| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2021/04079/И |
| Дугаар | 181/ШШ2021/00262 |
| Огноо | 2021-03-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2021/00262
2021 03 29 181/ШШ2021/00729
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, ХААН банк цамхагт байрлах Х банк ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 9 дүгээр байр, Б блок, тоотод байрлах И ХХК /РД /,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 9 дүгээр байр, тоотод оршин суух Р. Б /РД: /,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 9 дүгээр байр, тоотод оршин суух Э.А /РД: / нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,699,581,021 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч И ХХК, Р.Б, нар нь ХААН банкны Хан-Уул бизнес төвөөс 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ЗГ-13/26 тоот зээлийн эрх нээлгэх болон барьцааны гэрээ байгуулж 2,300,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зээл авсан бөгөөд уг зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2202007972 дугаартай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Төмөрчний гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн хойд хэсэгт байрлах 648 мкв талбайтай барилга, улсын бүртгэлийн Ү-2202009660 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 25/1 тоотод байрлах 338 мкв талбайтай барилга, нэгж талбарын 152/0045 дугаартай Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, конторын тоног төхөөрөмж, бараа материал зэргийг тус тус барьцаалуулсан.
Тус зээлийн гэрээнд 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/13/26-1 тоот гэрээгээр зээлийн гэрээний хугацаа сунгаж, зээлийн хүүгийн хэмжээг жилийн 20,4 хувь болгож өөрчилсөн, мөн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-13/26-2 тоот гэрээгээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг сунгасан.
Зээлдэгч нар нь 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/13/26 тоот болон 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/13/26-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 539,513,403 төгрөг, хүүгийн төлбөрт 540,644,238.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 207,876,009.06 төгрөг, нийт 1,288,033,650.59 төгрөгийг тус тус төлсөн байна.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралт дахь “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчид зээл төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч зээлдэгч зээл, төлбөрөө төлөлгүй 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 2227 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Зээлийн явцад хариуцагч нараас Улсын драмын эрдмийн театрын ард баригдаж байгаа барилгаас 3 давхрыг тэр чигт нь зээлийн төлбөрт тооцож авах санал ирүүлсэн. Саналыг судлахад хэтэрхий өндөр үнэлсэн учир банкны хувьд хүлээн авах боломжгүй байсан. Энэ барилга маань зах зээлийн хамгийн өндөр үнэ ханшийг судалж, хариуцагч нарын зарласан үнэ ханшийг судлахад 1 м.кв-ыг 2,400,000 төгрөгийн ханштай байсан. Гэтэл банкинд 1 м.кв-ыг 3000 доллараар ав гэх байдлаар хандсан учраас тул боломжгүй гэж үзэж байна. Хариуцагч нараас 2020 оны 05 дугаар сарын 13-нд хамгийн сүүлийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн байдаг.
Иймд банк 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/13/26 тоот болон 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/13/26-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд заасны дагуу хариуцагч нараас 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,650,486,597 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,842,878,850 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 206,215,574 төгрөг, нийт 3,699,581,021 төгрөг гаргуулах, зээлдэгч нар төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Манайх бол маргаад байх зүйл байхгүй, төлбөрөө төлж чадаагүй нь үнэн. Драмын театрын орчимд барилга бариад эдийн засгийн хүнд байдалд ороод зогссон. Өөрсдөө барьж чадахгүй учраас зээл аваад явсан. Төлж чадаагүй учир нь нэхэмжлэгч компани руу 2020 оны 11 сард эвлэрье, барилгынхаа 3 давхраас өгөх саналтай талаар албан бичиг өгсөн ч хариу ирээгүй. Сүүлд 2020 оны 05 дугаар сарын 13-нд төлөлт хийсэн. Тэрнээс хойш бүтэн 6 сарын дараа шүүхэд хандсан. Сүүлийн 6 сарын төлбөр 148,543,793 төгрөгийг хасаж өгөөч гэж хүсч байна. Нөгөө талаас хэрэв барилгын 3 давхрын талбайг бүхэлд нь авахыг зөвшөөрч байвал өөр маргах зүйл байхгүй гэв.
Гэрээний 9.2-д гэрээг зөрчсөн тохиолдолд хугацаанаас өмнө цуцална гээд заасан. Хугацаагаа заах ёстой боловч заагаагүй байна. Төрийн банк хугацаа заадаг. Хугацаа заагаагүй учраас зээлдэгчид асар их хүүгийн дарамт ирж байна. Үндсэн төлөлт 1,600,000,000 төгрөг, түүнээс давсан 1,800,000,000 төгрөгийн хүү шаардаж байна. Надад 2019 оны хавраас хойш Х ХХК төлбөр нэхсэн би шүүхэд өг гээд хэлсэн байгаа гээд яваад л байсан. Хэрэгт өгөөгүй болохоос 2019 оны 11 сард надтай байгуулсан гэрээ байна. Тэгээд 2020 оны 5 дугаар сард мөнгө олж, төлөлт хийсэн. Дунд нь албан ёсоор биш ч “шүүхэд өг” гэж хэлж байсан. Хугацааны хувьд төлбөрөө хасах боломж байвал хасуулах хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч И ХХК, Р.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,699,581,021 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хойшхи 6 сарын хугацааны хүүгийн төлбөр 148,543,793 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Х ХХК болон И ХХК, Р.Б нарын хооронд 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр №ЗГ-13/26 тоот “Зээлийн эрх нээх гэрээ”, байгуулагдаж, уг гэрээгээр Х ХХК нь 2,300,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар 3 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч буюу И ХХК, Р.Б, А.Э нар нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, зээлдэгч нар зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.
Мөн өдөр Х ХХК нь И ХХК, Р.Б нартай №БГ-16/26 тоот “Барьцааны гэрээ”-г байгуулж, Индустр ХХК, Р.Б нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Төмөрчний гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн хойд талд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 648 м2 барилга /ГД-******, Ү-******/, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамжинд байрлах конторын зориулалттай 338 м2 барилга /ГД-******, Ү-2202009660/, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 150 м2 газар /ГД-0379035, нэгж талбарын 152/0045 дугаар/, Конторын тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан зээл болон хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүсжээ.
Зохигчид харилцан тохиролцож, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №-ЗГ-13/26-2 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-ээр дээрх зээлийн гэрээний хугацааг 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт 20 сараар сунгаж, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зохигчид биелүүлэх үүрэгтэй.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар зээлдэгч буюу Х банк ХХК нь гэрээгээр тохирсон зээлийг И ХХК-ийн 5129023460 тоот дансанд шилжүүлсэн, зээлийн гэрээний хугацаа дуусахад буюу 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 539,513,403 төгрөг, хүүгийн төлбөрт 540,644,238.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 207,876,009.06 төгрөг, нийт 1,288,033,650.59 төгрөгийг тус тус төлж, 1,850,486,597 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 200,000,000 төгрөг төлсөн нь үндсэн зээлийн төлбөрөөс хасагдсан бөгөөд хариуцагч буюу зээлдэгч И ХХК, Р.Б нар нь 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт 3,699,581,021 төгрөг буюу үндсэн зээл 1,650,486,597 төгрөг, хүү 1,842,878,850 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 206,215,574 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “…зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү,гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 11.3-т “Зээлийн гэрээний хугацаа дуусах нь үүргээ бүрэн биелүүлээгүй зээлдэгч нь төлөгдөөгүй байгаа зээлийн төлбөр болон бусад төлбөр тооцоог төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх талаар харилцан тохиролцсон учраас хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч нар нь биелүүлэх үүрэгтэй юм.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А нь “Хамгийн сүүлийн төлөлтийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлсөн. Үүнээс хойш шүүхэд өгөөрэй гэсэн боловч өгөөгүй. Дээрх хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх 6 сарын хүүгийн төлбөр буюу 148,543,793 төгрөгийг хасуулах хүсэлтэй” гэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар энэ тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан тул хариуцагч нар нь хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
Иймд 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан И ХХК, Р.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл 1,650,486,597 төгрөг, хүү 1,842,878,850 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 206,215,574 төгрөгийг гаргуулж, Х ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хариуцагч И ХХК, Р.Б нар нь сайн дураар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл Иргэний хуулийн 169 дугаар зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-****** дугаартай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Төмөрчний гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн хойд хэсэгт байрлах 648 мкв талбайтай барилга, улсын бүртгэлийн Ү-2202009660 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 25/1 тоотод байрлах 338 мкв талбайтай барилга, нэгж талбарын 152/0045 дугаартай Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Хариуцагчийн төлөөлөгч Н.М нь И ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сан Burtgel.mn цахим хуудсанд авагдсан лавлагаагаар нотлогдож байна. Уг Burtgel.mn цахим хуудсан байгаа хуулийн этгээдийн лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар нийтэд илэрхий үйл баримт гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан И ХХК, Р.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 3,699,581,021 төгрөгийг гаргуулан Х ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2202007972 дугаартай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Төмөрчний гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн хойд хэсэгт байрлах 648 мкв талбайтай барилга, улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 25/1 тоотод байрлах 338 мкв талбайтай барилга, нэгж талбарын ****** дугаартай Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,655,856 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 18,655,856 төгрөг гаргуулж Х ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ