Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 182/2021/00008/и |
Дугаар | 181/ШШ2021/00320 |
Огноо | 2021-02-04 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2021/00320
2021 оны 02 сарын 04 өдөр 181/ШШ2021/00320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Ногоон талбайн тоотод оршин суух, Д.Ц /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд байрлах, СБД-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,652,625 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, нарийн бичгийн дарга Я.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Ц миний бие Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01 тоот захирамжаар хууль бусаар намайг ажлаас халсан. Үүнийг би эс зөвшөөрч хуулийн дагуу шүүхэд хандсан болно.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хянан хэлэлцээд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01437 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Д.Цоожийг Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын захирлын албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1564 тоот магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 001/хт2017/01384 тоот тогтоолоор тус тус хэвээр үлдээж шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг тогтоосон.
Мөн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалин буюу 20 сар, 411 хоног, нэг өдрийн 71,446 төгрөгөөр нийт 29,364,306 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон дэвтэрт бичилт хийлгэхийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хянан хэлэлцээд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/00684 тоот шийдвэрээр тогтоосон. Энэ шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 972 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин буюу 13 сар, 261 хоног, нэг өдрийн 71,446 төгрөгөөр тооцон 18,652,625 төгрөгийг гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хүрээнд эвлэрэх, хүлээн зөвшөөрөх эрх олгогдоогүй. Гэхдээ шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Сүхбаатар дэвшил ТӨК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ц нь 2017 онд Сүхбаатар Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Захиргааны хэргийн шүүхээр хэрэг шийдвэрлэгдэж, 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Д.Ц ажилд нь эгүүлэн тогтоох тухай мөн ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Мөн Иргэний хэргийн шүүхээр өнөөдрийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаас өмнөх хугацааны нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг шаардсанаар иргэний хэргийн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн нь хууль бус гэдгийг шүүхээр тогтоогдсон бол иргэний хэргийн шүүхээс ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон шаардах эрх. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрхэн шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байна. Хэрэгт нотлох баримт хангалттай цугларсан гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч СБ даргад холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,652,625 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01437 дугаар шийдвэрээр Д.Ц-г Сүхбаатар дэвшил Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,215,802 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргуулж Д.Ц-д олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалган шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1564 дүгээр магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2017/01384 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/00684 дүгээр шийдвэрээр Д.Цоожид 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 29,364,306 төгрөгийг гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалган шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Ц нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/04 дүгээр захирамжаар 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс Сүхбаатар дэвшил Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн томилогдсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан тул нэхэмжлэгч Д.Цоожид 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох үндэслэлтэй байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01437 дугаар шийдвэр, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/00684 дүгээр шийдвэрүүдээр нэхэмжлэгч Д.Ц нэг өдрийн дундаж цалин хөлсийг 71,446 төгрөгөөр тогтоосон ба уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй.
Нэхэмжлэгч Д.Ц 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцоход 20,790,786 төгрөг /ажлын 291 хоног х 71,446/ байх боловч нэхэмжлэгч 261 хоногоор тооцож, 18,652,625 төгрөг нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч Д.Ц 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний олговорт 18,652,625 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн тухай бичилт хийлгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч СБЗ-с нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх хэмжээний олговорт 18,652,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-Д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Д.Ц нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 251,214 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.ЭНХЦЭЦЭГ