Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/007

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж

улсын яллагч Д.Эрдэнэсоёл,           

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт *******ыг холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201605000349 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                

Монгол Улсын иргэн,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6-р багийн нутаг дэвсгэрт оршин суух ******* гэрт 2016 оны 12 сарын 06-ны орой ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ иргэн ******* хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар цээжний зүүн ар хэсэгт  хутгалж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                     /сэжигтэнг яллагдагчаар татах тогтоолд бичигдснээр/

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2016 оны 12 сарын 06-ны өдөр 12 цагийн үед *******тай тааралдсан. Тэр банкнаас хэдэн сая төгрөг авах гэж байна гээд явж байсан. Орой нь 20 цагийн үед Чүлтэмсүрэнгийнд ороход ******* тэднийд архи уусан, согтуу байж байсан. Би ч бас архи уусан байсан. Намайг ороход 0,75 тай Ерөөл архи задлаад дээрээсээ 2, 3 хуруу уусан байсан. Чүлтэмсүрэн ах архи хийж өгөөд хажуугаар нь хоол хийгээд бидний наагуур цаагуур яваад байсан. ******* гэрийн хойморт сууж байсан. Би түүнээс чи банкнаас мөнгөө авсан уу баян хүний дүрд тоглоод худлаа шаагаад яваад байх юм гэж хэлсэн. Тэгэхэд тэр чамайг бодвол би баян хүн, муу ядуу гуйлгачин минь гэсэн. Бид энэ үгэн дээрээс болоод бага зэрэг маргалдаад биенийхээ хувцаснаас зулгааж, биенээ дарж унасан. Би *******ын хацрыг чанга түлхэхэд тэр эргээд ширээний шургуулаганаас хар иштэй хутга гаргаж ирээд миний цээжний зүүн ар хэсэгт, далны орчимд хутгалсан. Нуруунаас нойтон зүйл гарч байгаа нь мэдрэгдсэн бөгөөд би хутга барьсан байсан гарыг дараад Чүлтэмсүрэн ахад намайг хутгалчихлаа гэж хэлэхэд Чүлтэмсүрэн ах хутгыг булааж авсан. Миний цээжний зүүн ар хэсэгт 2-3 см орчим зүсэгдсэн шарх үүссэн. Эмчлүүлэхтэй холбогдон гарсан 150.000 төгрөгний зардлыг ******* төлж барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй  гэх мэдүүлэг /хх-н 34-36/,

Гэрч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2016 оны 12 сарын 06-ны орой 18 цаг өнгөрч байхад ******* манайд орж ирсэн. Тэр архи уусан байсан ба тийм ч их согтуу байгаагүй. Түүнээс хойш 20 цагийн үед Хүрэлсүх манайд орж ирсэн. Тэр ч бас согтуу байсан. Тэр 2 ойр зуурын юм яриад *******ын авчирсан архийг хувааж ууцгаасан. Би хоол хийж байсан бөгөөд тэр 2 гэрийн баруун хойд талд маргалдаж эхэлсэн. Баян ядуугаар дуудалцаад байсан бөгөөд нэгнийхээ хувцаснаас зуураад байсан. Тийм ч их сүртэй маргаан үүсгээгүй байсан. Тэгэж байтал Хүрэлсүх ******* намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлээд *******ын баруун гарыг дарчихсан, ******* баруун гартаа хутга барьчихсан байсан. Би Хүрэлсүхэд хаана чинь хутгалчихав аа харъя гэхэд надад шархаа харуулаагүй зүгээр зүгээр гээд гараад явсан. *******ын гарт байсан хар өнгийн иштэй хутга нь манай гэрийн  ахуйн хэрэглээнд ашигладаг хутга байхаар нь би булааж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/

Шүүгдэгч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

  ... орой 18 цаг өнгөрч байхад би нутгийнхаа Чүлтэмсүрэн гэдэг айлд 1 шил 0,75 граммтай архи авч хоол идэхээр очсон. Архинаасаа ууж байгаад унтчихсан байсан. Унтаж байхад дээрээс хүн дараад байхаар нь сэрээд хартал Хүрэлсүх байсан. Тэр надад архи хийж өгөөд би уусан бөгөөд Хүрэлсүх чи их баян хүндээ банкнаас олон сая төгрөг авах гэж байгаа гэлүү, мөнгөө авсан уу гээд миний дээрээс дараад энд тэндээс зулгаагаад, татаж чангаагаад байсан. Ингээд бид зууралдаад маргалдсан. Чүлтэмсүрэнгийн ахуйн хэрэглээнд хэрэглэдэг хутгыг ширээний шургуулганаас аваад Хүрэлсүхийг айлгах санаатай цээжний ар зүүн дээд хэсэгт хутгалсан. Хүрэлсүх Амбага ахаа Мөнхөө намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. Мөн надад пизда минь наадах чинь орчихлоо ш дээ гэж хэлээд гарч явсан. Хүрэлсүх намайг янз бүрээр элдэвлээд байхаар нь би уурлаад түүнийг хутгалсан нь үнэн. Би түүнд чи яв би унтмаар байна гэхэд тэр чи өөрөө яв гээд байсан. Хүрэлсүхийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан 150.000 төгрөгний зардлыг бүрэн төлсөн гэх мэдүүлэг /хх-ийн 58-60, 66-67/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 606 тоот: 1.******* биед цээжний зүүн ард шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эмнэлгийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46/,

-эвлэрсэн тухай хэлцэл, цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 4-7/

-хэргийн учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12/

-хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 23-25/

-эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 26-28/

-эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 29/

-эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 30-32/

-амбулаторт хийгдэх мэс ажилбарын хяналтын хуудас /хх-ийн 47/

-мэс заслын эмчийн үзлэг /хх-ийн 48-50/

-Бууцагаан сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 70/

-*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 72/,

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн зэргийг шинжлэн судалсан болно.  

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6-р багийн нутаг дэвсгэрт оршин суух ******* гэрт 2016 оны 12 сарын 06-ны орой ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ иргэн ******* хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар цээжний зүүн ар хэсэгт  хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, *******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэм хор арилсан, хохирогч ******* бие бүрэн эдгэрсэн болох нь тэдний өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргасан хүсэлт, эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутгыг устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.      

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.   

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх  хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутгыг устгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх  бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ