Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2021/00636

 

 

 

 

 

 

 

 

    2021        03         19                                    181/ШШ2021/00636

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  дугаар хороо, Үйлдвэрийн тойрог,  тоотод байрлах Э ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, дугаар, Жи центр,  дүгээр давхарт байрлах М  ХХК -д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 43,593,319 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э ХХК нь М ХХК -тай 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1801/23 тоот “Эд хөрөнгийн даатгалын гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулж, 2,957,974,146.47 төгрөгийн үнэлгээ бүхий Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойргийн 101 тоот хаягт байрлах лаборатори, тавилга эд хогшил, компьютерийн тоног төхөөрөмжийг даатгуулсан.

Э ХХК нь ашигт малтмалын хайгуулын болон уул уурхайн лабораторийн шинжилгээ үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн орчим даатгалын гэрээний зүйл болох лабораторийн задаргааны өрөөнд гал гарсны улмаас Lab tech компанид үйлдвэрлэсэн лабораторийн тусгай зориулалтын төхөөрөмж ажиллагаагүй болж, задаргааны өрөөнд суурилагдсан 4 ширхэг сорох шүүгээ болон хоолойнууд бүрэн эвдэрсэн.

Ийнхүү даатгалын тохиолдол бий болсон тул даатгалын гэрээний дагуу даатгагчид энэ талаар цаг тухайд нь бүрэн мэдэгдэж, гэрээнд заасан холбогдох бүх материалуудыг бүрдүүлэн өгсөн боловч 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Нөхөн төлбөрийн тухай 03/12-319 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгохгүй тохиолдолд хамааруулж татгалзсан тул манай компани Санхүүгийн зохицуулах хороонд хандсан.

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 9/1892 дугаар албан бичгээр М ХХК -г нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна, дээрх тохиолдол нь даатгалын гэрээний нэмэлт эрсдлийн 4.1.2.3-т заасан эрсдэл байх тул нөхөн төлбөрийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор олгохыг даалгаж, уг шийдвэрийг эс зөвшөөрвөл иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

М ХХК нь Даатгалын гэрээний 9.1.12-т “Ажилчдын алдаа, үйлдвэрлэл, техникийн гэмтэл эсвэл хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн үйл ажиллагаанаас гарсан хохирол” буюу компаний ажилтан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн хэмээн дүгнэж, даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсаныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Даатгалын гэрээний 4 дүгээр зүйлд даатгалын зүйлийг ямар төрлийн эрсдлээс даатгах талаар тусгаж өгсөн бөгөөд мөн зүйлийн 4.1.1.1-д “түймэр, дэлбэрэлт” гэж, 4.1.2-т “даатгалын нэмэлт эрсдэл”, 4.1.2.3-т “Цахилгааны осол гэмтлээс үүдэлтэй хохирол” б-д “тусгаарлагчийн гэмтэл”-ийг даатгалын эрсдэлд хамаарахыг тодорхойлсон. Цахилгааны осол, гэмтлийн эрсдлийн улмаас даатгагдсан эд хөрөнгө бүрэн сүйрч, цаашид ашиглах боломжгүй болсон.

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн галын шинжээч, ахмад Б.Дамдингийн 32/2542 тоот шинжээчийн дүгнэлтэд “Хэргийн газрын үзлэг, хэргийн материал, фото зураг, иргэний өгсөн мэдүүлэг зэрэг материалуудаас үзэхэд гал түймэр нь сорох шүүгээнд байрлах химийн задаргааны плитканы цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас богино холболт болж гал түймэр гарсан байна” гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж хуульчилсан байх тул гэрээний 4.1.2.3-т заасан цахилгааны осол, гэмтлээс үүдэлтэй гал түймэр, дэлбэрэлтийн улмаас тус компанид даатгалын тохиолдол бий болсон нь тогтоогдсон.

Даатгуулагч компани даатгалын тохиолдлын талаар даатгагчид мэдэгдсэн бөгөөд дээрх журамд заасны дагуу М ХХК  нь хохирол үнэлгээчинг томилоогүй ба хохирол үнэлгээний тайланг даатгуулагчаас анх нөхөн төлбөрийн материал өгөхөд шаардаагүй буюу даатгалын гэрээнд заасан хохирол үнэлгээчинг томилох үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй. Үүнээс үзэхэд М ХХК  нь даатгалын хохирлын үнэлгээний тайлангаар 43,593,319 төгрөгийн хохирол учирсныг мэдсэн бөгөөд хохирлын үнэлгээтэй холбоотой ямар нэг маргаантай асуудал байсан бол Санхүүгийн зохицуулах хорооны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхэд хандаж уг асуудлын талаар шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан.

Хариуцагч байгууллагаас даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсонд маргаагүй, өөрөөр хэлбэл гэрээний  4.1.1, 4.1.2.3 а, б-д заасан тохиолдол бий болсон талаар  маргаагүй. Энэ талаар нөхөн төлбөр олгох тухай нэхэмжлэгчийн хүсэлтэд гаргасан тайлбар болон шүүхэд бичгээр гаргасан тайлбар зэргээс маргаагүй нь харагддаг.

М ХХК  нь гэрээний 9 дүгээр зүйлд заасан Даатгалын хасалт буюу мөн зүйлийн 9.1.12-т заасан “Ажилчдын алдаа, үйлдвэрлэл, техникийн гэмтэл эсвэл хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн үйл ажиллагаанаас гарсан хохирол”-д хамааруулан үзсэн боловч хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн эсэхийг нотлоогүй болно.

Лабораторийн татах шүүгээний аюулгүй ажиллагааны журамд заасны дагуу тухайн ажил үүргээ гүйцэтгэхээс өмнө аюулгүй ажиллагааны заавартай танилцан гарын үсэг зурж, багаж төхөөрөмжийг ажиллуулахын өмнө аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримталж ажилладаг. Дээрх осол нь ажил эхлэхэд бус ажлын дундуур гарсан бөгөөд ажилтан Д нарын “тухайн үед гал гэнэт гарсны улмаас биеийн зарим хэсгээр түлэгдсэн” гэх тайлбар, мэдүүлэг, мөн галын шинжээчийн дүгнэлтээр “хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн”-ний улмаас гал түймэр гараагүй болохыг нотолж байгаа.

Даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-т “Даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох”, 7.1.10-т “Хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох зорилгоор даатгуулагчтай бүх талаар идэвхитэй хамтран ажиллах” үүргээ даатгагч хэрэгжүүлээгүй.

Бид эвдэрсэн тоног төхөөрөмжийн асуудлаар Монголд үнэлгээг гаргах боломжгүй учраас Бээжин дэх лабораториос үнэлгээний санал авсан. Иймд үнэлгээний саналын дагуу даатгагч компанид хандсан. Үнэлгээний саналд  тээврийн зардал,  гааль татварын үнэ ороогүй. Бид ганцхан тухайн эд хөрөнгийн үнэлгээ, үнийн саналын дагуу 111,395 юань буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож, 43,593,319 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 43,593,319 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг М ХХК -иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай компаний  хувьд нэхэмжлэгч талаас нэхэмжилж байгаа 43,593,319 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрийн сангаас олгох боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Үндэслэл нь даатгагч, даатгуулагч нарын хооронд байгуулсан даатгалын гэрээнд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу нөхөн төлбөр олгох нөхцөл, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл зэрэг гэрээний бүх нөхцлийг тусгасан, хоёр тал харилцан тохиролцсон гэрээ байдаг.

Энэ хүрээнд нэхэмжлэгч компаний ажилчид аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс хохирол гарсан, мөн тухайн тохиолдол нь даатгалын зүйлийн ердийн элэгдэл, хорогдлоос үүссэн хохирол тул гэрээнд заасан эрсдэл биш гэж үзэж, даатгалын гэрээний 9.1.12, 9.1.6, 9.1.9-д заасан татгалзах нөхцөл үүссэн. 

Иймд Даатгалын гэрээ болон Даатгалын  тухай хуулийн 8.5.1-д заасан үндэслэлээр бид нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийн хувьд 10 хоногт тухайн шийдвэрийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд  гомдол  гаргах эрхтэй байсан ч гаргаагүй нь шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг биш. Нэхэмжлэгч тал Санхүүгийн зохицуулах хороонд хандаж тайлбар авсан байдаг. Тайлбарын хувьд Санхүүгийн зохицуулах   хорооноос гадагш чиглэсэн акт биш учир нөхөн төлбөр шийдвэрлэсэн албан бичгийн хувьд захиргааны хэргийн шүүхэд хандах үндэслэлгүй, харин талууд иргэний журмаар шийдвэрлэх ёстой. Санхүүгийн зохицуулах хорооноос “танай татгалзсан шийдвэр үндэслэлгүй байна” гэсэн албан бичгийн хариуд бид “гэрээний дагуу үндэслэлтэй шийдвэр гаргасан, шийдвэрээ өөрчлөх боломжгүй” гэсэн хариуг тус хороонд хүргүүлсэн.

Даатгуулагч тал хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам, зааврыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Мэдээлэл  шуурхай удирдлагын төвийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн галын шинжээч, ахмад н.Д гаргасан 32/2542 шинжээчийн дүгнэлтэд “Хэргийн газрын үзлэг, хэргийн материал, фото зураг, иргэний өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаас үзэхэд сорох шүүгээнд байрлах химийн задаргааны плитканы цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас богино холболт болж гал түймэр гарсан” гэж дүгнэсэн.

Энэ дүгнэлтээс харахад тухайн гал нь цахилгааны гэнэт хэлбэлзэх, их ачаалал ирснээс тухайн үед гэнэтийн нөхцөл байдлын улмаас үүссэн хохирол биш байна. Учир нь цахилгааны осол гэмтэл дамжуулах утсанд гэмтэл гарах нөхцөл нь гэнэт утасны гадна тал нь шатахгүй, цахилгааны утас гэмтэлгүй, хэвийн байсан бол гал гарах боломжгүй. Яагаад гэвэл тухайн лабораторийн тоног төхөөрөмжийг 2015 онд Хятадаас авчирч суурилуулсан. Энэ дүгнэлтээс үзэхэд цахилгаан дамжуулах утсыг ажил эхлэхээс өмнө шалгаагүй, тухайн лабораторийн тоног төхөөрөмж нь 280 хэм хүртэл халдаг болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Өндөр хүчдэлтэй хэм авч халдаг байдал нь цахилгааны утсанд гэмтэл үүсч явсаар урьдаас гал гарах нөхцөл үүссэн үзэж байна.

Гэрээгээр даатгагдсан эрсдлийг аваад үзвэл үндсэн эрсдэлд гал түймэр, дэлбэрэлт, байгалийн эрсдэл, сантехникийн эрсдэл, дулаан дамжуулах хоолойн эрсдэл, ус хангамжийг хаах, шилжүүлэх, хоолой халуун ус эсвэл уураар халаах төхөөрөмжөөс ус алдах зэрэг эрсдэл хамаарна. Үүнээс үзвэл дээрх эрсдлүүд бүгд гадны хүчин зүйлээс нөлөөлж үүсэж байна. Бид даатгалын гэрээгээр тухайн тоног төхөөрөмжөөс бий болох эрсдэл биш гэнэтийн нөхцөл байдлын улмаас гаднаас ирэх эрсдэлийг даатгасан. Тухайн сорох шүүгээний өөрөөс нь шалтгаалсан эрсдэлийг даатгаагүй учраас гэрээний ерөнхий утга, агуулгыг ойлгох хэрэгтэй.

Гэрч Д.Ө “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар тухайн ажилтны эрүүл мэндтэй холбоотой зааварчилгааг өгдөг, харин тухайн лабораторийн тоног төхөөрөмжтэй яаж харьцах талаар зааварчилгаа өгдөггүй, анх ажилд ороход тоног төхөөрөмжийг яаж ажиллуулах талаар заавар өгч байсан, түүнээс хойш өгч байгаагүй гэсэн мэдүүлэг өгсөн. Мөн “шалгах ажиллагааг та өөрөө хийдэг үү” гэхэд “би шалгах ажлыг хийдэггүй” гэж мэдүүлсэн. 

Даатгалын гэрээний 7.3.4-д заасны дагуу даатгуулагч нь даатгалын зүйлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүлээх үүргээ биелүүлээгүй буюу даатгагдсан тоног төхөөрөмжийн галын цахилгааны утасны аюулгүй байдлыг шалгах ажиллагааг хийгээгүйгээс үүдэж гал түймэр гарсан гэж үзсэн.

Дээрх нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл болон гэрээний заалтуудаас гадна нэхэмжлэгч тал нь шүүхэд нөхөн төлбөр нэхэмжлэх үедээ гаргаж өгч байсан “Лабораторийн тоног төхөөрөмжтэй харьцах аюулгүй ажиллагааны журам зааварчилгаа”-ны “Татах шүүгээний цахилгааны ерөнхий удирдлага болон цахилгаан болон плитканы утаснуудыг шалгана. Хэрэв цахилгааны утас гэмтсэн бол нэн даруй цахилгаанчинд мэдэгдэнэ” гэх заалт, “Плитканы утаснууд шалбарч гэмтсэн эсэх, аюулгүй ажиллах нөхцөлтэй эсэхийг шалгана” гэх заалт, “Дээж бэлтгэх хэсгийн ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар”-ын 5. Техникийн урьдчилсан үзлэгийг тогтмол хийж, эвдрэл гэмтлийг шуурхай мэдэгдэх, мөн ашиглаж болохгүй гэсэн пайз байрлуулах...цахилгааны аюулгүй байдлыг хангаж ажиллах” заалт, “Лабораторийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-ны 5.Техникийн урьдчилсан үзлэгийг тогтмол хийх” заалт, 17. Плиткатай харьцахтай болгоомжтой, ажлын хэмд ажиллаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй...” гэх заалтуудыг буюу лабораторийн тоног төхөөрөмж болон аюулгүй ажиллагааны  заавар журмуудыг удаа дараа зөрчиж ажилласнаар эрсдэл гарсан гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч тал даатгалын гэрээний 4.1.2.б-д заасан “тусгаарлагчийн гэмтэл” үүссэн гэж үзээд байдаг. Гэрээнд цахилгааны осол, гэмтлээс үүдэлтэй 2 хохирол даатгагдсан. Нэгдүгээрт, эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал, хоёрдугаарт тусгаарлагчийн гэмтэл гэж бий.

Гэвч галын шинжээчийн дүгнэлтэнд эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал, тусгаарлагчийн гэмтлээс үүссэн хохирол биш, “цахилгааны утсанд гэмтэл үүссэний улмаас богино холболт үүссэн” гэж дүгнэсэн. Богино холболтоос болж үүссэн эрсдэл нь өөрөө цахилгааны осол гэмтлээс үүдэлтэй хохирлын нэмэлт эрсдэл болж даатгалын гэрээнд тусгай нэг эрсдэл болж өгдөг. Гэтэл энэ эрсдэл гэрээнд даатгагдаагүй байсан. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 43,593,319 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...цахилгааны утсанд гэмтэл үүссэний улмаас богино холболт үүссэнээс учирсан эрсдлийг даатгаагүй, мөн даатгуулагч хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн” гэж тайлбарлан маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э ХХК нь М ХХК -тай 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1801/23 дугаартай Эд хөрөнгийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээний хавсралт №01,02-т заасан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойргийн 101 тоот хаягт байрлах 2,957,974,146.67 төгрөгийн үнэ бүхий тавилга, эд хогшил, компьютерийн тоног төхөөрөмжийг гэрээнд заагдсан эрсдлээс даатгуулж, даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага 5 хувь, буруутай тохиолдолд 10 хувь байхаар харилцан тохиролцож, даатгалын хураамжид 9,696,566 төгрөг төлсөн байна.

Гэрээгээр даатгуулагч буюу Э ХХК нь даатгалын хураамж төлөх, даатгагч М ХХК нь даатгалын тохиолдол учирсан үед гарсан хохирлыг гэрээнд заасан нөхцлийн дагуу нөхөн төлөх үүрэг хүлээж, даатгалын гэрээг бичгээр байгуулж, гэрээнд даатгалын гэрээний гол нөхцлийг бүрэн тусгасан Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2, 431.3-т заасан даатгалын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр даатгалын гэрээ байна.

Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг талууд шаардах эрхтэй.

Даатгалын гэрээний хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр даатгалын гэрээний зүйл болох лабораторийн задаргааны өрөөнд гал гарсны улмаас Lab tech компанид үйлдвэрлэсэн лабораторийн тусгай зориулалтын  төхөөрөмж ажиллагаагүй болж, задаргааны өрөөнд суурилагдсан 4 ширхэг сорох шүүгээ болон хоолойнууд бүрэн эвдэрч, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32/2542 тоот дүгнэлтээр гал гарсан шалтгааныг “...гал түймэр нь цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас богино холболт болж гал гарсан, галын голомт нь тус байрны А-205 тоот өрөөний ертөнцийн зүгээр зүүн хойд талд байрлах сорох шүүгээнд байна” гэж тогтоожээ.

Нэхэмжлэгч даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр холбогдох баримтуудыг бүрдүүлэн нөхөн төлбөр хүсэхэд М ХХК -иас гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.12-т заасан “Ажилчдын алдаа, үйлдвэрлэл, техникийн гэмтэл эсвэл хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн үйл ажиллагаанаас гарсан хохирол” гэж үзэж, нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна.

Э ХХК нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай гомдол гаргасныг Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 9/1892 дугаар албан бичгээр хариу өгч шийдвэрлэсэн байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан гэж үзнэ.

Зохигчдын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 4 дүгээр зүйлд Даатгалын эрсдлийн төрлийг зааж тодорхойлсон байх бөгөөд 4.1.1-т Даатгалын үндсэн эрсдэлд: 4.1.1.1-т Гал түймэр, дэлбэрэлт, 4.1.1.2-т Байгалийн эрсдэл /газар хөдлөлт, үер, аянга, цасан болон шороон шуурга, хөрсний суулт, овойлт, цөмрөлт, гулгалт, хүчин салхи/, 4.1.2-т Даатгалын нэмэлт эрсдэлд: 4.1.2.3 Цахилгааны осол, гэмтлээс үүдэлтэй хохирол, а/ Эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал, б/ Тусгаарлагчийн гэмтэл-ээс үүдэлтэй хохирлыг даатгалын эрсдэлд хамааруулахаар тус тус заажээ.

Э ХХК-ийн А-205 тоот өрөөнд цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас богино холболт болж, лабораторийн задаргааны өрөөнд гал гарсны улмаас даатгагдсан эд хөрөнгө болох Lab tech лабораторийн тоног төхөөрөмжийн 4 ширхэг сорох шүүгээ шатаж, даатгалын гэрээний 4.1.2.3-т заасан цахилгааны осол гэмтлээс үүдэлтэй хохиролд хамаарах эрсдэл үүссэн болох нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32/2542 дугаартай Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээчийн дүгнэлт, М ХХК -ийн Нөхөн төлбөр, эрх зүйн газрын ахлах менежер Я.О 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “1801/23 тоот Даатгалын гэрээний 4.1.2.3-д “Тусгаарлагчийн гэмтэл” гэсэн эрсдэл нь даатгагдсан байна...” гэх Тусгай тэмдэглэл, М ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А “...Даатгалын гэрээний эрсдэл дээр бид маргаагүй, харин даатгуулагч тал хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс уг хохирол гарсан дээр маргаж байна” гэх тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. /хх79-81, 85 дахь хуудас/

Иймд даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар шаардах эрхтэй.

Зохигчид Даатгалын гэрээний 9-д Даатгалын хасалт хэсэгт Даатгагч Даатгалын тухай Монгол улсын хуулийн 8.5 дугаар зүйлд заасан үндэслэл үүсвэл нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй бөгөөд энэхүү даатгалын онцлогоос шалтгаалан Даатгагч нөхөн төлбөр олгохгүй байх 22 тохиолдлыг нэрлэн заажээ.

Даатгагч М ХХК  нь даатгуулагчийг гэрээний 7.3.4-т заасан “Даатгалын зүйлийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол бий болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээ авах” үүргээ биелүүлээгүй гэж үзэж, гэрээний 9.1.6 “Гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдлийн улмаас гал гарсан”, 9.1.9 “Эд хөрөнгийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн хөрөнгө, бараа материалын шинж чанар, үйлдвэрлэлийн гологдлоос шалтгаалан гарсан хохирол, гэмтэл”, 9.1.12 “Ажилчдын алдаа, үйлдвэрлэл, техникийн гэмтэл эсвэл хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн үйл ажиллагаанаас гарсан хохирол”-т заасан нөхөн төлбөр олгохгүй тохиолдолд хамаарна гэж үзэж Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1.-д заасан үндэслэлээр нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан.

Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №16/38 тоот “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг мөрдөж ажиллах тухай тушаал”-ын хавсралт 2-т заасан “Лабораторийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-ны 5-д “Техникийн урьдчилсан үзлэгийг тогтмол хийх, эвдрэл гэмтлийг шуурхай мэдэгдэх, мөн ашиглаж болохгүй гэсэн пайз байрлуулах, пайзтай тоног төхөөрөмжийг оролдохгүй байх, цахилгааны аюулгүй байдлыг хангаж ажиллах” гэж, Лабораторийн татах шүүгээний Аюулгүй ажиллагааны журамд “Төхөөрөмжин дээр “Ашиглаж болохгүй”, “Аюултай” гэсэн анхааруулах пайз байхгүй бол төхөөрөмжийг ажиллуулж болно. Хэрэв “Ашиглаж болохгүй”, “Аюултай” гэсэн анхааруулах пайз зүүлттэй байвал төхөөрөмжийг ажиллуулж болохгүй” гэж тус тус заасан байх бөгөөд Лабораторийн техникийн ажилтан Д.Ө  туслах ажилтан Б.Х нар нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Лабораторийн тоног төхөөрөмж дээр анхааруулах пайз байхгүй байсан тул хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж, ажлаа эхлүүлсэн болох нь  Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаатай уншиж танилцсан ажилчдын бүртгэлийн дэвтэр, гэрч Д.Ө, ХБ нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Иймд даатгуулагчийг Хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны журам, зааврыг зөрчсөн, даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул Даатгагч Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхгүй байна.

Даатгалын нөхөн төлбөр олгох, тооцох нөхцлийг гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т “Хохирлын хэмжээг тодорхойлохдоо эхлээд даатгуулагчийн гаргасан үнэлгээг харгалзан үзэх бөгөөд даатгагч уг үнэлгээг үндэслэлгүй байна гэж үзвэл өөрөө хохирлын хэмжээг тодорхойлон даатгуулагчтай зөвшилцөж болно. Талууд ийнхүү тохиролцоонд эс хүрвэл Монгол улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ...” гэж заасан бөгөөд даатгагч М ХХК нь даатгуулагчийн гаргасан үнэлгээг үндэслэлгүй гэж үзэж, даатгуулагчтай хохирлын хэмжээг тогтоохоор зөвшилцөж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй.

Даатгалын тохиолдлын улмаас уг лабораторийн тоног төхөөрөмжийн 4 сорох шүүгээ, хоолойнууд цаашид ашиглах боломжгүй болж, актлагдсан нь Э ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Лабораторийн задаргааны шатсан татах шүүгээ актлах тухай тэмдэглэл, Техникийн комиссын үндсэн хөрөнгө ашиглалтаас хасах баримт зэргээр тогтоогдсон. /хх89-90, 91 дүгээр хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс учирсан бодит хохирлын хэмжээг тогтоолгохоор Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан даатгалын хохирол үнэлгээний эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан боловч даатгалын зүйл актлагдаж, устаж үгүй болсон учраас учирсан бодит хохирлыг тогтоох боломжгүй, мөн уг хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг хариуцагч нотлоогүй тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Мөн гэрээний 8.5-д “Даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйл хэсэгчлэн сүйрсэн бол даатгуулсан зүйлийг дахин сэргээн засварлахад гарах зардлын хэмжээгээр нөхөн төлбөрийг олгоно”, 8.14-т “Даатгалын гэрээнд даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг заасан бол тухай заасан хэмжээгээр даатгалын нөхөн төлбөрөөс хасч тооцож олгоно” гэж тус тус заажээ.

Эд хөрөнгийн даатгалын гэрээнд Lab tech компанид үйлдвэрлэсэн лабораторийн тусгай зориулалтын төхөөрөмжийг 439,425,806.56 төгрөгөөр даатгасан байх бөгөөд Lab tech компаний албан ёсны борлуулагч Монгол улсад байхгүй учраас Beijing Lab-Design Laboratory Technology Co.,ltd компаниас үнийн санал авахад 111,395 юань буюу 43,593,319 төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь лабораторийн 4 ширхэг сорох шүүгээг Өвөр Монголын куантонг импорт, экспортын худалдаа ХХК-тай гэрээ байгуулж, 125,000 юань буюу 49,022,000 төгрөгөөр худалдан авсан болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны харилцагчийн дансны хуулга, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцохоор зохицуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 111,395 юаньтай тэнцэх хэмжээний буюу 43,593,320 төгрөг /2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ханш 1 юанийг 391.94 төгрөгөөр тооцсон/-ийн хохирол даатгалын зүйлд учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэрээгээр өөрийн хүлээх хариуцлагыг 5 хувь байхаар талууд тохирсон байх тул даатгалын зүйлд учирсан нийт 43,593,320 төгрөгийн хохирлын хэмжээнээс өөрийн хүлээх 5 хувь /2,179,666/-ийг хасч 41,413,654 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч М ХХК -иас 41,413,654 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,179,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан М ХХК -иас 41,413,654 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,179,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 385,917 төгрөгөөс 375,917 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 10000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж, хариуцагч М ХХК -иас 365,018 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХЦЭЦЭГ