Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2020/01352

 

 

2021 оны 07 сарын 09 өдөр                          181/ШШ2021/01352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Буянт-Ухаа  гудамж,   тоотод оршин суух У.М ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,   дүгээр хороо, Каркас   тоотод байрлах Т ХХК /РД: /-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, 2020 он 6 дугаар сарын олгогдоогүй цалин 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Иргэн У.М  нь Т ХХК-ийн захирлын тушаалаар эдийн засагчийн албан тушаалд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдож, ажил олгогч нь ажилтны сарын цалинг 1,200,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш ажил олгогч талын саналаар ажилтны цалингийн өөрчлөлттэй холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх сарын цалинг 1,400,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Ажилтны урьд авч байсан сарын цалинг 200,000 төгрөгөөр нэмсэн. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээнд дахин өөрчлөлт орж ажилтанд олгох сарын цалинг 1,500,000 төгрөг болгон нэмэгдүүлж ажилтны урьд авч байсан цалинг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлж хөдөлмөрийн гэрээнд дахин өөрчлөлт оруулсан. Тайкун ХХК-ийн эдийн засагчийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд байгууллагын дотоод журамд заасан эрх үүргийг биелүүлэн ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.

Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн салбарт ажиллаж байхад гүйцэтгэх захирал Ч.О чамайг ажлаас чинь халсан, ерөнхий захирлын тушаал гарсан гэж хэлсэн. Учрыг нь захирлаас асуухад Зээлдэгч н.Э  зээлийн төлбөрийн хугацаа хэтрэлттэй, барьцаа эд хөрөнгийг хураан авч худалдан борлуулсан үнийн дүн, зээл хаах мөнгөн дүнд хүрэхгүй байна, мөн зээлдэгч н.Э  зээлийн гэрээний үлдэгдэл 600,000 төгрөгийг намайг хувиасаа төлөөгүй гэх шалтгаануудыг үндэслэж ажлаас чинь халсан гэх тайлбарыг өгсөн. Ингээд ажлаас халагдсан тушаалаа авахыг шаардахад халсан тушаал гараагүй байгаа, ажлаас халах тухай тушаал гарахаар чи ирж аваарай гэж хэлсэн. Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нягтлан н.Б  утсаар холбогдож тушаал чинь гарсан ирж ав гэсний дагуу тус өдөр очиж нийгмийн даатгалын дэвтэр болон ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаалыг нягтлангаас хүлээн авсан.

Ажлаас халсан тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байсан. Миний бие ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг тус компанид огт гаргаж байгаагүй. Харин ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байна гэж ойлгож байсан чинь өөрийн хүсэлтээр гарсан гэх тушаал гаргасан байсан. Ажлын эрх үүрэг болон зээлдүүлсэн эд хөрөнгийн зах зээлийн үнийг судалж, зах зээлийн үнийн 30-50 хувьд тооцож зээл гаргах боломжтой эсэхийг судалж зээлийн гэрээний төслийг бэлдэж салбарын захиралд өгөх үүрэгтэй албан тушаал байсан. Салбарын захирал гэрээний төслийг хянаад зээл олгох шийдвэрийг гаргах, зээлийн гэрээ байгуулж гарын үсэг, байгууллагын тамга тэмдгийг дарж зээл олгодог. Миний судалсан зээлдэгч нар гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, хугацаа хожимдуулан сарын төлбөрүүдийг төлсөн. Гэтэл надаас шалтгаалан найдваргүй зээл гаргасан гэх үндэслэлээр намайг ажлаас халсан. Тиймээс өөрийн хүсэлтээр гарсан гэх тушаал үндэслэлгүй байна.

Иймд Т ХХК-ийн ерөнхий захирлын ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, тус компанийн 2020 оны 06 дугаар сард олгох цалин 1,500,000 төгрөг, мөн ажлаас халагдсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар цалин хөлс авах болон амрах эрхтэй гэж заасан байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шүүхэд хандсан. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад татгалзлаа илэрхийлэхдээ ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан, У.М хүсэлтээ өөрөө бичиж өгсөн гэдэг боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 27, 38.1 дэх хэсэгт зааснаар дээрх үйл баримтыг нотлох баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгч тухайн байгууллагад ажиллаж байхдаа зөрчил гаргасан гэдэг боловч яг хэзээ ямар зөрчил гаргасан тухай баримт, баталгаажуулсан зүйл байдаггүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг өөрийн хүсэлтийг гаргаагүй байхад дур зоргоороо аашилж хүсэлт гаргасан мэт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд энэхүү тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч   ХХК шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, У.М нь Т ХХК-д нэг жил ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн. Т ХХК-ийн нягтлан бодогч ажилд орж байгаа ажилтныхаа тушаалыг гаргадаг.

 

Т ХХК нь барьцаалан зээлдүүлэх газар, өөрсдийн олсон мөнгөө бусдад зээлүүлээд хүү, алдангиа тохироод явж байдаг байгууллага юм. У.М чанаргүй олон зээл гаргасан асуудал яригдсан. Богд банкинд мөн асуудал үүсгээд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдаг

Бид У.М  ярилцсаны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримталж шийдвэр гаргасан. У.М  өөрөө бичгээр хүсэлтээ өгөхгүй гэж хэлж байсан. Тэгээд харилцан тохиролцоод өөрөө ажлаас чөлөөлөгдөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт зааснаар ажилтан өөрөө санаачилсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж уг тушаалыг гаргасан. Харин бичгээр хүсэлтээ бичиж өгөх ёстой гэдгийг хангаж ажиллаж чадаагүй юм байна.

Мөн У.М Хаан банкинд ажиллаж байхдаа ажлаа хаяж явсан, Богд банкинд ажиллаж байхдаа хажууд суудаг теллерийнхээ мөнгөнөөс авч байсан гэдэг асуудлууд байгаа. Мөн зээл авсан хүнийхээ алдангийг хооронд нь алданги, хүүг шилжүүлсэн маш ноцтой алдаа гаргасан. Иймд У.М  цаашид банк санхүүгийн байгууллагад ажиллаж чадахгүй гэж үзээд, мөн ирээдүйг нь бодоод өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр У.М нь ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ илэрхийлээд энэ тушаал гарсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ өг гэхэд өөрөө өгөхгүй, ойлголцоно гэж хэлээд хүсэлтээ бичгээр гаргаж өгөөгүй гэж нягтлан нь хэлдэг. Яагаад өгөөгүй вэ гэхээр Б  банк болон Х ажлаас халагдсан тодорхойлолтоо авч ирж өгөөгүй удаан хүлээлгэсний эцэст Т ХХК өөрсдөө судалсны үр дүнд манай байгууллагад цаашид ажиллах тохиромжгүй гэдгийг тогтоосон.

Бусдад зээл олгодог санхүүгийн байгууллага зөрчил битгий гаргаарай гэдэг шаардлагыг удаа дараа тавиад эхнэр нь жирэмсэн гэдэг шалтгаанаар ажлаас нь халахгүй яваад байсан нь буруу байсан юм уу? Нэгэнт зээл өгөх эрх нь байгаа цагт санхүүгийн хариуцлага алдаж байсан хүн цаашид ажиллуулах боломжгүй гэдгийг өөрөө болон компани нь ойлгосон. Ингээд өөрөө ажлаас чөлөөлөгдөх тухайгаа амаараа илэрхийлээд гарсан асуудал юм. У.М шүүхэд хандаад явж байгааг нь итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс их гайхаж байна. Бусад зөрчлийн талаар ярих шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.М нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, 2020 он 6 дугаар сарын олгогдоогүй цалин 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

1. Нэхэмжлэгч У.М  нь Т  ХХК-д 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эдийн засагч албан тушаалд ажиллаж байгаад Тайкун ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19/09 дугаар тушаалаар Чингэлтэй салбарын эдийн засагч албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байна. Улмаар Т ХХК-ийн ерөнхий захирлын Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгджээ. /хх10/

Нэхэмжлэгч энэ тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ажлаас халсан тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасныг үндэслэн тушаал гаргасан байсан. Миний бие ажлаас чөлөөлж өгөх тухай хүсэлтийг тус компанид огт гаргаж байгаагүй. Харин ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байна гэж ойлгож байсан чинь ажилтан өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцлах хүсэлт гаргасан гэж ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь хөдөлмөрийн тухай хуулийн ноцтой зөрчин ажлаас хууль бусаар чөлөөлсөн гэж үзэж байна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...У.Мягмардорж нь санхүүгийн сахилга, хариуцлага удаа дараа алдсан тул ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Бид У.М  ярилцсаны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримталж шийдвэр гаргасан. У.М өөрөө бичгээр хүсэлтээ өгөхгүй гэж хэлж байсан. Тэгээд харилцан тохиролцоод өөрөө ажлаас чөлөөлөгдөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт зааснаар ажилтан өөрөө санаачилсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж уг тушаалыг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Шүүх ажил олгогчийн тушаалыг хэлбэр болон агуулгын хувьд хуульд нийцсэн эсэх, тушаал гаргах үндэслэл бий болсон эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх бөгөөд ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ.

Т ХХК-ийн ерөнхий захирлын У.М ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг баримталсан, тушаалыг гаргасан огноо бичигдээгүй байх бөгөөд хариуцагч тал тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар маргажээ.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ажил олгогч нотлох үүрэгтэй.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг ажилтан, эсхүл ажил олгогч гаргаснаар гэрээ цуцлагдах журмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 39, 40 дүгээр зүйлээр зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дууссанд тооцно гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн ажилтан санаачилсан гэх үндэслэлд ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлт ажилтны өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан өргөдөл, хүсэлт хамаардаг байна.       

Хариуцагч тал У.М-г ...санхүүгийн сахилга бат алдсан, удаа дараа ноцтой зөрчил гаргасан учир өөртэй нь харилцан тохиролцож, ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч У.Мягмардорж нь хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчил гаргасан, түүнчлэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймээс ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажилтан өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлийг ажил олгогчид хүлээлгэж өгснөөр ажил олгогч ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг ажил олгогч зөрчсөн байх тул нэхэмжлэгч У.Мягмардоржийг Тайкун ХХК-ийн эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

2. Нэхэмжлэгч У.М нь 2020 оны 6 дугаар сард ажилласан цалин 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал дээрх хугацаанд урамшуулал олгосон тул хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана, 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэжээ.

Дээр дурдсан хуулийн зүйл, заалтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан маргааны шүүхэд хандах эрхийн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан ба уг хугацаа 3 сар байна.          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...2020 оны 6 дугаар сарын цалин 1,500,000 төгрөг олгосон болохыг нэхэмжлэгч тухайн сардаа мэдсэн, шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргахаас өмнө тухайн асуудлаар шүүхэд хандаж байгаагүй, ажил олгогчид бичгээр гаргасан хүсэлт байхгүй гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч У.Мягмардоржийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг 2020 оны 6 дугаар сарын дутуу олгосон цалин 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргасан гэж үзэх үндэслэлгүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон, эсхүл тасалдсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хугацаа хэтрүүлсэн байдалд хүндэтгэх шалтгаантайг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, хугацаа сэргээлгэхтэй холбоотой хүсэлтийг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй учир шүүх нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэлээ.

Иймд Т ХХК-иас 2020 оны 6 дугаар сард дутуу олгосон цалин 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У.М нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэстэй байна.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрээр хөдөлмөрийн гэрээ сэргээгдсэн ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хууль бус шийдвэр гаргаж халсан ажил олгогч нөхөн олгохоор зохицуулсан.

 

Талууд хөдөлмөрийн гэрээнд цалингийн хэмжээг тусгаагүй, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 1,000,000 төгрөгөөр тооцон төлж байсан, мөн 2020 оны 06 дугаар сард нэхэмжлэгчид цалин хөлс олгоогүй үйл баримт тогтоогдсон боловч хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1,500,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн... /хх54/ гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр цалинг 1,500,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн гэх тайлбар гаргасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тодорхойлох дундаж цалин хөлсийг 1 сарын 1,500,000 төгрөг, 1 өдрийн 71,429 /1,500,000/21 хоног/ төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч У.М  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацааг ажлаас халагдсан 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тооцож, дээрх хугацаанд ногдох 9 сар 15 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 14,571,428.55 /1,500,000х9сар=13,500,000+71,429х15хоног=1,071,428.55/ төгрөгийг хариуцагч Т  ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч У.М олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн тухай бичилт хийлгүүлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан У.М Т ХХК-ийн эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14,571,248.55 төгрөгийг Тайкун ХХК-иас гаргуулан олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар У.М нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Т ХХК-ийн удирдлагад үүрэг болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т ХХК-иас 2020 оны 6 дугаар сарын цалин 1,500,000 төгрөг гаргуулах тухай У.М  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 369,685 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 301,007 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ