| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2021/00871/и |
| Дугаар | 181/ШШ2021/01070 |
| Огноо | 2021-06-02 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2021/01070
2021 оны 06 сарын 02 өдөр 181/ШШ2021/01070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, дүгээр байр, тоотод байрлах Х ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Бага тойруу, Алтангэрэлийн гудамж, Сити центр 11 давхарт байрлах Т ХХК /РД:/-д холбогдох
Даатгалын нөхөн төлбөрт 64,722,912.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж , Н.Э , хариуцагчийн өмгөөлөгч М.Ш , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай байгууллага нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 209031300386179 дугаартай В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г Т" ХХК-тай харилцан тохиролцож байгуулан Япон улсад 2017 онд үйлдвэрлэгдсэн, JTJHY00W404237712 арлын дугаартай, 0570 УНО улсын дугаартай, TOYOTA LX-570 автомашиныг даатгуулсан билээ. Даатгалын гэрээний БАГЦ-3 сонголтоор, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл, даатгалын үнэлгээг 213,500,000 төгрөгийн 1,2%-иар тооцон даатгалын хураамжид 2,562,000 төгрөгийг төлж, зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлийг хамгаалж, даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг олгохоор тохиролцож гэрээг байгуулсан. Гэтэл манай компанийн эзэмшлийн машин нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Багануурын хөшөөний орчимд адуутай мөргөлдөж осол гарсан юм.
Бидний зүгээс Т ХХК-д болон Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авсан. Хас лизинг ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 48000018 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг 48 сарын хугацаатай байгуулж, 0570 УНО улсын дугаартай, TOYOTA LX-570 жип автомашиныг худалдан авч, эзэмшин ашиглаж байсан. Даатгалын гэрээнд заасан жолоо шилжүүлэх үеийн эрсдэл-д хамаарах Ш.Х авто машиныг жолоодож байсан.
Цагдаагийн байгууллагаас 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт болон 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлтээр жолооч буруугүй болохыг тогтоосон. Даатгалын гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр авах эрх үүссэн тул Т ХХК-д нөхөн төлбөр авах талаар бичгээр өргөдөл гаргасан.
Т ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 20/1214 дугаартай Нөхөн төлбөр шийдвэрлэх хугацаа сунгах тухай албан бичгээр нэмэлт баримт, материал шаардагдах болсон тул Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст албан тоотоор хандсан хариу хүлээж байх тул гэрээнд заагдсан хугацаанд нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй тухай Б, Ч нарт утсаар мэдэгдсэн гэсэн утгатай хариу өгсөн.
Мөн түүнчлэн Т ХХК-ийн зүгээс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны 20/1249 дугаартай Нөхөн төлбөрийн шийдвэр хүргүүлэх тухай албан бичгээр Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан, гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан Замын хөдөлгөөний дүрмийн 12.4, 12.5, 12.6 заалтуудыг зөрчсөний улсаас учирсан хохирол, түүний үр дагаварт нөхөн төлбөр олгох боломжгүй буюу татгалзсан шийдвэр гарсан болохыг үүгээр уламжилж байна. Нөхөн төлбөрийн хэлтсийн захирал О.Б гэж хариу мэдэгдсэн.
Манай компанийн зүгээс Т ХХК-ийн хариуг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Д 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 9/148 тоот албан бичгээр Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар учирсан хохирлын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгох нь зүйтэй гэсэн албан бичгийн хувийг Тэнгэр даатгал ХХК-д хүргүүлсэн юм.
Манай компани нь тээврийн хэрэгслийн байнга засвар үйлчилгээ хийлгүүлдэг Тоёота мотор корпорацийн албан ёсны зөвшөөрөлтэй Т ХХК-д гэмтлийг засварлуулах үйлчилгээ хийлгэхээр хандахад дээрхи авто машины их биеийн эд ангиудад 68,049,000 төгрөгийн, хөдөлгүүрийн эд ангиудад 22,739,000 төгрөгийн эвдрэл гэмтэлтэй болохыг тогтоож нийт 90,788,000 төгрөгийн нэхэмжлэхээ 2020 оны 09 дүгээр сарын 28-ны манайд ирүүлсэн.
Манай зүгээс хөрөнгийн үнэлгээний М ХХК-д авто машины үнэлгээ хийлгүүлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар 69,810,347 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон бөгөөд үнэлгээчний зардалд 2,104,000 төгрөгийг манай компани төлсөн юм.
Манай компани нь Т " ХХК-тай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 209031300386179 дугаартай В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Иргэний хуулийн 431 дүгээр зүйл 431.1-т зааснаар Т ХХК-иас авто машины даатгалын хохирлын нөхөн төлбөр 69,810,347 төгрөг, үнэлгээний зардал 2,104,000 төгрөг, нийт 71,914,347 төгрөгөөс даатгалын гэрээнд заасан даатгуулагчийн хариуцах хэсэг 10 хувь буюу 7,191,434.7 төгрөгийг хасаж тооцон хохирлын нөхөн төлбөр 64,722,912.3 төгрөгийг нэхэмжилж байна.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувьд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цагдаагийн байгууллага болоод Замын цагдаагийн байгууллагын ослын шинжээчийн дүгнэлт гаргах нөхцөл байдал бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хамаарах нөхцөл байдал биш гэдгийг онцолж хэлмээр байна. Учир нь хариуцагч байгууллагын төлөөлөгч, өмгөөлөгч нараас санаатайгаар осол гаргасан мэт, ослыг зохиомол байдлаар үүсгэж илүү эвдрэл үүсгэсэн мэтээр тайлбар хийлээ.
Машины үнэ ханшийн хувьд санхүүгийн лизингийн гэрээ хийгээд 400 гаруй сая төгрөгөөр худалдаж авсан. Даатгалын гэрээнд зах зээлийн ханшнаас багаар үнэлнэ гэж заасан байдаг. Даатгалын хураамжийг даатгалын тохиолдлын үнийн дүнгээс 10 хувийг хасаж тооцсон, баримтаар тогтоогдож гарсан байгаа зардлыг нэмж нэхэмжлээгүй. Жишээ нь, осол орон нутагт болсон гэдэгт талууд маргаагүй. Тухайн тээврийн хэрэгслийг тухайн цаг хугацаанд ашиглах боломжгүй, осол болсон даруй компьютер нь бүх үйлдлээ хаасан, өөрөө өөрийгөө түгждэг программтай байдаг.
Тоёота үйлдвэрээс төлөөлөх эрхтэй Т ХХК-д үзүүлж хөдөлгөөнд оролцох боломжтой болоод гарч ирсэн. Энэ нөхцөл байдалд хамгийн наад зах нь тээвэрлэлтийн зардал гардаг. Энэ зардлын баримтыг хэрэгт хавсаргасан ч нотлох баримтын шаардлага хангаагүй тул өнөөдөр нэхэмжлэлдээ оруулж тооцоогүй.
Хариуцагч даатгалын байгууллага зайлшгүй гарах зардлыг үгүйсгээд байгаа учраас тодруулж хэллээ. Даатгалын байгууллага осол болсон даруй мэдээллийг хүлээж авсан гэдгээ хэлсэн. Даатгалын тохиолдол үүссэн байхад Багануур дүүрэг дэх салбар ослын газар очоогүй.
Нэхэмжлэгч байгууллагаас тухайн тээврийн хэрэгслийн үйлдвэрийн албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн Т ХХК-д эвдрэл гэмтлийг засварлуулсан зардлын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, эрх бүхий хөрөнгийн үнэлгээгээр үнэлүүлнэ. Тухайн үнийн дүнг зөвшөөрнө гэдэг. Үүний дагуу үнэлгээ хийлгэсэн.
Гэрээнд даатгалын тохиолдлын нөхцөл, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан эс үйлдэхүй байгаа юм. Энэ хүн хүсээд адуу мөргөөд байгаа юм биш. Замын тээврийн цагдаагийн зам тээврийн осолд тогтоосон актын бүдүүвч зурганд мөргөсөн, мөргүүлсэн цэг 0,6 м газар байгаа. Энэ нь өөрөө тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Ш.Х зогсоох арга хэмжээг бүрэн авсан байна гэдгийг харуулж байгаа. Зогсоох арга хэмжээг бүрэн авсан байхад зогсоогоогүй, санаатайгаар мөргөсөн юм шиг яриад байгаа нь зүйд нийцэхгүй байна.
Лексус буюу тансаг зэрэглэлийн машин нь 2013 оноос машин автоматаар зогсоох арга хэмжээ авдаг. Урд нь саад орж ирэхэд машин 360 градусын хяналтын камераар үйлдэл хийх бүрэн тохиргоотой байдаг машин, жолоочийн хүсэл зоригийн шаардлагагүйгээр зогсоох арга хэмжээг бүрэн авдаг тоноглогдсон машин байдаг. Үүнийг хариуцагч байгууллага няцаахгүй байна гэж харж байна. Учир нь үүнтэй холбоотой гэрээнд маргаагүй, зогсоогоогүй, санаатайгаар үйлдсэн асуудал ярилаа. Бичгийн нотлох баримтаар зогсоосон, зогсоохдоо хурд хэтрүүлсэн байна гэх асуудалд тоормосны мөр гараагүй. Эвдрэлийн хувьд сүрхий харагдаад байгаа зүйл бол эвдрэлийг өөртөө шингээх буюу зорчигч тухайн хэрэгслийн дотор зорчиж яваа хүний аюулгүй байдлыг хангах үүднээс өөр дээрээ гэмтэл авдаг машин юм. Машин дотор цохилт доргио мэдрэгддэггүй. Үүний талаар жолооч дүрс бичлэгэнд хангалттай харуулж байгаа.
Иймд Т ХХК-иас авто машины даатгалын хохирлын үнэлгээний нөхөн төлбөр 69,810,347 төгрөг, үнэлгээний зардал 2,104,000 төгрөг, нийт 71,914,347 төгрөгөөс Даатгалын гэрээнд заасан даатгуулагчийн хариуцах хэсэг 10 хувь 7,191,434.7 төгрөгийг хасаж тооцон хохирлын нөхөн төлбөр 64,722,912.3 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 9/148 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу учирсан хохирлын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан.
Шийдвэрийн хувийг Т ХХК-д албан ёсоор олгосон байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 хэсэгт Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ заасны дагуу манайх урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан. Т ХХК Санхүүгийн зохицуулах хорооноос гарсан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар Тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч нь Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу гомдол гаргаагүй. Тэгэхээр тус хорооны шийдвэр хүчин төгөлдөр байна гэж ойлгох ёстой юм. Санхүүгийн зохицуулах хороо гэдэг нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага гэж мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасан байдаг. Цаашилбал, мөн хуулийн 5 дугаар зүйлд Хороо үйл ажиллагаандаа бие даасан, ил тод байх, бусдын нөлөөнд үл автах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг удирдлага болгоно гэж заасан бөгөөд дээрх заалтын хүрээнд гаргасан шийдвэр гэж би ойлгож байна.
Даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Энэ хуулийн зорилт нь даатгалын үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тогтоож, төрийн эрх бүхий байгууллагаас даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Өнөөдөр даатгалын хуулийн хүрээнд даатгуулагч хэн гэхээр өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн хуулийн этгээдийг хэлнэ гэж зааснаар Х ХХК, Т ХХК-тай даатгалын гэрээ байгуулсан.
Даатгалын тухай хуулийн 4.1.4-т зааснаар Даатгалын тохиолдол нь гэдэг нь даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлнэ гэж заасан. Мөн хуулийн 4.1.6-д даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг төлнө гэж заасан. Даатгалын тухай хуулийн 8.1-т Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно гэж хуульчилсан. Үүний дагуу бид нөхөн төлбөрөө нэхэмжилсэн. Даатгалын тухай хуулийн 1.4-т даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хуульд заасан хугацаа хэмжээгээр олгох үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүл гэж Т ХХК-д нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу даатгуулагч маань Даатгалын тухай хуулийн 12.1-т даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцлийн дагуу нөхөн төлбөр олгохыг шаардахад хариуцагч танайх хурд хэтрүүлсэн гэсэн. Ослын газрын бүдүүвч зургаас харахад энэ машин зогсоох үйлдэл хийснээр тухайн учирсан аюулыг зайлуулж, самбаачлах замаар зогсоох үйлдлийг хийсэн. Гэтэл энэ мөргөлтийн улмаас адуунд хохирол учраагүй, амьд байгаа.
Цагдаагийн байгууллага яагаад учир дутагдалтай шинжээчийн дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй. Өөрсдийн гаргасан дүгнэлтийн 1 дэх заалтад Lexus 570 маркийн 05-70 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Улсын чанартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн А0501 дугаартай автозамын 111 дэх километрийн тэмдэгтээс 137 дахь тэмдэгт хүртэл Багануур дүүргийн нутаг дэвсгэрт ... суурингийн дотор хөдөлгөөний журмыг баримтална гэсэн атлаа, дараагийн заалтаар хэргийн фото зураг гарсан хэмжилтийн схем зургийн хооронд тормоосны мөр тэмдэглэгдээгүй байна. Тоормосны мөр тэмдэглэгдээгүй байна гэдэг маань жолооч ямар нэгэн аюул тулсан үед зогсоох үйлдэл хийсэн байна гэдгийг харуулна. Уг осол хариулгагүй адуунаас болж гарсан. Ийм учраас Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг маргаан хаагдсан.
Даатгалын эрсдэлд хамаарахгүй нөхцөл байдал ямар хууль тогтоомжийн хүрээнд оруулж ирээд байна гэхээр үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордоод байна гэдэг заалт дээр ярих гээд байна. Хариуцагчийн өмгөөлөгч гэрээний чөлөөт байдал гэж ярьж байна.
Манай нэхэмжлэлийн үндсэн шаардлага Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1-т Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасны дагуу үүргээ биелүүлсэн. Хэрэв даатгалын байгууллагад мэдэгдээгүй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй бол өөр асуудал байх байсан. Гэтэл тухайн ослын газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр даатгалын байгууллага ирээгүй. Ирээгүй мөртлөө өнөөдөр миний үйлчлүүлэгчтэй холбоотой асуудалд хурд хэтрүүлсэн юм гээд ярьсан зүйлийг нотлох баримт юм шиг яриад байна. Гэтэл 80 км/цагийн хурдтай явсныг нотлох нэг ч нотлох баримт байхгүй.
Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.2-т Даатгалын тохиолдол бий болсон үед даатгагч даатгалын тохиолдол буюу нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай аливаа мэдээллийг даатгуулагчаас шаардах эрхтэй гэж заасан. Үүний дагуу дээд шатны байгууллага Санхүүгийн зохицуулах хороо нь замын цагдаагийн гаргасан шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй байгаа учраас танайх даатгалын нөхөн төлбөрийг тухайн даатгуулагчид төлөх үүрэгтэй гэж заагаад байгаа нь мөн хуулийн 439.4-т заасантай нийцэж байна. Иймд Хос богд ХХК-аас даатгалын нөхөн төлбөр нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т ХХК-д 209031300386179 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээт баталгаатай 05-70 УНО улсын дугаартай Toyota LX 570 маркийн тээврийн хэрэгслийг иргэн Ш.Х /РД: СЧ76071165/ нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шөнийн 21 цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт (Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан хот суурингийн доторх замд) замын хөдөлгөөнд оролцох үедээ хурд хэтрүүлэн явж, адуу мөргөн зам тээврийн осол гаргасан. Тухайн зам тээврийн осол нь жолооч хурд хэтрүүлснээс үүдэлтэй болох нь дараах нотлох баримтаар нотлогддог. Үүнд:
1. Жолооч хурд хэтрүүлсэний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь дараах бодит үйл баримтуудаар нотлогддог.
Ш.Х нь осол болсон даруй өөрийн биеэр ослын үеийн дүрс бичлэг хийсэн ба энэ үедээ 80 км/цагийн хурдтай явсан болохоо хэлсэн.
209031300386179 тоот даатгалын гэрээний 4.1.5-д даатгуулагч нь Даатгалын тохиолдол болсон үед тухайн үйл явдлын талаар даатгагчид хоёрдмол утга санаагүйгээр, дэлгэрэнгүй тодорхой, үнэн зөв мэдээллэх үүрэгтэй, 6.1.6-д Даатгалын тохиолдлын үе болон хохирлыг нотлох фото зураг, видео бичлэг-ийг үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ гэж тус тус заасныг үндэслэн Ш.Хонгорзул нь тухайн осол болсон газарт өөрийн биеэр дүрс бичлэгийг хийн баримтжуулж, даатгагчид өгсөн ба уг бичлэгт ...Миний миллийн хурд 80 км/цаг орчимтой, гэрлээ ойр дээрээ тавьсан, урдаас машинууд явж байсан гэж дурддаг.
Зам тээврийн осол дээр тогтоосон акт болон гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд Ш.Хонгорзул нь 65 км/цаг хурдтай явсан гэж мэдүүлсэн:
Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.М 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ш.Х авсан гэрчийн мэдүүлэгт Ш.Х нь Та ойролцоогоор ямар хурдтай явж байсан бэ гэх асуултанд Би ойролцоогоор 65 километр цагийн хурдтай явж байсан гэж хариулжээ.
Уг мэдүүлгийг үндэслэн мөн өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон актын Тээврийн хэрэгслийн тухай тодорхойлолт-ын осол гарах үеийн хурд хэсэгт жолоочийн тодорхойлолт 65 км/цаг гэж тэмдэглэсэн байна.
Дээр дурдсан үйл баримтуудаас харвал тухайн үед жолоо барьж явсан жолооч Ш.Х хот суурингийн доторх замд тээврийн хэрэгслийн тогтоосон хурд (60 км/цаг)-ыг хэтрүүлсэн болохоо өөрийн биеэр 2 удаа мэдүүлж нотолсон.
2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4, 18.3 дахь заалтыг зөрчиж хурд хэтрүүлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог.
Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн тодорхойлолт болон Зам тээврийн осол дээр тогтоосон акт дахь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн заалтууд нь өөр, өөр байсан тул шинжээчийн дүгнэлтээр зөрчлийг эцэслэн тогтоосон.
Даатгуулагч нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлэн ирэх үедээ Багануур дүүргийн Замын цагдаагийн тасгийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №09 тоот Тэнгэр Даатгал ХХК-д хандсан тодорхойлолтыг хавсарган ирүүлсэн. Уг тодорхойлолтод даатгуулагчийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчиж зам дээр байсан адууг мөргөж зам тээврийн осол гарсан тул тодорхойлолт гаргав. гэсэн боловч ослын үеийн нөхцөл байдал тодорхойгүй байсан тул Багануур дүүргийн Замын Цагдаагийн тасагт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 20/1143 тоот албан бичгээр хандаж зам тээврийн ослын акт, бүдүүвч зураглал, хэргийн газрын тэмдэглэл зэрэг даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд шаардлагатай баримтыг хуулбарлан ирүүлэхийг хүссэн юм.
Дээрх хүсэлтийн дагуу холбогдох баримтуудыг ирүүлсэн боловч 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Багануур дүүргийн Замын цагдаагийн тасгийн Зам тээврийн осол дээр тогтоосон актаар даатгуулагчийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. гэх заалтыг зөрчиж Багануур дүүргийн 2 дугаар хороо Хүний овооны орчимд Lexus LX 570 маркийн 05-70 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээр зам дээр байсан адууг мөргөж зам тээврийн осол гаргасан гэж тогтоосон байсан.
Энэхүү Зам тээврийн осол дээр тогтоосон акт болон Багануур дүүргийн Замын цагдаагийн тасгийн №09 тоот тодорхойлолтод дурдагдсан Ш.Х гаргасан гэх зөрчлүүд нь хоорондоо өөр байсан учир Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Л.А 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 20/1178 тоот албан бичгээр дахин хандаж уг зөрүүг арилгаж өгч, нэгдсэн нэг дүгнэлт ирүүлэхийг хүссэн. Ингэхдээ даатгуулагчийн ослын газарт хийсэн ...Миний миллийн хурд 80 км/цаг орчимтой, гэрлээ ойр дээрээ тавьсан, урдаас машинууд явж байсан гэх дүрс бичлэг, №09 тоот тодорхойлолт болон Зам тээврийн осол дээр тогтоосон актын хуулбарыг хавсарган өгсөн билээ. Мөн Багануур дүүргийн Прокурорын газарт 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 20/1165 тоот албан бичгээр давхар хандсан болно.
Уг хүсэлтийн дагуу Багануур дүүргийн Прокурорын газраас шинжээч томилж, Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн заалтын зөрүүг гаргаж хариу өгөхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосон бөгөөд шинжээчийн хариу нь эцсийн дүгнэлт болохыг бидэнд мэдэгдсэн.
Ийнхүү Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Т.Б 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг үндэслэн Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч, цагдаагийн хошууч Б.Ганбат нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №08 тоот шинжээчийн дүгнэлтийг үйлдсэн. Уг дүгнэлтэд Lexus LX 570 маркийн 05-70 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно, 12.4-т Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гээд зорчин явсан нутаг дэвсгэр нь Багануур дүүргийн суурин газарт хамрагдах тул суурингийн доторх хөдөлгөөний журмыг баримтлах тухай дэлгэрэнгүй дүгнэсэн болно.
Дээрх нотлох баримтуудаар жолооч Ш.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчиж хурд хэтрүүлсэний улмаас осол гаргасан болох нь хангалттай нотлогдсон байхад нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал Ш.С Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Цагдаагийн байгууллагаас 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт болон 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр жолооч буруугүй болохыг тогтоосон. гэж худал мэдүүлсэн байна.
3. Санхүүгийн зохицуулах хороо нь маргааныг урьдчилан шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтээр хурдыг тогтоогоогүй учраас хурд хэтрүүлсэн гэж үзсэнийг үгүйсгэж байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Ш.Хонгорзулын өөрийн биеэр 2 удаа өгсөн мэдүүлэгт дүгнэлт өгөөгүй буюу уг нотолгоог үгүйсгээгүй.
Санхүүгийн Зохицуулах Хороо нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 9/148 тоот албан бичгээр ...шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар Ш.Хонгорзул нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ... 12.4-т Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх боловч мөн дүгнэлтэд Осол хэргийн фото зураг болон хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн схем зурагт тоормосны мөр тэмдэглэгдээгүй тул тоормосны мөрөөр тогтоох аргачлалын дагуу хурдыг тогтоох боломжгүй гэснээр дээрх дүрмийн заалт үгүйсгэгдэж байна. гэж дүгнэсэн. Гэвч тоормосны мөрөөр хурдыг тогтоох боломжгүй гэсэн нь хурд хэтрүүлээгүй болохыг нотлохгүй бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх хэсгийг зөрчсөнийг үгүйсгэх нотлох баримт байхгүй юм.
Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо нь дээр дурдсанчлан шинжээчиин дүгнэлттэй холбоотойгоор дүгнэлтийг өгсөн боловч Ш.Х ослын үеийн бичлэгт 80 км/цаг хурдтай явсан тухайгаа дурдсан мэдүүлэг болон гэрчээс авсан мэдүүлэгт 65 км/цаг хурдтай явсан гэж мэдүүлсэнтэй холбоотой дүгнэлтийг өгөөгүй буюу үгүйсгээгүй болно.
Дээрх нотлох баримтуудаар жолооч Ш.Хонгорзул нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчиж хурд хэтрүүлсний улмаас осол гаргасан болох нь хангалттай нотлогдсон бөгөөд Ш.Х хурд хэтрүүлсэн тухайгаа 2 удаа мэдэгдсэн нотлох баримтыг үгүйсгэх нотолгооны зүйл байхгүй болно.
Иймд Т ХХК нь 209031300386179 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Дараах тохиолдлуудад даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол хэмээн үзэж даатгуулагчид нөхөн төлбөр олгохгүй. гээд 7.1.8 дахь заалтад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4, ...заалтуудыг зөрчсөний улмаас учирсан хохирол, түүний үр дагавар гэж, даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дахь заалтад Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан бол нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн тул мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т даатгагч Энэ хуулийн 8.5-д заасан үндэслэлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах эрхтэй гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан байдаг.
Иймд 209031300386179 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ болон Даатгалын тухай хуульд заасан нөхөн төлбөр олгохоос татгапзах үндэслэлүүдийг үндэслэн даатгуулагч Х ХХК, захирап Ш. С Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ...Т ХХК-иас ...хохирлын нөхөн төлбөр 64,722,912.3 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан үндсэн зарчмын дагуу Х ХХК, Т ХХК нарын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлын үндсэн дээр мөн хуулийн 431 дүгээр зүйлд заасны дагуу даатгалын гэрээ байгуулсан. Үүнтэй 2 талын хэн аль нь маргадаггүй.
2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зам тээврийн осолтой холбогдуулж гарсан Багануур дүүргийн замын цагдаагийн тодорхойлолт хавтаст хэргийн 18, 19, 20, 21 талд байдаг. 21 дүгээр талын 4 дэх хүснэгтэд суурин дотор зам тээврийн осол болсон гэдэг. Мөн хавтаст хэргийн 31 дүгээр талд Багануур дүүргийн замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтийн 1 дэх хэсэгт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 буюу замын хөдөлгөөний суурин газарт эл замын тээврийн осол болсон гэж замын цагдаагийн байгууллагаас 2 удаа тогтоосон байдаг. Ш.Х 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн гэрчийн мэдүүлэгт би ойролцоогоор 65 км/цагийн хурдтай явсан гэж хэлсэн. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт Хуульд заасан тохиолдолд Засгийн газар энэ хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болно гэж тусгайлан заагаад өгсөн байдаг. Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2,3,4 дүгээр зүйлүүдэд заасны дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг барих ёстой.
Тухайн осол маань суурин газар 60 км цагийн хурдтай явах гэдгийг зөрчсөн. Энэ дүрмийг барих хэм хэмжээний актын дагуу тухайн өдөр болсон зам тээврийн осол, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм буюу суурин газарт 60 км/цагаас илүү хурдтай зорчихыг хориглосон зохицуулалтыг зөрчсөн. Энэ тухай гэрч 80 км/цагийн хурдтай явж байснаа хэлдэг, гэрчийн мэдүүлэгт 65 км/цагийн хурдтай явсан гэж мэдүүлж байгаа үйлдлүүд нь Х ХХК, Т ХХК нарын хооронд байгуулсан Даатгалын гэрээгээр нөхөн төлбөр олгохоос татгалзахаар тусгайлан заасан 7.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Тус хороо нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг байгууллага, гэм буруутай үйлдлийг шүүх тогтооно.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг эцсийн шийдвэр гэж үзэх ойлголт байхгүй. Талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээнээс 9 хоногийн дараа тухайн тээврийн хэрэгсэл хөдөө орон нутагт осолд орсон. Тухайн үеийн зах зээлийн ханшаар Лексус 570 маркийн машин 213 сая төгрөгөөр үнэлэгдэх машин дотор нь 1 насанд хүрсэн хүн, 4 хүүхэд, жолооч нийт 6 хүн явж байсан тээврийн хэрэгсэл адуу мөргөсөн. Гэтэл нэг ч дэр задраагүй, ийм үнэтэй машины дэр задрахгүй гэх ойлголт байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.Х нь аккумулятор суусан гэдэг зүйлийг ярьдаг. Аккумлятор хэзээ суусан бэ гэдэг эргэлзээтэй нөхцөл байдал байна. Ш.Х 65 км/цагаас илүү хурдтай явж байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Өөрөө гэрчийн мэдүүлэг өгөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу өөрийн болон гэр бүлийн гишүүн түүний эсрэг байх эрх үүргийг тайлбарлаж өгсөн байхад гарын үсгээ зурж баталгаажуулсан.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дахь заалтад Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан бол нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т Даатгагч Энэ хуулийн 8.5-д заасан үндэслэлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах эрхтэй гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан байдаг.
Дээрх нөхцөл байдлын үндсэн дээр Тэнгэр даатгал ХХК-ийн зүгээс даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 64,722,912.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Х ХХК нь Т ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар №209031300386179 дугаартай В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г бичгээр байгуулж, Х ХХК-ийн өмчлөлийн, санхүүгийн түрээсийн гэрээгээр эзэмшиж байгаа ****УНО улсын дугаартай, Лексус 570 /Lexus570/ маркийн автомашиныг 213,500,000 төгрөгөөр үнэлэн Багц 3 сонголтоор даатгуулж, Т ХХК нь даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд тээврийн хэрэгсэлд учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг олгох үүргийг хүлээж, гэрээнд даатгуулагчийн хүлээх хариуцлага 10 хувь байхаар харилцан тохиролцож, Х ХХК нь даатгалын хураамжид 2,562,000 төгрөг төлсөн байна.
Зохигчид даатгалын гэрээг бичгээр байгуулж, гэрээнд даатгалын гэрээний гол нөхцөлийг бүрэн тусгасан, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2, 431.3-т заасан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр даатгалын гэрээ байна.
Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Хэрэгт авагдсан баримтаар Х ХХК нь ******УНО улсын дугаартай Лексус 570 /Lexus LX570/ маркийн тээврийг хэрэгслийг Санхүүгийн түрээсийн гэрээгээр эзэмшиж байгаа болох нь Х ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 223 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Даатгалын гэрээний хугацаанд буюу 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ш.Х нь даатгагдсан тээврийн хэрэгслийг жолоодож Багануур дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа адуу мөргөсөн болох нь Замын цагдаагийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №08 дугаартай Шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Даатгуулагчийн зүгээс даатгалын гэрээний 5.2-т заасан хугацааны дотор буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрээний 6.1-т заасан баримт бичгийг бүрдүүлэн даатгагч Тэнгэр даатгал ХХК-д нэхэмжлэл гаргасан боловч даатгагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4, 12.5 болон 12.6 дахь заалтуудыг зөрчсөний улмаас учирсан хохирол, түүний үр дагавар-т нөхөн төлбөр олгохоос татгалзана гэж заасныг үндэслэн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дахь хэсэгт заасан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж үзэж, даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо уг шийдвэр үндэслэлгүй тул нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасныг Т ХХК нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд давж заалдаагүй байна. /хх15-17/
Зохигчид даатгалын гэрээ байгуулагдсан эсэх, түүний хүчин төгөлдөр байдал, даатгалын зүйлийн эзэмшигч, өмчлөгч, даатгалын хураамж төлөгдсөн эсэх болон даатгалын гэрээний хугацаанд даатгалын зүйлд хохирол учирсан эсэх, учирсан хохирлын хэмжээ зэрэгт маргаагүй.
Нэхэмжлэгч нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзэж, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бол хариуцагч нь даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол учирсан гэж уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг заасан. Өөрөөр хэлбэл, даатгалын зүйлд хохирол учирсан байхаас гадна уг хохирол учирсан шалтгаан, нөхцөлийг хамааруулж, хамтад нь даатгалын тохиолдол гэх ойлголтыг тодорхойлдог. Иймд учирсан хохирол юунаас шалтгаалсан гэдгийг тогтоох нь даатгалын тохиолдол бий болсон эсэхийг дүгнэх үндсэн нөхцөл болно.
Зохигчдын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний Даатгалын хамгаалалт хэсгийн 3-т Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдлийг даатгасан бөгөөд 3.1-т Мөргөлдөх, шүргэлдэх, 3.2-т Жолоо шилжүүлэх үеийн эрсдэл зэргийг даатгасан байна. /хх14/
Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч, цагдаагийн хошууч Б.Г 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №08 тоот шинжээчийн дүгнэлтэнд :
1. Lexus 570 маркийн *****УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.Хонгорзул нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Улсын чанартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн А0501 дугаартай авто замын 111 дэх километрийн тэмдэгтээс 137 дахь тэмдэгт хүртэл Багануур дүүргийн нутаг дэвсгэрт ... суурингийн дотор хөдөлгөөний журмыг баримтална.
2. Осол хэргийн фото зураг болон хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн схем зурагт тоормосны мөр тэмдэглэгдээгүй тул тоормосны мөрөөр тогтоох аргачлалын дагуу хурдыг тогтоох боломжгүй байна.
3. Хариулгагүй адуу зам руу орсноос уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна гэжээ. /хх27/
Нэхэмжлэлийн үндэслэл болсон даатгалын гэрээний 7.1.8-д Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4, 12.5 болон 12.6 заалтуудыг зөрчсөний улмаас учирсан хохирол, түүний үр дагавар-ыг даатгалын эрсдэлд хамаарахгүй байхаар заажээ.
Нэхэмжлэгч эд хөрөнгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй хэдий ч зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцлийг шинжээчийн дүгнэлтээр Хариулгагүй адуу зам руу орсноос уг зам тээврийн осол гарсан гэж дүгнэсэн байх бөгөөд, хэдийгээр тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.Х нь үзлэг хийсэн тэмдэглэлээр ...Гэхдээ миний миллийн хурд 80 орчимтой байсан... гэж, 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн гэрчээс авсан мэдүүлэгт ...Би ойролцоогоор 65 километр цагийн хурдтай явж байсан... гэж мэдүүлсэн байх боловч жолооч Ш.Х Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасныг зөрчсөний улмаас дээрх осол гарсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Даатгалын гэрээний 7.1.8-д заасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4, 12.5 болон 12.6 заалтуудыг зөрчсөний улмаас учирсан хохирол, түүний үр дагавар даатгалын эрсдэлд хамаарахгүй, Даатгалын тухай хуулийн 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан бол даатгуулагч нөхөн төлбөр олгохоос бүрэн татгалзах эрхтэй гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
Даатгалын гэрээний хугацаанд даатгуулсан эд хөрөнгөнд хохирол учирч, даатгалын тохиолдол бий болсон байх тул хариуцагч Тэнгэр даатгал ХХК нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар нөхөн төлбөр олгох үүрэгтэй.
Зохигчид учирсан хохирлын хэмжээнд маргаагүй, даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйлд 69,810,347 төгрөгийн хохирол учирсан болох нь М ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №4332/ДД№18565808 тоот Авто машин техникийн үнэлгээний тайлангаар, нэхэмжлэгч үнэлгээний ажлын хөлсөнд 2,104,000 төгрөгийг төлсөн болох нь М ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна. /хх30-31/
Даатгалын гэрээний Нэмэлт үйлчилгээнд Хохирол үнэлгээний зардал хамаарахаар, даатгуулагчийн хариуцах хэсэг 10 хувь байхаар заасан тул хариуцагч Тэнгэр даатгал ХХК-иас 64,722,912.3 /69,810,347+2,104,000-7,191,434.70/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хос богд ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан Т ХХК-иас 64,722,912.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 481,565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 481,565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ