Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2018/0456

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “У” ХХК        

Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны дугаар сарын 27-ны өдрийн А/40 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “У” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “У” ХХК нь Байгаль орчны яамнаас 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/33 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээгээр Богдхан уулын дархан цаазат газрын Богины ам гэдэг газар 10 га газрыг ашиглаж ирсэн бөгөөд Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 30 дугаартай гэрээний дагуу ашиглах талбайгаас гадна түүний эргэн тойрон 20 га газрыг хариуцан хамгаалуулах хэлбэрээр манай компанид өгсөн.

Улмаар 2008 онд хариуцан хамгаалах гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй болсон тул хариуцан хамгаалж байсан газраа өөрсдийн ашиглалтад авахыг төрийн захиргааны байгууллагаас санал болгосны дагуу Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаал, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 797 дугаар гэрчилгээний үндсэн дээр 30 га газрыг ашиглаж ирсэн.

Ийнхүү тус 30 газрыг “У” ХХК-ийн хамаарал бүхий компаниудад шилжүүлсэн ба “У” ХХК-ийн нэр 9.3 га газар ашиглах эрх хэвээр үлдсэн юм. 

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дугаартай тушаалаар “У” ХХК-ийн нэр дээрх 9.3 га газрын ашиглах эрх хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэхүү тушаал гарсан талаар Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр и-мэйлээр мэдэгдсэн болно. Манай компаниас тус тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэлийн үндэслэл: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд халдсан шийдвэр болсон.

Тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн газрын төлбөр төлөөгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр дуусгавар болгожээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан хуулийн шаардлагад нийцүүлэн гаргаагүй.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, захиргааны акт гаргах ажиллагаанд оролцуулаагүй, тайлбар аваагүй бөгөөд ийм шийдвэр гаргах гэж буй талаар болон гарсан талаар ч хуульд заасны дагуу албан ёсоор мэдэгдээгүй. Ийнхүү захиргааны байгууллагаас захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах хууль тогтоомжийг баримтлалгүйгээр манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байгаа нь хуульд үндэслэх зарчмыг хэрэгжүүлээгүй тул захиргааны акт нь хуулийн шаардлагыг хангаагүй хууль бус байна.

Тус компанийг газрын төлбөр төлөөгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээр дурдсанчлан “У” ХХК нь 30 га газарт газар ашиглах эрхийг эзэмшиж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А-220 дугаар тушаалаар 20.7 га газрыг цуцлан 9.3 га газар нь манай компанийн нэр дээр үлдцсэн бөгөөд ингэхдээ Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн 797 дугаартай гэрчилгээний хавсралтын талбайн солбицолд өөрчлөлт оруулсан. Харин дахин шинээр газар ашиглах эрхийн гэрчилгээ аваагүй болно.

Ийнхүү тус гэрчилгээг үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2016/180 дугаартай гурвалсан гэрээг байгуулсан. Гурвалсан гэрээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оцы 7 дугаар сарын 9-ний өдрийн 03 дугаар тогтоолоор тогтоосон “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх, газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” тогтоолд заасны дагуу газрын төлбөрийг төлөхөөр зохицуулсан.

Гэтэл тус тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд энэ талаар маргаантай явж ирсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон.

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэп ”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ'\ 67.3 “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус, үйлчлэл үзүүлэхгүй хэм хэмжээний актын дагуу газрын төлбөрийг төлөх шаардлагатай эсэх нь тодорхойгүй байсан тул газрын төлбөрийг дээр дурдсан маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч төлөхөөр бэлтгэж байсан.

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дээрх тогтоолыг дахин шинэчлэн баталж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд газрын төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй юм. Нэгэнт газрыг ашиглаж байгаа тул газрын төлбөрийг төлөхгүй гэх үндэслэл байхгүй бөгөөд манай компанийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нь зүйд нийцэх юм.

Улсьн тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн байгалъ орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гаргаж зөвшөөрөл олгоход нийслэлд м2 тутамд 500 төгрөг, аймагт м2 тутамд 100 төгрөг” гэж заасан.

Энэхүү зохицуулалт нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газарт анх газар ашиглах эрх авч буй аж ахуй нэгж, байгууллагад хамаарах зохицуулалт юм.

Манай компани нь 9.3 га газрыг шинээр аваагүй бөгөөд гэрчилгээг ч шинээр гаргуулж аваагүй тул улсын тэмдэгтийн хураамж төлөх үндэслэлгүй юм. Түүнчлэн уг зохицуулалт нь 2011 онд хуульд нэмэлтээр орсон зохицуулалт бөгөөд манай компани нь тус газарт 2008 оноос газар ашиглаж ирсэн юм.

Ийнхүү хууль тогтормжийг баримтлаагүй, хуулийн үндэслэлгүйгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дугаартай тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ: “Тус шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. "У" ХХК нь Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд аялал жуулчлалын зориулалтаар 30 га газрын эрхийг авсан ба Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 15 дахь хэсгээр Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд 20.7 га газрын эрхээ цуцлуулж, өөрийн эзэмшлийн нэр бүхий компаниуд болох тушаалын 2 дугаар хавсралтын 77 дахь хэсэг “А” ХХК-д 1.53 га, 78 дахь хэсэг “О" ХХК-д 1.6 га, 79 дэх хэсэг “Э” ХХК- д 1.2 га, 80 дахь хэсэг "У" ХХК-д 3.0 га, 81 дэх хэсэг “У" ХХК-д 12.45 га, 82 дахь хэсэг “Ч" ХХК-д 0.92 га газрын эрхийг шилжүүлсэн ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дугаар тушаалаар “У" ХХК-ийн 9.3 га газрын эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 тоот саналыг тус тус үндэслэн цуцласан.

 2. “У" ХХК нь Улсад төлөх газрын төлбөрт нийт 1.226.158.500.000 төгрөгийг төлөөгүй ба өөрийн эзэмшлийн “У” ХХК-д газраа шилжүүлэхдээ газрын төлбөрийг барагдуулаагүй, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар зүйлийн 3.5 “Газар ашиглагч нь төслөө өргөтгөх, шинэчлэх тохиолдолд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас зөвшөөрөл авч, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг дахин хийлгэнэ", гэсний дагуу нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй мөн журмын 3.4 “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэснийг зөрчин хамгаалалтын захиргааны саналгүйгээр газар ашиглах эрх шилжүүлсэн, “У" ХХК нь газар ашиглах гэрчилгээгээ тус яамнаас аваагүй, газар ашиглах гэрээгээ байгуулах үүргээ биөлүүлэхгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу газрын төлбөр болон улсын тэмдэгтийн хураамжийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй тул газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль 2011 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн бөгөөд “У” ХХК-нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2008 оны 08дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Богинын аманд 30 га газар ашиглахаар авсан боловч уг хууль хэрэгжиж эхэлснээс өдийг хүртэл улсад 15 сая төгрөг төлөөгүй, төр хохироосон.

4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т 40.2-т Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар ашиглах эрхийг цуцлана гэж заасан. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсон.

5. Тус компани нь Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” үндэслэлийг бүрэн хангаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “У” ХХК нь тус шүүхэд хандаж “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны дугаар сарын 27-ны өдрийн А/40 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

            Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хууль заасан сонсох ажиллагааг, явуулаагүй, захиргааны акт гаргах ажиллагаанд оролцуулаагүй, тайлбар аваагүй бөгөөд ийм шийдвэр гаргах гэж байгаа болон гарсан талаар ч хуульд заасны дагуу албан ёсоор мэдэгдээгүй, газрын төлбөрийн тухайд “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх, газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” тогтоол нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд маргаантай явж ирсэн гэж тодорхойлсон болно.

“У” ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас олгосон 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/33 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээгээр 2004 оноос хойш Богдхан уулын дархан цаазат газрын Богинын аманд 10 га газрыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар 30 га газрыг ашиглах эрхтэй болсон. Ийнхүү тус 30 га газрыг “У” ХХК-ийн хамаарал бүхий компаниудад шилжүүлж, маргаж буй 9.3 га газрыг ашиглах эрх нь “У” ХХК-ийн нэр дээр хэвээр үлдсэн байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай албан бичгээр Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Бт “У” ХХК-ийн газрын төлбөр төлөөгүй учир цуцлах нөхцөл байдал бүрдсэн талаар санал хүргүүлсэн байна.

Дээрх албан бичгийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16/525 дугаар албан бичгээр “У” ХХК-д дээрх саналыг үндэслэн тус компанийн ашиглах эрх авсан 9.3 га газрын эрхийг цуцлах болсныг мэдэгдсэн байна.

“У” ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/16 тоот албан бичгээр “үйл ажиллагааны тайлан болон газрын төлбөрийн тал дээр шүүхэд маргаантай байгаа талаараа” Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд мэдэгджээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “У” ХХК-ийн 9.3 га газрын эрхийг төлбөр төлөөгүй, Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр дуусгавар болгож, газар ашиглах эрх нь цуцлагдсантай холбогдуулан уг компанид албан ёсоор мэдэгдэж, газар ашиглах гэрчилгээ, гэрээг хураан авах, холбогдох дүүргийн Газрын албанд мэдэгдэхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа тус тус даалгажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 / Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана. Хэрэв эрхэлсэн асуудлынхаа хүрээнд шийдвэрлэх гэж байгаа асуудал нь бусад хүрээнийхтэй шууд холбоотой бол Засгийн газрын холбогдох гишүүдтэй урьдчилан тохиролцож зохицуулсан байвал зохино. Засгийн газрын гишүүд удирдлагын түвшинд тохиролцсон асуудлаар хамтарсан тушаал гаргаж болно.Энэ талаар гарсан саналын зөрөөг өөрсдөө зохицуулж чадаагүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ/

Тусгай хамгаалалттай газар нутгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 / Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ /тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/

Газрын туха хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 / эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй/

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11 / дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гаргаж зөвшөөрөл олгоход нийслэлд м2 тутамд 500 төгрөг, аймагт м2 тутамд 100 төгрөг;/ гэх хуулийн заалтуудыг удирдлага болгон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд аялал жуулчлалын зориулалтаар 30.0 газрын эрх авсан “У” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 15 дахь хэсгээр Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд 20.7 га газрын эрхээ цуцлуулж, өөрийн эзэмшлийн нэр бүхий компаниуд болохтушаалын 2 дугаар хавсралтын 77 дахь хэсэг “А” ХХК-д 1.53 га, 78 дахь хэсэг “О” ХХК-д 1.6 га, 79 дэх хэсэг “Э” ХХК-д 1.2 га, 80 дахь хэсэг “У” ХХК-д 3.0 га, 81 дэх хэсэг “У” ХХК-д 12.45 га, 82 дахь хэсэг “Ч” ХХК-д 0.92 га газрын эрхийг шилжүүлсэн, “У” ХХК-ийн 9.3 га газрын эрхийг газрын төлбөр төлөөгүй, Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндсэлэлээр дуусгавар болгосон байна.

“У” ХХК нь 30 га газарт газар ашиглах эрхийг эзэмшиж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А-220 дугаар тушаалаар 20.7 га газрыг цуцлан өөрийн эзэмшлийн 9.3 га газрын төлбөрийг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолоор тогтоосон “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх, газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” тогтоолд заасны дагуу газрын төлбөрийг төлөх ёстой байсан боловч дээрх тогтоол нь Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, маргаантай байсан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “У” ХХК, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай”  2016/180 дугаартай гэрээг байгуулсан байна. Тус гэрээнд газрын төлбөр төлөх хэмжээг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 3 дугаар тогтоолоор тогтоосон боловч энэхүү тогтоол нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй учир шүүхэд маргаантай байгаа учир нэхэмжлэгч “У” ХХК-ийг газрын төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөөгүй гэж үзэх боломжгүй бөгөөд хуульд заасан газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл бүрдээгүй байна.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг шүүх бүрэлдэхүүн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны дугаар сарын 27-ны өдрийн А/40 дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны дугаар сарын 27-ны өдрийн А/40 дугаартай тушаал”-ыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН