзэмшигч өөрчлөх тухай захирамж гаргасан Засаг дарга, Газрын харилцааны мэргэжилтний шийдвэрээс тухайн итгэмжлэлийн агуулгыг хөндлөнгийн хүмүүс газар эзэмших эрх шилжүүлэх гэж ойлгон хэрэгжүүлсэн нь давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан 2020.09.10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ, 2020.10.21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон нь үндэслэлгүй юм.

Хэлцлийн үгийн утга ойлгомжгүй гэж үзвэл талуудын хэрэгцээ шаардлагыг тодруулах бөгөөд хэргийн үйл баримтын тухайд хавтаст хэрэгт авагдсан 2024.04.19-ний өдрийн 67 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолд тусгагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд, зохигчийн тайлбар, баримтаар нэхэмжлэгч нь анхнаасаа нэхэмжлэлд дурдагдсан газрын эзэмших эрхийг өөрийн нэр дээр авч, хожим хариуцагчийн хүсэлтээр түүнд шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн үйл баримтыг давж заалдах шатны шүүх анхаараагүйд гомдолтой байна. Иймд Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.03.20-ны өдрийн 001/ШХТ2025/00319 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

ХЯНАВАЛ:

6.Хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

7.Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч Н.Д, Д.Н нарт холбогдуулан 2020.04.21-ний өдөр Н.Д  д олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, ... 63.4 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ, “...дээрх газрыг 40 жилийн хугацаатай, үр тариалан, усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшихээр болсон. Н.Д 2020 онд надтай уулзаж “... Тариалангийн газартай ахмад тариаланчид хөнгөлөлтэй үнээр ногоон тэжээл өгч байгаа, таны нэр дээр аваад өгье, танд чирэгдэл болохгүйгээр зохицуулъя, иргэний үнэмлэхээ өгчих, ногоон тэжээл авах итгэмжлэлд гарын үсэг зураад өгчих гээд итгэмжлэлд гарын үсэг зуруулсан. Итгэмжлэлийг нотариатын эрхтэй этгээд гэрчлээгүй. Итгэмжлэлийн агуулгыг буруу тайлбарлаж хуурч мэхэлж гарын үсэг зуруулсныг 2024 онд мэдсэн. Н.Д уг газрыг өөрийн эцэг Д.Н-ийн нэр дээр шилжүүлсэн.” гэж тайлбарласныг;

Хариуцагч Н.Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...2009 онд Баянгол сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагчаар ажиллах байхдаа уг 63.4 га газрыг авахаар хөөцөлдөж Баянгол сумын нутагт харьяалагдаг гэдгийг мэдэж 2018 онд сумын иргэдийн хурлын тогтоол гарсан. Газар эзэмшүүлэх тогтоол Л.М-ийн нэр дээр байсан тул түүнтэй уулзаж түүний нэр дээр газар эзэмших гэрчилгээг аваад буцааж шилжүүлэхээр тохиролцсон. Л.М-тэй 2019 онд уулзаж газраа шилжүүлэн авсан. Тухайн үед нотариатч хийж байсан хууль эрх зүйн мэргэжилтэн үүнийг тайлбарлаж өгсөн. Л.М-д тусалж “Б” ХХК-д түүний охиныг ажилд оруулахаар болсон боловч охин нь ажилдаа очоогүй. Мөн Л.М-д 6х20 харьцаатай хүлэмж өгсөн.” гэжээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “... Л.М нь Н.Д-д өөрийн эзэмшлийн 63.4 газрыг бусдад шилжүүлэх, ашиглуулах эрхийг итгэмжлэлээр олгосон, итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дугаар зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр, Н.Д хуурч мэхэлж, төөрөгдөлд оруулж, ажил албан тушаалаа ашиглан газрыг бусдад шилжүүлж, худалдсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй, итгэмжлэлийн үндсэн дээр Д.Н-тэй худалдах-худалдан авах гэрээг байгуулж, 63.4 га газрыг 10,000,000 төгрөгөөр Д.Н-д шилжүүлсэн, Д.Н нь шударга эзэмшигч, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийгөө 63.4 га газрын шударга эзэмшигч, өөрийн эд хөрөнгийн эрхийг хууль бусаар бусдад шилжигдсэн гэж үзсэн бол 2020.09.10-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд буюу 2023.09.10-ны өдрийн дотор буцаан авахаар шаардлага гаргах эрхтэй байсан боловч энэ хугацаанд эрхээ сэргээлгэх талаар шаардлага гаргаагүй” гэж үзсэн бол,

9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...зохигчийн хооронд газар ашиглуулах тухай хэлцэл хийгдэж, хэлцлийн дагуу Л.М түүний газрыг ашиглаж байгаад улмаар Н.Д-д газар ашиглах эрх шилжүүлэх итгэмжлэл олгосон, Н.Д нь нэхэмжлэгчээс өөрт нь олгосон газар ашиглах эрх шилжүүлэх тухай итгэмжлэлийг ашиглан нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс өөрийн эцэг болох Д.Н-тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж 63,4 га газрыг 10,000,000 төгрөгөөр худалдах, газрын эзэмших эрхийг өөрийн төрсөн эцэг болох Д.Н-ийн эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээг Л.М-ийн өмнөөс тус тус байгуулж, өөрт итгэмжлэлээр олгогдоогүй эрхийг эдэлсэн тул дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн буюу Л.М-ийн  зөвшөөрөлгүйгээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, Л.М нь газрыг ашиглахдаа итгэмжлэл хэрэгтэй талаар тодорхой хэмжээгээр төөрөлдсөн, хариуцагчид олгож буй итгэмжлэлийн агуулгыг ойлгоогүй нь түүний шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас харагдаж байна..” гэж дүгнэжээ.

11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар буюу итгэмжлэлийн агуулга, итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар зөрүүтэй шийдвэр гаргасан тул хариуцагчийн гаргасан хяналтын гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэв.

12.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2018.11.03-ны өдрийн А/208 дугаар захирамжаар Л.М-д Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, М-ийн Ар-**** тоотод байрлах, 63.4 га талбай бүхий газрыг үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмших эрхийг 40 жилийн хугацаатай олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, газар эзэмших эрхийн улсын бүртгэлд Э-***** дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон, Л.М 2020.04.21-ний өдөр уг газрыг түүний нэрийн өмнөөс ашиглах, эрх шилжүүлэх үйлдэл хийх эрхийг хариуцагч Н.Д  д итгэмжлэлээр олгосон, Н.Д уг итгэмжлэлийн үндсэн дээр Л.М-ийг төлөөлөн 63,4 га газрыг өөрийн эцэг Д.Н-тэй 2020.09.10-ны өдөр 10,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ, 2020.10.21-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх (үнэ төлбөргүй) гэрээг тус тус байгуулсан, Д.Н-д 2020.12.28-ны өдөр газар эзэмших эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдсон.

 13.Анхан шатны шүүх Л.М-ээс 2020.04.21-ний өдөр Н.Д-д олгосон итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан талаар дүгнэсэн нь үндэслэлтэй, харин Д.Н-д холбогдох шаардлагыг шийдвэрлэхдээ Н.Д, Д.Н нарын хооронд хийгдсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Н.Д нь газрыг бусдад худалдаж борлуулсны ашиг 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөөгүй гэж дүгнэсэн нь буруу байна.

14.Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч Н.Д-д холбогдуулж 2020.04.21-ний өдөр түүнд олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргаснаас гадна хариуцагч Н.Д, Д.Н нарт холбогдуулж хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу газрын эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Хэдийгээр нэхэмжлэгч Л.М хариуцагч Н.Д, Д.Н нарт холбогдуулж тэдгээрийн хооронд хийгдсэн хэлцлүүдийг  хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргаагүй боловч хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардсан нэхэмжлэл гаргасан байна. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах шаардлагын үндэслэл нь хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон нь хууль зөрчөөгүй. Иймд “...давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн...” гэх хариуцагчийн хяналтын гомдол үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, шүүхэд хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар шаардлага гаргасан эсэхээс үл хамаарч маргаан бүхий газрын эзэмших эрх, гэрчилгээг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч Н.Д, Д.Н нарын хооронд байгуулагдсан 2020.09.10-ны өдрийн худалдах-худалдан авах, 2020.10.21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх (үнэ төлбөргүй) 2 гэрээний хүчин төгөлдөр байдалд эрх зүйн дүгнэлт хийх учиртай.

15.Маргаан бүхий итгэмжлэлд итгэмжлэлд төлөөлөгч этгээдэд ашиглах үйлдэл хийх эрх олгосон зорилго тодорхойгүй, ойлгомжгүй байх тул хэрэгжүүлэх боломжгүй. Харин итгэмжлэлээр эрх шилжүүлэх үйлдэл хийх эрхийг төлөөлөгчид олгосон байх боловч уг маргаан бүхий газар эзэмших эрхийг хариу төлбөртэй, эсхүл төлбөргүй шилжүүлэхэд төлөөлөх, чухам ямар төрлийн хэлцлээр бусдад шилжүүлэхэд газар эзэмшигчийн төлөөлөл нь тодорхой тусгагдаагүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгө, эсхүл түүнтэй холбоотой эрхийг бусдад хариу төлбөргүй шилжүүлэх эрхийг итгэмжлэлээр олж авсан гэж үзэхийн тулд энэ тухай төлөөллийн эрхийг итгэмжлэлд тодорхой дурдсан байвал зохино.

Төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг бусдад шилжүүлэх үйлдлийг хийх эрхийг ерөнхий байдлаар олгосон итгэмжлэлийн хүрээнд газрын эрхийг төлөөлөгч өөрийн эцэгт үнэ төлбөргүй шилжүүлсэн нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт заасан төлөөлөгч бүрэн эрхээ шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй.

Мөн хариуцагч Д.Н “...энэ газрыг би өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах талаар ярилцах гэж гэрт нь очиж Мягмардорж ахтай уулзаад .... цуг нотариат ороод шилжүүлж авсан...” гэж тайлбарласнаас үзэхэд Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө, түүнчлэн гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлөөлүүлэгчтэй хэлцэл хийхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Ийм учраас давж заалдах шатны шүүх хариуцагч Н.Д нь өөрийн эцэг Д.Н-д нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс түүний эзэмшлийн 63.4 га газрыг 10,000,000 төгрөгөөр худалдах, Газар эзэмших эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээг тус тус байгуулж өөрт итгэмжлэлээр олгогдоогүй эрхийг эдэлсэн гэж үзсэн нь Иргний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д нийцсэн байна.

16.Харин давж заалдах шатны шүүх “...газар ашиглах эрх шилжүүлэх итгэмжлэл олгосон...” гэж дүгнэснийг дээрх байдлаар залруулан дүгнэж, магадлалын тогтоох хэсэгт тухайн маргаанд хамааралгүй Газрын тухай хуулийн 38.1, 38.4 дэх хэсгийг болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчтой болоогүй тул хууль хэрэглээний  өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Хариуцагч Н.Д, Д.Н нарын хооронд байгуулагдсан 2020.09.10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ, 2020.10.21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх (үнэ төлбөргүй) гэрээ тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн нь эрх зүйн үндэслэлгүй байсан тохиолдолд хариуцагч Д.Н-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн, нэхэмжлэгч маргаан бүхий газар эзэмших эрхийг буцаан шаардах эрх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үүснэ.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 208/МА2025/00006 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 149/ШШ2024/00443 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “56.5, 243 дугаар зүйлийн 243.1, Газрын тухай хуулийн 38.1, 38.4” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Н.Д   нь 2025.02.21-ний өдөр 140,400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ

                                                              ШҮҮГЧИД                                       Н.БАТЗОРИГ

                              Н.БАЯРМАА

                              Д.ЦОЛМОН

                                                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД