Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/535

 

 

 

 

 

 

 

 

 

    2024         07           08                                      2024/ШЦТ/535

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Цэвэлмаа,

улсын яллагч Б.Энх-Амгалан /томилолтоор/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.*******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2410018240774 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, *** өдөр *** хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ******* туслах ажилтан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* дүүргийн ******* хороо, ******* хотхоны  ******* тоотод оршин суух,

Урьд 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  825 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжээр торгох торгуулийн ялаар шийтгүүлж байсан ******* ургийн овогт *******гийн ******* /РД:/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрны од насанд хүрээгүй хохирогч буюу төрсөн охин ыг “архи уусан гэж уурлаад байна”  маргаан үүсгэж нүүр хэсэг рүү нь  цохих үйлдлээр доод уруулд шарх, баруун хацар цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Н.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
  2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие гэр бүлийн хүн буюу нөхөр болох Н.*******ад ямар нэгэн гомдол болон нэхэмжлэх зүйлгүй, гэр бүлийн хоорондын үл ойлголцлоос болж үүссэн энэ асуудлыг маань гэр бүлд минь хохирол хүндрэлгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  3. Насанд хүрээгүй хохирогч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед хичээлээс тараад гэртээ ирээд манай аав гэрт буйдан дээр унтаж байсан. Ээж тухайн үед аавыг “яагаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байгаа юм бэ” гэхээр ээжийг янз бүрээр хараагаад байсан учраас би “та яагаад ээжийг хараагаад байгаа юм бэ та байнга архи ууж байх юм” гээд хэлсэн чинь аав босож ирээд “та нар намайг яаж ингээд байгаа юм” гээд намайг гараараа нэг удаа нүүр хэсэгт цохьсон. Тэгээд би хүүхэд хамгаалах 108 дугаарын утас руу залгаад цагдаагийн байгууллага удалгүй цагдаагийн алба хаагч нар орж ирсэн. Манай аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 4-5 хоног байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа. Манай аав урьд 1 сар орчмын өмнө миний утсыг хурааж авна гээд байхаар нь би утсаа өгөхгүй гээд миний үснээс татаад миний хамраас цус гарч байсан бусдаар бол намайг болон гэрийнхнийг цохиж зоддог  хэрүүл маргаан үүсгэдэг зүйл байхгүй. Миний доод уруул хэсэгт сэтэрсэн, дотор талдаа язарсан байсан. Аав архи уучихаад ээжийг хараагаад байхаар нь “та яагаад ээжийг хараагаад байгаа юм бэ та байнга архи ууж байх юм” гээд хэлсэн чинь аав босож ирээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохьсон. Би цагдаа дуудсан чинь аав гараад явсан. /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,
  4. Аюулгүй зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
  5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 6849 дугаартай:

“-ы биед, доод уруулд шарх, баруун хацарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

-Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

-Дээрх гэмтлүүдээс уруулын шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүд мэндийг түх хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй

-Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. /хавтаст хэргийн 28-29 дэх тал/

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгч Н.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42, 47  дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 43, 48 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дэх тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), иргэнд олгох тодорхойлолт (хавтаст хэргийн 46 дахь тал) эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

                       Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин ыг “архи уусан гэж уурлаад байна”  гэж маргаан үүсгэж нүүр хэсэг рүү нь цохьсон үйл баримт тогтоогдлоо.

   Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

   Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж,

           мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж тус тус заасан  нь энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг хуульчилсан ба насанд хүрээгүй хохирогч нь шүүгдэгч Н.*******ын төрсөн охин болох нь талуудын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул тэд хоорондоо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.

   Шүүгдэгч Н.******* насанд хүрээгүй хохирогч ы биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь шүүгдэгч Н.*******, насанд хүрээгүй хохирогч , гэрч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн 6849 дугаартай дүгнэлт, ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

  Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

  Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

 

  1. Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан.

           Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хохирол, төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй, шүүхэд “Гомдол саналгүй” гэх тайлбарыг ирүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “Гомдол, саналгүй” гэсэн тайлбарыг гаргаж оролцсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Шүүгдэгч Н.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

           Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч “Гомдол, саналгүй”  гэсэн, түүний хувийн байдал /дээд боловсролтой, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай гэх/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Н.*******ад сануулсан болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

   Шүүгдэгч Н.*******ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.*******ад оногдуулсан 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Шүүгдэгч Н.*******ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Н.*******ад сануулсугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                             ДАРГАЛАГЧ

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БАТБОЛОР