| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2020/00202/и |
| Дугаар | 181/ШШ2021/01268 |
| Огноо | 2021-06-22 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2021/01268
2021оны 06 сарын 22өдөр 181/ШШ2021/01268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Скайтел плазад байрлах С ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, 30 дугаар байр, 18 тоотод оршин суух Н.Т /РД:/-д холбогдох
2,584,496 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Хариуцагч Н.Т нь С ХХК-аас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаж ажлаас гарсан. Н.Т 2016 оны 11 дүгээр сард ажилласан хоногт ногдох цалин 2,596,496 төгрөг бодогдсоноос лизингийн төлбөрийг хасаж 1,612,496.17 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 цаг 53 минутад Цалин Н.Т, С ХХК гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн байдаг.
Гэвч цалингийн нягтлан бодогч 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөн цалин гэсэн гүйлгээний утгаар дахин давхардуулж 2,584,496 төгрөгийг Н.Т цалингийн дансанд шилжүүлсэн. Тухайн үед ажиллаж байсан цалингийн нягтлан бодогч удирдлагадаа мэдэгдээгүй, Н.Т илүү шилжүүлсэн цалинг буцаан шилжүүлээгүйн улмаас түүний үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл илрэх боломжгүй байсан.
\
2020 оны 11 дүгээр сард компаний хэмжээнд ажиллагсдын авлагын тооцооноос дээрхи илүү төлөлтүүд үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдлийг илрүүлсэн бөгөөд тооцоо нийлсэн дүнгээс 2,584,496 төгрөгийн үлдэгдэлтэй Н.Т гарсан юм. Энэ авлагыг иргэн Н.Т хүлээн зөвшөөрсөн боловч өнгөрсөн хугацаанд манай компанид төлсөнгүй.
Хариуцагч 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараас үзвэл хариуцагчийн дансанд нэхэмжлэгчийн шаардаж буй 2,584,496 төгрөг шилжиж орсон болохыг хүлээн зөвшөөрч байна. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2016 оны 11 дүгээр сараас хойш даруй 5 жилийн дараа нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тайлбар гаргасан байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэж заасан байдаг. Ингэхээр манайх нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхээ хөөн хэлэлцэх хугацааны дагуу алдаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар эрх бүхий этгээдэд буцааж өгөх үүрэг шударга эзэмшигчийн хувьд байдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд Н.Тэгшжаргал өөрийнхөө дансанд илүү цалин давхардуулж олгосныг мэдэгдээгүйгээс үүдэлтэй өнгөрсөн хугацаанд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Мөн өнгөрсөн хугацаанд Скайтел ХХК-д тухайн нягтлан бодогч энэ тухай удирдлагадаа мэдэгдээгүй нь хариуцагч Н.Тэгшжаргал илүү шилжүүлсэн цалинг буцаан шилжүүлээгүйн улмаас түүний үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдлийг мэдэх боломжгүй байсан.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан. Иймд 492.1.1-т зааснаар хариуцагч Н.Т 2,584,496 төгрөгийг гагуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт:
Миний бие С ХХК-д 2012 оны 8 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Захиргаа, хүний нөөцийн захирлын албан тушаалд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.
С ХХК нь дээрх шилжүүлсэн гэх цалинг энэ олон жилийн хугацаанд надаас огт буцаан шаардаж байгаагүй атлаа холбогдох тооцоог хийж хууль болон зохих журмын дагуу ажил хүлээлцсэн, ажлаас чөлөөлснөөс хойш даруй 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Хариуцагч 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж оролцож байна. С ХХК-ийн үйл ажиллагаа тогтворжсон, олон ажилтантай томоохон компаниудын нэг. Цалингийн нягтлан ажилчдын цалинг бодож, түүнийг ахлах ч юм уу нэг ажилтан хянаж өөрөөр хэлбэл 2 хүний давхар хяналтаар бодогдож олгогддог юм байна. Тухайн өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр давхар цалин шилжүүлсэн асуудлыг таслан зогсоох, тухайн үед илрүүлээд шийдэх боломжтой байна гэж харж байна.
Нөгөө талаас би Н.Т уулзахад Би С компанид олон жил ажилласан, бас их юм хийсэн. Би цалин гэсэн гүйлгээний утгатай байсан болохоор зарим ажилчдыг ажлаас гарахад ажил олгогчийн зүгээс урамшуулал цалин хийдэг. Би авч байгаа цалин мөнгөө нарийн тооцож хийсэн зүйл байхгүй. Хоёр удаагийн гүйлгээгээр мөнгө шилжиж орж ирсэнд маргахгүй. С компани анх над руу ярих үед би дансаа шалгаж байж мэдсэн. Тухайн үед асуудлаа тавиад шаардаад явахгүй яасан юм бэ гэж хэлсэн гэж хэлсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж тус тус заасан. Энэ хүрээнд авч үзэхээр Иргэний хуулийн 74, 82 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн үеэс хугацаа тоолох асуудал яригдана.
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс С ХХК эрхээ зөрчигдсөнөө мэдэх бүрэн боломжтой. Энэ бол нуугдмал далд байж байгаад 5 жилийн дараа илрүүлээд байхуйц хэмжээний ноцтой зөрчил биш. Нөгөө талаас ажил олгогчийн ажилдаа хайнга хандаж байгаа асуудал. Хариуцагч ажлаас чөлөөлөх хүсэлтээ өөрөө бичиж өгөөд ажлаа хүлээлцээд өөрөө Солонгос явсан. Ажил олгогчоос Зохих журмын дагуу тооцоог хийгээд араас нь цалинг шилжүүлнэ гэсэн.
Мэдээж С ХХК-иас тодорхой хэмжээний цалин орж ирнэ гэдгийг мэдээд нөхөр нь картыг нь авч үлдээд хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан гэсэн тайлбарыг өгсөн. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХКнь хариуцагч Н.Т холбогдуулан 2,584,496 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр маргасан.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэг авагдсан баримт, зохигчдын маргаагүй тайлбараар Н.Т нь С ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн захирлын албан тушаалд ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, С ХХКнь түүний 11 дүгээр сард ажилласан хоногийн цалинд 2,596,496 төгрөг бодогдсоноос лизингийн төлбөрийг хасаж 1,612,496.17 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Н.Т Х банк ХХК-ийн ***************тоот дансанд цалин гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлжээ. Мөн өдрөө ХХК-иас 2,596,495.87 төгрөгийг Н.Т дээрх дансанд Цалин Н.Т С ХХКгэсэн утгатай шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С ХХК нь Н.Т Х ХХК-ийн ************** тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн 2,596,496 төгрөгөөс 2,584,496 төгрөгийг Н.Т гаргуулахаар шаардсан үндэслэлээ Тухайн үед ажиллаж байсан цалингийн нягтлан бодогч Н.Т цалинг давхар шилжүүлсэн, үүнийг удирдлагадаа мэдэгдээгүй. Мөн Н.Т илүү шилжүүлсэн цалинг буцаан шилжүүлээгүйн улмаас мэдэх боломжгүй байсан. Иймд түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ гэж тайлбарласан.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ Хөдөлмөрийн гэрээний талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Энэ хүрээнд авч үзвэл Иргэний хуулийн 74, 82 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн үеэс хугацаа тоолох асуудал яригдана. Иймээс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс С ХХКэрхээ зөрчигдсөнөө мэдэх бүрэн боломжтой байсан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Хариуцагч Н.Т нь С компанид олон жил ажилласан. Зарим ажилчдыг ажлаас гарахад ажил олгогчийн зүгээс урамшуулал цалин олгодог учраас Н.Т авах ёстой цалин, урамшуулал байсан гэх тайлбар гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Хариуцагч Н.Т болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх тайлбар, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
С ХХК, ажилтан Н.Т нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болж, түүний 2016 оны 11 дүгээр сард ажилласан цалинг бүрэн олгосон, харин хөдөлмөрийн гэрээний харилцаа дууссанаас хойш буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Н.Т Х ХХК-ийн 499152030 тоот дансанд цалин гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн 2,596,496 төгрөгийг эзэмших эрхтэй болохоо хариуцагч тал шүүхэд баримтаар нотлоогүй тул хариуцагч Н.Т үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.
Иймд С ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Н.Т 2,596,496 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байхаар, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор заасан.
Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ХХК, Н.Т нарыг хөдөлмөрийн гэрээний талууд гэж үзнэ. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд хамаарна. Шаардах эрхийг мэдэх ёстой байсан үеэс эхэлж тоолох тул 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс С ХХК эрхээ зөрчигдсөнөө мэдэх бүрэн боломжтой байсан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлан маргасан.
Гэвч С ХХК, Н.Т нарын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон тул хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсноос хойш шилжүүлсэн 2,596,496 төгрөгийг шаардах эрх нь хөөн хэлэлцэх ерөнхий хугацаанд хамаарах тул С ХХК-г шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.
Х ХХК-ийн 499152030 тоот дансны хуулгаар С ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2,596,495.87 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч С ХХКнь Н.Т 2,584,496 төгрөгийг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар 2,584,496 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Т 2,584,496 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т-с 56,310 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ