Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2017/0408

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч О.А Т.Б

Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн банкны үйл ажиллагааг хянан шалгахгүй, арга хэмжээ авахгүй байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцох, Төрийн банкны орон сууцны төлбөр хүлээн авч буй арга хэлбэр хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулж таслан зогсоох арга хэмжээ авахыг даалгах, “А” ХХК-ийн төлбөр нэхэмжилж буй хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авахыг хариуцагчид даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.А хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.А Т.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, Ш Ө орон сууцны хорооллын оршин суугчид бид 2016 оны 11 дүгээр сард “тус хотхонд орон сууцны конторын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “А” ХХК-ийг оршин суугчид Сууц өмчлөгчдийн холбоогоороо сонгоогүй байхад “Ш Ө” хорооллын Сууц өмчлөгчдийн холбооны эрх үүргийг хэрэгжүүлэн, СӨХ-ны төлбөрийг хууль бусаар оршин суугчдаас авч буй үйлдэл нь хууль бус болох тухай, мөн Төрийн банк нь “А” ХХК уг төлбөрийг нэхэмжлэх эрхтэй эсэхийг тодруулалгүй нэхэмжилсэн үнийн дүнгээр бүхэлд нь төлөхийг оршин суугчдаас шаардаж, хэсэгчилсэн төлбөрийг хүлээж авахгүй гэж иргэдийг дарамтлан төлүүлж байгаа нь бидний эрхийг зөрчиж буй” тухай буюу “А” ХХК, Төрийн банкны үйл ажиллагааг хамтад нь шалгуулахаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандан дээрх байгууллагуудын үйл ажиллагааны талаар дүгнэлт гаргуулах, үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй байх тохиолдолд таслан зогсоох арга хэмжээ авахуулахаар гомдол гаргасан болно.

Гэтэл тус газрын ажилтан, улсын байцаагч Д.О  нь томилолтоор явсан эзгүй, бидний гомдлын хариуг өгөлгүй харин ““А“ ХХК-ийн захирал Б.Ж ” гэж хаягласан 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 7/101 дугаар бүхий Улсын байцаагчийн албан шаардлагын хуулбарыг бидэнд үлдээсэн байлаа.

Оршин суугчдын зүгээс үүнийг эс хүлээн зөвшөөрч энэхүү апбан шаардлага түүний үндэслэл нь бодит байдал хуульд нийцээгүй, мөн гомдолд дурдсаны дагуу Төрийн банкны үйл ажиллагааны талаарх дүгнэлт гаргуулах, таслан зогсоолгох шаардлага бүхий гомдлыг дээд шатны албан тушаалтанд гаргасан боловч тус газрын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/37 дугаар албан бичгээр хариу ирүүлж, Улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 7/108 дугаар албан шаардлагын /энэ нь “А” ХХК-ийн үйл ажиллагаанд хамаарна/ хуулбарыг хавсаргаснаас өөрөөр арга хэмжээ авсангүй. Өөрөөр хэлбэл, “А” ХХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоох албан шаардлага хүргүүлж, Төрийн банкны үйл ажиллагаатай холбоотой гомдлын мөрөөр ямар ч арга хэмжээ авч, хяналт шалгалт хийсэнгүй.

Төрийн банк нь оршин суугчдаас орон сууцны төлбөр нэхэмжилж буй байгууллагуудын төлбөр нь хуульд нийцэж буй эсэх, тухайн байгууллага уг төлбөрийг нэхэмжлэх эрхтэй эсэх талаар дүгнэлт хийлгүй гэрээ байгуулан, тус байгууллагуудын нэхэмжилж буй үнийн дүнг бүхэлд нь төлөхийг биднээс шаардан, хэсэгчилсэн төлбөрийг хүлээн авахгүй, төлбөрөө бүхэлд нь төлсөн тохиолдолд төлбөрийн баримт гаргаж өгнө гэж дарамтлан, нэхэмжлэгч байгууллагуудын шаардах эрхийг өмнөөс нь хууль бусаар хэрэгжүүлж буй нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзэж байгаа бөгөөд Төрийн банкны энэхүү үйл ажиллагааны улмаас нэхэмжлэх эрхгүй этгээдэд буюу СӨХ- ны төлбөрийг орон сууцны конторт төлөх, хууль бусаар алданги тооцуулах зэргээр бидний эрх ашиг зөрчигдөж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Төрийн банкны энэ үйл ажиллагааг хууль бус болохыг амаар хүлээн зөвшөөрч буруу гэх атлаа бидний гомдлын дагуу хяналт шалгалт хийхгүй, ямар ч арга хэмжээ авахгүй, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, шалгах чиг үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас иргэд бидний төрийн байгууллагаар хэрэглэгчийн эрх ашгаа хамгаалуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар Төрийн банкны дээр дурдсан үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгуулж, хууль нийцээгүй тохиолдолд таслан зогсоох арга хэмжээ авахуулснаар бидний нэхэмжлэх эрхгүй этгээдэд төлбөр төлөхөөс татгалзах, орон сууцны төлбөрөө өөрийн боломжоор хэсэгчилж төлөх эрх сэргэж, хангагдана гэж үзэж байна.

Иймд бидний гомдлын мөрөөр Төрийн банкны үйл ажиллагааг хянан шалгахгүй, арга хэмжээ авахгүй байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцох, Төрийн банкны орон сууцны төлбөр хүлээн авч буй арга хэлбэр хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулж таслан зогсоох арга хэмжээ авахыг даалгах, “А” ХХК-ийн төлбөр нэхэмжилж буй хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авахыг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү “ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д , У.Х нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хууль зүйн үндэслэлээ:

“...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажилладаг бөгөөд Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” гэж заасан, мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, дүнг мэдээлэх” бүрэн эрхтэй төрийн захиргааны байгууллага бөгөөд хянан шалгах эрх бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг юм

Дараах хууль тогтоомжийн хүрээнд банкны үйл ажиллагаанд Монгол банк хяналт тавьж ажиллах эрхтэй байна. Үүнд:

-Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Монгол банк, төрийн бусад байгууллага банкны үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд удирдлага, шийдвэрт нь хууль бусаар нөлөөлж болохгүй”

-Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ”

-Төв банкны тухай хуулийн 5 дугаар зүйлд “Монгол банкны үйл ажиллагааны чиглэл” заагдсан бөгөөд 5.4 дэх хэсэгт “банкны үйл ажиллагаанд хяналт тавих”

-Төв банкны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Монгол банк нь банкны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд банкны үйл ажиллагааг хянан шалгах, банкинд албадлагын арга хэмжээ авах эрхтэй”

-Мөн Төв банкны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5 дахь хэсэгт “банк, түүний үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэл гаргагч иргэн О.А  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас банкны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын болон шүүхийн шийдвэрийн тухай зөвлөгөө, тайлбар, мэдээллийг өгч байсан. Өөрөөр хэлбэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зүгээс сүүлийн гурван жилийн хугацаанд хэд хэдэн удаа банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн бөгөөд нэр бүхий 8 банк, нэр бүхий 9 банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж баримт материал ирүүлэх тухай албан бичиг, албан шаардлагыг өгөхөд Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг удирдлага болгон шаардлагыг эс зөвшөөрч байсан. Гэвч дээрх хяналт шалгалтыг Захиргааны хэргийн шүүхээс шийдвэр гаргаж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн талаа газрын улсын байцаагчийн дүгнэлт, шийдвэрийг хүчингүй болгосон, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг банкны үйл ажиллагааг хянан шалгахыг хязгаарласан практик байна

Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу иргэн О.А  гаргасан гомдлыг хүлээн авч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заагдсан, өөрт олгогдсон эрхийн дагуу арга хэмжээ авч, үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Учир нь “А” ХХК нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг зөрчин оршин суугчдын зөвшөөрөлгүйгээр сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа эрхэлж байсан нь тогтоогдсон тул улсын байцаагч “А” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох 2016 оны 7/101, 7/108 дугаар албан шаардлагуудыг тус тус өгсөн байна. Оршин суугчид хуулийн хүрээнд сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлснээр “А” ХХК-ийн хууль бус үйлдэл таслан зогсож, иргэн О.А нэхэмжлэлийн шаардлага хангагдана гэж үзэж байна.

Мөн “А” ХХК-иас улсын байцаагчид өгсөн тайлбар тодруулгадаа оршин суугчид сууц өмчлөгчдийн холбоогоо байгуулж, дундын өмчлөлийн эд хөрөнгийг хүлээн авах эрх зүйн орчинг бүрдмэгц дундын өмч болон холбогдох үйл ажиллагааг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйл байхгүй тухай мэдэгдсэн байдаг.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнөүү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч О.А.Т.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.А.Т .Б  нар тус шүүхэд хандаж “Төрийн банкны үйл ажиллагааг хянан шалгахгүй, арга хэмжээ авахгүй байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцох, Төрийн банкны орон сууцны төлбөр хүлээн авч буй арга хэлбэр хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулж таслан зогсоох арга хэмжээ авахыг даалгах, “А” ХХК-ийн төлбөр нэхэмжилж буй хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авахыг хариуцагчид даалгах” гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...А ХХК-ийг сууц өмчлөгчдийн холбоогоор сонгоогүй байхад ...-ны эрх үүргийг хэрэгжүүлсэн...Төрийн банк орон сууцны төлбөрийг хууль бусаар авч, алданги тооцож байгаа нь бидний эрх ашгийг зөрчсөн...бидний гомдлын дагуу хяналт шалгалт хийхгүй, арга хэмжээ авахгүй, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, шалгах чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэж, харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...өөрт олгогдсон эрхийн дагуу арга хэмжээ авч, үйл ажиллагаа явуулсан...А ХХк-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох албан шаардлага хүргүүлсэн..оршин суугчид өөрсдөө СӨХ байгуулснаар тус компанийн хууль бус үйлдэл зогсоно...” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Анх 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо Наадамчдын зам гудамж, Ш Ө орон сууцны хорооллын оршин суугчдаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчий төлөө газарт хандаж “...А ХХК-ийн Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нэхэмжилж буй үйлдэл нь хууль тогтоомжид нийцэж буй эсэх, сар бүр нэхэмжилж буй үнийн дүн нь үндэслэлтэй эсэх, Төрийн банкны үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, таслан зогсоох арга хэмжээ авах” тухай гомдол гаргасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 7/101 тоот “Ш Ө хорооллын оршин суугчдад СӨХ-ны үйл ажиллагааг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор шилжүүлэх” тухай албан шаардлагыг “А” ХХК-ийн захиралд хүргүүлсэн байна.

Улмаар оршин суугчдаас тэдний гаргасан гомдлыг бүрэн шийдвэрлээгүй гэж үзэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт дахин гомдол гаргасны дагуу тус газрын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 7/1085 тоот албан шаардлагаар хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг “А” ХХК-аас шаардаж, уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д заасны дагуу захиргааны хариуцлага ногдуулахыг мэдэгджээ.

Төрийн банкны Буянт-Ухаа тооцооны төвийн захирал болон “А” ХХК-ийн захирлын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 15/02 дугаар бүхий “Биллер байгууллагатай хамтран ажиллах гэрээ” байгуулсан байх бөгөөд уг гэрээний 1.1-д зааснаар “Аж” ХХК-ийн нэхэмжлэхээр хураах хэрэглээний төлбөр” гэсэн хэсэгт Контор, СӨХ, Цахилгааны төлбөр хамаарахаар, 1.2-т зааснаар “А” ХХК-ийн нэхэмжлэхийн дагуу иргэдээс төлбөрийг хүлээн авах, түүний харилцах дансанд төвлөрүүлэх асуудлыг тохиролцжээ. Үүнээс үзэхэд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4 дэх хэсэгт зааснаар Ш Ө хорооллын оршин суугчид Сууц өмчлөгчдийн холбоогоо байгуулаагүй, “А” ХХК нь Сууц өмчлөгчдийн холбооны өмнөөс түүний эрх үүргийг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байхад оршин суугчдын орон сууцны төлбөрийг Төрийн банкаар дамжуулан нэхэмжилж буй “А” ХХК-ийн үйлдэл хууль бус болох нь тогтоогдож байна.  

Хэдийгээр хариуцагч захиргааны байгууллагаас 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 7/101, 2016 оны 12 дугаар сарын 7/108 тоот албан шаардлагуудаар “А” ХХК нь СӨХ-ны үйл ажиллагааг хууль бусаар эрхэлж байгаа зөрчлийг илрүүлж тогтоосон байх боловч  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасны дагуу илэрсэн зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авахгүй байгаа эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нарын хэрэглэгчийн эрхээ хамгаалуулах болон өргөдөл гомдлоо хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх эрх зөрчигдсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч иргэдээс “А” ХХК-ийн СӨХ-ны үйл ажиллагааг хэрэгжүүлж буй үйлдэл болон Төрийн банкны оршин суугчдаас орон сууцны төлбөр нэхэмжилж буй үйлдлийг хамтад нь шалгуулж, таслан зогсоох арга хэмжээ авахуулахыг хүссэн байхад хариуцагч захиргааны байгууллагаас зөвхөн “А” ХХК-д 7/101, 7/108 тоот албан шаардлагуудыг хүргүүлж, Төрийн банкны үйл ажиллагааг хянан шалгахгүй орхигдуулсан нь иргэдээс гаргасан гомдлын дагуу хянан шалгаж шийдвэрлэх, илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заанаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т “эрхлэх асуудлын хүрээнд хамаарах өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх” гэж заасны дагуу Ш Ө хорооллын оршин суугчдаас гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь нэхэмжлэгч иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Мөн эл асуудал нь Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1.4, 20 дугаар зүйлийн 20.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д тус тус зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагааны бүрэн эрхэд хамаарах бөгөөд арилжааны банкны үндсэн үйл ажиллагаатай холбогдуулж хяналт шалгалт хийх тухай бус хэрэглэгчээс төлж буй орон сууцны төлбөрийн асуудлын талаар буюу хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлаар хийж буй хяналт шалгалт болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан О.А Т.Б  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1.12, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг тус тус баримтлан иргэн О.А,  Т.Б  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн банкны үйл ажиллагааг хянан шалгахгүй, арга хэмжээ авахгүй байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, Төрийн банкны орон сууцны төлбөр хүлээн авч буй арга хэлбэр хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулж таслан зогсоох арга хэмжээ авах, “А” ХХК-ийн төлбөр нэхэмжилж буй хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авахыг тус тус Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                   Н.Д